"Би ямар мэргэжил сонгохоо мэдэхгүй байна"


Сондор | YOLO.MN
2016-08-11

mail Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ 6: Би ямар мэргэжил сонгохоо мэдэхгүй байна

Аав ээжтэйгээ яриад үзэхэд эдийн засаг, санхүүгийн чиглэлээр явах шийдэлд хүрсэн. Хэрэв тэгвэл цаашдаа амьдрал маань уйтгартай, хийсэн юмгүй, бахархах зүйлгүй, мэргэжлээсээ авах итгэл найдвар, аз жаргалгүй болчих юм шиг санагдаад...?

Сайн байна уу, би энэ жил 11-р ангиа төгссөн. Мэргэжлээ сонгоход маань асуудал тулгараад байна л даа. Тус болооч...
Би Уг нь анагаахын чиглэлээр явах сонирхолтой байна, гэхдээ бас сайн итгэлгүй...  Анагаах, эмчийн мэргэжил сонгоё гэхээр их хэцүү санагдаад бас эмээгээд, би өөрөө ч хими, биологтоо тийм ч сайн биш. Хааяа болохоор энэ хоёр хичээл гоё ч юм шиг... Би эмчийг бахархам, маш хэцүү бас  хэрэгтэй мэргэжил гэж боддог л доо.

Зарим хүн надад эмч болохыг зөвлөдөг. Янз бүрийн тест бөглөөд үзэхэд судлаач, шинжээч гэсэн мэргэжлийг санал болгосон байдаг. Аав ээжтэйгээ яриад үзэхэд эдийн засаг, санхүүгийн чиглэлээр явах шийдэлд хүрсэн. Математик, нийгэмдээ сайн л даа. Тийм болохоор зөв ч юм шиг. Хэрэв тэгвэл цаашдаа амьдрал маань уйтгартай, хийсэн юмгүй, бахархах зүйлгүй, мэргэжлээсээ авах итгэл найдвар, аз жаргалгүй болчих юм шиг санагдаад...? Эсвэл зүгээр сайн хичээлээрээ ЭЕШ өгөөд үзэх үү? Гэхдээ  хааяа би ямар ч хичээл байсан хичээвэл чадах ч юм шиг бодол төрдөг. Зөвлөгөө өгөөч?

ЗӨВЛӨМЖ: Зөв буруу мэргэжил гэж байхгvй гол нь зөв сонголт, буруу сонголт гэж л бий

Хvн идэвхтэй амьдралынхаа 40 орчим жилийг ажлын байранд өнгөрvvлдэг. Тиймээс сонирхож байгаа мэргэжлийнхээ яг юу нь танд таалагдаж байгаа вэ, тухайн мэргэжлийг эзэмших авъяас надад байгаа юу гэдгийг сайтар судлах хэрэгтэй шүү.

Сайн байна уу?
Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Бидэнд хандан  захидал бичсэнд баярлалаа.
Чиний насны олон арван хүүхдүүд энэхүү асуудалтай тулгарч, хэрхэн гарах арга зам, яах вэ? гэдэг учраа сайн олохгүй төөрөлддөг.

Мэргэжилтэн гэж хэн бэ?
Мэргэжилтэн гэдэг бол тодорхой мэргэжлийг тусгай хөтөлбөрийн дагуу суралцаж эзэмшсэн, мэргэжлийн мэдлэг чадвараа зах зээлд борлуулж орлого олж байгаа хүн юм. Сvvлийн жилvvдэд зөв буруу, эрэлттэй, хоцрогдсон, сайхан, муухай мэргэжлийн талаар их ярих болж. Зөв буруу мэргэжил гэж байхгvй гол нь зөв сонголт, буруу сонголт гэж л байна. Тиймээс нэн түрүүнд өөрөөсөө:
1. Би юу чаддаг вэ? Би ямар ур чадвартай вэ?
2. Би юу сонирхдог вэ?
3. Нийгэмд ямар мэргэжилтэн хэрэгтэй байна вэ? гэдэг 3 асуултыг өөрөөсөө асуугаад үзэх хэрэгтэй. Хариулт нь гарсаны дараа сонголтоо хийхээсээ өмнө бяцхан судалгаа хийх нь зөв. Ямар судалгаа вэ гэхээр сонгосон болон сонгох гэж буй мэргэжлийнхээ давуу болон сул тал мөн тухайн сонгосон мэргэжлээр тань ажилладаг, таны ойр дотны таньдаг ах болон эгчээс ажил мэргэжлийнх нь талаарх дэлгэрэнгүй мэдээллийг авч мэдээлэл цуглуулах нь танд маш чухал ач холбогдолтой. Хvн идэвхтэй амьдралынхаа 40 орчим жилийг ажлын байранд өнгөрvvлдэг. Тэгэхээр ирээдүйд сонирхолгүй мэргэжил эзэмшээд хийхийг хүсээгүй ажил хийж явах эрсдэлээс урьдчилан сэргийлж, сонирхож байгаа мэргэжлийнхээ яг юу нь танд таалагдаж байгаа вэ, тухайн мэргэжлийг эзэмших авъяас надад байгаа юу гэдгийг сайтар судлах хэрэгтэй шүү. Танд амжилт хүсье.


“Сэтгэл Судлалын Үндэсний Төв”-ийн
сэтгэл судлаач Ц.Нямцэцэг

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.

 

#Мэргэжил #Оюутан #ЭЕШ #Lesson #Асуудал