Энэ долоо хоногийн онцлох уран бүтээлч: Finneas O'Connell


"- Энэ хэн юм бэ?
- "Billie Eilish-ийн төрсөн ах шүү дээ!"

Бид энэ удаагийн дугаараараа "underrated" буюу гайхалтай авьяас чадвартай ч зохих хэмжээний нэр алдрыг хүртэж амжаагүй, нийгэмдээ дутуу үнэлэгддэг уран бүтээлчдийн нэг болох FINNEAS буюу Finneas O'Connell-ийг танилцуулж байна. Олон нийтэд өөрийн гайхалтай авьяас чадвар болон уран бүтээлээрээ танигдахаас илүүтэйгээр залуу дуучин Billie Eilish-ийн ах гэдгээрээ танигдсан тэрээр 1997 онд АНУ-ын Лос Анжелес хотноо мэндэлсэн билээ. Дөнгөж 12 настайгаасаа дуу зохиож эхэлсэн түүний шаргуу хөдөлмөр нь дөнгөж саяхнаас л үр ашгаа өгч эхэлсэн гэж хэлж болно. Тухайлбал 2020 онд тэрээр дүүгийнхээ хамт хөгжмийн хамгийн том шагнал гардуулах ёслолуудын нэг болох Греммигээс нийт 5 шагнал хүртсэн билээ. 

“Хүмүүс биднийг азтай гэдэг
Харин би өөрсдийгөө хараагдсан гэж боддог
Чиний намайг гэх хайраас болоод би
Голын усыг бүхэлд нь уусан ч
Цангаагаа тайлж дийлэхгүй нь” 

"Shelter" - FINNEAS

Finneas урлагийн гэр бүлд төрж өссөн нэгэн. Өөрөөр хэлбэл аав Patrick O’Connell нь жүжигчин бол ээж Maggie Beard нь найруулагч, жүжигчин мэргэжилтэй.  Finneas хамгийн анх 12 настайдаа ээжтэйгээ дуу зохиох хичээлд сууж байсан гэдэг. 

Энэхүү дуунаас илүү "The Slightlys" хамтлагтаа зориулан бичсэн ч дүүдээ өгөхөөр шийдсэн "Ocean Eyes" дуу нь олны анхаарлыг ихэд татаж байв. Billie Eilish-ийн алдар нэрийн гарааг эхлүүлсэн энэхүү дуу анх 2015 оны арваннэгдүгээр сард Soundcloud дээр байршиж, 2016 онд дебют болон цацагдсан. Billie Eilish нэгэн ярилцлагад уг дууныхаа талаар ярихдаа: 

- "Би дуу дуулахаас гадна бүжиглэдэг. 8 настайгаасаа хойш бүжиглэж байна. Өнгөрсөн жил /2015 онд/ багш маань надаас "Өөрөө юм уу ахаараа дуу бичүүлээд, түүн дээрээ бүжиг дэглэж чадах уу?" гэж асууж байсан. Харин ах маань хамтлагтаа зориулан бичсэн "Ocean Eyes" дуугаа миний хоолойн өнгөнд яг тохирно гэж бодоод надад өгсөн. Тэгээд надад дуугаа зааж өгөөд бид хоёр хамт гитар дээр дуулж байсан юм"

Үүний дараа буюу 2017 онд өөрийн "I'm in Love Without You" хэмээх соло дуугаа цацсан. 

“Хайр минь ганцаардал болон хувирах үед
Чамайг бага багаар хайрлахаа больж эхэлсэн
Одоо би алдахаас айж байсан бүхнээ
Аль хэдийн алдчихжээ”

"I'm in Love Without You" - FINNEAS

Харин 2018 оноос өөрийн соло уран бүтээлээ түлхүү туурвиж, нийтдээ 8 уран бүтээлээ олны хүртээл болгожээ. Хэдийгээр тэрээр Billie Eilish болон Selena Gomez зэрэг алдартай уран бүтээлчдийн дууг зохиож өгдөг ч түүний хувийн уран бүтээлүүдэд өөр хаанаас ч олж сонсомгүй онцгой зүйл шингэсэн байдгаараа онцлогтой. 

Тэдгээр дуунуудын нэг болох “Break My Heart Again” нь өөрийн хайрлаж явдаг нэгнээсээ хүссэн хайраа амсаж чадахгүй байгаа харилцааг дүрсэлдэг. Дууны үг, ая, клип зэрэг нь сэтгэл зүрх нь шаналж, зовж байгааг мэдсээр байж хайртай байхаа больж чадахгүй байгаа зовлонг тодоор илэрхийлдэг. Клипний хийц болон зураглалын хувьд энгийн ч тайлах гээд тайлж чадахгүй байгаа цамц нь түүний орхих гээд орхиж чадахгүй байгаа харилцааг илэрхийлэх аж. 

“Ахиад зүрхийг минь эмтэлж орхи...
Сайхан байдаг байх даа
Зүрхийг нь дахин эмтлэхийг зөвшөөрдөг нэгнийг хайрлах”

-"Break My Heart Again" - FINNEAS

Гэвч түүний дуу бүр нь гунигтай хайрын түүхийг өгүүлдэггүйг батлах дуу бол “Let’s Fall in Love for the Night” юм. Дээр үеийн гэмээр хэмнэл, гитарын аяс болон тоглоомтой үгнүүд нь танд зуны үдшийг санагдуулж магадгүй. 

“Зөвхөн өнөө шөнө л дурлаад
Маргааш өглөө мартацгаая
Дуртай дуугаа тавиач
Би үг бүрийг нь мэднэ гэж амлая”

“Let’s Fall in Love for the Night” - FINNEAS

Энэхүү дуу нь түүний анхны "EP" /EP гэдэг нь ихэвчлэн 4-6 дуутай, 30 минутаас илүүгүй хугацаанд үргэлжлэх цомгийг хэлдэг/ цомог болох "Blood Harmony" цомгийн анхны дуу байсан бол тэрээр 2019 онд тус цомгийнхоо “I Lost A Friend”, “Shelter”, “I Don’t Miss You At All” зэрэг дуунуудаа олны хүртээл болгожээ. 

Тэрээр “I Lost A Friend” дуун дээрээ хайр дурлал гэхээсээ илүү найз нөхөрлөлийн харилцааг ч сэтгэл өвтгөм байдлаар дүрсэлсэн байдаг. Зарим хүмүүс “Би яаж өөртөө хэзээ ч байгаагүй найзаа алдчихсан юм бэ?” гэх  мөрнөөс нь уг дууг хэн нэгэн амьтай этгээдэд зориулахаас илүүтэйгээр өөрийн дотор байдаг найздаа, гэнэн томоогүй байдал, хүүхэд нас зэрэг сүнслэг зүйлсдээ зориулсан хэмээн таамагладаг. Гэвч тэрээр сэтгүүлүүдэд өгсөн ярилцлагадаа энэхүү дуугаа ахлах сургуульдаа нөхөрлөж байсан ч цагийн эрхээр холдон хөндийрч, эцэст нь харилцаагүй болсон найздаа зориулсан хэмээн тайлбарладаг. 

Үнэндээ орчин үед үерхэл, хайр дурлалын харилцааг маш олон талаас нь дүрсэлсэн дуу болон дэлгэцийн уран бүтээлүүд гарах болсон. Гэвч сайхан нөхөрлөлөө алдах, дотны найзаасаа бага багаар хөндийрөх мэдрэмжийг мэдрэх нь үнэндээ салалтаас ч ялгаагүй, эсвэл бүр илүү хүндээр тусах тохиолдол ч бий. Түүний өөрийгөө огт зөвтгөхгүйгээр, хөндийрч үлдсэн найзыгаа ч буруутгалгүйгээр мэдрэмжээ ийн бичсэн нь үнэхээр бахархууштай. 

Мөн Finneas "Өнгө мөнгөөр дутагддаггүй хүмүүс огт гунигладаггүй" гэх нийгмийн утгагүй үзлийн талаар ч уг дуундаа оруулсан байдаг. Тэрээр хэлэхдээ:

- "Тухайн үед дүү бид хоёр гайхалтай амжилтуудад хүрч байсан. Хэдий ийм байсан ч би гунигладаг хэвээрээ л байсан. Учир нь миний нөхөрлөл ингээд талаар болж байсан шүү дээ. Гэтэл бусад хүмүүс "Амьдрал нь цэцэглэн гэрэлтэж байхад юундаа гуниглаад байгаа юм бол?" гэж боддог байх"

Үүнээс гадна "Blood Harmony" цомогт нь багтаагүй ч хоёр соло дуу цацсаны нэг нь найз бүсгүйнхээ нэрээр нэрлэсэн "Claudia" хэмээх дуу байв. Тэрээр уг дуугаа өөрийн найз бүсгүй, Youtuber Claudia Sulewski-тайгаа анх уулзсан өдрөө бичиж байсан гэдэг. Хосууд 2018 оноос одоог хүртэл болзож байгаа бөгөөд Claudia-гийн влогуудаас тэдний өдөр тутмын амьдралын хэсгээс харж болох юм. 

Finneas одоо ч дүүгийнхээ дуунуудад нь тусалж, ихэнх тоглолт болон амьдаараа дуулах үзүүлбэрүүд дээр нь хамтдаа дуулж, хөгжимдөж өгдөг. Тэрээр Billie Eilish-ийн дуунуудаас гадна Selena Gomez, Camila Cabello, Halsey, Tove Lo зэрэг дуучдын дуунууд болон Tik Tok-д алдаршаад буй “Moral Of the Story” дууны продюсерээр ажилласан байна. 

Ингээд та бүхэндээ уламжлал ёсоор түүний зарим уран бүтээлүүдийг санал болгож байна. 

ANGEL

PARTNERS IN CRIME

DIE ALONE

LIFE MOVES ON

SIX FEET UNDER (BILLIE EILISH)

I LOVE YOU (BILLIE EILISH)

#Artist of the Week #Finneas