BTS хамтлагийн тухай олон ангит кино хийгдэнэ


BTS ХАМТЛАГИЙН ТУХАЙ ОАК ГАРНА

БНСУ дуу хөгжим болон кино урлагийн амжилтаараа аль хэдийн дэлхий тавцанд гарч, хамрах хүрээ нь ч сүүлийн хэдэн жилүүдэд өргөжөөд байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор Өмнөд Солонгос улсын хамтлаг дуучид цор ганц дуу хөгжмөөрөө бус кино урлаг, хувцас дизайн, уран зураг гээд урлагийн бусад салбаруудад ч мөн хувь нэмрээ оруулж, шүтэн бишрэгчидтэйгээ холбогдох болсон. 

Энэ сарын эхээр "Big Hit" энтертайнментийн хамт олон BTS хамтлагийн түүхээс сэдэвлэсэн олон ангит кино буюу драма цацагдах талаар мэдээлсэн. Уг цуврал нь энэ оны сүүлийн хагаст, эсвэл 2021 оны эхэн хагаст үзэгчдийн хүртээл болохоор төлөвлөгдсөн аж.

Кино зохиолыг "Хүндийн өргөлтийн дагина Kim Bok Joo" цувралыг найруулж байсан туршлагатай Kim Soojin найруулагч бичиж байгаа гэв. Киноны агуулгын хувьд долоон хөвгүүд хэрхэн бие биетэйгээ уулзаж, өөрсдийн хүсэл мөрөөдлөө олж, түүнийхээ төлөө хамтдаа тэмцэж буй тухай өгүүлэх аж. Гэвч киноны гол дүрийн хувьд BTS хамтлагийн гишүүдийг бус мэргэжлийн жүжигчдийг тоглуулахаар төлөвлөөд байна. 

BTS хамтлагийн залуус хөгжмийн урлагийг олон нийтэд хүргэхийн тулд чамгүй хичээж яваа хүмүүс. Тэд энэ сарын сүүлчээр өөрсдийн цоо шинэхэн "Map of the Seoul: 7" хэмээх цомгоо гаргахаар төлөвлөж байгаа бөгөөд цомогт багтсан дуунуудынхаа нэрийг нь ч зарлаагүй байхад цомог аль хэдийн дөрвөн сая гаруй хувь борлуулагдаад амжсан.

Тэд энэ удаа дуу хөгжим болон уран зургийн холбоо хамаарлыг тодотгох зорилгоор олон нийтэд хараахан танигдаж амжаагүй 22 уран бүтээлчдийн уран зураг, гар хийцийн бүтээлүүдийг дэлхий дахинд сурталчлах "CONNECT BTS" төслийг хэрэгжүүлж байгаа билээ. Энэ дашрамд тэд дууныхаа албан ёсны клипэнд эртний Грек, Ромын домог, алдартай уран бүтээлчдийн уран зургуудыг шигтгэсээр ирснийг дурдах нь зөв биз ээ. 

BLACKPINK ХАМТЛАГИЙН ТУХАЙ БАРИМТАТ КИНО ГАРАХ МАГАДЛАЛТАЙ

Хоёрдугаар сарын 11-ний өдөр "YG" энтертайнментийн зүгээс Blackpink хамтлагийн охидыг томоохон хэмжээний глобал төсөлд бэлдэж байгаа талаар мэдээлэл өгсөн. Blackpink хамтлагийнхан өнгөрсөн оны дөрөвдүгээр сард "Kill This Love" хэмээх дуугаа цацсанаас хойш уран бүтээл гаргаагүй байгаа билээ. 

Мөн саяхан Netflix сайтын хайлтад "Untitled Blackpink Feature Documentary" хэмээх илэрц нэмэгдсэн бөгөөд шүтэн бишрэгчид нь үүнийг Blackpink хамтлагийн глобал төслийнх нь нэг хэсэг хэмээн таамаглаад байгаа юм. Ямартай ч энэхүү цуврал хийгдэх эсэх нь тодорхой болбол тэдний уран бүтээлч болсон замнал, бэлтгэгдэгч байх үе, тайзны арын үйл явдлууд зэргийг харуулах байх хэмээн таамаглаж байна.

Үүнээс гадна хамтлагийн гишүүн Lisa хувцасны брэнд гаргаж, тухайн брэндээ өөрийн нэрээр нэрлэх гэж байгаагаа мэдэгдсэн. Улмаар түүний "Lalisa Monobal", "Manobal" гэх нэрийг "YG" энтертайнмент эзэмшиж эхлэх юм. Шүтэн бишрэгчид нь түүнийг загварын ертөнцөд албан ёсоор хөл тавьж байгаад нь баяртай байгаа ч ийнхүү нэрээ эзэмшүүлснээр "YG" энтертайнментаас гарах тохиолдолд өөрийн нэрээр уран бүтээл гаргах боломжгүй болоход нь санаа зовж байгаа аж. 
 
Blackpink хамтлагийнхан дуу хөгжмийн ертөнцөөс гадна хувцас загварын ертөнцөд идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг бөгөөд хамгийн сүүлд л гэхэд "Adidas Originals"-ийн "Change is a Team Sport" хэмээх сурталчилгаанд жүжигчин Jonah Hill, дуучин Pharrell Williams, Jackson Wang, загвар өмсөгч Yara Shahidi зэрэг олон алдартнуудын хамт тоглосон.

Blackpink хамтлаг болон "YG" энтертайнментийн зүгээс ямар нэгэн албан ёсны мэдэгдэл хийгээгүй ч шүтэн бишрэгчид нь уг хамтлагийг гуравдугаар сард ямар нэгэн шинэ уран бүтээл гаргах байх хэмээн найдаад байгаа юм. Blackpink хамтлаг 2018 онд гаргасан "Ddu Du Ddu Du" хэмээх уран бүтээлээрээ Youtube хуудсанд нэг тэрбум хандалт авсан анхны Кпоп хамтлаг болсон. 

Ингээд та бүхэндээ BTS болон Blackpink хамтлагуудын алдарт хөтлөгч, комедиан James Corden-ийн "Late Late Show"-д уран бүтээлээ толилуулсан бичлэгүүдийг хүргэж байна.

Эх сурвалж: All Kpop

#Kpop #BTS #Blackpink