АНГЛИ ХЭЛ дээр уншихад ХЯЛБАР бөгөөд СОНИРХОЛТОЙ 8 НОМ


Цэцээ | YOLO.MN
2020-02-25

Та англи хэл сурахаар шийдсэн бол юун түрүүнд уншихад хялбар, сонирхолтой номыг сонгох нь зүйтэй. Ингээд Yolo.mn сайтын хамт олны англи хэл сурах үйлсэд шамдсан хичээнгүй уншигчдадаа зориулан дараах 8 номыг ҮНЭГҮЙ татаж авах холбоостой нь хамт хүргэж байна. 

Дараах номнуудыг уншихад тийм ч амар байхгүйг сануулъя. Гэхдээ мэргэжлийн үг хэллэг оруулаагүй, "хялбар" үгсээс бүтсэн тул ойлгохгүй уг гарвал шантарч буцахгүйгээр толь бичиг ашиглаарай. 

Charlotte’s Web – E.B. White

Номын тухай: Бид бүхэн уг зохиолыг уран сайхны киногоор нь сайн мэдэх билээ. Энэхүү ном нь бага насны хүүхдүүдэд зориулан бичигдсэн учраас өгүүлбэрүүд нь маш энгийн байх бөгөөд ашиглагдсан үгс нь ч хэцүү биш. Мөн киног нь өмнө нь үзэж байсан бол ойлгоход илүү дөхөм байх болно шүү.  

Зохиолын хураангуй: Фермийн эзэд бусдаасаа хамгийн жижиг биетэй төрсөн торойг ямар ч хэрэгцээгүй хэмээн нядлахаар шийддэг. Гэсэн ч бяцхан охин Fern түүнийг авран Wilbur гэх нэрийг өгдөг. Хэсэг хугацааны дараа фермийн эзэд дахиад л бяцхан торойг нядлахаар шийдэх бөгөөд үүнийг мэдсэн аалз Wilbur-ыг аврах төлөвлөгөө зохиодог...

Татах холбоос


Mieko and the Fifth Treasure – Eleanor Coerr

Номын тухай: Энэхүү ном ердөө 77 хуудастай. Өсвөр насныханд зориулж бичигдсэн ном учраас хэрэглэгдсэн үгс болон дүрэм нь ойлгоход тийм ч төвөгтэй биш. Уг номыг уншиж англи хэлний мэдлэгээ дээшлүүлэхээс гадна Япон улсын түүх, соёлын талаар мэдлэг хуримтлуулах боломжтой.

Зохиолын хураангуй: Зохиолын гол дүр болох Mieko охин уран бичлэгт авьяастай ч Nagasaki хотод болсон Атомын бөмбөгдөлтийн хор уршгаар түүний гар нь хүндээр өвчилж, бийр ч барих боломжгүй болдог. Үүний дараа тэрээр хөдөө байдаг эмээгийндээ амьдрахаар очих бөгөөд шинэ сургуульд шилжин орно. Эхэндээ найз нөхөдгүй нэгэн байх ч сайн найз, ухаалаг хүмүүсийн ачаар ахин хүсэл мөрөөдлөө үргэлжлүүлж буй талаар энэхүү номонд гардаг.

Татах холбоос


The Outsiders – S.E. Hinton

Номын тухай: Уг богино зохиол нь 1962 онд анх хэвлэгдэн олны хүртээл болсон бөгөөд өсвөр насныханд зориулан бичигдэж байжээ. 200 хуудастай энэхүү номны дүрэм болон үгийн сан нь нь бусад номын адилаар харьцангуй хялбар.

Зохиолын хураангуй: Ерөнхийдөө өсвөр насныхны хайр дурлал болон "Greasers", "Socs" гэсэн бүлгэмүүдийн хоорондох ээдрээтэй асуудлыг өгүүлдэг. Хамгийн сонирхолтой нь зохиолч 18 настай байхдаа уг номоо хэвлүүлж байжээ.

Татах холбоос

 


The House On Mango Street – Sandra Cisneros

Номын тухай: Зохиогч өөрийн мэдэрч буй зүйлээ цаасан дээр буулгасан учраас уншихад тун сонирхолтой. Яг л өөр хүний дотор орсон мэт мэдрэмж төрөх болно. Өгүүлбэрүүд нь богинохон болохоор ойлгоход хялбар байх болно.

Зохиолын хураангуй: Зохиолын гол дүр болох Мексик охины гэр бүл анх удаа өөрсдийн гэсэн байшинг номын нэрэнд гарч буй Mango гудамжинд худалдан авснаар номын гол үйл явдал эхэлдэг. Цаашлаад шинэ найзуудтай болж өсөн торниж олон олон адал явдлыг туулж байгаагаар үйл явдал өрнөх болно.

Татах холбоос

 


Thirteen Reasons Why – Jay Asher

Номын тухай: Нэрнээс нь хараад л андашгүй байгаа биз? Өгүүлбэрүүд нь богино, хэрэглэгдсэн үгс нь ч гэсэн харьцангуй хялбарт тооцогддог. Мөн хэд хэдэн шагналын авсан энэхүү зохиолыг заавал уншихыг зөвлөе.

Зохиолын хураангуй: Зохиолын гол дүр Clay Jensen сургуулиасаа ирээд гэрийнх нь үүдэнд хайрцагтай илгээмж ирсэн байхыг олж харна. Энэхүү хайрцаг саяхан амиа хорлосон ангийн найзаас нь ирсэн аж. Түүнд ирэхээсээ өмнө уг илгээмж нийт 8 хүнийг дамжсан бөгөөд нийтдээ 13 хүнд хүргэгдэх ёстой болж таардаг…

Татах холбоос


Peter Pan – J.M. Barrie

Номын тухай: Энэ бол таныг ид шидийн ертөнцөөр аялуулж чадах бас нэгэн гайхалтай зохиол юм. Хэдий томчууд шимтэн уншдаг ч уг зохиол нь хүүхдийн зохиол учраас уншихад хялбархан байх нь гарцаагүй.

Зохиолын хураангуй: Зохиол хэзээ ч өсч том болдоггүй Peter Pan болон асрамжийн газрын хүүхдүүд Neverland хэмээх ид шидийн газарт очиж буйгаар эхэлдэг. Хүүхдүүд бүгд аз жаргалтай байх авч хорон санаат Ахмад Дэгээ асрамжийн газрын хүүхдүүдийг хулгайлснаар үйл явдал цаашид маш сонирхолтойгоор өрнөх болно.

Татах холбоос

 


The Giver – Lois Lowry

Номын тухай: Энэхүү ном эхний хуудаснаасаа эхлээд л анхаарлыг чинь татах нь гарцаагүй. Өгүүлбэрийн ихэнх нь Past болон Past Perfect цаг дээр бичигдсэн учраас ойлгоход хялбархан. Номын хувьд бага зэрэг урт ч сайн хичээвэл уншихад хүндрэл багатай байх нь гарцаагүй юм шүү.

Зохиолын хураангуй: Гол дүрийн хүүг маш тайван, эмх замбараатай нийгэмд амьдардаг аж. Зөвхөн дээрээс гаргасан дүрэм журмыг л дагах ба хэн нэгнийг эвгүй байдалд оруулах үйлдэл ч хийж болохгүй. Бүр айл бүр нэг хүү, нэг охинтой байх ёстой гэсэн дүрэм ч бий. Гол дүрийн хүү их ухаалаг, дүрэм журмаа сайн дагадаг учраас тэрээр маш сайхан ажил хийхээр болдог. Харин тун удалгүй тэрээр хүн бүр өөрийн хүссэн сонголтоо хийж амьдрах ёстой гэдгийг ойлгон, тогтсон хэв маягийг эвдэх төлөвлөгөө зохиох болно. 

Татах холбоос


The Old Man and the Sea – Ernest Hemmingway

Номын тухай: Тун алдартай зохиолуудын нэг. Магадгүй та дунд сургуульдаа Монгол хэл дээр орчуулагдсан хувилбарыг нь уншиж байсан л байх. Өмнөх номуудаас бага зэрэг хүнд байж болох ч заавал унших үзэх номуудын нэг билээ.

Зохиолын хураангуй: Туршлагатай загасчин өвгөн далайд гараад 84 хоногийн туршид ямар ч загас барьсангүй. Харин 85 дахь өдрөө тэрээр урьд өмнө нь харж байгаагүй маш том загас барих бөгөөд татах гэсэн ч дийлэлгүй 2 хоногийн туршид тэрхүү загасандаа чирэгдэн далайгаар явдаг...

Татах холбоос

#English #Language #Book