Э. Пүрэвжаргал: Гоо үзэсгэлэнтэй бүсгүй гэж яг ЧАМ ШИГ, бас НАД ШИГ


Сэтгүүлч Б.Намуун | YOLO.MN
2020-03-12

“Би ээжийнхээ ачийг хариулж чадаж байгаа” гэж өөртөө итгэлтэй хэлэх энэ бүсгүйг уншигч түмэн маань таньж буй биз ээ. Сүүлийн үед үзэгчдийг цэнхэр дэлгэцийн өмнө уяж, ярианы сэдэв болоод байгаа “Бүтэн амьдрал” МОАК-ны гол дүрийн жүжигчин Э.Пүрэвжаргал Олон Улсын Эмэгтэйчүүдийн Эрхийг Хамгаалах Өдөрт зориулсан ярилцлагын дугаарт маань уригдлаа. Бидний урилгыг хүлээн авсан жүжигчин бүсгүй болон нийт уншигч эмэгтэйчүүддээ баярын мэнд дэвшүүлье.


YOLOСайн байна уу? Танд удахгүй болох Олон Улсын Эмэгтэйчүүдийн Эрхийг Хамгаалах Өдрийн мэндийг дэвшүүлье. Ярилцлагаа таны өсвөр насны дурсамжаас эхэлье. Та багадаа ямар хүүхэд байсан бэ?

- Баярлалаа. Би өсвөр насандаа их сониуч хүүхэд байсан. Яваагүй дугуйлан байхгүй. Өсвөр насандаа өөрийгөө хөгжүүлэхэд л цаг хугацаагаа зориулсан. Нийслэлийн 33-р сургууль, 48-р сургуулиудад суралцаж байсан.

YOLOОдоо их хөдөлгөөнтэй, сэргэлэн харагддаг. Багадаа ч гэсэн ийм хүүхэд байсан уу?

- Тийм. Хувийн хэрэг дээр ч сэргэлэн гэдгийг маань бичсэн байдаг. Нүд нь эргэлдээд бүх юмны зохион байгуулалтад гүйж явдаг хүүхэд байсан. Таван настай байхдаа орондоо шээгээд “Хүүе чи ийм том болсон юм байж яагаад орондоо шээж байгаа юм?” гэхэд нь “Шээс биш ээ. Гуяын хөлс л гарахгүй юу” гэж хэлж байсан /инээв/. 


YOLOЖүжигчин болох нь таны багын мөрөөдөл байсан уу?

- Үгүй. Би бага байхдаа сэтгүүлч болно гэж боддог байсан. Зохиомж дээд сургуульд сэтгүүлч орчуулагчийн ангид сурч байхдаа жүжигчин болохоор шийдэж ангиа сольж байсан.

YOLOОюутнуудтай холбоотой онигоо их байдаг шүү дээ. Түүний адилаар оюутан ахуй насанд тань тохиолдож, хошин яриа болж үлдсэн хөгжилтэй явдлаасаа хуваалцаач.

- Би анх их сургуульд ороод 1992 оны Crown маркийн машин авч байлаа. Тэр маань надаас их иднэ. Өдөрт 20 мянган төгрөгөөр бензин хийгээд хичээлдээ явна. Хичээл дээрээ очоод тарахдаа ангийнхнаасаа алга тэнгэрдүүлж байгаад нэгийг нь аваад хамт таксинд явж олсон мөнгөөрөө дахиад бензинээ хийнэ. Оюутан байхад би нэг их юм иддэггүй, машин маань л их иддэг байсан. Нэг өдөр маргааш нь бие даалтаа хэвлүүлэх болоод мөнгө хэрэг болсон юм. Тэгээд найзыгаа суулгаад таксинд явж байлаа. Хүмүүс нэг нэгээрээ буугаад нэг охин үлдэв. Би “Мөнгө гаргаж ирэх хүн чинь яасан бэ? Залга даа” гэсэн чинь “Би танихгүй” гэдэг юм даа. Яг мөнгө хэрэгтэй байсан чухал өдрөө хамаг бензинээрээ хүн хүргэж өгөөд нөгөө охиноо “Чи танихгүй юм бол одоо яах юм? Хариач” гэлээ. Нөгөө охин “Харих мөнгөгүй” гэхээр нь тэр охинд бас мянган төгрөг өгөөд явуулж байсан. Ийм нэг хүндхэн хөгжилтэй явдал болж байлаа. 


YOLOТа ганцаардлыг юу гэж боддог вэ? Хэн ч байхгүй эсвэл хэн нэгэн байсан ч таныг гэх хүн байхгүй тийм үе танд ямар санагдах вэ?

- Би ганцаардлыг бүр үзэн яддаг. Багаасаа олуулаа бужигнаж өссөн болохоор ганцаараа байхаар зовоод байгаа юм шиг санагддаг. Сая хөл хорио тогтоогоод найз нөхөдтэйгөө уулзахгүй гэртээ байхад найзууд нүдэнд харагдаад их хэцүү байсан. Гэр бүл, найз нөхөд ойрхон байхдаа гоё. Ганцаардлыг зовлон гэж боддог.

YOLOТанд маш их ганцаардсан үе байдаг уу?

- Тэр бараг 6 сар үргэлжилсэн байх аа. Дөнгөж хорвоод мэндлээд 6 сар хүртэл хэн ч миний яриаг ойлгохгүй намайг уйлуулаад л байдаг байхад их ганцаардсан /инээв/.

YOLOЭр хүн эр хүндээ хайртай гэдэг шиг эмэгтэй хүн эмэгтэй хүндээ хайртай байдаг юм болов уу?

- Тэгэлгүй яах вэ. Би эрэгтэй хүнд гэхээсээ эмэгтэй хүнд илүү хайртай. Би эмэгтэй хүнийг илүү ойлгодог. Ойлгоход бэрх байх тусам тэднийг улам хайрламаар санагддаг. 


YOLOСайхан эмэгтэйд хүн болгон дуртай. Гагцхүү сайхан эмэгтэйд сайхан эмэгтэй хүн л дургүй гэдэг. Та ер нь хэр атаархуу хүн бэ?

- Би ерөөсөө атаархдаггүй. Нагац эгч маань бага байхаас минь ингэж сургасан. Чи ч гэсэн мэдэж байгаа байх. Олон юманд хамтарч ажиллахад намайг хэзээ ч “Өө тэр тэнд тэгж явна. Энэ энд ингэж явна” гэж байхыг сонсоогүй байх. Атаархал гэж хүний сайн явахыг хараад өөрийгөө зовоохыг хэлдэг шүү дээ. Би бол хүнд сайхан юм болоход өөрт тохиолдсон юм шиг баярладаг. 

YOLOТэгвэл таны зүгээс биш өрөөлийн зүгээс атаархлыг мэдэрч байсан уу?

- Мэдрэгдэж байсан байх. Гэхдээ би үргэлжлүүлж бодоод байдаггүй. Хичээж зүтгэн хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэж овоо нэг сайхан амьдарч байхад “Энэ хэзээ ийм байсан юм” гэх хүн бий. Тэр болгонд нь би “Одоо би бүр хичээнэ ээ. Хүн хичээвэл байснаасаа өөр болдог юм” гэдгийг харуулна гэж боддог болохоос "Энэ надад атаархаж байна" гэж муу санадаггүй.


YOLOТаны ээж их гоё дээл урладаг юм билээ. Өнгө өнгийн дээл урлаж өгдөг уран ээжийнхээ тухай ярихгүй юу?

- Манай ээж бол зүгээр л бурхан. Манай ээж болон ээжийн талын хамаатнууд бүгд их гэр бүлсэг, үнэнч, хэзээ ч хэн нэгэндээ худлаа хэлдэггүй, асуудлыг бүгд нийлж хэлэлцэж шийдвэрлэдэг хүмүүс бий. Гэр бүлийнхэн маань надад бие биенээ хайрлах, аливаа зүйлийг бусдаас харамлахгүй байх зэрэг нийтэч зан чанарыг суулгасан. Жишээ нь би айлын бага гээд эрх биш. Ээж маань дүүгийнхээ хүүхдүүдийг надад “Чиний дүү нар” гээд өгнө. Би ч “Эд нар чинь миний дүү” гээд өсгөж хайрладаг. Ээж болон нагац эгч хоёр маань надад гэр бүлийн хүмүүжлийг их сайн тавьж өгсөн. Өөрсдөө ч нэр сайтай буянтай хүмүүс.

YOLOЭэж аав нь ямар мэргэжилтэй хүмүүс вэ? Ер нь гэр бүлд нь өөр урлагийн хүн бий юу?

- Манай гэр бүлд надаас өөр урлагийн хүн нэг ч байхгүй. Ямар сайндаа сая киноны нээлт болж ээж рүү залгаад “Ээж киноны маань эхний анги гарах гэж байна. Үзээрэй” гэсэн чинь “Өө гарч л байх шиг байна. Бид даалуу тоглож байна” гэсэн. Урлаг мурлагийг бол ёстой тоохгүй /инээв/. Аавын мэргэжлийг сайн мэдэхгүй байна. Намайг гурван настай байхад аав ээж хоёр маань салсан. Саяхан намайг арван долоо наймтай байхад өөд болсон. Ээж маань усны инженер. Ах маань биотехнологич, хүндийн өргөлтөөр хичээллэдэг спортын хүн. Би ахыгаа “Тэнгэрээс том ганц ах минь” гэж дууддаг юм. 


YOLOЭэжийнхээ зөвлөдөг зөвлөгөө, хэлж захидаг үгнүүдээс хамгийн их санаж дурсаж явдаг нь юу вэ?

- Ээж минь надаар ерөөсөө муу юм бодуулдаггүй. Дандаа эерэг юм бодуулдаг. “Тэгчих вий дээ” гэхээр “Яасан амны билэггүй юм. Сайн сайхан юм ярь. Тэгж байж тэр чинь биелдэг юм” гэж хэлдэг. Саяын ослоор өглөө болгон өвдөөд шөнө болгон унтаж чадахгүй хэцүү байхдаа “Би ингээд үхчих вий дээ. Би босож чадахгүй болчих вий дээ” гэж ерөөсөө бодоогүй. “Би 14 хоногийн дараа зураг авалттай. Гялс босъё” гэж л бодож байсан. Энэ ээжийн минь л зааж өгсөн зүйл. Мөн надаар “Нууц” номыг их уншуулдаг байсан.

YOLOОсолд орсон байсан. Тэр яг юу болсон юм бол?

- Өнгөрсөн жилийн долдугаар сарын 20-нд хот руу явах гээд галт тэргэнд суух гэж байснаа болиод машинаар явсан юм. Гэтэл жолоочийн буруутай үйлдлээс болж 120 км цагийн хурдтай явж байхад сууж явсан машин маань зургаан удаа өнхөрсөн. Өнхөрч байхад нь би машины цонхоор 12 метр зайд шидэгдсэн юм. Одоо зүүн талд зургаан хавирга, баруун талд гурван хавирга, эгэм, дал, арван хоёр нурууны сэртэн, гурван нурууны нугас гээд бүх юм хугарчихсан битүү хадаас. Гэхдээ л босоод ирсэн. Одоо сууж байгаад босохоор нуруу жоохон эвгүй байдаг. 


YOLOГоо үзэсгэлэнтэй эмэгтэй гэж ямар эмэгтэйг хэлдэг юм бол?

- Гоо үзэсгэлэнтэй эмэгтэй гэж яг чам шиг. Бас над шиг. Тэр нь юу гэхээр сэтгэл нь сайхан, дотроосоо гэрэлтсэн, хэнд ч эерэгээр нөлөөлдөг эмэгтэй гэсэн үг. 

YOLOТэгвэл сайн эмэгтэй сайхан эмэгтэй хоёр ялгаатай юм болов уу?

- Ялгаатай. Сайхан эмэгтэйг сая би хэллээ. Сайн эмэгтэй байна гэдэг бас их уйтгартай. Сайн эмэгтэй өглөө нөхрөө босоход цайг нь хийж өгөөд ажилд нь явуулдаг. Орой ажлаасаа орж ирэхэд нь гэрээ цэвэрлээд, хоолыг нь хийчихсэн хүлээж байдаг. Хоолоо идэж байх хооронд нь хувцсыг нь угаадаг. Нөхөрт бас тийм сонирхолтой биш. Аливаа юм аль аль талаа хадгалсан байх хэрэгтэй. Хэтэрхий нэг тал руугаа хэлбийж болохгүй. Сайн эмэгтэй байх хэцүү. Өөрөөсөө маш их зүтгэл гаргадаг хэрнээ ямар ч хайр халамж мэдэрдэггүй.


YOLOЭмэгтэй хүнд их зан ер нь байх хэрэгтэй юу?

- Ерөөсөө хэрэггүй. Одоо хүмүүс “Би ийм юманд ордоггүй. Ингэдэггүй, тэгдэггүй” гээд голж шилбэл "Хүмүүс намайг сайн хүн гэж бодно" гэж боддог юм шиг байгаа юм. Чи хүнээрээ л байвал худлаа баг зүүсэн зүүгээгүй бүгд чамайг хүндэтгэнэ. Манай урлагийнхан ямар л бол ямар гуанзанд хоол идэж, шороо, хивсэн дээр мөлхөөд л явж байдаг их зан сууж болохооргүй мэргэжилтэй хүмүүс. 

YOLOАмжилттай яваа эмэгтэй хүнд юу дэмжлэг болдог вэ?

- Нэгт өөрийнх нь хичээл зүтгэл. Хоёрт ар гэр. Хэрвээ манай нөхөр хартай байгаад намайг ойлгохгүй, ажлыг минь тайван хийлгэдэггүй байсан бол ямар ч авьяастай хүн байсан ч амжилттай явж чадахгүй. 


YOLOНөхөртэйгөө анх хэрхэн танилцаж байсан бэ?

- Нөхөр маань хүргэн ахын маань найз. Анх Мартын 8-нд нөхөр маань хүргэн ахын явуулсан цэцгийг манай эгчид хүргэж ирэхдээ хоёр цэцэг авч ирээд намайг харсан юм билээ. Би ч тэр үед таньдаггүй байсан. Дараа нь эгчид дахиж юм хүргэж ирэхдээ “Дүү чинь байхгүй юм уу?” гэснээ манай эгчтэй юм яриад суугаад л байсан гэнэ. Би эгч рүүгээ залгаад “Би өнөөдөр оройтож очих юм байна шүү” гэж хэлсэн юм. Эгч маань “Манай дүү өнөөдөр оройтно гэнэ ээ” гэсэн чинь “За за, би явлаа” гээд яваад өгсөн гэсэн /инээв/. Тэгээд бүр дараа нь бас нэг юм олж мэдсэн. Би урьд нь “Шинобу” кикбоксын секцэд явдаг байхад нөхрийн маань найз бас явдаг байсан юм байна. Тэгэхэд найз дээрээ ирээд бүр анх намайг жоохон байхад  харж байсан гэсэн. Тэр үед бид Зайсанд хөвгүүдээрээ дартс тоглуулсан юм. Нөхөр тэр үед хажууд ирээд зогсоход нь “Та энийг оноод надад бамбарууш аваад өг” гэхэд минь дартсаа шидэж байгаад алдаад эргээд харсан чинь би явчихсан байсан гэсэн. Ингээд тэр охинтойгоо дөрвөн жилийн дараа цэцэг хүргэж өгөх гэж ирээд тааралдаж аваад суучихсан даа. Анхны болзооны үеэр нөхөр маань “Хоёулаа дартс тоглоё” гэж хэлсэн юм. Ингээд 30 сумнаас 29-ийг нь оноод хоёр киноны тасалбар, нэг бамбарууш авч байсан. Тэр үед дартс шидээд оноогүйдээ нэлээн шаралхсан юм шиг байгаа юм /инээв/.


YOLOЭмэгтэй хүн ээж болохоороо ижийгээ илүү их ойлгодог гэдэг. Анх ээж болсон үеэ, мэдрэмжээсээ хуваалцаач?

- Би их гүргэр гэдгээ ээж болохдоо л мэдсэн. Шөнө 12 цаг өнгөрөөд өвдөхөд нь “Би халуун ногоотой хоол идмээр байна” гэж гараад Солонгос хоолны газар орж тагтуритан авч идээд 4 цаг болж байхад ахыгаа дуудсан. Ах маань ирээд эмнэлэг явъя гэхэд нь би “Үгүй ээ би унтлаа. Төрчихвөл унтаж чадахгүй” гэж хэлж байсан. Ингээд гэртээ очоод өвдөөд байхад нь унтсаар байгаад 11 цагийн үед зогсохгүй өвдөөд байхаар нь эмнэлэг ороход эмч нь “Хүүе ээ чи чинь төрлөө” гээд төрсөн. Үүнээс илүү өвдөх байх гээд гүрийгээд л байсан нь тэр. Тэгсэн чинь тэгж л өвддөг байсан юм билээ /инээв/. Төрснийхөө дараа нөхөр рүүгээ залгаад төрчихлөө гэсэн чинь нөхөр “Худлаа яриад бай” гэдэг юм. Тэгээд л сандраад хөл хөдөлгөөн болсон доо. Хүүхдээ хараад маш их хайр баяр баясгаланг мэдэрсэн. 

YOLOСайн ээж, сайн гэргий байхын тулд юуг баримталдаг вэ?

- Хариуцлагатай байхыг баримталдаг. Өглөө хүүхдэдээ өглөөний хоолыг нь өгөөд, өдөр өөрөө амжихгүй байсан ч “Миний хүүд ийм юм өгөөрэй, ингээрэй” гээд хэлэх, хүүгийнхээ захисан юмыг хариуцлагатайгаа авч орох хэрэгтэй. Өөрөө маш сайн хариуцлагатай байсны дараа хүүхэд хариуцлагатай болно.


YOLO"Ижийнхээ ачийг яалаа даа" гээд дуу байдаг даа. Та ер нь ижийнхээ ачийг хариулж чадаж байна гэж боддог уу?

- Би ээжийнхээ ачийг хариулж чаддаг гэж боддог. Ижийнхээ ачийг хариулж байна гэдэг нь элэг бүтэн байж, санааг нь зовоохгүй, шөнө болгон бүтэн нойртой хонуулж чадаж байгаа нь байх. Янз бүрийн эд зүйл ээждээ авч өгсөн ч гэсэн шөнө нь гэртээ хонодоггүй, санааг нь зовоодог байвал тэд л ачийг нь хариулж чадахгүй байна гэсэн үг.

YOLOНүдний минь өмнө ээж маань хөгширч байгааг харах хэцүү санагддаг. Зарим хүмүүс ч тэгдэг байх. Та яадаг вэ?

- Би харин ч ээжийгээ бүр илүү хөгшин болоод миний хүүгийн хүүхдийг эрхлүүлээд үр ач, гуч нараа тойруулаад сууж байгаа шар эмээгээр төсөөлдөг. Хөгширнө гэдэг жам ёсны зүйл болохоор би түүнд гуниглаж зовоод байдаггүй. 


YOLOХамгийн анхны уран бүтээл нь ямар кино байсан бэ?

- Анх “Эглийн гайхамшиг” гэдэг арилжааны бус кинонд Гэгээнээ хэмээх гол дүр дээр ажилласан. Арилжааны бус гэдэг нь кино театраар гарахгүй телевизээр гардаг кино юм л даа. Хоёр дахь кино нь “Сүүлчийн шөнө” МУСК байсан. Уг кинонд охид амар хялбар аргаар амьдарч байна гэдгийг харуулах зорилготой дүр дээр ажилласан. Энэ миний анхны эсрэг дүр. Түүнээс хойш гадаад, дотоодын олон бүтээлд гол болон туслах дүр дээр ажилласан. “Бүтэн амьдрал” ОАК миний дүр авсан анхны олон ангит кино.

YOLOДүрд тоглох, дүр бүтээх гэж ярьдаг. Энэ хоёр ер нь ямар ялгаатай юм бол?

- Их ялгаатай. Дүрд тоглох гэдэг нь жижиг сценүүд дээр харагддаг. Эндээс нэг хулгайч гүйгээд гарна гэхэд гөлөн гөлөн хараад авсан юмаа нуугаад гардаг. Энэ бол дүрд тоглох. Дүр бүтээх гэдэг нь маш том зүйл. Жишээ нь Молом гэдэг дүр байлаа. Молом бол сайхан сэтгэлтэй, ийм хүн гэсэн байгааг жүжигчин хүн уншиж судлаад цаана нь ямар амьдрал байсан байж болох вэ? Бага байхад нь аав нь ээжийг нь зоддог байсан болохоор одоо эмэгтэй хүнийг их хайрладаг юм болов уу гэж бүх юмыг бодоод үүнийгээ үг үйлдэл, амьсгалаараа гаргахыг хэлнэ. Хүүхдүүд ганц нэг дүрд тоглонгуутаа “Би тэр дүрийг бүтээсэндээ баяртай байна” гэдэг бол биш байхгүй юу үнэндээ.


YOLOУран бүтээлч хүнд бүтээхийн шунал гэж их шунал бий. Танд шунаж буй ямар дүр байна вэ?

- Их ажиллагаатай, өөрийгөө сорьсон эерэг дүр дээр ажилламаар санагддаг. Эсвэл эрэлхэг зоригтой барилдвал барилдаж, сэлмээр тулалдвал тулалдчихдаг хатны дүрд тоглохыг хүсдэг.

YOLOЗөвхөн таны хийж чадах зүйл юу вэ?

- Хүнийг ойлгох. Ямар ч хүнийг яаж ч харьцсан ойлгоод эерэг болгож чаддаг.

YOLOЭмэгтэйчүүдийн баяр гэхээр маш их цэцэг л төсөөлөгддөг. Та ямар цэцгэнд дуртай вэ?

- Цэцгэнд дуртай гэж хэлсэн чинь сүүлийн нэг жил бараг долоо хоногт нэг баглаа цэцэг ирдэг болсон. Хэнээс гэдэг нь мэдэгдэхгүй, нэрээ нууцалсан цэцэг их ирдэг.  Цэцэг эмэгтэй хүнд өөрөө өөрийгөө мэдрэх боломж өгдөг юм шиг. Цэцэг бэлгэнд аваад үнэрлэхэд тэр долоо хоногийн турш их жаргалтай явдаг. Намайг хүндэлдэг хүмүүс байна гэж мэдэхээрээ эмэгтэй хүн улам өөртөө итгэлтэй явдаг. Сарнайнд их дуртай.


YOLOТанд хэн ч мэддэггүй нууц авьяас бий юу?

- Байгаа. Гэхдээ хэлчихвэл хүмүүс мэдчихнэ шүү дээ /инээв/. Зүүдэндээ юмыг мэдэрдэг зөнтэй. Аавыгаа өөд болохыг зүүдэндээ мэдэрсэн. Тэгээд аав ээж хоёр маань салаад арав гаруй жил болсны дараа би аавыгаа хөдөө сумаас хайгаад олж очсон юм. Аав маань их хурдан хоол хийж өгсөн. Дөнгөж ороод юм яриад сууж байтал бууц, цуйван, салад хийгээд урд минь тавьж байсан. Гэртээ ирээд унтаж байхад утсанд минь баахан дуудлага ирчихсэн байсан. Босоод залгахад “Аав чинь өнгөрчихлөө” гэж хэлсэн. Зүүдэндээ хараад аавыгаа өөд болохын өмнөх өдөр очиж уулзсан даа. Үүнийг л нууц авьяас гэж хэлж болох байх. Одоо ингээд хэлчихсэн болохоор нууц авьяасгүй боллоо /инээв/.

YOLOБирд нэг хүслийг тань биелүүлье гэвэл юу хүсэх вэ?

- Миний хайртай хүмүүсийг эрүүл байлгаарай гэж хүснэ. Би саяны ослоор үүнийг их мэдэрлээ. Би өмнө нь мотоцикл унаж, зодооны бэлтгэл хийгээд явахдаа юунд ч түүртдэггүй байсан бол одоо машин барихад ч бие өвдөж байна. Хажуу тийшээ харж хэвтэхэд хадааснууд нухаж өвтгөж байна. 

YOLOЯрилцлагын маань төгсгөлд уншигчдад маань хандаж үг хэлэхгүй юу? Үзэсгэлэнт эмэгтэйчүүддээ зориулж мэндчилгээ дэвшүүлнэ үү гэж хүсэж байна.

- Бүх эмэгтэйчүүддээ Олон Улсын Эмэгтэйчүүдийн Эрхийг Хамгаалах Өдрийн мэндийг хүргэе. Эмэгтэй хүн бол дэлхий ертөнцийг зөөлрүүлж, эерэг болгох хагийн том зэвсэг юм шүү. Эмэгтэйчүүд маань өөрсдийгөө эхлээд сайн ирлээд энэ дэлхийн муу муухай бүхэнтэй эерэгээр тэмцээрэй гэж хүсье!
Зургийг: Purevjargal Erdenebileg Фэйсбүүк хуудсаас

#Ярилцлага #Пүрэвжаргал #Жүжигчин