TOEFL: Ярих ур чадварын шалгалтад БҮРЭН оноогоо авах нь


Юука | YOLO.MN
2020-02-11

Та унших, бичих, сонсох ур чадвараа тогтмол хөгжүүлж байгаа ч ярих чадвараа хэрхэн сайжруулахаа мэдэхгүй байна уу? Тэгвэл анхаарлаа хандуулаарай. 

  • Ярих ур чадварын шалгалтын талаар ойлголттой байх хэрэгтэй

Эхний хэсэгт та өгөгдсөн асуултыг сонсоод 15 секунд бэлдэж 45 секундэд хариулах ёстой. Хугацаа нь богино юм шиг боловч бодит байдал дээр маш их зүйл ярих хугацаа учраас “Юу ярих вэ?” гэдгээ сайтар төлөвлөөрэй. Асуулт юуны талаар өгөгдсөнөөс шалтгаалж хариулт янз бүр байх нь ойлгомжтой. Энэ даалгавраар таны аливаа зүйлд хандах хандлага, логиктой илтгэж буй эсэхийг тань шалгах болно.

Дараа нь уншиж, сонссон зүйлийнхээ талаар ярих даалгавар ирнэ. Унших эх нь ихэвчлэн 100-120 үгтэй байдаг. Ингээд 30 секундийн сонсгол хийх ба үүний дараа уншсан болон сонссон зүйлээ нэгтгэж ярих хэрэгтэй. Өмнө нь хэд хэдэн удаа жишиг шалгалт хийгээд үзэхэд гэмгүй байдаг. Ингэснээр шалгалтын өдөр илүү туршлагатай ажиллах ба тайван байдлаа хадгалж чадна. Уншиж, сонсож байх явцдаа тэмдэглэл хийвэл дараа нь ярихад илүү хялбар болдгийг санаарай. 

Мөн 2-3 минутын харилцан яриа, лекц сонсох бөгөөд энэ хэсэгт та юу ойлгосноо л ярихад хангалттай. Бэлдэх цаг нь богинохон учраас сонсож байх явцдаа гол зүйлсээ тогтоож, тэмдэглэж авах нь танд маш их тус хүргэнэ шүү.

  • Ярих ур чадварын шалгалтыг үнэлэх шаардлага

Таны гүйцэтгэлийг хэрхэн, яаж үнэлдгийг мэдмээр байна уу? Тийм бол дараах шалгуурыг уншаарай. 

Асуултад хариулсан байдал: Өгөгдсөн даалгаврыг ойлгож, сэдвийн дагуу хариултаа ойлгомжтой илэрхийлэх чадварыг тань шалгах болно. Хэрвээ даалгавар дээр жишээгээр тайлбарлаарай гэсэн байвал та заавал жишээ татах хэрэгтэй. Үгүй бол дийлэнх оноогоо алдлаа гэсэн үг.

Зохион байгуулах чадвар: Хариулт тань эмх цэгцтэй, тодорхой байвал энэ шалгуурын дагуу зохих оноогоо авах боломжтой. 

Үгсийн дуудлага: Хариултаа эмх цэгцтэй, зөв дарааллаар илэрхийлсэн ч бага оноо авчихсан бол та “дуудлага” дээрээ оноо алджээ. 

Дүрэм: Дүрэм хамгийн амархан нь гэж бодож байна уу? Ихэнх хүмүүс дүрэм дээр ямар ч алдаа гаргахгүй гэж боддог ч ярианы ур чадварыг шалгах хэсэг дээр хамгийн их оноо алддаг шалтгаан нь дүрэм байдаг. Тиймээс юуны тухай ярихаа мэдсэн бол хаана, аль цагийг /tense/ ашиглах вэ гэдгээ ч маш сайн тооцоолох хэрэгтэй. 

Үгийн сан: Мэдээж нэг үгээ олон давтаад байвал хэнд ч таатай санагдахгүй! Харин үгээ давтахаас зайлсхийж ойролцоо утгатай үгсийг нь ашиглаж байвал өндөр оноо авах магадлал нэмэгдэнэ.

ЯРИХ УР ЧАДВАРАА ХӨГЖҮҮЛЭХ НЬ 

enlightenedАнглиар ярьж байхдаа дуу хураагч ашиглаарай

Та англиар ярьж байхдаа өөрийнхөө хоолойг бичиж байсан уу? Хэрвээ үгүй бол туршаад үзэхэд гэмгүй шүү. Ингэхдээ дуу хураагчаа асаагаад (гар утсан дээрээ Voice Recorder ашиглаж болно) ямар ч төрлийн англи номыг чанга, тодоор уншаарай. Хэд хэдэн удаа дуугаа хураагаад сонсоод үз. Хаана, ямар алдаа гаргаж байгаагаа ажиглахыг хичээгээрэй. Ингээд дараагийн удаад өмнөхөөсөө илүү сайн унших гэж хичээгээрэй. Долоо хоногийн дараа дахин сонсоод өөрийгөө юу уншиж байгааг орчуулж үзээрэй. Мөн төрөлх англи хэлтэй хүмүүсийн энгийн яриаг дагаж хэлэх дасгал хийгээрэй.

enlightenedӨөртэйгөө ижил зорилго тавьсан найзтай болоорой

Англиар сайн ярьдаг болох зорилго тавьсан хэн нэгэн хаа нэгтээ байж л байгаа! Хэрэв та Фэйсбүүк идэвхтэй ашигладаг бол зөвхөн Монголд гэлтгүй гадаадын группүүдэд гишүүнээр элсээд найз хайж болох юм. Өөртэйгөө ижил зорилготой хүн олчихвол хоорондоо үргэлж англиар ярихаас гадна бие биенээсээ суралцах асар их боломж бий.

enlightenedУрьдчилж бэлдэхгүйгээр яриад үз

Та хэд хэдэн сэдэв сонгож аваад тухайн сэдвийнхээ талаар 1 минутын турш яриад үзээрэй. Ингэхдээ урьдчилж суугаад бэлдэх хэрэггүй, зүгээр л өөрийн мэдэх хэмжээгээрээ яриарай. Мөн найзууд, гэр бүлийнхнээсээ сэдэв асууж болох юм. Тэд танд санаанд оромгүй, гэнэтийн сэдэв санал болгож чадна.

enlightenedСонсдог ном болон подкасттай нөхөрлө

Зорилго тавьж сонсоорой. Үгийн өргөлт, дуудлагыг нь голчлон барьж авахыг хичээгээрэй. Заавал төлбөртэй ном, подкаст байх албагүй ээ. Интернетээс хайвал маш олон үнэгүй хувилбарууд байдаг.

enlightenedӨдөр тутмын амьдрал, хэв маягийн тухай ярилцаарай

Бидэнд ярилцах найз олдсон ч ямар сэдвээр, юу ярих учраа олохгүй үе байдаг шүү дээ. Тийм учраас мэдээ уншиж, цаг үеийн асуудлаар ярилцах нь хамгийн тохиромжтой байдаг. Ингэхдээ CNN, BBC-гээр зочлоход илүүдэхгүй.

Мөн шалгалтад бэлдэхээсээ өмнө дараах бичлэгүүдийг үзээрэй

Эх сурвалж: Best My Test 

#TOEFL #Speaking #Ярих