Кпопын эргэн тойронд: BTS Taehyung "Itaewon Class" киноны дууг дуулна


Сэтгүүлч Г. Оюун | YOLO.MN
2020-03-09

EXO ХАМТЛАГИЙН АХЛАГЧ SUHO БИЕ ДААСАН ЦОМОГ ГАРГАНА

"SM" энтертайнментийн зүгээс Exo хамтлагийн ахлагч Suho-гийн бие даасан цомгийн талаар дэлгэрэнгүй мэдэгдэл хийлээ. Цомгийн нэр нь “Self-Portrait” байх бөгөөд энэ сарын 30-ны өдөр албан ёсоор цацагдах аж. Тэрээр хамтлагаасаа албан ёсны бие даасан цомог гаргаж буй дөрөв дэх гишүүн юм.

Kim Jun-myeon буюу Suho нь 1991 онд төрсөн бөгөөд EXO хамтлагийн ахлагч болон гол хоолойн үүргийг гүйцэтгэдэг. Мөн “One Way Trip” (2016) “The Universe’s Star” (2017), “Rich Man” (2018) зэрэг хэд хэдэн дэлгэцийн уран бүтээлүүдэд дүр бүтээсэн туршлагатай.

TWICE ХАМТЛАГИЙН ЗҮГЭЭС ШҮТЭН БИШРЭГЧДЭЭСЭЭ УУЧЛАЛТ ГУЙЛАА

Twice хамтлаг гуравдугаар сарын 7-нд Сөүл хотод “TWICELIGHTS” нэртэй тоглолтоо хийх төлөвлөгөөтэй байсан ч “COVID-19” буюу шинэ коронавирусын тархалт ихэссэнтэй холбогдуулан тоглолтоо цуцалсан аж. Ийнхүү тэд Инстаграм хуудсаараа дамжуулан шүтэн бишрэгчдээсээ уучлалт гуйжээ.

- “Бид өнөөдөр тоглолтоо хийхийг маш их хүссэн ч харамсалтай нь хийж чадсангүй. Үнэхээр уучлаарай. Гэхдээ "V" аппликейшнээр шүтэн бишрэгчидтэйгээ (ONCE) холбогдох үнэхээр хөгжилтэй байлаа. Биднийг үзсэн бүх хүмүүст маш их баярлалаа. Та бүхэн минь эрүүл энх байгаарай. TWICE болон ONCE нар өвдөж болохгүй шүү. Бүх зүйлд чинь маш их талархаж явдаг шүү...”

BTS TAEHYUNG "ITAEWON CLASS" КИНОНЫ ДУУГ ДУУЛНА

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард BTS хамтлагийн гишүүн Taehyung “Vlive” аппликейшнээр шууд дамжуулалт хийсэн билээ. Шууд дамжуулалтын үеэр шүтэн бишрэгчид нь “Ямар нэг кино санал болгооч” гэж хүсэхэд тэрээр "Itaewon Class" олон ангит уран сайхны киног санал болгосон аж. Үүний дараа Naver сайтын хайлтыг "이태원 클라쓰" (Itaewon Class) гэсэн хайлт тэргүүлжээ. Харин энэ оны гуравдугаар сарын 6-ны өдөр Newsun сайтаас “BTS хамтлагийн гишүүн Taehyung "Itaewon Class” киноны дууг дуулахаар боллоо” хэмээн мэдээлжээ.

ДУУЧИН LEE HI AOMG КОМПАНИТАЙ ГЭРЭЭ БАЙГУУЛАХААР ЯРИЛЦАЖ БАЙНА

Дуучин Lee Hi өнгөрсөн онд "YG" энтертайнменттэй хийсэн гэрээгээ дуусгавар болгосноо мэдэгдсэн билээ.

Түүнийг "MAKEUS" энтертайнменттэй гэрээ байгуулна гэсэн мэдээлэл гарсан боловч энэ сарын 3-нд "AOMG" компанитай гэрээ байгуулахаар ярилцаж байгаа нь тодорхой боллоо. БНСУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр залуу дуучин Lee Hi-г AOMG компанийн дуучин болно хэмээн мэдээлсэн бөгөөд AOMG компанийн төлөөлөгч “Бид ярилцаж байгаа нь үнэн боловч бүх зүйл баталгаатай болоогүй байна” гэжээ.

KIM HEECHUL ШИНЭ НЭВТРҮҮЛЭГ ХӨТӨЛНӨ

Super Junior хамтлагийн гишүүн Kim Heechul нь алдартай дуучин төдийгүй телевизийн салбарт амжилттай яваа хөтлөгчдийн нэг юм. Тэгвэл тэрээр KBS сувгийн “Хорьдугаар зууны хит дуунууд” хэмээх нэвтрүүлгийг хөтлөхөөр болжээ.

Энэ сарын 27-ноос цацагдах гэж буй энэхүү нэвтрүүлгийг Kim Hee Chul-тай хамт цаг агаарын мэдээний хөтлөгч Kim Min Ah хөтлөх аж.

Эх сурвалж: Allkpop, Soompi

#Кпопын эргэн тойронд #BTS #Twice