Кпопын эргэн тойронд: Big Bang хамтлаг ШИНЭ ДУУ гаргана


Сэтгүүлч Юука | YOLO.MN
2020-03-16

YOLO.mn сайтын зүгээс кпоп сонсогч залуустаа зориулан сүүлийн үед кпоп ертөнцөд өрнөж буй шинэлэг мэдээллүүдийг багцлан хүргэж байна.

BIGBANG ХАМТЛАГ ШИНЭ ДУУ ХИЙНЭ

БНСУ-ын алдарт Big Bang хамтлагийн залуус "YG" энтертайнменттай хийсэн гэрээгээ сунгажээ. Кпоп сонсогч залуусын 2020 оны онцлох хүлээлтүүдийн нэг нь Big Bang хамтлагийн гэрээний асуудал байсан юм. Тухайлбал “Hana” компанийн судлаач Lee Ki Hoon "YG" энтертайнментийн цаашдын хувь заяа Big Bang хамтлагийн гэрээгээ сунгах эсэхээс шууд хамаарна” хэмээн ярилцлага өгч байжээ. Ийнхүү гуравдугаар сарын 11-ний өдөр "YG" энтертайнментаас дараах мэдэгдлийг хийсэн байна. Үүнд:

- “Бид Big Bang хамтлагийн гишүүд болох G-Dragon, T.O.P, Taeyang, Daesung нартай гэрээ байгууллаа. Big Bang бол БНСУ-ын урлагийн ертөнцийн хил хязгаарыг даван гарч, хөгжмийн ертөнцөд шинэчлэл хийсэн хамтлаг. Бидний зүгээс Big Bang хамтлагийг илүү их дэмжиж "YG" энтертайнментийг төлөөлдөг уран бүтээлчдийнх нь хувьд кпопын түүхэнд үргэлжлүүлэн хувь нэмэр оруулахад нь туслах болно”

Энэхүү баярт мэдээний дараа дэлхийн алдартай хэвлэлүүд Big Bang хамтлагийн тухай бичиж эхэлсэн байна. Тодруулбал Forbes сэтгүүлээс тэднийг “БНСУ-ын хамгийн нөлөө бүхий уран бүтээлчдийн нэг” хэмээн тодотгожээ. Мөн БНХАУ-ын "Baidu" сайтын нүүр хуудсанд Big Bang хамтлагийн зураг байршсан ба "Dongbang" сайтаас “БНХАУ-д хэдэн зуун сая шүтэн бишрэгчтэй Big Bang хамтлаг шинэ уран бүтээл гаргаж, кпоп урлагийг дэлхийн түвшинд чимэглэнэ хэмээн итгэж байна” гэж бичжээ. Мөн "Sina Music" сайтаас “Кпопын хаад Big Bang хамтлаг гэрээгээ сунгалаа” гэсэн гарчиг бүхий мэдээ оруулсан аж.

Харин "Allkpop" сайтаас “Big Bang хамтлаг 2020 онд шинэ дуу гаргахаар бэлдэж байгаа” хэмээжээ. Гэвч Coachella наадам хойшилсон тул тус хамтлагийн шинэ уран бүтээл хэзээ гарах нь одоогоор тодорхойгүй болжээ. Хэрэв Coachella наадам хойшлогдоогүй бол бид Big Bang хамтлагийн шинэхэн дууг ирэх сард сонсох байсан аж.

A PINK ХАМТЛАГ ШИНЭ УРАН БҮТЭЭЛ ХИЙНЭ

A Pink хамтлагийн охид бүрэн бүрэлдэхүүнээрээ эргэн ирэхээр болжээ. "Play M" энтертайнментаас:

- “A Pink хамтлаг ирэх сард шинэ уран бүтээл гаргахаар бэлдэж байна. Гэвч шинэ дуугаа гаргах хугацаа нь тодорхойгүй байгаа тул дараагийн удаад илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болно” гэжээ.

BTS ХАМТЛАГИЙН 11 ДЭХ ЯЛАЛТ

"Music Core" нэвтрүүлгийн гуравдугаар сарын 14-ний дугаарт BTS хамтлаг ялж, хөгжмийн нэвтрүүлгээс 11 дэх цомоо авчээ. Уг нэвтрүүлэгт BTS хамтлагийн “ON”, NCT127 хамтлагийн “Kick It”, рэппэр Zico-гийн “Any Song” хэмээх гурван уран бүтээл өрсөлдөж BTS хамтлаг 8,038 оноо цуглуулсан байна. Мөн VICTON, ITZY, DONGKIZ, Jung Dong Ha, Yezi, ELRIS, SPECTRUM, 3YE, LeeWoo болон Alexa хэмээх уран бүтээлчид өөрсдийн шинэ дуугаа дуулжээ.

BLACKPINK LISA ГЭРЭЛ ЗУРГИЙН НОМОО ХУДАЛДААНД ГАРГАНА

"YG" энтертайнментаас BLACKPINK хамтлагийн гишүүн Lisa "0327" хэмээх гэрэл зургийн номоо худалдаанд гаргана хэмээн мэдэгджээ.

Энэхүү номыг хийх төлөвлөгөө, номд орох зургийг сонгох, засах зэргээс эхлээд бүх зүйлд Lisa өөрийн гар бие оролцсон гэжээ. Номын нэрийг өөрийн төрсөн өдрөөр “0327” гэж нэрлэсэн бөгөөд Lisa-гийн гарын үсэгтэй 327 ширхэг ном худалдаанд гарах аж. Мөн уг ном зөвхөн Lisa-гийн зургуудаас бүрдээгүй гэдгийг онцолжээ. Тодруулбал Blackpink хамтлагийн тоглолт, нэвтрүүлгийн үеэрх зургууд ч багтсан байна.

“0327” ном нь гуравдугаар сарын 27-ноос эхэлж худалдаанд гарах аж. 

WINNER ХАМТЛАГ ШИНЭ УРАН БҮТЭЭЛ ГАРГАНА

2020 он "YG" энтертайнментийн жил болох нь ээ! Тус энтертайнментийн шилдэг хөвгүүдийн хамтлаг болох Big Bang гэрээгээ сунгаж шинэ уран бүтээл гаргах нь тодорхой болсон бол Black Pink хамтлагийг ч энэ онд идэвхтэй байлгана хэмээн шүтэн бишрэгчдэд нь амласан аж. Мөн "YG" энтертайнмент твиттер хуудсаараа дамжуулан Winner хамтлагийн шинэ постерийг байрлуулжээ.

Мөн Winner хамтлагийн гишүүн Kang Seung Yoon "Та бүхэн удаан хүлээсэн, тийм үү?" хэмээн жиргэсэн байна. Дашрам дурдахад хоёрдугаар сард "YG" энтертайнментаас Winner хамтлагийг шинэ дуун дээрээ ажиллаж байгаа гэж мэдэгдсэн юм.

MONSTA X ХАМТЛАГ “THE KELLY CLARKSON” НЭВТРҮҮЛЭГТ ОРОЛЦОНО

NBC телевизийн “The Kelly Clarkson” нэвтрүүлгийн гуравдугаар сарын 17-ны дугаарт Monsta X хамтлагийн залуус оролцохоор болжээ. Энэ нь тус нэвтрүүлэгт БНСУ-ын хамтлаг оролцож буй анхны тохиолдол юм. “The Kelly Clarkson” нэвтрүүлэгт Dwayne Johnson, John Legend, Christina Aguilera зэрэг алдартай одод оролцож байсан аж.

Эх сурвалж: Soompi, Allkpop, Hypebae

#Кпопын эргэн тойронд #Big Bang #BTS #Blackpink