Г. Намуунбаяр: Шалгалтын сандралаа давж сэтгэл зүйгээ бэлдэх нь чухал


Сэтгүүлч Э.Цовоо | YOLO.MN
2020-02-28

Бид ирээдүйд тэтгэлэг аван гадаадад суралцах хүсэлтэй залуустаа зориулан одоогоор гадаадад тэтгэлгээр суралцаж буй оюутнуудаас ярилцлага авч, зөвлөгөө бэлтгэн хүргэдэг билээ. Тэгвэл энэ удаагийн дугаараар "Монбушо" тэтгэлгээр Япон улсын Токио хотод суралцаж буй Г. Намуунбаяртай ярилцлаа.


YOLO: Сайн байна уу? Yolo.mn сайтын уншигчдад маань өөрийгөө дэлгэрэнгүй танилцуулаач.

- Сайн уу? Намайг Ганчимэгийн Намуунбаяр гэдэг. Би 2018 онд “Шинэ Монгол” сургуулийг төгссөн. Төгсөх жилдээ Япон улсын “Монбушо” засгийн газрын тэтгэлэгт тэнцэж өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сараас эхлэн Япон улсын Токио хотын “Japanese Language Education Center” сургуульд хэлний бэлтгэлд суралцаж байна.

YOLO: Тэтгэлгийнхээ талаарх мэдээллийг анх хаанаас авч байсан бэ? 

- Би угаасаа л Япон улсад сурах сонирхолтой байсан болохоор аравдугаар ангид орох жилдээ “Шинэ Монгол” сургуульд шилжиж орсон. “Монбушо” тэтгэлгийн талаар дээд ангийнхаа ах, эгч нараас мэдэж авч байсан. Ийнхүү багш нараасаа дэлгэрэнгүй мэдээлэл авч шалгалтдаа бэлдээд тэнцэж байсан юм. “Монбушо” тэтгэлэг нь их сургуульд орох хөтөлбөр, Коосэн буюу Япон улсын коллежийн хөтөлбөр, мэргэжлийн сургуулийн хөтөлбөр гэсэн гурван төрөлтэй. Би коллежийн хөтөлбөрийг нь сонгон суралцаж байна. Энэ хөтөлбөр нь нэг жилийн хугацаанд хэлний бэлтгэлд сураад, гурван жилийн хугацаанд коллежид суралцсаныхаа дараа Японы их сургуулиудад шалгалт өгөх шаардлагатай байдаг. Ингээд тэнцсэн тохиолдолд тухайн шалгалт өгсөн сургуульдаа гуравдугаар курсээсээ орж болдог хөтөлбөр юм. Үлдсэн хоёр хөтөлбөр нь ч мөн эхний жилдээ хэлний бэлтгэлд сураад дараагийн дөрвөн жилийн хугацаанд сонгосон сургуульдаа сонгосон мэргэжлээрээ суралцах боломжтой. 


YOLO: Тэтгэлэг авахад хэр хүндрэлтэй байсан бэ?

- Өнөөдөр хэлгүй бол гадаадад очоод ямар ч сургуульд сурч чадахгүй шүү дээ. Тиймээс хүндрэл гэвэл хэлний асуудал л байсан учраас Япон хэл дээрээ л хамаг анхаарлаа төвлөрүүлж ажилласан юм байна. Хамт шалгалтад бэлдэж байсан найзууд маань Япон хэлэндээ сайн байсан ч математик, физик гэх мэт шалгалтдаа алдаад тэтгэлэгт тэнцээгүй тохиолдол бий. Мөн найзууд маань их хичээж бэлдсэн ч сэтгэл зүйгээ хангалттай бэлдээгүйгээс болоод тэнцээгүй байх гэж боддог. Тиймээс шалгалтын сандралаа давж сэтгэл зүйгээ бэлдэх нь чухал.

YOLO: Тэтгэлэгтээ бэлдэж байхдаа стрессдэж байв уу?

- Бид нар шалгалтад бэлдэж байх үедээ өглөөний 7 цагт сургууль дээр ирээд оройн 9 цагийн үед гэртээ харьдаг байсан. Бэлдэж байх үедээ ганц хоёр бодлого бодож чадахгүй байх ч юм уу, мэдэхгүй зүйл гараад ирвэл санаа зовно. “Яагаад ингэж их бэлдчихээд алдаад байгаа юм бол”, “Тэтгэлэгтээ тэнцэхгүй бол яана” гэх зэрэг бодлууд намайг үнэхээр зовоодог байлаа. Гэхдээ одоо ингээд бодоход санаа зовох ямар ч шаардлагагүй байсан юм байна лээ. Болох юм болдгоороо л болно шүү дээ. Оронд нь чадахгүй байгаа зүйлээ илүү сайн давтаж, хичээх хэрэгтэй гэдгийг ухаарсан.


YOLO: Таны хувьд Япон улсад суралцахын давуу тал нь юу вэ?

- Ганцаараа амьдарч байгаа болохоор мөнгөө зөв зарцуулж сурч байгаа. Мөн дотуур байрандаа ганцаараа байрладаг учир хичээлээ тараад ирэхэд хэн ч надад хоол хийгээд, халамжлаад, санаа тавихгүй шүү дээ. Тийм учир өөрөө өөртөө санаа тавьж биеэ дааж сурч байгаа юм. Энэ бол миний хувьд маш том давуу тал. Мөн Япон хүмүүсийн соёлоос суралцах боломжтой. Япон хүмүүс цагийг маш сайн баримталдаг. Цаг товлоод хүнтэй уулзахаар тохироход 5 минутын өмнө ирчихсэн л зогсож байдаг. Энэ соёл нь надад болон миний ирээдүйд их тус болох байх гэж боддог.

YOLO: Тэгвэл сул талуудыг нь дурдвал?

- Би багаасаа Япон улсад сурах мөрөөдөлтэй байсан учраас одоогоор сул талыг нь олж харахгүй л байгаа даа /инээв/. Ганц сул тал нь өртөг өндөртэй. Япон улс Монгол улсыг бодвол 10 дахин өндөр өртөгтэй байдаг. Мөн Япон хүмүүс их дотогшоогоо зан чанартай. Бодож байгаа зүйлээ шууд хэлэхгүй, хэлэх гэсэн зүйлээ тойруулаад байдаг нь хачирхалтай. 


YOLO: Яагаад Япон улсад сурахыг хүсдэг болов? 

- Дунд сургуульд байхад манай биологийн багш Япон хүн байсан юм. Тэр багш маань Монголоор маш сайн ярьдаг, аливаа зүйлд зүрх сэтгэлээсээ ханддаг, эелдэг хүн байлаа. Түүний эдгээр зан чанарууд л нөлөөлсөн байх. Мөн яагаад ч юм Япон улсад сурч чадах юм шиг мэдрэмж төрсөн юм. Санаанд багтаад байсан гэх үү дээ. 

YOLO: Дотуур байрныхаа амьдралын талаар бидэнтэй хуваалцаач?

- Манай сургуульд нийт 20 гаруй улсын хүүхдүүд суралцдаг болохоор олон төрлийн хүүхдүүдтэй танилцах боломжтой. Мөн өөрсдөө дотуур байрандаа соёлын өдөр, орон орны хоолны үзэсгэлэн гэх мэт олон сонирхолтой үйл ажиллагаанууд зохион байгуулдаг. Дотуур байрны маань нэг давхар их сонирхолтой. Тэндээ бид нар хичээлээ хийж болдог, сонирхолтой яриа өрнүүлж ч болдог.


YOLO: Танай сургуульд Монгол оюутнууд хэр их байдаг вэ?

- Энэ жил манай сургуульд надтай нийлээд 26 Монгол хүүхдүүд элсэн орсон. Мөн манай дотуур байранд Монголчууд хамгийн олуулаа байдаг нь гоё.

YOLO: Сургуулиас нь хэрэглээний зардлыг даадаг уу?

- Тийм ээ. Сар болгон 120 мянган иений тэтгэлэгтэй./Монгол мөнгөөр 3 сая төгрөг/

YOLO: Цагийн ажил хийх бололцоо хэр их байдаг вэ?

- Тэтгэлэгтэй учир эхний жилдээ цагийн ажил хийх хориотой. Харин коллеждоо ороод цагийн ажил хийх боломжтой байдаг.

YOLOЧөлөөт цагаараа юу хийдэг вэ?

- Би ихэвчлэн ном унших дуртай. Гэхдээ одоогоор бол олон найз нөхөдтэй болж, өөр орны соёлын талаар ойлголттой болохыг хичээж байна даа. 


YOLO: Токио хотын талаар танилцуулаач?

- Токио хот их хөл хөдөлгөөнтэй. Гудамжаар нь явахад Япон хүмүүсээс илүүтэйгээр гадаад хүмүүстэй тааралддаг. Хотын төвдөө олон олон өндөр барилгуудтай ч хотын зах руугаа гараад ирэхээр өргөн уудам талтай. Иргэд нь үнэхээр хичээнгүй, охид нь ичимхий зан чанартай нь онцлог. 

YOLO: Япон улсад суралцаж эхэлснээс хойш чамд ямар ямар өөрчлөлтүүд гарсан бэ?

- Ганцаараа амьдарч байгаа болохоор юм бодох цаг хангалттай гардаг. Тиймээс илүү олон зүйлийг тунгааж боддог болсон. 

YOLO: Ирээдүйд Япон улсад суралцахыг зорьж байгаа уншигчдад маань зөвлөгөө өгөөч ?

- Шалгалтад хамтдаа бэлдээд тэнцээгүй ч нэг жилийн чөлөө аваад, дахин бэлдэж байгаад тэнцсэн хүүхдүүд байсан. Тиймээс хамгийн гол нь өөртөө итгэх итгэл найдвараа алдахгүй байх нь чухал юм шүү. Чиний өөртөө хуримтлуулсан мэдлэг чадварыг чинь хэн ч чамаас булаан авч чадахгүй учраас одоогийн гаргаж буй энэ их хичээл зүтгэл чинь ирээдүйд ямар нэгэн байдлаар тус болно гэдэгт итгээрэй. Өөртөө итгэх нь зорилгодоо хүрэх гол түлхүүр байдаг юм. 

YOLO: Ярилцсанд баярлалаа.


#тэтгэлэг #боломж