Залууст үлгэр дуурайл болж буй МОНГОЛ ЭМЭГТЭЙЧҮҮД


Б.Намуун | YOLO.MN
2020-03-09

“Хүний эрх бол эмэгтэйчүүдийн эрх, эмэгтэйчүүдийн эрх бол хүний эрх"
- Хиллари Клинтон

Эмэгтэй хүн үгүй бол амьдрал гэж үгүй. Бүх эмэгтэйчүүд гайхалтай учраас тэднийг ийм, тийм гэж ялгах аргагүй. Тэгвэл Монгол улсын залуу үеийнхэнд өөрсдийн үйл хөдлөлөөрөө үлгэр жишээ болж буй эдгээр бүсгүйчүүд эмэгтэй хүний гоо сайхныг хэрхэн тодорхойлох бол? 

РЕППЕР MRS M

Зургийг Mrs M Фэйсбүүк хуудсаас

Э.Тамир буюу Mrs M нь 2014 онд “Slap" лэйблийн “Sing Like a Pro” төсөлд оролцож продюсер, рэппер Lil Thug E-тэй хамтран "Цор Ганц" нэртэй дуу гаргаснаар олонд танигдаж эхэлснийг уншигч түмэн санаж буй биз ээ. Тэрээр 2018 оны арваннэгдүгээр сараас эхлэн Хонконг-ийн “B2 Talent Asia” компанитай менежментийн гэрээ байгуулснаар олон улсын хөгжмийн зах зээлд гарахаар зорин ажиллаж эхэлжээ.

“B2 Talent Asia”-ийн "B2 Music" лэйблээс гаргасан түүний анхны англи хэл дээрх дуун дээр продюсер Silver Strike ажилласан. 2019 оны тавдугаар сард гарсан "Tasty" хэмээх дуу нь тухайн үедээ дэлхийн алдартай цахим сэтгүүлүүд дээр онцлогдон “Vibe magazine” болон “B2 Music”-ийн хамтарсан “Urban Asia Vol.2” цомогт орж байсан юм.

Энэ онд тэрээр шинэ EP цомгоо гаргахаар ажиллаж байна. Цомогт багтсан дуун дээр Америкийн нэрт продюсер Harry Fraud ажиллах юм. Harry Fraud нь Америкийн олон олон нэртэй уран бүтээлчдийн уран бүтээл дээр продюсераар ажилладаг бөгөөд бидний сайн мэдэхээр French Montana-гийн продюсер юм.

Mrs M 2019 онд Монголын томоохон хөгжмийн наадам болох "XMF"-ийн цор ганц эмэгтэй Headline артист болсон билээ. Мөн оны сүүлчээр реппер Ginjin-тэй хамтран гаргасан "Энэ Мөч", “Сувгаа Соль” зэрэг уран бүтээлүүд нь Монголын хит уран бүтээлүүдээр нэрлэгдээд байна. 

Реппэр Mrs M:

- "Эмэгтэй хүн сүр сар зантай биш нэг л зангаараа байвал гоё байх. Мэдээж өөрийгөө хайрлаж, өөртөө анхаарал тавьдаг байвал бүр сайн. Ээж маань надад үргэлж “Өөрийнхөө дотоод дуу хоолойг сонсож байгаарай” гэж захидаг. Миний бодлоор ер нь эмэгтэй хүн хайртай хүнтэйгээ байхад цаанаасаа л сайн гэргий болох байх. Гэхдээ ямар ч байсан сайн ээж байхын тулд хүүхдийнхээ юу хүсэж мөрөөддөг тал дээр маш сайн тусалж дэмжинэ гэж боддог"

МИСС Б.ГҮНЗАЯА

Мисс Б.Гүнзаяа нь эрх зүйч, хуульч мөн залуу үеийн төлөөллийн хувьд үргэлж шинийг санаачилж, шинэ зүйлийг хийе гэсэн хүсэлдээ хөтлөгдөн “Таны хүүхдийг танихгүй хүн хүмүүжүүлж байна” уриатайгаар “Unfriend” хөдөлгөөнийг санаачилсан билээ.

“Face of Mongolia 2011” тэмцээний Авьяаслаг модель шагнал, “Miss International Mongolia 2014” тэмцээний тэргүүн байрын эзэн, Miss Beauty 2015 тэмцээний дэд байр, “Photo Model of the World 2016” тэмцээний дэд байр, “Miss Leisure World 2016” тэмцээний “Miss Exotic Award”, “Miss City Tourism World 2016” тэмцээний тэргүүн байрны эзэн , “Miss Universe Mongolia 2019” тэмцээний тэргүүн байрын эзэн тэрээр өнгөрөгч онд “Miss Universe” тэмцээнд эх орноо төлөөлөн амжилттай оролцсон билээ.

Үүгээр ч зогсохгүй мисс бүсгүй маань 2017 оны “The Silk Road International Fashion” форум, “The 2017 China’s Model And Beauty Industry” форумын Монгол дахь төлөөлөгч бөгөөд БНСУ-ын “Christian Ontani Bag” брэндийн 2017-2018 оны нүүр царай, “Jack Rustang” брэндийн 2018 оны нүүр царайгаар ажиллаж байсан хөдөлмөрч эмэгтэй юм.

Мисс Б.Гүнзаяа:

- "Эмэгтэй хүн цэвэрч нямбай, мэдрэмжтэй байх нь маш чухал. Хамгийн сайхан эмэгтэй бол миний ээж. Ээж маань 40 жил багшилсан хүн. Тийм ч учраас би ээжийнхээ “Мэддэг чаддаг бүхнээ бусдад зааж сургаж байгаарай” гэдэг зан чанарт нь суралцсан. Мөн “Үргэлж зорилготой, мөрөөдөлтэй байгаарай. Сурч мэдэж буй зүйлдээ сэтгэл ханаж болохгүй шүү. Үргэлж хязгааргүй мөрөөдөж зорилготой амьдарна гэдэг хамгийн сайхан амьдрал шүү” гэж надад захидаг. Энэ захиасыг нь дагаж амьдрахыг хичээдэг. Хүн болгон өөртөө итгэлтэй өрөөлд тустай энэрэнгүй байгаасай. Та бүхэнд өөртөө хүсдэг хамгийн сайхан, эрүүл энх, аз жаргалтай амьдралыг хүсье"

Түүний ярилцлагыг бүрэн эхээр нь унших бол ЭНД дараарай. 

ДУУЧИН УКА

“Багадаа зурагт үзээд сууж байхад зурагтаар гарч байгаа хүмүүс их л гоё харагддаг байж билээ. Тэгээд л “Би хэзээ эд нар шиг ийм гоё болох юм бол оо?” гэж мөрөөдөн суудаг байлаа. Одоо бол зурагтаар өөрийгөө гоёор хардаг болсон. Гэхдээ ингэхийн тулд маш их цаг хугацаа, хичээл зүтгэл гаргасан” гэж ярих үзэсгэлэнт бүсгүй бол дуучин Д.Уламбаяр буюу Ука.

Түүнийг мэдэхгүй, танихгүй, дууг нь сонсоогүй хүн Монголд үгүй биз. Бидний үзэх дуртай “Voice of Mongolia” шоуны шүүгчээр ажилладаг түүний “Маргаашийн нар луу хамт аялах уу” дуу олны таашаалыг хүртэж цагтаа YouTube дээр 14,5 сая хандалт авсан хэмээн байсан амнаас ам дамжин яригдаж байсан билээ.

Дуучин Ука:

- "Эмэгтэй хүний гоо үзэсгэлэн бусдыг хайрлаж энэрэхэд оршдог. Ямар ч хүн сайхан сэтгэлтэй, бусдыг хайрладаг байхад л хамгийн үнэ цэнэтэй. Хэчнээн царайлаг, гоё машинтай, ганган хүн байсан хажууд нь унаж байгаа хүнд туслахгүй, ямарваа нэгэн зүйлд сэтгэл гаргахгүй бол дэлхийн хаана ч танигдахгүй. Бусдад хайр энэрлийг мэдрүүлж чадсан хүн тухайн хүний зүрх сэтгэлээс хэзээ ч мартагддаггүй"

Түүний ярилцлагыг бүрэн эхээр нь унших бол ЭНД дараарай. 

МУГЖ БАЛЕТЧИН О.АНУЖИН

Хорин гуравхан насандаа МУГЖ цол тэмдгээр энгэрээ мялааж Жизель, Жульета, Хар хун гэх мэтчилэн сонгодог урлагийн ноён оргил болсон бүтээлүүдийн гол дүрийг бүтээж байсан залуухан гавьяат бол Дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол бүжигчин балетчин О.Анужин.

Хөгжим бүжгийн коллежид шалгалт өгсөн ч “Манай сургуульд маш олон охид байдаг, хөвгүүд байдаггүй” гэсэн хариулт авч сургуульдаа тэнцээгүй хоцорсон тэрээр бэлтгэл ангид ороод дахин шалгалтаа өгч байж тэнцсэн гэдэг. Тоглолт нь эхэлж байхад харамсалтайгаар хөлөө хугалсан ч тоглолтоо дуусгахын тулд хөлрүүгээ хөлдөөгч цацаад тоглолтоо үргэлжлүүлж байсан түүний энэ их хатуужил, тэсвэр тэвчээрийг гайхмаар.

МУГЖ, балетчин О.Анужин:

- "Эмэгтэй хүн 13, 14 настайгаасаа л хариуцлага хүлээж эхэлдэг. Сарын тэмдэг ирнэ. Сар болгон тэрийгээ арчилна гэдэг чинь бас амаргүй. Эмэгтэй хүн ээж болно. Эмэгтэй хүн өөрөө хамгийн том гайхамшиг. Манай багш “Эрэгтэй хүн өөрийгөө эмэгтэй хүнээс илүү гэж боддог. Үгүй. Манай ээж бичиг үсэг мэддэггүй, эрхий хуруугаа дардаг тийм хүн. Харин би бичиг үсэг мэддэг. Гэхдээ би ээжээсээ илүү байж чадахгүй. Яагаад гэвэл тэр хүний ачаар би ийм байна” гэж ярьдаг. Тэгэхээр эмэгтэй хүн тэнгэр шиг их уужим сэтгэлтэй гайхамшиг"

МАК ХХК-ИЙН ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ Н.ЦЭЛМҮҮН

Зургийг @tselmuun_nyamtaishir Инстаграм хуудсаас

“Магадгүй бололцоотой айлын хүүхэд учраас заавал ийм нүсэр зорилгын хойноос хөөцөлдөхгүй байж болох юм. Гэвч эцэг эх минь надад арай өөр, хийе гэснээ дуусгадаг байх хүмүүжил өгсөн учраас мэдэхгүй зүйл гарсан ч түүнийгээ мэдэхийг оролддог, ер нь юмыг "нухдаг" төрлийн хүн болж өссөн юм байна” гэж ярих энэ бүсгүйг хэчнээн хөдөлмөрч нэгэн гэдгийг бид бүгд мэднэ.

“Шарк Танк” нэвтрүүлгийн шарк Н. Цэлмүүн нь АНУ-ын Индиана мужийн Валпараисо Их Сургуулийг бизнесийн удирдлагын чиглэлээр төгссөн бөгөөд ХонгКонг дахь Стэнфордын Их сургуулийн Санхүүгийн инженер, Харвардын "Executive Education" хөтөлбөрт хамрагдаж байсан боловсролдоо анхаардаг чамбай бүсгүй. Эмэгтэй хүнд гоо үзэсгэлэнгээс гадна эрдэм мэдлэг, боловсрол хамгийн чухал билээ.

МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ТАМИРЧИН Г.УГАЛЗЦЭЦЭГ

Зургийг Uugii Gambagaa Фэйсбүүк хуудсаас

Бодибилдингийн спортыг зөвхөн эрчүүдийнх гэж ойлгодог байсан үе саяхан. Үүнийг өөрчилсөн хүмүүсийн нэг бол яалт ч үгүй бодибилдингийн дэлхийн дөрөв, Ази тивийн гурван удаагийн аварга МУГТ Г.Угалзцэцэг.

Тэрээр АНУ-ын Охайо мужийн Колумбус хотод энэ сарын 5-8-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байгаа "Арнолд Классик 2020" тэмцээнд охиныхоо хамт оролцож "FIGURE MASTER" ангилалд шагналт тавдугаар байранд шалгарчээ.

Улс эх орондоо үнэтэй хувь нэмэр оруулж тив дэлхийн тэмцээнд Монгол гэх нэрийг цуурайтуулж буй Г. Угалзцэцэг сайн тамирчин, сайн ээж. Г. Угалзцэцэг дөрвөн цаг бэлтгэл хийвэл охин нь таван цаг бэлтгэл хийж, нэг килограмм хасвал охин нь 1.5 килограмм хасдаг гэнэ билээ. Хөдөлмөрч охины ээж нь хөдөлмөрч бүсгүй учраас арга ч үгүй биз дээ.

НЭВТРҮҮЛЭГЧ С.ЧИМГЭЭ

Нэгдүгээр дамжааны оюутан байхдаа “Шувууд буцах намар” кинонд тоглож, залуу дүрээ дэлгэцийн урлагт мөнхөлж явсан жүжигчин бүсгүй Монголын ууган телевиз МҮОНТ-д ажиллах болсноор телевизтэй салшгүй холбогдсон билээ.

20 гаруй жил МҮОНТ-ийн нүүр царай болж явсан тэрээр өдгөө Монгол ТВ-ийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дэд захирлаар ажилладаг. 24 жилийн өмнө телевизийн салбарт анх хөл тавьсан үеэсээ эхлэн мөрөөдсөн мөрөөдөл, зорилгоо биелүүлж бидэнтэй “Чимгээ шоу” нэвтрүүлгээрээ олон сайхан зочидтой ярилцаж үзүүштэй нэвтрүүлэг бэлддэг түүнийг найман настай балчраас наян настай буурал хүртэл хүндлэн үздэг билээ.

ЖҮЖИГЧИН Г.УНДАРМАА

Зургийг Gonchig Undarmaa Фэйсбүүк хуудсаас

Бага байхдаа жүжигчин Г.Ундармаа, Н.Ариунболд /Бооёо/ нарыг эхнэр нөхөр гэж боддог байж билээ. Тэднийг үзэж өссөн би одоо ч хошин урлагт хайртай. Тайзан дээр ч, дэлгэцийн ард ч үргэлж биднийг инээлгэдэг шигээ сэргэлэн цовоо энэ бүсгүйг хүндлэхгүй байхын аргагүй.

2013 онд өөрийн “UFilm Уран Бүтээлийн Нэгдэл”-ийг үүсгэн байгуулж өнөөг хүртэл үзэгчдийн таашаалд хүрсэн кино уран бүтээлүүдийг туурвисаар байна. 2018 онд “U Stage” театрыг үүсгэн байгуулж анхны тайзны уран бүтээл болох “Ангарагаас ирсэн эмэгтэй” модерн жүжгийн ерөнхий продюсер, жүжигчнээр ажиллаж, Михаил Шолоховын “Дөлгөөн дон” романаас сэдэвлэсэн жүжгийг орос хэл дээр тоглуулан ерөнхий продюсераар нь ажилласан хөдөлмөрч бүсгүй.

Тэрээр 2013 оноос "Итгэлийн танхим" ТББ-ыг үүсгэн байгуулж , “АНУН ХХК”-д ажиллаж байсан туршлагаараа эрүүл мэндийн байгууллага, эмнэлгийг тохижуулж буй сайхан сэтгэлтэй бүсгүй билээ. Түүний энэ буянтай ажлыг 2018 онд Эрүүл мэндийн салбараас үнэлж "Эрүүл мэндийн тэргүүний ажилтан" цол тэмдгээр шагнасан юм.

ДИЗАЙНЕР АРИУНАА СҮРИ

Зургийг Ariunaa Suri Фэйсбүүк хуудсаас

Дизайнер С.Ариунааг хүмүүс Ариунаа Сүри гэдэг нэрээр нь сайн мэднэ. Тэрээр бага байхаасаа л загвар зохион бүтээгч болно гэсэн зорилгодоо хүрэхээр ХБНГУ-ын Урлагийн их сургуульд хувцас загвар зохион бүтээгчээр суралцсан байдаг.

Сургуулиа төгссөнөөсөө хойш томоохон загварын компанид хоёр жилийн хугацаанд туслах загвар зохион бүтээгч болон креатив салбарыг нь хариуцаж ажилласан туршлага дээрээ үндэслэн эх орондоо шинийг хийж бүтээх дэврүүн хүслээ өвөрлөн ирсэн билээ. 2012 оноос эхлэн өөрийн нэрийн бүтээлүүдээ гаргахдаа Сүрэнжав гэсэн аавынхаа нэрний товч нэрийг өөрийнхөө нэртэй нийлүүлэн “Ариунаа Сүри” брэндээ байгуулсан нь одоо бидэнд хэдийнээ танил болсон билээ.

Багадаа мөрөөдөж байсан зорилгодоо хүрч брэндээ эхлүүлснээр сайн сайхан зүйлс бүхэнд ямагт аавынхаа нэрийг хамт дуудуулах болжээ. Ариунаа Сүри Монголын хувцас загварт шинэ өнгө дүр төрх нэмсэн хүмүүсийн нэгт зүй ёсоор багтах билээ.

ТОП МОДЕЛЬ Х.БАДАМГЭРЭЛ

2009 оны Монголын мисс тэрээр сайн сайхан бүсгүйчүүдийн томоохон төлөөлөл. Миссийн тэмцээн гэдэг олимпын наадам шиг л эв нэгдлийг илэрхийлдэг. Бүсгүйчүүд өөрсдийн гоо сайхан, нинжин сэтгэл, ухаалаг байдлаар эх дэлхийдээ амар амгаланг бэлэглэдэг. Тиймээс ч ихэнх миссийн тэмцээн “Хүмүүнлэг мисс” гэсэн номинацитай байдаг биз.

Үргэлж бусдад тусалж, гар сунгахыг эрхэмлэдэг түүнийг зохиолч Шүүдэрцэцэг “Бадмаа маань үе үе хүмүүнлэгийн үйлст найз нөхдөө, намайг ч уриалж, өвчтэй хүүхэд, эмзэг бүлгийнхэнд тусалдаг энэ цагийн шилдэг залуусын нэг” гэж тодорхойлж байсан юм. Мөн тэрээр Монголын загварын ертөнцийн хамгийн томд тооцогдох “Гоёл 2015” наадмын топ модель, “Андра академи”-ийн үүсгэн байгуулагч билээ.

Х.Бадамгэрэл маркетингийн менежмент мэргэжлээр ШУТИС-ийн Компьютер техник менежментийн сургуулийг (КТМС) төгсөж Батлан хамгаалахын их сургуульд төрийн захиргаа удирдлага мэргэжлээр магистр хамгаалсан. Одоо боловсрол судлал мэргэжлээр докторын зэрэг горилж буй боловсролыг нэг номерт тавьдаг ухаалаг нэгэн.

Топ модель Х.Бадамгэрэл: 

- "Эмэгтэй хүн өөрийнхөө үнэ цэнийг ойлгодог байх хэрэгтэй. Өөрөөрөө бахархаж, өөрийгөө хайрладаг бол бусдыг илүү хайрлаж чаддаг. Ээж минь надад “Миний охин ээжийнхээ үргэлжлэл, дүү нарынхаа үлгэр жишээ эгч. Бусдыг эерэгээр өөрчилж нөлөөлж чадах маш их хүч чамд байдаг учраас зорилго бүрээ заавал биелүүлж ард нь гар. Асуудал болгон түр зуурынх байдаг юм. Асуудлыг даваад эргээд харахад жижигхэн зүйл байсан байдаг” гэж захидаг. Бүх гоо үзэсгэлэн дахин давтагдашгүй цор ганц. Таны хэлбэр хэмжээ, өндөр нам, царай төрх хэн нэгэнтэй ижил байх албагүй. Та өөрөө цор ганц. Таны зорилго мөрөөдлийг та л биелүүлэх боломжтой"

Түүний ярилцлагыг бүрэн эхээр нь унших бол ЭНД дараарай. 

“ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨЛӨӨХ ЭМЭГТЭЙЧҮҮД” ТББ-ЫН ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ Б.ЗОЛЗАЯА

“Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд” ТББ-аас “Эмэгтэйчүүдийн улс төрийн манлайлал 2020” хөтөлбөрийг тун удахгүй хэрэгжүүлж эхлэх гэж байгаа билээ. “Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд” ТББ-ыг үүсгэн байгуулагчдын нэг Б.Золзаяа нь хуульч мэргэжилтэй.

Хүний эрх, жендерийн тэгш эрх, иргэний боловсролыг түгээх чиглэлээр 2008 оноос эхлэн иргэний нийгмийн салбарт ажилласан. Жендерийн тэгш эрхийн талаар олон нийт рүү чиглэсэн олон төсөл, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн, нийт эмэгтэйчүүдийн өмнөөс дуу хоолойгоо олон нийтэд хүргэж яваа гайхалтай эмэгтэй.

Тэрээр АНУ-ын Азийн сангийн “Ази тивийн ирээдүйн залуу удирдагчид” хөтөлбөрийн 2015 оны “Хөгжлийн төлөөх манлайлагч” бөгөөд 2014 онд АНУ-ын Төрийн департаментаас зохион байгуулагддаг “Community Solutions” манлайллын хөтөлбөрийн оролцогч юм. Тэрээр: 

- “Маш олон эмэгтэйчүүд хамтдаа өөрчлөлтийг бий болгож чаддаг. Бидний өмнө маш олон эмэгтэйчүүд олон жилийн турш жендерийн тэгш эрхийн талаар хэлж ярьсаар өнөөдрийн төвшинд хүрсэн. Одоо бид нэгнийгээ дэмжиж өөрчлөлтийг авчрах хэрэгтэй. 20 жилийн дараа хэдэн эмэгтэйчүүд суугаад өнөөдрийн сэдвээр ярьж байхгүйн тулд нэгдэж илүү хүчтэй болох ёстой” хэмээн эмэгтэйчүүдийг уриалсаар ирсэн. Үнэнхүү далайд дусал нэмэр гэгчээр нийт эмэгтэйчүүд жендерийн тэгш эрхийн тухай ойлголттой болж өөрийнхөө эрх үүргийг мэддэг байх хэрэгтэй юм.

ЭНЭ БОЛ ТА

  • Өглөө болгон эр нөхөртөө өглөөний цайг нь бэлдэж өгч, сайн сайхныг сүслэн цайны дээжээ өргөдөг сайн гэргий ТА.
  • Өөрөө өлсөж байсан ч хүүхдүүддээ хоолоо хувааж өгч, хэцүү үед нулимсаа залгин инээмсэглэдэг сайн ээж ТА.
  • Аав ээжийнхээ санааг үе үе зовоодог ч аяга цайг нь чанан ачлан асардаг сайн охин ТА.

Та бол Монголын хамгийн үлгэр жишээ, хамгийн үзэсгэлэнтэй, ухаалаг эмэгтэй. Зохиолч Дэвид Лоренс “Эмэгтэй хүн хүссэнээрээ амьдрах ёстой. Эс бөгөөс тэр амьдраагүй гэсэн үг” гэж хэлснийг санаад эмэгтэй хүн та ХҮССЭНЭЭРЭЭ АМЬДАР.

#Март 8 #Эмэгтэйчүүд #Idol