Э.Хулан: БИ БҮХ ЗУРГАНДАА ХАЙРТАЙ


О.Оюун-Эрдэнэ | YOLO.MN
2016-08-12

Өөрийн амьдралын хэв маяг, муурын хөөрхөн зулзагууд, гэгээлэг содон байдлыг илтгэх зургуудаараа инстаграм хэрэглэгчдийн дунд эчнээ танил болсон Э.Хулантай YOLO.mn энэ удаагийн яриагаа өрнүүллээ.

Гоё сайхан зураг авахын тулд заавал мэргэжлийн камертай байх албагүй бөгөөд өөрийн утастайгаа мөн Э.Хулангийн санал болгож буй аппликэйшнуудтай байхад л гоё зургуудтай болох  боломжтой юм байна шүү. Сонирхуулахад тэр цагаан хоолтон (веган) бөгөөд түүний инстаграм зургуудын дийлэнхийг энэ төрлийн зургууд эзлэх аж.


"ИНСТАГРАМ ХУУДСАА ИДЭВХТЭЙ БАЙЛГАЯ ГЭВЭЛ НЭГ ТӨРЛИЙГ ДАГАХ НЬ ИЛҮҮ ҮР ДҮНТЭЙ"

YOLO: Веган хоол гэж яг ямар төрлийн хоолыг хэлдэг юм бэ? Энэ талаар сайн мэдэхгүй хүүхдүүдэд хэрэг болох болов уу гээд эндээс яриагаа эхэлье ^^
За тэгье. Найрлагандаа ямар нэгэн амьтны гаралтай бүтэгдэхүүний орц хольц, хүнсний нэмэлт бүтээгдэхүүн  агуулаагүй цэвэр ургамлын гаралтай бүтээгдэхүүнээс бүтсэн хоолийг хэлдэг. Веган гэхээр сүү, цагаан идээ, бяслаг, зөгийн бал аль нь ч орохгүй зөвхөн ургамлын гаралтай зүйл хэрэглэдэг. Харин цагаан буюу vegetarian нь сүү цагаан идээ хэрэглэж болдог. Миний хувьд цагаан хоолтон юм.

YOLO: Яагаад цагаан хоолтон болсон юм бэ?
Хүн болгон энэ асуултыг асуудаг. Гэхдээ эрүүл мэндийн асуудлаар эсвэл шашинтай холбож ойлгох гээд байдаг. Хүн өөрөө юу идэхээ сонгож чаддаг. Өөрөөр хэлбэл хүн заавал мах идэх албагүй юм. Араатан амьтан шиг зөвхөн махаа идэхгүй бол болохгүй гэсэн зүйл байхгүй. Махнаас авах уургаа хүнсний ногоо, үр тариа зэрэг өөр зүйлсээс авж чадаж байгаа болохоор заавал мах идэх шаардлагагүй. Махнаас татгалзаад ургамлаар хоолловол илүү энэрэнгүй, байгаль дэлхийдээ ээлтэй, эрүүл байж чадах юм болов уу гэж бодсоны үндсэн дээр цагаан хоолтон болъё гэж шийдсэн.

YOLO: Махнаас татгалзаад хэр удаж байна вэ?
Намайг жаахан байхад буюу долоон жилийн өмнө ээж маань цагаан хоолтон болсон. Тэр үед ээж “Гэр бүлээрээ цагаан хоолтон болж үзэх үү?” гэж анх санал тавиад цагаан хоолтон болсон. Эхний хоёр жилийн хугацаанд сүү цагаан идээ хэрэглэхгүй веган байсан. Харин цагаан идээг огт хэрэглэхгүй байх нь төдийлөн зохимжгүй санагдаад тэрнээс хойш сүү цагаан идээгээ хэрэглэж харин зөвхөн махыг хүнсний хэрэглээнээсээ хассан.
 














YOLO: Зөв хооллолт, веган хооллолтын ялгаа нь юу вэ? Эсвэл энэ хоёр ойлголт нэг зүйл юм уу?
Миний бодлоор зөв хооллолт  гэдэг бол хүний авах ёстой уураг, өөх, тос, сахар, эслэг гэх мэтийг зөв хэмжээтэйгээр тохируулж хэрэглэж байгааг зөв хооллолт гэж нэрлээд байгаа юм болов уу гэж боддог. Веган буюу цагаан хоолтон боллоо гэхэд бас зөв хооллож байна гэсэн үг.Тэнцвэрийг нь сайн бариад зохистой хэрэглэвэл л болох байх.

YOLO: Найз нөхөдтэйгээ чөлөөт цагаа өнгөрүүлэхэд веган байдлыг чинь хэр ойлгодог вэ?
Манай найзууд намайг сайн ойлгодог. Намайг бодолцож очих газраа хүртэл сонгодог. “Хулантай хамт яваад л байвал цагаан хоолтон болох юм байна аа” гэж хүртэл хошигнодог шүү. Ойлголцлын тал дээрх хэцүү зүйлтэй тулгардаггүй.

YOLO: Мах иддэг байснаа цагаан хоолтон болохоор бие махбодид өөрчлөлт гарах уу?
Сэтгэл санааны хувьд их өөрчлөгддөг юм шиг санагддаг. Миний таньдаг цагаан хоолтой хүмүүс гэгээлэг, уур уцааргүй, тайван амгалан хүмүүс байдаг. Тийм өөрчлөлт анзаарагдаж байсан.

YOLO: Цагаан хоолтон болох хүсэлтэй байгаа үе тэнгийхэндээ юу гэж зөвлөмөөр байна вэ?
Маханд дургуй ч юм уу аль эсвэл цагаан хоолтон болохыг битүүхэндээ хүсдэг хүмүүс шууд цагаан хоолтон болж чаддаггүйн шалтгаан нь хоолоо яаж хийхээ мэддэггүйд байдаг баайх. Мөн уураг, амин дэм хэрэгцээтэй шим тэжээлээ авж чадахгүй байх вий гэж айдаг юм шиг санагддаг. Цагаан хоол хийхэд хэцүү биш.

Махан хоолтой яг ижилхэн буюу махыг нь хасаад л оронд нь ургамлаас гаргасан махуудыг хэрэглэчихдэг. Харин ч эсрэгээрээ цагаан хоол хийхэд маш амархан хурдан болдог, буцалгаад байх шаардлагагүй. Илүү гоё хоол хийж суръя гэвэл цагаан хоолны сургалтанд хамрагдах боломжтой. Facebook дээр Vegan sweet kitchen гээд групп байдаг. Энэ группээс асуумаар байгаа зүйлсээ асуухад хариулаад өгдөг. Уурагны тал дээр санаа зовох хэрэггүй. Уургийг үр тариа, самар, шар буурцаг, шош, вандуй, брокли, бууцай гэх мэт уургаар баялаг олон зүйлсээр нөхөх боломж бий.

YOLO: Инстаграмм хөтлөлт чинь өсвөр үеийнхэн төдийгүй залууст үлгэр дууриалал болдог юм шиг санагдсан. Өөрийгөө зургаар илэрхийлэх, бусдад нөлөөлөх гэдэг их хэцүү. Энэ төрлийн зургийг яагаад мөн хэзээнээс авах болов?
Инстаграм дээрээ өөрийнхөө идэж байгаа цагаан хоолны зургийг тавьсан чинь хүмүүс их лайк дараад, дэмжих хандлагатай байхаар нь инстаграммаар дамжуулаад цагаан хоолтон ч  гэсэн зөвхөн будаа идэлгүй гоё хоол хийж идэж болдог, илүү эрүүл амьдралын хэв маяг байна  гэдгийг бусдад мэдрүүлье гэж бодоод байнга хоолны зураг хийдэг болсон.

Зураг аваад эхэлсэн чинь зураг авахын тулд илүү гоё хоол хийгээд илүү хичээдэг болсон. Нэг үгээр цагаан хоол бэлтгэх болон зураг авах гэсэн хоёр сонирхол маань харилцан хамааралтай болсон нь илүү гоё санагдах болсон. Фэйсбүүкт хийдэг зурагнаас илүү гоё зурагнуудаа инстаграммдаа хийж илүү гоёоор ашиглах боломжтой.

YOLO: Инстаграм хуудсаа хэрхэн хөгжүүлвэл олонд хүрдэг юм бол?
Миний бодлоор инстаграмм хуудсан дээрээ янз бүрийн зураг хийхээсээ илүү нэг чиглэлтэй буюу нэг төрлөө дагнаад хэрхэн яаж авах уу гэдгээ сайн бодоод, сэтгэл зүрхээ зориулах хэрэгтэй. Жишээ нь зарим хүмүүс дандаа байгалийн зураг хийдэг бол зарим нь minimal (элдэв чимэглэлгүй зураг) төрлийн цагаан зургууд ч хийдэг гэх юм уу нэг төрлийг дагнасан байдаг.

YOLO: Чи зургуудаа ямар аппликэйшнээр янзалдаг вэ?
Гоё зураг авахад камер чухал биш. Зөвхөн утас чинь л байхад болно. Миний авдаг зурагнууд ихэвчлэн цагаан дэвсгэртэй. Цагаан тавиур байхгүй байсан ч даавуу юм уу өөр зүйлсээр орлуулж болно. Гэрэлтүүлэг байхгүй болохоор өглөө нар ихтэй үед гэрэл их туссан газар зургаа авдаг. Миний хувьд VSCOcam, Snapseed, Picsart, Weheartit гэх мэт аппликэйшнуудыг ашигладаг. Авсан зургандаа VSCOcam-ээр effect оруулаад, дараа нь Snapseed-ийн brush-аар сүүдэр болон арын дэвсгэрийг цайруулж янзалдаг. Piscart –аар зурган дээрээ үгтэй зураг нэмж янзалдаг. QUOETE буюу үгтэй зургуудаа WEHEARTIT гээд цахим зургийн сангаас татаж хэрэглэдэг.

 

"МУУРНУУД МААНЬ НАДАД ТУСАЛЖ БАЙГАА АЯТАЙ Л ЭРХЭЛСЭЭР ЗУРАГ ДАРУУЛЧИХДАГ"

YOLO: Ингэж зураг авахын ач тус нь юу вэ?
Зургаар дамжуулж өөрийгөө илэрхийлснээр инстаграммын хүрээнд олон шинэ найзуудтай болохоос гадна бүтээлчээр сэтгэх, хоббигоо болгон хөгжүүлэх, илүү сайн зураг авахын төлөө хичээх хэрэгтэй болдог. Бас зураг авах тусам илүү туршлагажиж сайжирдаг юм шиг санагддаг шүү.

YOLO: Зургаа санамсаргүй байдлаар авдаг уу эсвэл харагдах байдлыг нь засч янзалдаг уу?
Ихэвчлэн харагдах байдлыг засч янзалсны дараагаар авдаг. Тэгвэл мэдээж зурган дээрх объектуудын хоорондын хэмжээ зэргээс хамаарч зураг илүү гоё харагдана.

YOLO: Хамгийн хайртай, дуртай  зураг?
Хүний бодол байнга өөрчлөгдөж байдаг болохоор тэр үедээ "ёстой гоё зураг авчихлаа" гэж боддог ч дараа нь тэрнээс илүүг авах ч үе бий. Тэгэхээр би бүх зургандаа л хайртай даа.

 





























YOLO: Зарим зурагт чинь муурын зулзагууд их харагдсан. Чи мууранд их хайртай юм аа?
Жилийн өмнө гэртээ нэг муурын зулзага авчраад одоо бүр том болсон. Түүнийг маань Нэбуля гэдэг юм. Тэр хэдэн сарын өмнө төрөөд таван зулзагатай болсон. Одоо бол тэд бүгдээрээ эзэнтэй болчихсон. Муурнууд маань хөөрхөн, өөрсдөө ирж тусалж байгаа аятай зурганд орж суугаад, эрхлэхээр нь би зургийг нь гялс дарчихдаг. Би мууранд их хайртай.

YOLO: Цаашид ийм төрлийн зургийг авсаар байх уу, эсвэл зургийн төрлөө өөрчилье гэж бодож байгаа юу?
Энэ чигээрээ цагаан хоолныхоо зургийг авсаар байх болно оо.

YOLO: За баярлалаа. Чамд амжилт хүсье.
Баярлалаа. ^^

Түүний Инстаграм хуудсаар зочлохыг хүсвэл  энд дараарай wink






















#Instagram #InstameetUlaanbaatar #teenagers #photography