Ч. Цэнгүүн: Загварын салбар сонирхол татахаа больсон


Сэтгүүлч Б.Намуун | YOLO.MN
2020-02-07

Yolo.mn сайтын энэ удаагийн ярилцлагын буланд "Авьяаслаг Монголчууд" шоунд оролцон "Тэнгэрийн хунтайж" гэх алдрыг хүртсэн бүжигчин Ч. Цэнгүүн уригдан оролцлоо. Ингээд бидний ярилцлагыг хүлээн авна уу. 

YOLOСайн байна уу? Таныг өөрийн "нэрийн хуудас" болсон Pole dance буюу баганатай бүжгийн урлагтай хэрхэн холбогдсон талаар ярилцлагаа эхлүүлье гэж бодлоо.

- Анх Pole dance буюу баганатай бүжгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний бичлэгийг нь үзчихээд яагаад ч юм санаанд багтаж байсан. Мэдээж эхэндээ өөртөө тийм ч итгэлтэй байгаагүй л дээ. Гэхдээ л надад энэ төрлөөр хичээллэж чадах юм шиг санагдсан болохоор сургуулилт хийж эхэлсэн. 

YOLOХөндлөнгөөс харахад зөвхөн нэг гар, нэг хөлөөрөө тогтоод л их хэцүү харагддаг. Бэлтгэлийн үеэр бэртэж гэмтэх тохиолдол байсан уу?

Анх хичээллэснээсээ хойш огт бэртээгүй байж байгаад саяхан Франц явахынхаа өмнө зүүн мөрөндөө бэртэл авсан. Одоо бараг найман сар болж байна. Холбоосууд нь чангарсан ч зөөлөн эдийн гэмтэл учраас эдгэхэд цаг их ордог юм байна. Биеэ сайн амрааж байж л эдгэрдэг учраас бэртэл авснаасаа хойш бараг бүжиглээгүй. 


YOLOБие даан хичээллэсэн ч саяхныг хүртэл ганц ч удаа бэртэл авалгүйгээр чамбай суралцсан нь өөрийн тань багадаа циркчин байсантай холбоотой болов уу?

- Мэдээж циркчин байсантай шууд холбоотой байх. Түүнээс биш баргийн хүн баганатай бүжгийн бичлэг үзээд л “Би үүнийг мэргэжлийн төвшинд хийж чадна” гэж өөртөө итгэж чадахгүй шүү дээ. Цирк болон гимнастикийн суурьтай байсан учраас л тухайн үед "Би чадна" гэж бодсон. 

YOLOБагадаа яагаад гимнастикаар хичээллэхээр шийдсэн бэ? Өөрөө сонирхож шийдсэн үү, эсвэл гэр бүлийнхний тань сонголт байв уу?

Жаахан хүүхэд өөрийн дураар юу сонгож чадах вэ дээ? Ээжийн л хийсэн ажил /инээв/. Багадаа их хөдөлгөөнтэй хүүхэд байсан болохоор ээж маань миний тэр дүрсгүйг хэрэгтэй зүйлд нь зарцуулъя гээд гимнастикийн заал руу дагуулж очсон гэдэг. 


YOLOГимнастикийн зааланд нэгэн сахилгагүй жаал ээжийнхээ хүсэлтээр анх очсон мөчөөс эхлээд өдийг хүртэл олон л дурсамжтай үйл явдлууд тохиолдсон байх. Уншигчдад маань багынхаа хөгжилтэй явдлаас хуваалцахгүй юу?

- Зөндөө л юм болсон байлгүй дээ /инээв/. Алийг нь гэж ярихаа мэдэхгүй байна. Би ийм асуултад хариулж чаддаггүй юм аа. Хөгжилтэй зүйлс өдөр болгон л тохиолддог болохоор яг алийг нь ярихаа мэддэггүй.

YOLOАнх Pole dance урлагаар хичээллэж эхлэхэд эргэн тойрныхон нь хэрхэн хүлээж авч байсан бэ? Зарим хүмүүс энэхүү урлагийн талаар ямар ч ойлголтгүй эсвэл буруу ойлголттой байдаг шүү дээ.

- Хүмүүс санасныг бодвол эерэгээр хүлээж авсан гэж боддог. Ерөнхийдөө их "эмэгтэйлэг" урлаг учраас анх эхэлж байхдаа бага зэрэг айдастай байсан. Гэхдээ дууны сонголт, бүжгийн хөдөлгөөнөөсөө эхлээд эршүүд сэтгэгдэл төрүүлэхүйц бүхнийг сонговол хүмүүс зөвөөр ойлгох байх гэж бодсон. Түүнийгээ ч хийж бодсон зүйл минь биелсэн гэж боддог. Ямар нэгэн байдлаар муу хэлсэн, үзэж чадахгүй доромжилсон тохиолдол одоогоор байхгүй.


YOLOСаяхан “Хайрын аялгуу” гээд кинонд дүр бүтээсэн байсан. Киноныхоо талаар товчхон ярихгүй юу?

2020 он гараад өөрийнхөө студийг байгуулснаар кино урлагтай холбогдож эхэлсэн. Гэхдээ манай студи "Хайрын аялгуу" кинон дээр ажиллаагүй л дээ. Дүр бүтээхийн хувьд өдөр бүрийг л энгийнээр өнгөрүүлэхийн оронд шинэ зүйл хиймээр санагдаад энэхүү кинонд тоглосон. "Шинэ" зүйл дээр ажилласан болохоор саяны арав гаруй хоног сургамжтай бөгөөд дурсамжтай өнгөрлөө. 

YOLOКинондоо ямар дүр бүтээсэн бэ? Уг дүрийн бодит амьдрал дээрх Ч.Цэнгүүнээс ялгаатай юм уу, ижил тал нь юу вэ?

Ижил тал ч бий, ялгаатай тал ч бий. Энэ кино бол богино хугацаанд олон үйл явдал бужигнаад өнгөрдөг хөнгөхөн үйл явдалтай кино. Тиймдээ ч надад их сонирхолтой санагдсан юм. Хэзээ ч гаргаж байгаагүй ааш авираа гаргаж, хэзээ ч баашилж орилж байгаагүйгээрээ л баашиллаа. Миний хувьд их сонирхолтой сорилт байсан гэж хэлж болно. 

YOLOТа урьд нь “Бүхнээс дээгүүр” кинонд дүр бүтээж байсан туршлагатай шүү дээ. Уг кинонд бүтээсэн дүрээс тань тэс өөр дүр байж чадсан уу?

- Би “Бүхнээс дээгүүр” кинонд бүжигчний дүрд тоглосон бол энэ удаад хөгжмийн зохиолчийн дүр бүтээсэн. Ерөнхийдөө бол гадаадад хөгжмийн зохиолч мэргэжлээр сурдаг, эмзэг мэдрэмтгий залуу амьдралдаа үзээгүй юмаа үзэж байгаа тухай кино.

YOLOВалентины баяр, хайр дурлалын кино гэснээс уншигчид маань ихэвчлэн анхны хайртайгаа учирч байгаа өсвөр үеийнхэн, залуучууд байгаа байх. Анхны хайрын түүхээсээ хуваалцаач.

- Анхны хайр их гоё шүү дээ. Гэхдээ яг ингээд бодсон чинь ямар сонин юм бэ? /инээв/ Анхны ч бай, сүүлийн ч бай бүгд их нандин санагддаг учраас бүгдийг нь л дотроо хайрлаж хүндэлж явдаг. Тиймээс "дотроо" л байж байг дээ.

YOLOИнтернет орчинд өөрийг тань найз бүсгүйгээсээ салсан гэх цуурхал тарсан байсан. Энэ үнэн үү?

- Би С.Төгстэй уулзаж байгаа. Яг салсан үгүйгээ би өөрөө ч мэдэхгүй байна. Тэгж сайн мэдэж бичээд байгаа хүмүүс нь өөрсдөө мэдэж байгаа юм байлгүй. Тийм ийм гэж ярьмааргүй байна. Хувийн амьдралын асуудал хувьдаа л үлдсэн нь дээр. Би өөрөө ч мэдэхгүй байна.


YOLOЗалуу хүн тасралтгүй суралцах хэрэгтэй. Тэгвэл танд шинээр суралцах, өөрийгөө шинээр нээх тал дээр бодож байгаа зүйл бий юу? 

- Одоогоор гадаад хэлээ сайжруулах зорилготой байна. Мөн видео хийж, хамт олон удирдаж, хүний итгэл даах ажил гүйцэтгэж сурч байна. Амлалтаа биелүүлэх, төсөөллөө бодит болгох гэх мэт хүнд байх ёстой үндсэн чадваруудаа сайжруулах гэж хичээнэ дээ. Эдгээрт хүрэхийн тулд эхлээд нарийн цагийн хуваарь, тэсвэр тэвчээртэй байх гээд их олон зорилтыг тавих хэрэгтэй. Нэг юм сурлаа гэхэд тэр нь хэрэг болсон үед л хэрэглэдэг биш амьдралыг туулаад явж байхад гарч ирсэн зүйлс бүрийг шинээр сурч байж амьдралыг давна. "Би үүнийг чаддаг болохоор энийг хийнэ" гэж биш "Би үүнийг хийнэ. Тиймээс би сурна" гэж бодох нь зөв. 

YOLOӨнөөдрийг хүртэл бусдаас урмын үг, зөвлөгөө, шүүмжлэл зэргийг багагүй сонсож байсан байх. Өөрт тань хамгийн их үлдсэн, дурсагддаг ямар зөвлөгөө, шүүмжлэл байдаг вэ?

- Би ер нь их бодлогоширдог хүн. Хүмүүс “эмо” л гэдэг юм. Өөрөө өөртөө их зөвлөгөө өгдөг. Сүүлийн үед анзаараад байгаа гол зүйл бол амар амгалан байдал их чухал юм байна гэх ойлголт. Нэг л их шинэ үе болох гээд, ирээдүйг бүтээх гээд хүсээд байдаг. Даанч сэтгэл санаа тогтворгүй бол хэдий хичээгээд ч нэмэргүй. Ямар ч амжилт байхгүй. Амжилттай байсан ч гэсэн аз жаргалгүй. Иймээс дотоод амар амгаланг мөнгөөр ч, ер нь юугаар ч худалдаж авч чадахгүй. Сэтгэл санаагаа удирдаж, өөрийгөө барьж сурах нь хувь хүний хөгжлийн том хэсэг гэдгийг ойлгож эхэлж байна.


YOLOИх бодлогоширдог хүмүүс өөрийнхөө дотоод сэтгэл хөдлөлийг тэмдэглэл хөтөлж гаргах нь их байдаг. Өдрийн тэмдэглэл хөтөлдөг үү?

Үгүй. Миний хөтөлдөг тэмдэглэл гэвэл Инстаграм л байна даа /инээв/. Сторинууд л бараг өдрийн тэмдэглэл маань юм уу даа. Яагаад ч стори хийгээд байдаг юм мэдэхгүй. Нэг мэдэхэд л зөндөө стори хийчихсэн байдаг. Чи тэгдэг үү?

YOLOЗаримдаа л. Хүмүүсийг ажиглаад байхад ер нь стори хийх хоббитой болчихдог юм болов уу?

- Зураг авч видео хийнэ гэхээр нэг бодлыг зураглаачийн ажил. Өөрийн төлөвлөгөөг нийтлэнэ, график ч гаргана. Бас хажуугаар нь бизнес явагдана. Ер нь сторигоор дамжуулж ихэнх ажлаа хийчихдэг юм байна шүү. Нэг ийм л өдрийн тэмдэглэл хөтлөдөг юм байна даа. 

YOLOСаяхан Шангри-Ла-д зохиогдсон нэгэн загварын шоу дээр тайзан дээр алхаж харагдсан. Цаашдаа загварын ертөнцөд хөл тавьж, загвар өмсөх бодол бий юу?

- Ёстой байхгүй. Загварын салбар сонирхол татахаа байсан. Анх гоё сайхан, өндөр залуучууд гүйлдээд л их гоё харагддаг байсан. Үзэмжид нь л болдог байсан байх. Би одоо бол арай өөр юм боддог болсон.


YOLOБүжиглэхээс гадна өөр ямар хоббитой вэ? Чөлөөт цагаараа ихэвчлэн юу хийдэг вэ?

- Яг үнэндээ одоогоор чөлөөт цагаас их зүйл алга. Яагаад гэвэл би хэн нэгний дор ажилладаггүй. Өөрөө өөртөө, эсвэл найз нөхөдтэйгөө хамтран ажилладаг. Хүмүүс чөлөөт цагаараа найзуудтайгаа уулздаг бол би найзуудтайгаа ажилладаг тул тийм шаардлага гардаггүй. Шөнө ч бай, өдөр ч бай ажлаа хиймээр санагдвал шууд л хийж эхэлдэг. Ер нь чөлөөт цагаараа мөнгө хийдэг. /инээв/ Би угаасаа л ямарваа нэгэн юманд баригдах дургүй хүн. Дунд сургуульд байхдаа муу сурдаг байсан. Гэхдээ дүн л жоохон муу гардаг байснаас биш хичээлээ бол хийдэг байсан шүү. /инээв/

YOLOНөхөрлөлийн үнэ цэнэ таны бодлоор юунд оршдог вэ?

- Хамт өнгөрүүлсэн дурсамж л байх. Хааяа удаан уулзаагүй найзуудыгаа их санадаг. Хүн ер нь сэтгэл санаа тавгүй үед л найзуудаа санадаг муухай амьтад.. Түүнээс биш өөртөө итгэлтэй гүйж явахад тийм ч их санаад байдаггүй. Манай найзууд ч үүнийг сайн ойлгодог. Нэг л мэдэхэд гимнастикч, циркчин болчихсон байсан шиг нэг л мэдэхэд найзуудтай болчихсон байсан. Багын найзууд маань намайг өвдөхөд, хүнд хэцүү зүйл тохиолдоход дэргэд минь байж л байдаг. Ажил мэргэжлийн найзууд минь зорилго нэгтэй, нэг нэгнийхээ өмнө хүлээсэн хариуцлагадаа эзэн болж хамтдаа хөдөлмөрлөдөг.


YOLOӨөрийн тань амьдралдаа баримталдаг гол зарчим юу вэ?

- Яг наадхыг чинь олох гээд явж байх шиг байна. Одоогоор сэтгэл санааны элдэв зовуургүйгээр хоолоо идээд, сайхан амраад, стрессдэхгүйгээр буурь суурьтайгаар урагшлах хэрэгтэй гэсэн бодол л толгойд минь эргэлдэж байна. Хүн байнга л хувьсан өөрчлөгдөж байдаг учраас хэдэн жилийн дараа энэ зарчим маань ч мөн өөрчлөгдсөн байх байх.

YOLOАжиглаад байхад үнэхээр л их тайван, амар амгалан хүн шиг харагдаж байна. Ер нь хэр их уурладаг вэ?

- Ёстой их баярлалаа. Уурлалгүй яах вэ дээ. Хүн өөрт байхгүй зүйлээ л ярьдаг шүү дээ. Тийм болохоор тэмүүлж байгаа зүйл болох амар амгалан байдлыг л их ярьж хуваалцаж байна. 


YOLOЦаашдаа юун дээр төвлөрч ажиллах бодолтой байна вэ?

"Хайрын аялгуу" кинонд тоглоход жүжиглэх их гоё санагдсан. Зураг авалтын явц хэцүү, царай зүс их алдсан ч өөрийнхөө өмнөөс биш, тухайн дүрийн өмнөөс тэр бүх адал явдлыг туулна гэдэг их сонирхолтой санагдлаа. Жүжигчний мэргэжилд их татагдсан болохоор энэ тал дээр төвлөрч ажиллавал зүгээр санагдаж байна.

YOLOНом хэр их уншдаг вэ? Сүүлд ямар ном уншсан бэ?

Би ер нь ойрд ном уншаагүй. Хамгийн сайн санаж байгаа, сэтгэлд үлдсэн ном гэвэл 2012 онд уншсан философийн ном л байна даа. Би философийн, шинжлэх ухааны номонд их дуртай. Түүнээс биш уран зохиолын номнууд зүгээр л гоё мэдрэмж өгөөд өнгөрөхүйц, уншиж байгаа хүндээ ямар ч үлдэцгүй юм шиг санагддаг байсан. Гэхдээ одоо энэ бодол маань өөрчлөгдсөн ч байж мэдэх юм.


YOLOБирд гарч ирээд нэг хүслийг тань биелүүлье гэвэл юу хүсэх вэ?

- Гоё чадвартай болбол гоё юм байна. Шууд ямар нэгэн юм гарч ирдэг, шилждэг, эсвэл “X-Men” кино дээр гардаг шиг шууд эдгэдэг ч юм уу тийм байвал гоё. Ядаж агаараас нэг метрийн зайтай нисэж чаддаг болчихвол дэлхийн тайз ойрхон байна даа /инээв/.

YOLOЯрилцлагын маань төгсгөлд уншигчдад маань хандаж үг хэлэхгүй юу?

- Хүн болгон амар амгалан, тайван байх болтугай. Манайхан ер нь их стресстэй байна. Цонхоор харахад аз жаргалгүй, нэг л их сигнал нүдсэн, яарсан, сандарсан, уурласан хүмүүс л хотоор дүүрэн харагдана. Яг одоо байгаа цаг хугацаа, дэргэдээ сууж буй хүнээ, орчин тойрноо хүндэлж амьдраарай.

YOLOЯрилцсанд баярлалаа. Ажил амьдралд нь өндрөөс өндөр амжилтыг хүсье.


#Pole dancer #Урлаг