Энэ долоо хоногийн онцлох уран бүтээлч: Troye Sivan


“Бидний амьдрал огтлолцдоггүй, би мэдэж байгаа…
Гэсэн ч хамаагүй ээ, би бууж өгөхгүй, одоо ч бүхнийг хүсэж байна
Зөвхөн тэнэгүүд л миний хийдгийг хийдэг
Зөвхөн тэнэгүүд л чамд дурладаг…”

“Fools” - Troye Sivan

“Artist of the Week” буюу "Энэ долоо хоногийн онцлох уран бүтээлч" цуврал нийтлэлийн хамгийн анхны дугаарт тавтай морил! Yolo.mn сайтын хамт олон пүрэв гараг бүр нэгэн уран бүтээлчийг сонгон авч, тэдний дуу хөгжмийн үзэсгэлэн гоо хийгээд онцлогийг хуваалцахаар шийдээд байна. Ингээд хамгийн эхний уран бүтээлч болох Troye Sivan болон түүний гайхамшигт цор ганц ертөнцтэй танилцана уу. 

Дуучин Troye Sivan-ийн талаар бодохын төдийд үл ялиг долгионтой шаргал үс болоод цэв цэнхэр нүдээ аньчихаад микрофоноо чангаар барин дуулж буй төрх нь шуудхан л толгойд буудаг. 

Заримдаа “Call Me by Your Name” киноны Элиогийн дүр бодит амьдралд мэндэлчихлээ гэж бодогдуулам залуу жүжигчин, дуучин маань 1995 оны зургаадугаар сарын 5-нд Өмнөд Африкт мэндэлсэн бөгөөд хоёр настайдаа гэр бүлийн хамт Австралид нүүн ирж байжээ. Тэрээр дуучин болох гараагаа Youtube хуудсандаа бичлэг хийхийн зэрэгцээ Австралийн хөгжмийн нэвтрүүлгүүдэд оролцож эхлүүлсэн бөгөөд хамгийн анхны цомог болох “Dare to Dream” нь 2007 онд олны хүртээл болсон. Харин 2014 оны долдугаар сард гаргасан “TRXYE” цомог нь түүний алдар нэрийн гараа болсон билээ. 

Энэхүү цомог 5 дуутай бөгөөд гол дуу болох “Happy Little Pill” нь түүний сэтгэл гутралтай тэмцэж буй үеийг дүрсэлдэг. Antidepressant буюу сэтгэл гутралын эсрэг үйлчилгээтэй эмийг “Миний аз жаргалын бяцхан эм” хэмээн дүрслээд богинохон хугацаанд ч хамаагүй аз жаргалыг мэдрэхийг хүсч буйгаа илэрхийлсэн байдаг. 

“Олны дунд ганцаар
Урсан өнгөрөх хором мөч бүр л намайг гэртээ байхгүйг минь сануулна…
Хоосон нүд, хоосон зүрх
Аз жаргалыг дэлгүүрээс худалдан авна
Миний аз жаргалын жижигхэн эм…
Намайг аваад яваач
Нулимсыг минь хатаач, ертөнцийг минь буд…”

Troye Sivan-ийн хамгийн онцгой чадвар бол дуу бүхнээ зөвхөн өөрийнхөө л бүтээж чадах, бодит амьдралд оршдоггүй гэмээр өнгөөр будах чадвартайд оршдог. Хэдхэн дууг нь сонсчихвол дараа нь аль ч дууг нь сонсоод “Өө, Troye Sivan байна шүү дээ” гэх бодол шуудхан төрөх болно. Тиймдээ ч дууг нь шимтэн сонсдог сонсогчдынхоо зүрхэнд өөрийн гэх байр суурийг аль хэдийнээ эзэлсэн нэгэн. 

Тийм онцгой дуу хөгжмөөс гадна дууны клипүүд нь ч сонсогчдынх сэтгэлд ихээхэн хүрдэг. 2016 онд олны хүртээл болсон “The Blue Neighborhood Trilogy” буюу гурван дуу /“Чи намайг галзууруулах шахдаг” гэх “Wild”, “Одоо бүх зүйл нуран унаж байна, энэ миний буруу” гэх ‘Fools’ болон “Гарнаас чинь атгахыг хүсч байна, гэвч тэр л миний хүсч буй бүх зүйл” гэх ”Talk Me Down”/- ных нь хоорондоо холбогдон үргэлжлэх клипүүдийг одоо ч кино болоосой хэмээн нууцхан хүсч явдаг сонсогчид цөөнгүй. Уг бүтээлд бага байхаасаа л хамтдаа тоглож өссөн хоёр хөвгүүн болоод тэдний гунигт хайрын түүх, гэр бүлийн дарамт зэргийг харуулдаг. 

Troye Sivan "Blue Neighborhood" цомогтоо одоо ч нийгэмд хөндөгдөх ёстой асуудлуудын нэг буюу LGBTQ+ яагаад олон нийтэд хүлээн зөвшөөрөгдөх хэрэгтэй гэдгийг зүрх өвтгөм үзэсгэлэнтэйгээр өгүүлсэн байдаг. 

Энэ цомогт багтсан “Heaven” дуу олон олон хүмүүст нандин мэдрэмж төрүүлсэн байдаг. Зарим шашны номлолд LGBTQ+ байх нь гаж буруу бөгөөд тэдгээр хүмүүсийг Диваажинд очих боломжгүй хэмээн номлосон байдаг. Тиймээс ч Troye Sivan "Диваажин" гэх энэхүү дуундаа "Хэнийг хайрлахыг хүсэх нь тухайн хүний сонголт огтхон ч биш. Энэ нь байгалийн өгөгдөл бөгөөд хэн нэгнийг хайрласныхаа төлөө маш олон LGBTQ+ хүмүүс сэтгэл зүрхэндээ "өвдөлт" мэдэрдэг" гэдгийг илэрхийлсэн юм. 

“Өөрийнхөө нэгээхэн хэсгийг алдахгүйгээр би яаж Диваажинд хүрэх вэ?
Өөрийнхөө нэгээхэн хэсгийг өөрчлөлгүйгээр би яаж Диваажинд очих вэ?”
хэмээн эхлээд дууны төгсгөлд
“Хэрвээ би өөрийнхөө нэг хэсгийг алдах юм бол
Магадгүй би Диваажинг хүсэхгүй байна”
хэмээдэг. Ийм ч учраас дуу бүр нь өөрийн гэсэн утга санааг илэрхийлж, үг бүрийнх нь ард нуугдаж байдаг шаналал хийгээд хайр дурлал нь түүний уран бүтээлийг чимж өгдөг.

Харин 2017 онд тэрээр DJ Martin Garrix-тай хамтран “There for you” хэмээх дуугаа цацсан. Яг л дууныхаа нэр шиг сонсох бүрд сэтгэл санааг өргөж орхидог энэ дуу түүний хамгийн олон хүнд хүрсэн бүтээлүүдийн нэг. 

“Нулимс чинь дэр даган гол шиг л урсах үед
Би чиний дэргэд байх болно
Чадлаараа хашхирсан ч хүн бүр чиний шивнээг л сонсох үед
Би чиний төлөө чангаар орилж өгөх болно”

Түүний хоолой бүхий л төрлийн аянд гайхалтайгаар уусдаг. Алмайрч гайхам өндөр өнгө авдаггүй, нэг их онцгой ч гэмээргүй хэр нь сонсох тусам салахын аргагүй болдог түүний хоолойг анх сонсоход гүн гүнзгий мэдрэмж төрнө. Тэрээр үүнийгээ батлан 2018 онд найз залуу Jacob Bixenman-даа зориулан “My My My” хэмээх уран бүтээлийг гаргаж байсан. “Одоо хайраас зугтахаа больцгооё, одоо өөрсдөөсөө зугтахаа больцгооё” хэмээсээр дурлалаа магтан дуулах энэ дуу танд ч мөн босоод бүжиглэм мэдрэмжийг төрүүлэх болно. 

Troye өөрийн уран бүтээлийн түүхэнд багагүй олон авьяаслаг уран бүтээлчидтэй хамтарч байсан. Тухайлбал тэрээр 2018 оны наймдугаар сард олны хүртээл болсон "Bloom" цомогтоо дуучин Ariana Grande-тэй хамтарсан "Dance to This" дуугаа багтаасан байдаг. "Үдэшлэг хэсэж гадуур гаралгүйгээр зүгээр л энэ дуун дээр бүжицгээе. Бид хаана ч үзэсгэлэнтэй байх болно" гэсэн мессэжийг хөгжмийн өнгө нотон дээр мөнхөлж орхисон энэхүү дуу нэлээдгүй амжилтад хүрсэн. 

Мөн 2018 оны аравдугаар сард Их Британийн дуучин Charli XCX-ийн "1999" хэмээх уран бүтээл дээр хамтарч байсан бөгөөд 20 гаруй жилийн өмнөх үеийг дурсах уг дууны клип хамгийн бүтээлч клипүүдийн тоонд зүй ёсоор багтана. Хоёр дуучин маань Титаник, Матрикс болоод тухайн үед хит болж байсан алдарт Justin Timberlake, Eminem, Britney Spears нарын дүрд хувирсныг харахыг хүсвэл дараах клипийг үзээрэй. 

Харин 2019 оны нэгдүгээр сард тэрээр дуучин Lauv-тай хамтарсан “I am so tired...” дуу нь одоо ч ганц бие хүмүүсийн хамгийн чанга дээр нь тавьж байгаад сонсдог дуунуудын нэг гэж хэлж болно. Үүний дараа буюу арванхоёрдугаар сард Allie X-тэй  хамтран “Love Me Wrong” дуугаа гаргасан билээ. Ингээд хамгийн сүүлд буюу энэ оны хоёрдугаар сард Өмнөд Солонгосын “BTS” хөвгүүдийн хамтлагийн цоо шинэ цомогт багтсан “Louder Than Bombs” хэмээх дууг хамтран бичсэн байна. 

Troye Sivan бол гайхалтай дуучин төдийгүй аль хэдийнээ телевизийн уран бүтээлүүдэд дүрээ мөнхлөөд амжсан чадварлаг жүжигчин. Тэрээр хамгийн анх Австралийн "Regal" хэмээх театрт "Оливер Твист" жүжгийн Оливерийн дүрийг бүтээж байсан бол “X Men Origins: Wolverine”кинонд залуу James Howlett-ийн дүрийг амилуулсан байдаг. 

Улмаар 2018 онд “Boy Erased” кинонд дүр бүтээснээс гадна уг киноны дуу “Revelation”-ийг өөрөө бичин дуулсан нь тайз дэлгэцийн урлагийн шилдгүүдийг шалгаруулдаг Алтан бөмбөрцөг шагнал гардуулах ёслолд нэр дэвших шалтгаан болсон байх. Мөн ижил хүйст хосуудын тухай өгүүлэх “Love, Simon” хэмээх киноны "Strawberries & Sigarettes" дууг ч өөрөө бичин дуулсан байна. 

“Урт шөнүүд, хоосон мөрөөдлүүд, чихэр бас тамхины иш…
Гэвч гүзээлзгэнэ болон тамхи, үргэлж чам шиг амтагддаг”

Хөгжмийнхөө нот бүрийг сэтгэлээ шингээн бичдэг энэхүү авьяаслаг уран бүтээлчийн дуу болоод дэлгэцийн бүтээлүүдийг та ч мөн сонирхоод үзээрэй. Ингээд бид дараах дуунуудыг санал болгоод энэ удаагийн дугаараа өндөрлөж байна. Дараагийн дугаарт өөр нэгэн авьяаслаг уран бүтээлчийн өөр нэгэн түүхээр ахин уулзацгаая! 

ANIMAL

THE GOOD SIDE

BITE

BLOOM

SWIMMING POOLS

#Artist of the Week #Troye Sivan