"YG" энтертайнменттай гэрээ байгуулсан анхны Монгол залуу Г. Амарболд


Э.Цовоо | YOLO.MN
2020-02-17

Бид өнөөдрийн ярилцлагын буландаа БНСУ-ын алдарт "YG" энтертайнментийн харьяа "YG Kplus" агентлагтай гэрээ байгуулж чадсан авьяаслаг залуу Г. Амарболдыг  урьж оролцууллаа. Жүжигчин мэргэжлээр суралцаж буй тэрээр хэрхэн энэхүү агентлагтай гэрээ хийх болсон талаар хамтдаа сонирхоцгооё. 


YOLOЮун түрүүнд “YG” энтертайнментийн харьяа "YG Kplus” агентлагтай гэрээ хийсэнд нь баяр хүргэе. Та энэхүү агентлагтай гэрээ байгуулсан анхны Монгол хүн боллоо шүү дээ. Бидэнтэй хэрхэн "YG" энтертайнментийн нэг хэсэг болсон түүхээсээ хуваалцаач?

- Их гэнэтийн зүйл болсон л доо /инээв/. Би яг одоогоор жүжигчний мэргэжлээр суралцаж байгаа юм. Манай сургуулиас эхний хоёр жил ямар нэгэн сурталчилгаа, гадны үйл ажиллагаанд оролцохыг хориглодог. Тэгэхээр нь жүжиглэх төрлийн үйл ажиллагаанд л оролцож болдоггүй юм байх гэж ойлгоод "YG Kplus" агентлагаас зохион байгуулдаг нэг өдрийн арга хэмжээн дээр нь очсон юм. Тэр арга хэмжээн дээр юу болдог, ямархуу үйл явдал болж өнгөрдөг гээд багахан хэмжээний туршлага хуримтлуулах санаатай очсон хэрэг л дээ. Гэтэл шууд тэр өдрөө тайзны алхаа, поз авах гэх мэт моделийн шалгаруулалт авчихсан. Надтай нийлээд нийт 60 залуус уг шалгаруулалтад оролцсон. Охид нь яг л мэргэжлийн загвар өмсөгч шиг бие галбиртай, залуус нь ч биеийн хөгжил сайтай байсан болохоор бүгдээрээ л мундаг санагдаж байлаа. Гэтэл би нэгдүгээр байранд орчихсон. Уг нь нэгдүгээр байранд орохын төлөө биш зүгээр л сонирхоод очсон шүү дээ. Тэргүүн байрын шагнал нь "YG Kplus" агентлагийн загвар өмсөгчийн анхан шатны сургалтад үнэгүй хамрагдах эрх байсан юм. Дараа нь шагналынхаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах гээд очтол захирал нь надтай гэрээ байгуулах хүсэлтэй байгаагаа хэлсэн. Ингээд л би "YG Kplus" агентлагтай хоёр жилийн гэрээ байгуулсан юм. Сургуулиас эхний хоёр жил ямар нэгэн үйл ажиллагаанд оролцох ёсгүй гэсэн дүрмийн дагуу одоогоор ямар нэгэн үйл ажиллагаанд оролцоогүй байсаар гэрээнийхээ нэг жилийг өнгөрөөчихлөө. Дараа жилээс л ямар нэгэн үйл ажиллагаанд оролцож эхлэх байх даа. 


YOLO: Гэрээ хийе гэж хэлэхэд нь ямар сэтгэгдэл төрсөн бэ?

- Их гайхсан. Сургуулиас ямар нэгэн үйл ажиллагаанд оролцохыг хориглочихсон учраас баярлах гэхээсээ илүүтэйгээр санаа зовж байсан /инээв/. Миний хувьд одоо сурч буй сургууль минь их чухал болохоор яах бол гэж их бодсон. 

YOLO: Шалгаруулалт нь хэр өрсөлдөөнтэй байсан бэ? 

- Надад угаасаа л ялна гэсэн бодол байгаагүй. Өмнө нь загварын чиглэлээр ажиллаж байсан туршлага ч байхгүй. Тийм болохоор өөрийгөө сориод үзье л гэж бодсон. Эрэгтэйчүүд нь бүгд 185м-ээс дээш, эмэгтэйчүүд нь бүгд 170м-ээс дээш өндөртэй, ихэнх нь бие хаа сайтай, мэргэжлийн загвар өмсөгч шиг залуус байсан болохоор өрсөлдөөнтэй байсан гэж хэлж болно. 


YOLO: Одоогоор ямар сургуульд суралцаж байна вэ? 

- БНСУ-ын “Korea National University of Arts” сургуульд суралцдаг. Улсдаа нэгдүгээрт, дэлхийд 125-р байранд ордог урлагийн сургууль.

YOLOСургуульдаа тэтгэлгээр сурдаг уу?

- Тийм ээ. Би Солонгос улсын засгийн газрын “Art Major Asian” буюу AMA хэмээх тэтгэлгээр сургуульдаа сурдаг.

YOLO: Урлагийн сургуульд сурдаг юм байна шүү дээ. Танай сургуульд Монгол оюутнууд хэр олон байдаг вэ?

- Манай сургуульд нийт 8 Монгол оюутан суралцдаг. Жүжигчний чиглэлээр гэвэл би ганцаараа. Солонгос улсад манай сургуулийг мэдэхгүй хүн ховор учраас энэ сургуульд суралцаж байгаа нь “YG Kplus”-тай гэрээ байгуулахад маш их нэмэр болсон байх гэж боддог. 


YOLO: Солонгос хүмүүс хэр нөхөрсөг вэ? Урлагийн сургуулиуд их өрсөлдөөнтэй байдаг гэж дуулсан.

- Манай сургуульд жүжигчин болох сонирхолтой маш олон оюутан бий. Жилд 6000-7000 гаруй хүмүүс манай сургуульд орох гэж шалгалт өгдгөөс шилдэг дөчийг нь л сонгон авдаг. Сонгогдсон 40 оюутнууд тийм олон хүмүүсээс шалгарсан болохоор мэдээж маш чадварлаг хүүхдүүд байдаг. Өмнө нь манай сургууль ийм том сургууль болохоор жүжигчин бэлтгэх тал дээр нэг их туршлагагүй, бас гадаад оюутнуудыг ялгаварлах байх гээд их ташаа боддог байсан юм байна лээ. Гэтэл оюутан, багш нар нь үнэхээр нөхөрсөг. Бүгд л их сайн хандаж, туслахыг хичээдэг. Төсөөллөөс минь тэс өөр байсан болохоор гайхалтай сайхан санагдсан. Солонгос оюутнууд бусадтай маргалдаж муудалцахаас илүүтэйгээр нэг нэгнээсээ юм сурах хүсэлтэй, хувь хүний хөгжил сайтай хүмүүс байдаг юм байна гэдгийг ойлгосон. 


YOLO: K-Pop хөгжим сонсдог уу?

- Үгүй ээ /инээв/. Солонгост сурдаг гэхээр хүмүүс “K-Drama үздэг үү?”, “K-Pop сонсдог уу?”, “Солонгос дуунд мэдээж дуртай биз дээ?” гэсэн хандлагаар харьцдаг. Гэхдээ би бол тийм биш ээ. Багадаа эргэн тойрныхоо хүүхдүүдийг дагаад “BigBang” “2NE1” зэрэг хамтлагуудыг сонсож үзсэн. Бага зэрэг мэднэ. Түүнээс биш бүр шимтэж сонсдоггүй. Харин Солонгос бүрэн хэмжээний кинонуудад их дуртай шүү.

YOLO: "Hooliganz" бүжгийн хамтлагт бүжиглэдэг гэж дуулсан. Мөн 2016 онд “Авьяаслаг Монголчууд” тэмцээнд чамгүй амжилттай оролцсон шүү дээ. Тэр үеийнхээ сэтгэгдлээс бидэнтэй хуваалцаач?

- Надад “Авьяаслаг Монголчууд” тэмцээн маш их таалагдсан. Зохион байгуулалт сайтай, дэлхийн хэмжээний тэмцээн гэсэндээ арай өөр байсан. Одоо бодоход тэмцээнд түрүүлэх гэхээсээ илүү хамтлагийнхантайгаа хамтдаа байсан мөчүүд л сэтгэгдэлд илүү тод үлдсэн юм шиг санагддаг. Хамтлагаараа хамтдаа бүжгээ давтаад, хамтдаа хичээгээд, хамтдаа сайжирч байсан үе минь л илүү чухал санагддаг даа. Энэ тэмцээнд орсноор илүү олон хүмүүс биднийг мэддэг болохын зэрэгцээ "Break" гэх бүжгийн урсгал Монголд байдаг юм байна гэдэг ойлголттой болсон байх. Бид ч тус тэмцээнд хамт оролцсон авьяаслаг хүмүүстэй танилцаж, их ч зүйлийг сурч мэдсэн. 

YOLO: Бүжиглээд хэдэн жил болж байгаа вэ?

- Би нийт долоо гаруй жилийн хугацаанд “Break” бүжгээр хичээллээд зодог тайлсан. Жүжигчний мэргэжил их олон талын авьяас шаарддаг болохоор одоогийн сурч байгаа сургуульд ороход бүжгийн чадвар, туршлага маань их хэрэг болсон гэж боддог. 

YOLO: Анх яагаад бүжгийн урлагийг сонирхох болсон бэ?

- Яг үнэнийг хэлэхэд би багадаа бүжиглэх дуртай байгаагүй. Зүгээр л хөлбөмбөг тоглох дуртай, хөдөлгөөнтэй хүүхэд байсан. Харин дунд ангид байхад бүжигт сонирхолтой нэг найз маань надад янз бүрийн бүжгийн хөдөлгөөн хийж үзүүлдэг байсан юм. Тухайн үед ""UB Dance" гээд сургалтын төв байна. Хоёулаа хамт явъя" гэхээр нь "Зүгээр байж байхаар явчихдаг ч юм билүү?" гэж бодоод хамт явж эхэлсэн. Эхний нэг жилийн хугацаанд зүгээр л заасан хөдөлгөөнүүдийг нь сураад, дагаж бүжиглэдэг л байсан. Ямар ч хүсэл эрмэлзэлгүй гэх үү дээ. Тэгээд "Ер нь ингэж байхаар бүжиглэхээ болиод өөр юм хийе" гэж бодоод сургалтаасаа гараад бүжиглэхээ больсон чинь нэг л хоосон оргиод, бүжиглэмээр санагдаад хачин мэдрэмж төрсөн. Ингээд л өөрийгөө бүжигт сонирхолтой, дуртай юм байна гэдгээ мэдээд буцаад "хүсэл эрмэлзэлтэйгээр" бүжиглэх болсон доо. 


YOLO: Хүндэлж явдаг, үлгэр дуурайлал авдаг хүн байдаг уу?

- Миний хувьд “Авьяаслаг Монголчууд” нэвтрүүлгийн шилдэг 32 оролцогчид багтсан найруулагч С. Анххүү ахын үзэл бодол, биеэ авч яваа байдал, юмыг олон талаас нь хардаг зан чанарууд нь үнэхээр их таалагддаг. Тэр хүнээс их олон зүйлийг суралцахыг хүсдэг. 

YOLOЧөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг вэ? 

- Одоогоор номтой илүү нөхөрлөхийг илүүд үзэж байна. Ялангуяа өөрийнхөө мэргэжлийн талаар, хүн төрөлхтний тухай номуудыг л илүү шимтэн уншдаг. Зүгээр суухыг хүсдэггүй. Байнга л ямар нэгэн зүйл хийж өөрийгөө хөгжүүлэхийг хичээдэг. Өдөр болгон хийдэг зүйл гэвэл ном унших, кино үзэх, дасгал хийх, найз нөхдөдөө цаг гаргах л юм байна даа. 


YOLO: 2020 оны төлөвлөгөөнөөсөө хуваалцаач?

- Одоо манай сургуулийн хамгийн завгүй үе болох хоёрдугаар улирлын хичээл эхэлж байгаа учраас хичээлдээ анхаарч, Солонгос хэлний чадвараа сайжруулахыг хичээж байна. Мөн загварын чиглэлээр ажиллахад туранхай байх шаардлага тавьдаг. Миний өндөр, 187 см, жин 76 кг хэдий ч энэ нь хангалтгүй тул жингээ хасах шаардлагатай болсон. Энэ шаардлага ерөнхийдөө хэцүү санагдаж байгаа болохоор багагүй сорилт болно байх. Мөн тулааны урлагаар хичээллэх сонирхолтой байгаа. 

YOLO: Ярилцсанд баярлалаа. Ирээдүйд нь амжилт хүсье!


Түүний Инстаграм хаягийг дагаарай. 

#YG #YGKplus #модель