Kobe Bryant болон Gigi Bryant нарын дурсгалын үйл ажиллагаа болж өнгөрлөө


Миау | YOLO.MN
2020-02-25

Өнөөдөр АНУ-ын Лос Анжелес хотын "Staples Center"-д сагсан бөмбөгийн алдарт тоглогч Kobe Bryant болон түүний охин Gianna Bryant /Gigi Bryant/ нарын дурсгалын үйл ажиллагаа болж өнгөрлөө. Уг үйл ажиллагаанд тэдэнтэй нөхөрлөж, хамтран ажиллаж байсан болон тэднийг хүндэлж явдаг хүмүүс цугласан юм. 

ДУУЧИН BEYONCE "XO" ДУУГААРАА ҮЙЛ АЖИЛЛАГААГ НЭЭВ

Дуучин Beyonce Kobe болон Gigi нарын гэгээн дурсгалд зориулж 2013 онд гаргасан "BEYONCE" цомгийнхоо "XO" дуугаар энэхүү үйл ажиллагааг нээлээ. Тэрээр хэлэхдээ:

- "Би Kobe-г хайрлаж хүндэлдэг учраас өнөөдөр энэ танхимд хүрэлцэн ирлээ. Одоо дуулах гэж буй энэ дуу бол түүний дуртай дуунуудын нэг"

VANESSA BRYANT ҮГ ХЭЛЭВ

Уг үзүүлбэрийн дараа Kobe Bryant-ийн эхнэр Vanessa Bryant үг хэлэхдээ: 

- "Юун түрүүнд өнөөдөр хүрэлцэн ирсэн та бүхэнд маш их талархаж байна. Дэлхийн өнцөг булан бүрээс манай гэр бүлийнхэнд үзүүлж буй дэмжлэг, хайр энэрэл тань хэмжээлшгүй их тус дэм болж байна. Бидний төлөө залбирсан та бүгдэд баярлалаа. 

Харин одоо нөхөр Kobe болон охин Gigi нарынхаа тухай яръя гэж бодлоо. Ингээд бяцхан охиноосоо эхэлье. 

Миний Gianna үнэхээр эелдэг, ухаалаг хүүхэд байсан. Тэр намайг орой бүр "Сайхан амраарай" гээд үнсэж, өглөө бүр "Сайхан амарсан уу?" гээд мөн л үнсэж сэрээдэг байсан. Нэг өдөр Gigi маань баяртай гэж хэлэхгүйгээр сургуульдаа явчихаар нь "Үнсэхгүй юм уу?" гээд мессэж бичтэл "Ээж ээ, би унтаж байхад чинь үнсчихсэн шүү дээ. Таныг сэрээмээргүй байсан юм" гэж бичиж билээ. Үнэхээр ухаантай. 

Охин минь аавтайгаа үнэхээр адилхан. Аав шигээ ямар ч дууг хэд сонсоод л үгийг нь цээжилчихдэг. Маш чадварлаг тамирчин байсан. Түүний минь хүсэл бол WNBA /Эмэгтэйчүүдийн үндэсний сагсан бөмбөгийн холбоо/-д орох байсан. Gigi минь үнэхээр үзэсгэлэнтэй, эелдэг, аз жаргалтай, ухаантай охин байсан. Хайртай шүү.

Харин одоо хайрт нөхрийнхөө тухай яръя. Kobe бол сагсан бөмбөгийн талбайд хүчтэй өрсөлдөгч, бүх цаг үеийн шилдэг тоглогч, Оскарын шагналтан байсан. Гэхдээ миний хувьд хайрт хань минь байлаа. Би түүнийгээ хэзээ ч алдартан, эсвэл агуу сагсан бөмбөгч гэдгээр нь харж байгаагүй. 

Бид хоёр 17 настайгаасаа хойш түүнийг насан эцэслэх хүртэл хамтдаа байсан. Би түүний анхны хайр, анхны найз охин, эхнэр, сайн найз нь. Бидэнд унаж босох үе байсан ч бие биенээ дэмжээд л гардаг байлаа. 

Тэр минь хичнээн романтик гээч? Kobe надад нэг удаа "The Notebook" кинон дээр Rachel McAdams-ийн /гол дүрийн эмэгтэй/ өмсдөг цэнхэр даашинзийг тэр кинон дээр гардаг тэмдэглэлийн дэвтэртэй нь хамт бэлэглэж билээ. 

Тэр Gigi-гийн сагсан бөмбөгийн "дасгалжуулагч" байхдаа үнэхээр жаргалтай байсан. Нэгэн өдөр Kobe минь "Natalia-гаа ч бас сагсан бөмбөгөөр хичээллүүлмээр л байна. Хэрэв тэгвэл бид илүү их цагийг хамтдаа өнгөрөөнө. Гэхдээ түүнийг өөрийн хүсэл тэмүүллийг дагаасай гэж хүсэж байна" гэж хэлж байсан удаатай. MVP /Most Valuable Player/ буюу хамгийн үнэ цэнэтэй тоглогч гэдэг шиг тэр минь хүүхдүүдийнхээ хувьд MVD /Most Valuable Dad/ буюу хамгийн үнэ цэнэтэй аав нь байсан даа. 

Бурхан тэднийг энэ дэлхий дээр нэг нэгэнгүйгээрээ амьдарч чадахгүй гэдгийг мэдсэн болохоор л хоёуланг нь авч одсон байх. Нэг л өдөр дахин уулзах хүртлээ хамтдаа амар амгалан, хөгжилтэй байцгааж байгаарай. Хоёуланд чинь хайртай шүү"

MICHAEL JORDAN ҮГ ХЭЛЭВ

Сагсан бөмбөгийн түүхэн дэх амьд домог гэгддэг Michael Jordan ч мөн уг үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн бөгөөд тайзан дээр гараад нэг их удалгүй нулимс дуслуулсан юм. Тэрээр хэлэхдээ:

- "Хүмүүс гайхаж магадгүй ч бид үнэхээр дотно байсан. Яг л ах дүү хоёр шиг. Kobe надаас зөвлөгөө авах гээд хэдэн цагт ч хамаагүй хүрээд ирдэг байлаа. Эхэндээ их хэцүү байсан ч сүүлдээ түүнийг энэ их хүчин чармайлтыг нь хүндэлдэг болсон доо.

Би 2009 онд Алдрын танхимд уйлснаасаа болоод нэг хэсэгтээ л "meme" болсон. Одоо дахиад нэг хэсэгтээ л миний уйлж байгаа "meme" интернэтээр явах нь дээ /инээв/"

ALICIA KEYS "САРНЫ СОНАТ ТОГЛОВ"

Нил ягаан өнгийн төгөлдөр хууран дээр нил ягаан өнгийн хувцастай Alicia Keys алдарт хөгжмийн зохиолч Л.В. Бетховений "Сарны Сонат"-ыг тоглолоо. Kobe эхнэр Vanessa-даа "Сарны Сонат"-ын хэсгээс тоглож өгөхийн тулд бүтэн долоо хоногийн турш бэлдэж байсан гэдэг. 

CHRISTINA AGUILERA ҮЙЛ АЖИЛЛАГААГ ХААВ

Kobe Bryant болон түүний охин Gianna Bryant /Gigi Bryant/ нарыг эцсийн замд нь үдэх дурсгалын үйл ажиллагааг дуучин Christina Aguilera "Ave Maria" дуугаар өндөрлөв. 

НИСДЭГ ТЭРЭГНИЙ КОМПАНИЙГ ШҮҮХЭД ӨГНӨ

Vanessa Bryant нөхөр болон охиныхоо дурсгалын үйл ажиллагаанд оролцсон энэ өдрөө тэдний сууж яваад осолдсон "Island Express" гэх нисдэг тэрэгний компанийг шүүхэд өгсөн байна. 

Тэрээр нэгдүгээр сарын 26-ны өдөр Калифорни мужийн Калабасас орчимд болсон энэхүү аймшигт осолд тус компанийг буруутгаж байгаа аж. Vanessa уг компанийг нислэг үйлдэхээсээ өмнө цаг агаарын байдлыг тодорхойлж чадаагүй, цаг агаар үүлэрхэг байгааг мэдсэн ч нислэгийг цуцлаагүй зэрэг үндэслэлүүдээр шүүхэд хандсан байна.

Эх сурвалж: Complex, Insider, CNN 

#Kobe Bryant #Gigi Bryant #Rest in Peace