"Crash Landing On You" цувралын талаар БИДНИЙ МЭДЭХГҮЙ баримтууд


Э.Цовоо | YOLO.MN
2020-02-21

"K-Drama" буюу Солонгос олон ангит кино үздэггүй хүмүүсийн ч сэтгэл зүрхийг догдлуулаад амжсан цуврал бол "Crash Landing On You" билээ. Энэ бол гурван сарын хугацаанд үзэгчдийн хүлээлтийг үүсгэж, шинээр гарсан анги бүр нь өмнөх ангийнхаа хандалтыг давж байсан гайхалтай бүтээл. Тиймээс та бүхэндээ энэхүү киноны талаарх сонирхолтой баримтуудыг хүргэж байна. 

1. "TVN" СУВГИЙН РЕКОРДЫГ ЭВДСЭН НЬ

Зөвхөн Өмнөд Солонгос ч бус Монгол залуусыг хэсэгтээ л хуйлруулаад амжсан кино бол "Goblin" билээ. 2016 онд "Goblin" киноны анги 20,5 хувийн үзүүлэлттэй байснаар "tvN" сувгийн рекордыг эвдэж байсан. /Энэхүү кино зурагтаар гарах үед зурагт үзэж байсан хүмүүсийн 20 хувь нь уг киног үзэж байсан гэсэн үг юм./ Тэгвэл "Crash Landing On You" цувралын төгсгөлийн ангийн үзүүлэлт 21,7 хувьд хүрснээр уг рекордыг эвджээ. 

2. ШИЛДЭГ ОЛОН АНГИТ КИНО БОЛОН ШИЛДЭГ ДУУ

Киноны дууг БНСУ-ын хамгийн алдартай соло дуучин IU дуулсан бөгөөд дуугаа тус цувралын төгсгөлийн 16-р ангитай хамт цацсан билээ. Дуу нь цацагдсан даруйдаа БНСУ-ын хөгжмийн чартуудыг тэргүүлж багагүй амжилт гаргаад байсан юм. Дуучин IU 2011 онд "The Greatest Love" киноны дууг дуулснаас хойш буюу есөн жилийн дараа анх удаа киноны дуу дуулж байгаа нь энэ аж. 

3. АЛДАРТ "PARASITE" КИНОНЫ ЖҮЖИГЧДИЙН ХАМТРАЛ

92 дахь удаагийн Академийн шагнал гардуулах ёслолд зургаан төрөлд нэр дэвшсэнээс дөрвөн шагналтай буцсан кино бол "Parasite". Тус кинонд дүр бүтээсэн Jang Hye-Jin болон Park Myoung-Hoon нар “Crash Landing On You” цуврал дээр эгч дүүсийн дүрд тоглодог. 

4. МОНГОЛД ХИЙСЭН ЗУРАГ АВАЛТ

Киноны дөрөв болон тавдугаар ангийн зураг авалт Монгол улсад хийгдсэн. Киноны зарим үйл явдлууд Хойд Солонгос улсын галт тэрэгний буудал, хөдөө талд байгаагаар дүрслэгддэг бөгөөд уг үзэгдлийг Монголд хийсэн байна. Үүнээс гадна зураг авалтаа Швейцар, Солонгос, Монгол гэх гурван улс дамнан хийсэн гэдгээрээ онцлог. 

5. ЖҮЖИГЧДИЙН НАС

Энэхүү киног үзэхэд нөлөөлсөн бас нэгэн хүчин зүйл нь уг кинонд дүр бүтээсэн жүжигчдийн нас болов уу? Үзэгчид тэднийг "Наснаасаа хэд дахин залуу харагдаж байна", "Гайхалтай" гэх сэтгэгдлүүдийг зогсоо зайгүй бичиж байгаа гэнэ. 

6. ТҮҮНИЙГ ТАНЬСАН УУ? 

2011 онд гарсан "49 хоног" киног санаж байна уу? Тухайн кинонд эсрэг талын дүр бүтээсэн жүжигчин Seo Ji-Hye бол “Crash Landing On You” киноны Seo Dan. 

7. HYUN BIN БОЛОН YE-JIN

Улсдаа чадварлагт тооцогддог энэхүү хоёр жүжигчин 2018 "The Negotiation" хэмээх кинонд хамт тоглож байсан билээ. 

Тэд 2019 онд Калифорни мужийн хэд хэдэн хотуудаар аялж явахдаа олны анхааралд өртөж, тэднийг үерхэж байгаа хэмээх цуу яриа тарсан ч хоёр талын агентлагууд энэ мэдээллийг үгүйсгэсэн. Энэ явдлаас хойш удалгүй “Crash Landing On You” цувралд тоглох санал ирсэн билээ. 

Эх сурвалж: Naver, Soompi

#Crash Landing On You