С. Ариунгуа: Монгол улсад график дизайнерын эрэлт хэрэгцээ ИХ болсон


Ө.Түмэндарь | YOLO.MN
2020-02-28

Бид мэргэжил сонголтын талаарх цуврал ярилцлагынхаа энэ удаагийн дугаартаа Монгол Контент ХХК-ын график дизайнер С.Ариунгуаг урьж оролцууллаа. Мэргэжлээ хараахан сонгоогүй байгаа болон цаашид график дизайн чиглэлээр мэргэших эсэхдээ эргэлзэж буй та бүхэн сонирхсон асуултынхаа хариултыг энэхүү ярилцлагаас олно гэдэгт итгэлтэй байна. 


YOLOУламжлал ёсоор ярилцлагаа хүүхэд насны тань мөрөөдлийн тухай яриагаар эхлүүлье. Ихэнх хүүхдүүд багадаа цагдаа болно, эмч болно гэж мөрөөддөг бол таны хувьд ямар мэргэжилтэй болно гэж мөрөөддөг байсан бэ? Багадаа юунд сонирхолтой хүүхэд байсан бэ? 

- Бага байхад эмээ минь надад дипломатч мэргэжилтэй болохыг зөвлөдөг байсан. Тиймдээ ч дипломатч мэргэжил их гоё юм шиг санагдаад нэлээн олон жил дипломатч болно гэж бодож явдаг байсан. Гэхдээ төгсөх ангид ороод "Ирээдүйд яг ямар мэргэжилтэй хүн болох билээ?", "Ер нь дипломатч гэж юу хийдэг хүн билээ?" гээд нухацтай бодож эхэлсэн. Тэгээд математикийн гүнзгийрүүлсэн ангид сурдаг, математикдаа сайн байсан болоод ч тэр үү математикийн чиглэлээр явахаар шийдсэн. 

YOLOОдоогийн энэхүү мэргэжлээ өөрийн хүслээр сонгосон уу? Гэр бүлийнхэн болон бусад хүчин зүйлс нөлөөлсөн үү?

- Өөрийн хүслээр сонгосон. Арван жилд байхдаа сургуулийн ханын сонин, видео болон зургийн уралдаан гэх мэт ур чадвар шаардсан зүйл хийх сонирхолтой байлаа. Ер нь гарын ур дүйтэй хүүхэд байсан гэх үү дээ. Тэгээд сайн судлаад үзсэн чинь дизайны салбар надад илүү тохирохыг олж мэдсэн. Дизайны салбар дотроо хувцас дизайн, график дизайн гээд олон чиглэл бий л дээ. Миний хувьд цааш ямар чиглэлээр явахаа сонгоогүй байсан ч ямартай ч бүтээлч, ур чадвар шаардсан мэргэжилтэй болно гээд бодчихсон байсан. Ингээд шалгалт өгч тэнцээд "График дизайн" гэх ангид орсон. 


YOLOГэр бүлийнхэн нь энэ мэргэжлийг сонгоход хэрхэн хүлээн авсан бэ? 

- Дизайн эсвэл бүтээлч салбар гэхэд эмээ маань архитектур болохыг санал болгосон. Харин ээж аав маань "Хүссэн мэргэжлээ л сонго" гэж зөвлөдөг байсан болохоор ямар нэгэн эсэргүүцэл үзүүлэлгүйгээр энэ сонголтыг минь дуртай хүлээн авсан. 

YOLOХүмүүс математик болон зургийн хичээлдээ сайн хүүхдүүд л ирээдүйд график дизайнер болох боломжтой гэж боддог. Үнэхээр л график дизайнер болоход математик болон зургийн хичээлдээ авьяастай байх шаардлагатай байдаг уу?

- Заавал математикийн хичээлээ гүнзгий судалсан байх шаардлагагүй. Мэдээж энэ мэргэжлээр мэргэшихэд тоо бодох зайлшгүй шаардлагуудтай тулгардаг учраас хичээлийн ерөнхий агуулгаа сайн ойлгож мэдсэн байхад л хангалттай. Зурахын хувьд мөн л сайн зурдаг байх албагүй ч багахан хэмжээний мэдрэмж болон гарын ур дүйтэй байвал давуу тал болно. График дизайнерын ажлыг техник, програмуудын тусламжтайгаар хөнгөвчилдөг болсон учир програмууд дээрээ л ажиллаад сурчихвал сайн зурдаггүй байсан ч болно. 


YOLOИх сургуулиа график дизайны чиглэлээр суралцаж төгссөн бол ирээдүйд өөр ямар чиглэлээр ажиллах боломжтой байдаг вэ? Ер нь энэ чиглэлээр мэргэшихийн давуу тал юу вэ? 

- Энэ чиглэлээр мэргэшээд төгсөхөд юм юм л хийж сурдаг даа. Аль чиглэлээр нь явахаа тодорхойлчихвол цааш нь хөгжүүлээд олон салбарт ажиллах боломжтой. Тухайлбал аниматор, вэб дизайн, 3D, хэвлэлийн дизайн, видео эдитор, патерн дизайнер, UI дизайнер, UХ дизайнер, арт директор гэх мэт чиглэлээр ажиллах боломжтой.

YOLOАнх удаа ажлын байран дээр гарахад ажлын байр тань өмнө нь оюутан байхдаа ч юм уу, сурагч байхдаа төсөөлж байснаас хэр өөр байсан бэ? Ажлынхаа анхны өдрийн талаарх сэтгэгдлээсээ хуваалцаач?

- Би сургуулиа төгсөөд хамгийн анх худалдааны байгууллагад ажиллаж байсан. Оюутан байхдаа яг ийм байгаасай, тийм байгаасай гэж төсөөлж байгаагүй. Худалдааны байгууллага учраас ажлын ачаалал их, хугацаа давчуу, хариуцлага өндөртэй. Заримдаа өдрийн хоолоо ч идэж амждаггүй байлаа. Гэвч гаргасан алдаанаасаа суралцаж, их юм ойлгож авсан гэж боддог. Тэр ажлаасаа гараад одоогийн ажиллаж буй Монгол Контент ХХК-д орсон. Сэтгэгдэл гэвэл өмнөх ажилдаа би ганцаараа дизайнераар ажилладаг байсан бол одоогийн ажил дээр үеийнхээ бүтээлч залуустай хамтран ажилладаг. Ерөнхийдөө илүү чөлөөтэй, бүтээлч байх боломж, цаг хугацааг олгодог газар угтаж авсан гэж хэлж болно. 


YOLOЭнэхүү мэргэжлээр ажиллахын давуу болон сул талаас дурдаач. Бусад мэргэжлээс юугаараа давуу талтай вэ?

- Давуу тал гэвэл контентийн эрин үе учир байнга бүтээлч, шинэлэг зүйлсийг эрэлхийлж ажиллах шаардлагатай. Өөрийнхөө төсөөллийг буулгана. Бичвэр, зураг, график элементүүдийг хослуулж найруулгаа өөрөө хийдэг учраас үүнээсээ маш гоё мэдрэмж, кайф авдаг. Зайнаас ажиллах боломжтой учир гэрээсээ ч ажиллаж болдог гээд давуу тал их бий. Харин сул талын хувьд захиалагчидтай харилцаж ажилладаг болохоор заримдаа тэдний юу хүсэж байгаа нь тодорхойгүй үе гардаг. Энэ тохиолдолд тэдний юу хүсэж байгааг нь мэдэрч, тааж хийх шаардлага гарна. Хүсэлд нь нийцүүлэх гээд чадах хүртлээ ажилладаг даа. Мөн сууж ажилладаг учраас хөдөлгөөний дутагдалд орох тал бий. 

YOLOДизайнеруудыг хараад байхад их загварлаг харагддаг. Загварлаг хүмүүс график дизайн чиглэлээр мэргэших хандлагатай байдаг уу, эсвэл график дизайн чиглэлээр мэргэшсэн учир энэ төрлийн мэдрэмжтэй болдог болов уу? Та энэ талаар юу гэж боддог вэ?

- Хүн хүний өөрийгөө илэрхийлэх илэрхийлэмж өөр байдаг. Зарим хувцас дизайнерууд өөрийн хийж буй ажлын онцлогоос шалтгаалан гадаад үзэмждээ их анхаардаг юм шиг санагддаг. Миний хувьд нэг их загвар хөөгөөд байдаггүй. Хувцаслалтын хувьд энгийн, минималист, тухтай хувцас сонгодог. Өглөө ажилдаа явахдаа дуртай хувцсаа аваад өмсөхөд аль ч өнгө нь хоорондоо зохицдог. 


YOLOӨдөрт нийт хэдэн цагийг ажилдаа зориулдаг вэ? Илүү цагаар ажиллах шаардлага гардаг уу?

- Өдрийн найман цагаар ажилладаг. Шаардлагатай, ажил ихтэй үед илүү цагаар ажиллах тохиолдол гарна. 

YOLOӨнөө цагт дэлхий нийтээрээ автоматжиж, роботчилогдож байна. Энэ хэрээр ирээдүйд зарим мэргэжлүүд устана гэсэн таамаглал гараад эхэлсэн. Тэгвэл таны мэргэжил ирээдүйд устах болов уу? Эсвэл хүний тархиар л хийх боломжтой мэргэжил үү?

- Хүмүүс өдөр тутамдаа зураг, бичлэг, мультимедиа зэрэг контентоор дамжуулан мэдээлэл хүлээн авдаг болсон. Үүнийгээ дагаад эдгээр контентуудыг мэргэжлийн бус хүмүүс ч хийх боломж бүрдсэн. Жишээлбэл та хүсвэл постер хийдэг сайтад төлбөрөө төлөөд шаардлагатай tool-г ашиглаад хүссэн постероо хийж болно гэсэн үг. Гэвч контент хийх боломж бүх хүнд нээлттэй болсон ч уг чиглэлээр мэргэшсэн боловсон хүчний мэдрэмж, ур чадварыг гүйцэхгүй шүү дээ. Мөн ур чадварыг нь гүйцэхгүй гээд зүгээр суугаад байж болохгүй. Мэргэжлийн бид илүү ур чадвартай, мэргэшсэн байх шаардлагатай болж байна гэсэн үг юм. Цаашид салбар маань илүү хөгжиж, дотроо олон чиглэлтэй болно. Их эрэлттэй, ажлын байр нь өрсөлдөөнтэй салбар чиглэл учраас энэхүү мэргэжил маань ирээдүйд устахгүй. Харин ч эсрэгээрээ контент улам боловсронгуй болж байгаа энэ үед боловсон хүчний эрэлт хэрэгцээ их гарна гэж бодож байна.


YOLOТехник технологийн чиглэлээр суралцах бол техник технологи өндөр хөгжсөн Япон, Хятад зэрэг улсад дадлага туршлага хуримтлуулбал илүү сайн боловсон хүчин болно гэдэг шиг аль улсад график дизайнерийн чиглэлээр чадварлаг боловсон хүчин болох боломжтой вэ?

- Миний хувьд мэргэжлээ эх орондоо эзэмшсэн. Ер нь АНУ болон Англи, Итали, Франц зэрэг Европын улсууд дизайн чиглэлээр тэргүүлэх хандлагатай байдаг. Техник технологи түрүүлж хөгжсөн учраас эдгээр улсад дизайны салбарууд сайтар хөгжсөн харагддаг.

YOLOМонгол улсад ер нь энэ чиглэлийн эрэлт хэрэгцээ хэр байдаг вэ? Дутагддаг уу, аль эсвэл хүрэлцээтэй байдаг уу?

- Байгууллагууд өөрсдийн сурталчилгааг хийхэд дизайнерын үүрэг зайлшгүй хэрэг болдог учир маркетинг хийдэг бүхий л байгууллагууд график дизайнеруудтай байдаг болсон. Энэ мэргэжил манай улсын хувьд харьцангуй шинэ мэргэжил учир эрэлт хэрэгцээ байгаа. Мөн график дизайн гэхээрээ л үндсэн ажлаа хийхээс гадна эвдэрсэн компьютер, принтер засдаг, маркетинг хийдэг гэсэн буруу ойлголттой байдаг байсан бол сүүлийн үед энэ буруу ойлголтууд засагдаж байгаа гэж хэлж болно. Өмнө нь график дизайнерууд их олон ажлыг зэрэг хийдэг байсан бол одоо график дизайны чадвар мэдлэг дээр суурьлаад нэг чиглэлдээ мэргэшицгээхийг зорьдог болсон санагддаг.


YOLOДизайнер хүнийг нэг үгээр тодорхойлбол “уран бүтээлч” шүү дээ. Та уран бүтээлээ хийх, загвар зохиож байх үедээ санаагаа хэрхэн бодож олдог вэ? 

- Чөлөөтэй, өөрөө сэтгэж хийх тохиолдолд байгаль, орчин тойрон, хүмүүс, хөгжим, aмьтан, кино гээд олон зүйлээс эрч хүч авч санаагаа олдог. Харин захиалагчийн хүсэлтээр хийж байгаа тохиолдолд захиалагчийн хүсэл сонирхолд л нийцүүлнэ.

YOLOГрафик дизайнерын ажлын байр маш өрсөлдөөнтэй байдаг тул цагийн хуваарь нь ажлын ачаалал, эцсийн хугацаанаас хамааран өөр өөр байдаг гэж сонссон. Таны хувьд цаг төлөвлөлтөө хэрхэн хийдэг вэ? 

- Хугацаа давчуу бол яалт ч үгүй өөрийгөө шахаад хугацаанд нь амжуулж хийнэ. Хэрвээ хугацаа хангалттай байвал эхлээд ижил төстэй олон бүтээлч ажлуудын болон дизайны чиг хандлагын судалгаа хийдэг. Ингээд хийсэн судалгаан дээрээ үндэслэн цагт баригдалгүйгээр аль болох бүтээлч зүйл хийхийг оролддог. Захиалагчид гоё дизайн хүсч л байвал дизайнеруудад гоё дизайн хийх хугацааг нь олгох хэрэгтэй.

YOLOТаны энгийн нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?

- Өглөө сэрээд тогтмол 10 минутын иог хийдэг зуршилтай болсон. Олон цагаар компьютер дээр сууж ажилладаг учраас аль болох эрүүл хооллохын тулд өдрийн хоолоо бэлдээд ажилдаа явдаг. Одоогоор ажлаа тараад бие даагаад Герман хэл сурч байна. Гэртээ харихдаа их ядарсан байдаг ч сүүлийн үед сонирхлоороо комик хийж эхэлж байгаа. Оюутан байхдаа эможи хийх уралдаанд оролцож, дүр зохиох сонирхолтой байсан учраас иймэрхүү "хөнгөхөн" юм хийе гэсэн бодолтой байсан юм.

YOLOЭнэ чиглэлээр суралцаж буй оюутнууд, суралцахаар сонирхож буй хүүхэд залууст хандаж юун дээр илүү анхаарах хэрэгтэй талаар зөвлөгөө өгөөч. 

- Дизайнераар суралцахын тулд хар зургийн шалгалт өгдөг учраас сайн зурдаг байх албагүй ч гараа зүгшрүүлээд санаагаа илэрхийлж, буулгаж чаддаг байх хэрэгтэй. Мөн график дизайнерууд ихэвчлэн Adobe-ийн програмууд ашигладаг учраас эртнээс эдгээр програмуудыг оролдож үзээрэй. Тогооч хүний гол зэвсэг нь гал тогооны хэрэгсэл байдаг шиг график дизайнер хүний гол зэвсэг бол програм хангамж. Тиймээс Adobe Photoshop, Adobe Illustrator, Adobe InDesign зэрэг програмуудаас сурч эхлэхээс гадна Muzli, Behance, Dribble, Pinterest, Awwwards зэрэг site-уудаар зочилж дизайнеруудын чиг хандлага, бүтээлч ажлуудыг үзэж урам зориг аваарай. Youtube-ээс заавар хичээлүүд үзэж байгаад програмуудынхаа функцууд нь яаж ажилладаг талаар суралцаад, дизайны чалленжуудад өөрийгөө сориод үзээрэй. Ингэснээр бодитоор ахиж дэвших боломжтой болно. Харилцааны чадвар ч мөн шаардагддаг учир үргэлж өөрийгөө хөгжүүлж, байнга суралцаж, хөгжихөд бэлэн байгаарай гэж хэлмээр байна.

YOLOЯрилцсанд баярлалаа, танд ажлын амжилт хүсье! 

#Мэргэжил #Career #График дизайнер