ХЭРВЭЭ коронависурын халдвар авбал таны биед юу тохиолдох вэ?


Сэтгүүлч О.Чинбаяр | YOLO.MN
2020-03-11

"Хэрвээ" цуврал нийтлэлийн энэ удаагийн дугаараар дэлхий нийтийг айдаст автуулаад буй "COVID-19" буюу шинэ коронавирусын халдварын талаар нийтлэл хүргэхэд бэлэн боллоо. Энэхүү нийтлэлийг уншаад шаардлагатай урьдчилан сэргийлэх хэмжээг авах нь бид бүгдийн үүрэг билээ. 

ШИНЭ КОРОНАВИРУС БУЮУ COVID-19 ГЭЖ ЮУ ВЭ?

Шинэ коронавирус буюу "COVID-19" нь дэлхий нийтийг цочролд оруулаад буй амьсгалын замын шинэ халдварт өвчин юм. Анх сарьсан багваахайнаас хүнд буюу амьтнаас хүнд халдварласан байж болзошгүй гэж үзэж байгаа бөгөөд одоогийн байдлаар хүнээс хүнд халдварлан тархдаг нь тогтоогдоод байна. 

ХАЛДВАР ДАМЖИХ ЗАМУУД

Коронавирус их аюултай. Учир нь уг халдварыг тээгч этгээд ханиах, найтаах үед агаар дуслын замаар болон бохир гар, эд зүйлээр дамжин шууд хавьтлын замаар бусдад халдвар тараах боломжтой. 

Коронавирус нь тээгч буюу эзэн бие байхгүй тохиолдолд өсөж үрждэггүй ч эд зүйлс болон халдвартай этгээдийн хүрсэн болгонд хадгалагдаж үлддэг. Та тухайн объектүүдэд гараараа хүрч, цаашлаад бохир гараараа нүд, хамар, ам зэрэгтээ хүрсэн тохиолдолд халдвар авах боломжтой гэсэн үг. Хүн өдөрт өөрөө ч анзааралгүйгээр маш олон удаа нүүрэндээ хүрч байдаг. Тиймээс л гараа тогтмол угааж, гар ариутгалын бодис тогтмол ашиглаж байгаарай хэмээн зөвлөж буйн учир энэ юм. 

КОРОНАВИРУСИЙН НУУЦ ҮЕ

Уг вирусийн халдвар бусад халдварт өвчинтэй харьцуулахад нууц үе нь арай урт бөгөөд хоёр долоо хоног болон түүнээс дээш хугацаагаар үргэлжилдэг байна. Та халдварын нууц үед өөрийгөө халдвар авсан гэдгийг мэдэх боломжгүй бөгөөд онцын шинж тэмдэг ажиглагдахгүй. Гэсэн ч "халдвар тээгч" болж бусдад халдвар тараах эрсдэлтэй байна. 

ХЭРЭВ ТА КОРОНАВИРУСЫН ХАЛДВАР АВСАН БОЛ...

Та ямар нэгэн байдлаар коронавирусын халдвар авсан бол танд дараах шинж тэмдэг илэрнэ. Үүнд: 

  • Халуурах – 88%
  • Хуурай ханиалгах – 68%
  • Ядарч сульдах – 38%
  • Цэр гарах – 33%
  • Амьсгал давчдах – 19%
  • Булчин өвдөх – 15%
  • Хоолой өвдөх – 14%
  • Толгой өвдөх – 14%
  • Бөөлжих-5%
  • Хамар битүүрэх-5%
  • Гүйлгэх-4%

Харин нус гоожих нь өвчний шинж тэмдэг биш гэж үзэж байна.

Өвчлөгсдийн 81 хувь нь хөнгөн болон дунд, 14 хувь нь хүнд, 5 хувь нь маш хүнд хэлбэрээр өвчилж байгаа билээ. 

/Бие тавгүйрхвэл Яаралтай тусламжийн төв – 103, СЭМҮТ – 1800-2000 утсаар зөвлөгөө авах, харьяа сум, өрхийн эрүүл мэндийн төвд хандах/

КОРОНАВИРУСЭЭС СЭРГИЙЛЭХ АРГА ЗАМУУД

  • Өвчлөл гарсан бүс нутагт зорчихгүй байх, зорчсон бол 14 хоног гэртээ өөрийгөө тусгаарлан ажиглах
  • Халуун бүлээн шингэн ойр ойрхон уух, тагтай аяга хэрэглэх
  • Давс, нимбэг, содтай бүлээн усаар ам, хоолойг зайлах
  • Аяга, халбагаа халуун усаар сайтар угаах
  • Гараа сайтар савандаж угаах
  • Нүд, ам, хамартаа гар хүрэхгүй байх
  • Амны хаалт зүүх
  • Ханиаж, найтааж байгаа хүнээс хол байх
  • Гадуур явахдаа бээлий өмсөх
  • Олон хүн цугларсан газраар явахгүй байх
  • Бусадтай гар барих, үнсэхээс зайлсхийх
  • Сайн унтаж амрах
  • Тайван, стрессгүй байх
  • Аль болох бэлэн мөнгөтэй харьцахгүй байх
  • 1-5 давхарт цахилгаан шат ашиглахгүй байх
  • Шүлсээ хаяхгүй байх

Эх сурвалж: ЭМЯ, What if, The Telegraph

#What If #Хэрвээ