Кпопын эргэн тойронд: "Big Bang бол Кпопын түүхэн дэх ХАМГИЙН АГУУ хамтлаг"


Сэтгүүлч Г. Оюун | YOLO.MN
2020-02-03

“BIGBANG БОЛ КПОПЫН ТҮҮХЭН ДЭХ ХАМГИЙН АГУУ ХАМТЛАГ”

БНСУ-ын алдарт рэппэр Jay Park өөрийн Твиттер хуудсандаа Big Bang хамтлагийн тухай жиргэсэн нь олны анхаарлыг ихээхэн татжээ. 

Тэрээр:

- “Миний бодлоор Big Bang бол Кпопын түүхэн дэх хамгийн агуу хамтлаг. Авьяас, зан байдал, тайзны үзүүлбэр, саад тотгор зэрэг агуу хамтлагуудад байдаг бүхий л шинж чанарууд тэдэнд бий” хэмээжээ.

Одоогоор Big Bang хамтлагийн залуус дөрөвдүгээр сард болох “Coachella” хөгжмийн наадамд оролцохоор бэлтгэлээ базааж байна. 

КПОП ОДОД УХАНЬ ХОТ РУУ МАСК ИЛГЭЭЖ БАЙНА

Дуучин Kim Jaejoong-ийн Солонгос дахь шүтэн бишрэгчид БНХАУ-ын Ухань хот руу маск илгээхээр болсон ба Jaejoong-ийн зүгээс энэхүү сайн дурын ажилд 10'000'000 вон хандивлажээ. 

Харин дуучин Hong Jin Young Ухань хот руу 5'000 ширхэг маск илгээж буйгаа мэдэгджээ. Ингэхдээ тэрээр:

- “Коронавирусын халдвар авсан хүмүүсийн тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан эдгээр маскийг хандивлахаар шийдлээ. Энэ маскийг зүүгээд, гараа сайтар угаагаад вирусээс урьдчилан сэргийлээрэй” хэмээжээ.

“IDOL PRODUCER 2” НЭВТРҮҮЛГИЙН ЗУРАГ АВАЛТ ХОЙШЛОГДЛОО

2018 онд Хятад улсад зохион байгуулагдсан “Idol Producer” нэвтрүүлгийн хоёрдугаар улирлын зураг авалт энэ онд эхлэхээр төлөвлөгдөөд байсан билээ. Ийнхүү Blackpink хамтлагийн гишүүн Lisa “Idol Producer 2” нэвтрүүлгийн бүжгийн багшаар ажиллахаар болсон. 

Гэсэн ч БНХАУ-д гарсан коронавирусийн тархалттай холбогдуулан тус нэвтрүүлгийн зураг авалтыг түр хойшлуулжээ. 

СОЛОНГОС ОДОД АРГА ХЭМЖЭЭГЭЭ ЦУЦАЛЖ БАЙНА

2019 оны арванхоёрдугаар сарын сарын сүүлчээр БНХАУ-ын Ухань хотод коронавирусийн анхны тохиолдол бүртгэгдсэн. Төд удалгүй уг вирус нь хүнээс хүнд дамждаг нь тогтоогдож ДЭМБ-аас олон улсын хэмжээнд “онц байдал” зарласан юм. 

Хоёрдугаар сарын 2-нд халдвар авсан хүний тоо дэлхий даяар 14'562, нас барсан хүний тоо 305-д хүрсэн. Ийнхүү БНСУ-ын дуучид гадаад улс оронд төдийгүй эх орондоо хийх тоглолт, уулзалтуудаа цуцалж эхэлсэн байна. Тухайлбал Super Junior хамтлаг шүтэн бишрэгчидтэйгээ хамт шинэ цомгийн баяраа тэмдэглэх гэж байсан бол уг үйл ажиллагаагаа цуцалжээ. 

Үүний зэрэгцээ Pentagon хамтлаг хоёрдугаар сарын 12-нд болох “Universe” цомгийн нээлтээ цуцалсан бөгөөд шууд дамжуулалт хийж шүтэн бишрэгчидтэйгээ мэндчилэхээр болсон байна. 

Телевизийн томоохон сувгууд ч өөрсдийн нэвтрүүлгийн хуваарьтаа өөрчлөлт оруулж эхэлсэн ба KBS2 сувгийн “Immortal Song” нэвтрүүлгийн зураг авалтад үзэгчдийг суулгахгүй гэсэн бол MBC “Music core” ч мөн ийм шийдвэр гаргажээ.

Алдарт SechSkies хөвгүүдийн хамтлаг энэ сард БНХАУ-д гарын үсэг зурах үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөсөн ч уг арга хэмжээг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан байна. 

Мөн Momoland, Twice хамтлагууд Япон дахь үйл ажиллагаагаа хойшлуулж буйгаа мэдэгджээ.

IKON ХАМТЛАГИЙН ШИНЭ ЦОМГИЙН ТУХАЙ

Нэгдүгээр сарын 29-нд YG энтэртайнментийн зүгээс дараах мэдэгдлийг хийжээ. Үүнд:

- “Сайн байцгаана уу? YG энтэртайнментийн зүгээс мэндчилж байна. iKON хамтлагийн “I DECIDE” хэмээх цомгийн тухай тайлбар хийхээр шийдлээ. Уг хамтлагийн хоёрдугаар сарын 6-нд нээлтээ хийх шинэ цомогт таван дуу багтсан. Гэсэн хэдий ч хамтлагийн ахлагч, продюсер B.I хамтлагаасаа гарсан тул цомог нь тодорхойгүй хугацаагаар хойшлогдлоо. Ийнхүү бид уг цомгийг хэрхэн олон нийтэд хүргэх талаар хуралдсан билээ. Үүнд хоёр асуудал бий.

Нэгдүгээрт, B.I-ийн оролцсон бүх хэсгүүдийг хасах. Гэвч үүнд цаг их орох тул iKON хамтлагийн шинэ цомгийг хойшлуулах магадлалтай байв. 

Харин хоёр дахь хувилбар нь B.I-ийн дуулсан хэсгийг хасаж бусад гишүүд дахин дуулах сонголт байв. Гэвч энэ нь гишүүдийн өөрсдийнх нь авсан хэсгийг эмх замбараагүй болгож, дуулах дарааллыг нь алдагдуулах эрсдэлтэй.

Энэхүү цомогт багтсан дуунуудыг B.I ганцаараа бичээгүй бөгөөд энтэртайнментийн продюсерууд болон iKON хамтлагийн гишүүд хамтран бичсэн юм. Тийм учраас ямартай ч бид тэдгээр дуунуудыг "зохицуулан" олон нийтэд хүргэхээр шийдсэн” гэсэн байна.

Эх сурвалж: All Kpop, Forbes

#Кпопын эргэн тойронд #Big Bang #Wuhan #Coronavirus