Б. Галбадрах: Загвар өмсөгч болгонд дүр бүтээх авьяас байгаа юу гэдэг нь ЭРГЭЛЗЭЭТЭЙ


Сэтгүүлч Б.Намуун | YOLO.MN
2020-03-16

Нэгэн цагт загварын салбарын царайлаг залуучууд хамтарч V.R гэх хамтлагийг байгуулж байсан билээ. Харин одоо тэд бүгд тус тусын замаар өөрөө өөрсдийн бизнесийг эрхэлж амжилттай явна. Монголын эрэгтэй загварт шинэ өнгө төрх болон гарч ирж байсан тэдгээр залуучуудын нэг загвар өмсөгч, топ модель Б.Галбадрахын ярилцлагыг та бүхэнд хүргэж байна.


YOLOӨдрийн мэнд хүргэе. Яг өнөөдрийн Б.Галбадрах гэдэг хүн бий болоход загварын салбар хэрхэн нөлөөлсөн бэ гэсэн асуултаар ярилцлагаа эхэлье.

- Нэлээн нөлөөлсөн гэж харж байна. Нэгдүгээрт зөв төлөвшиж, биеэ зөв авч явах, ёс суртахуунтай байхад сургасан. Үүнээс гадна найз нөхөд, танилын хүрээлэлд минь их нөлөөлсөн. Одоо хийж буй ажилд минь ч загварын салбар тодорхой хэмжээгээр нөлөөлж байна. V.R хамтлагаа байгуулах шалтгаан загварын салбараас улбаалан гарч байсан. Найзалж нөхөрлөж буй найзууд минь, хамтарч ажиллаж буй бизнесийн хамтрагчид минь ч энэ салбараас төрөн гарч ирсэн болохоор загварын салбартаа хайртай. Салбарынхаа нэр хүндийг улам илүү өндөрт өргөнө гэж хичээж ажилладаг. “Gal” брэнд маань ч загварын салбартай холбоотой. Өөрөө олон төрлийн хувцас өмсөж үзсэн учраас ямар хувцсыг яаж сайжруулбал илүү үр дүнтэй вэ гэдгийг мэдэж авсан. 

YOLOЭрчим хүчний инженер, эдийн засагч мэргэжилтэй. Үндсэн мэргэжил буюу эрчим хүчний инженерээрээ ажиллах төлөвлөгөө бий юу?

- Одоогоор уг мэргэжлээрээ үйл ажиллагаа явуулж, ажилладаггүй. Мэргэшсэн мэргэшил минь маркетинг учраас одоо маркетингийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж ажиллаж байна. Манай өвөө, аав хоёр хоёулаа инженер байсан. Эрчим хүм гэдэг бол дэд бүтцийн хамгийн чухал салбаруудын нэг. Дэлхий хурдтай хөгжихийн хэрээр эрчим хүчний салбар ч мөн адил хурдтай хөгжиж байна. Цахилгаан машин гарсан, ихэнх зүйлс нар болон салхины эрчим хүчээр ажилладаг болж байна. Ирээдүйд бизнес маань амжилттай хөгжиж цэцэглэх үед эрчим хүчний салбарт хөрөнгө оруулна гэж боддог. Мөн энэ салбарын бизнес рүү орох сонирхол ч бий. 

YOLO“GAL” брэндээ үүсгэн байгуулах сэдлийг анх хэрхэн олсон бэ?

- Жил гаруйн өмнөөс төсөл маань эхэлсэн. Би аялах их дуртай. Аялж буй хүний хувьд хамгийн чухал зүйл бол хувцас. Хувцас ямар байхаас шалтгаалж аяллын тав тух тодорхойлогдож, аялж буй хүн зутрахгүй сайхан явдаг. Хөдөө явахад хамгийн тохиромжтой хувцас юу юм бол гээд бодоод үзэхээр монгол дээл байсан. Монгол дээл олон талаар ашиглах бүрэн боломжтой хувцас. Тэгвэл энэ монгол дээлийг яаж сайжруулж болох вэ гэдгийг бодож үзээд илүү өргөн хэрэглээтэй, сонирхол татахуйц дээл хийхээр шийдсэн. Эхний загвар маань галд шатдаггүй материалтай, хоёр талдаа халаастай, юм хийж байхад ханцуй саад болохгүй байхаар бодож ханцуйд чангалагч хийж өгсөн. Хамгийн чухал нь шилбэ товчтой дээл өмсөхөд гоё харагддаг ч өмсөж тайлахад хүндрэлтэй учраас үүнийг өөрчилж наалддаг зангуугаар шилбэ товчийг өөрчилсөн. Ингэснээр өмсөж тайлахад ч тохиромжтой. Өвлийн дээл нь салхи нэвтэрдэггүй, зузаан, дулаахан материалтай. Дан ганц аялахад биш хотод ч өмсөхөд тохиромжтой. 

YOLOЭрэгтэй загвараас гадна эмэгтэй загвар гаргадаг уу?

- Гаргаж байгаа. Эмэгтэй дээлийн загварыг мөн адил сайжруулан гаргадаг. Энэ бизнес маань амжилттай үргэлжлэх бүрэн боломжтой юм байна гэж үзсэн учраас хөрөнгө оруулалт хийж үйлдвэрлэлээ сайжруулж, хувцас дизайн дээр илүү олон мэргэжлийн хүмүүстэй хамтарч олон шинэ загвар гаргахаар ажиллаж байна.



YOLOЗун болгон зохион байгуулагдсаар 7 дахь жилийн нүүрээ үзэх гэж буй “IBIZA MUSIC FESTIVAL” энэ зун ч мөн зохион байгуулагдана байх. Хөгжмийн фестивалийнхаа тухай сонирхуулахгүй юу?

- Хөгжим сонирхдог залуучуудад зориулсан уг фестиваль нь томоохон хөгжмийн фестивалиудын нэг хэдийн болсон байна. Жил болгон сонирхолтой, өнгөлөг, өөр өөрийн өнгө аястайгаар зохион байгуулахыг хичээдэг. Өнгөрсөн болон энэ жилийн эхлэлд дэлхийн хэмжээнд олон гарз хохирол болж байна. Австралийн түймэр, коронавирус, дэлхийн дулаарал, хог хаягдал гэх мэтчилэнгээр дэлхийн нийтийн чиг хандлага байгаль экологи, эрүүл мэнд рүү чиглэсэн. Иймээс бид ч үүнд анхаарна. Монгол шилтгээн өөрөө их гоё байгалийн цогцолборт газар. Ийм газар хөгжим сонсоод цагаа зөв боловсон өнгөрүүлж байгаа юм чинь бид экологио хайрлах хэрэгтэй гэдгийг илүүтэй уриална.

YOLOУг фестивальд насны хязгаар бий юу? Хэрвээ байгаа бол шинэчилж тогтоох уу?

- Мэдээж байдаг. 18-аас дээш насны залуучууд энэхүү фестивальд оролцох боломжтой. Энэ насныхан заавал согтууруулах ундаа гэлтгүй шөнийн 12 цаг хүртэл хөгжим сонсож, найз нөхөдтэйгөө зөв боловсон байх боломжтой. Согтууруулах ундааг бол хуулийн дагуу 21-ээс дээш насныханд л олгоно.

YOLO“GAL” брэндээс гадна ойрд юун дээр илүү төвлөрч ажиллаж байна вэ?

- Сүүлийн үед үл хөдлөх хөрөнгийн салбарт үйл ажиллагаа явуулж байна. Энэ нь Hurungu.mn гээд үл хөдлөх хөрөнгийн зарын цогц хайлтын систем. Эндээс ямар ч хүн орон сууц, үл хөдлөх хөрөнгө, газрын тухай мэдээллийг үнэ төлбөргүй байршуулж, хайлт хийх боломжтой. Мөн Herbalife компаний фитнес зөвлөхөөр 5 жил ажиллаж байна.


YOLOЭнэ олон ажлыг ер нь хэрхэн зохицуулж төлөвлөгөөгөө гаргадаг вэ?

- Миний хамгийн их эрхэмлэдэг зүйл бол эрүүл амьдралын хэв маягтай байх. Иймээс фитнессээр тасралтгүй хичээллэдэг. Өглөө 8 цагт фитнесстээ явж 9 цагт ажилдаа ирдэг. Зөв хооллолт, цагийн зөв хуваарилалт их чухал. Төслүүд дээрээ эртнээс бэлтгэлтэй нарийн дэгтэй ажиллах нь цаг хэмнэх, цагаа зохицуулах зөв арга гэж боддог. Хэрвээ бэлтгэл сайн байвал хүн хэчнээн олон ажлыг ч амжуулж чадна. 

YOLOЗагварын салбарт хамт хөл тавьсан залуучуудтайгаа хамт хамтлаг байгуулж байсны зэрэгцээ одоо ч дотно нөхөрлөдөг. Ер нь таны хувьд нөхөрлөлийн үнэ цэнэ юу вэ?

- Нас насанд янз бүрийн нөхөрлөл бий болж холдож ойртож байдаг. Хийж буй ажил мэргэжил, сонирхол хоббигоороо холбогдсон нөхөрлөл илүү удаан оршин тогтнодог юм болов уу гэж боддог. Сонирхол нэг учраас санаа нийлж итгэлцэл үүсэх нь хурдан. 


YOLOХүн найман цагийн нойрыг заавал авах ёстой гэдэг. Өдөрт хэдэн цаг унтдаг вэ?

- Хүн 6-8 цаг унтахад хангалттай байдаг. Миний хувьд орой аль болох эрт унтахыг хичээж байна. Гэхдээ миний унтдаг цаг яалт ч үгүй шөнийн 12 цагаас 12 цаг 30 минутын хооронд хэлбэлзэж заримдаа 1 цаг хүрдэг. Энэ нь миний хэт ачаалалттай ажиллах, оройн цагаар утсаа оролддогтой минь холбоотой байж магадгүй. Хүн унтахаасаа өмнө аль болох утсаа оролдохгүй байж сүлжээг нь хаах юм уу унтраагаад шууд унтах хэрэгтэй.

YOLOЗагварын салбарынхан кинонд дүр бүтээх нь ихэссэн. Киноны санал ирж байна уу?

Сүүлд нэг киноны санал ирсэн. Гэхдээ загвар өмсөгч болгонд дүр бүтээх авьяас байгаа юу гэвэл эргэлзээтэй. Дүр бүтээнэ гэдэг маш их авьяас. Тийм ч учраас бүхэл бүтэн сургууль, мэргэжил байна. Иймээс жүжигчин гэдэг мэргэжлийг хүндлэх хэрэгтэй. Санал ирлээ гэж бодоход өөрийнхөө чадна гэж бодсон тийм л дүрийг сонгоно гэж боддог. Түүнээс биш би бусад мэргэжлийн жүжигчид шиг жүжиглэж чадахгүй шүү дээ. 


YOLOАмьдралдаа баримталдаг гол зарчим тань юу вэ?

- Би өөрөө их зарчимч талдаа хүн. Ийм байх ёстой л бол ийм байх ёстой. За бол за. Үгүй бол үгүй. Хүн амласан амлалт, төлөвлөсөн ажилдаа үнэнч байх хэрэгтэй. Хүн нэг л амьдрах учраас залуу насандаа сурахыг хүссэн бүх юмаа сурч, хүссэн газраараа аялж, авахыг хүссэнээ авч, хөдөлмөрлөх хэрэгтэй. Би бол тэгж л боддог.

YOLOЗалуу хүний хувиар залуучуудаа дүгнэвэл таны харах өнцөг хэрхэн тусч байна вэ?

- Нэг талаараа залуучууд маань их өсгөлүүн харагдаж байна. Өөрөөр хэлбэл биеэ даасан, чөлөөтэй, нүүрэмгий байгаа нь сайшаалтай. Гэвч тэвчээр муутай, хүнийг хүндлэх тал дээр асуудалтай санагддаг. Өөрөөсөө ахмад хүнийг хүндэлж үгийг нь сонсож, ээж аавыгаа, эмэгтэй хүнийг, үе тэнгийн найзуудаа ч хүндэтгэж байх хэрэгтэй. 


YOLOСайт маань өсвөр үе залуучуудад зориулагдсан сайт. Иймээс өсвөр насны тань тухай асуухгүй өнгөрч болохгүй нь. Өсвөр насандаа ямар хүүхэд байсан бэ?

Би их даруухан, зожиг, хаалттай, дотогшоо хүүхэд байсан. Загварын салбар, багын найзууд маань энэ их хаалттай хаалгыг минь нээж өгсөн. Чөлөөтэй байх тусам хүн амжилтад хүрэх магадлал нэмэгддэг. Хүн хэтэрхий ноомой, хаалттай байж болохгүй юм байна гэдгийг би амьдралаараа харсан.Тийм болохоор залуучууддаа зөвлөхөд хэнээс ч санаа зовж, ичилгүйгээр өөрийнхөөрөө, чөлөөтэй байж үзэл бодлоо илэрхийлж байгаарай. Гэхдээ хүндлэлийн шугамыг битгий даваарай.

YOLOЭрэгтэй хүүхдийг бүр багад нь л “Эр хүн уйлдаггүй юм” гэх мэтчилэн өөрөөр хүмүүжүүлдэг. Энэ тал дээр эрэгтэй хүүхдэд хамгийн чухал боловсрол юу вэ?

Би эмээ дээрээ өссөн хүүхэд. Эмээ минь намайг амьдралын ухаанд сургасан. Хариуцлага гэдэг зүйлийг хүүхэд байхаасаа л ухамсарлах хэрэгтэй. Хариуцлагад хүмүүс их хайхрамжгүй ханддаг. Жишээ нь машин барьж явахдаа асар их хариуцлага алдаж байна. Хүүхдийг бүдэрч унахад нь “Энэ чулуунаас боллоо. Бай бай” гэж аргаддаг. Энэ бол маш буруу хүмүүжил. Тухайн хүүхэд үүнээс улбаалаад асуудалд хариуцлага хүлээх биш бусдад бурууг тохдог хүн болж хүмүүждэг. Иймээс оронд нь “Миний хүү дараагийн удаа болгоомжтой байгаарай. Үдээсээ үдээгүй учраас уналаа. Үдээсээ сайн үдэж байгаарай” гэж хэлж болно. “Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй юм” гэдэг хүмүүжил их зөв хүмүүжил гэж боддог.


YOLOЕр нь өөрөө хэр их сэтгэл хөдлөлтэй хүн бэ?

-“Эр хүн уйлдаггүй” гэж хүүхдэдээ хэлдэг нь тодорхой хэмжээний хатуужлыг бий болгодог. Би сэтгэл хөдлөлөө ил гаргаад байхыг хүсдэггүй. Яг балансаа тааруулж л сэтгэл хөдлөлөө гаргадаг.

YOLOХэрвээ бирд гарч ирээд нэг хүслийг тань биелүүлье гэвэл юу хүсэх байсан бэ?

- Цаг хугацаагаар аялахыг хүснэ. Өнгөрсөнд очиж үзмээр байна. Би одоо юу болж байгааг бол мэднэ. Иймээс өнгөрсөнд, ирээдүйд очиж илүү ихийг мэдэхийг хүсдэг.

YOLOЯрилцлагын маань төгсгөлд уншигчдад минь зориулж үг хэлэхгүй юу?

- Залуучууд маань найз нөхөд, гэр бүл, ахмад настнууд, хүрээлэн буй орчиндоо хүндэтгэлтэй хандаарай. Мөн бүх зүйлд хариуцлагатай байгаарай. Хариуцлага их энгийн зүйлээс эхэлдэг. Хүнтэй цаг тохироод цагтаа ирнэ гэдэг маш том хариуцлага. Хичээл номоо цаг тухайд нь хийхээс хариуцлага эхэлдэг. Хариуцлагаа ухамсарлаж чадах юм бол тухай хүний EQ өсөх магадлал ихэсдэг. Мэдээж хэрэг YOLO буюу Чи ганц л амьдарна. Иймээс хүссэн бүхнээ хийж, спорт, хөгжим гээд сонирхолтой бүхнийг туршиж үзээрэй. 


#Ярилцлага #Загвар өмсөгч