Риогийн олимпийн ХАМГИЙН БАЛЧИР


Сондор | YOLO.MN
2016-08-09

Рио-де-Жанейрод хурд, хүч, авхаалж самбаагаа сорихоор ирсэн 10500 тамирчнаас хамгийн балчир буюу 13 настай 255 хоногтой (Спортын салбарт тамирчны насыг жил хоногоор нь нарийн тооцдог) Балбын усанд сэлэгч Гаурика Сингх үзэгчдийн анхаарлын төвд байлаа.

Өчигдөр тэрээр 100 метрийн араар даллах сэлэлтэд өрсөлдсөн бөгөөд тэмцээний өмнө усны хувцас нь урагдаж багагүй сандарчээ. Үндсэн дасгалжуулагч нь Бразилд ирж чадаагүй учир Сингх уг асуудлыг менежертэйгээ утсаар ярилцан тэр даруй шийдвэрлэсэн аж. Шинэ өмсгөлтэй гарч ирсэн Сингх хоёр тамирчныг ардаа орхисон ч гэсэн дараагийн шатанд үлдэхэд цаг нь хангалтгүй байлаа. Гэсэн хэдий ч залуу тамирчин амжилтандаа сэтгэл хангалуун үлдсэн.

"Өөрийнхөө нэрийг том дэлгэцээр цагтайгаа харах их гоё юм байна. Дахиад олон олимпод оролцмоор байна" гэж хэллээ.

Хоёр настайдаа Англид суурьшсан Сингх хувцас урагдах төдийд сандарч балмагдах нэгэн биш. 2015 оны дөрөвдүгээр сард Катмандуг сүйрүүлсэн аймшигт газар хөдлөлтийн үеэр тэр нутагтаа байсан юм. 9000 хүний амийг авч одсон 7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн үеэр тэрээр таван давхар байшинд байжээ.

"Аймар байсан. Бид 10 минут ширээн дор нуугдаад дараа нь шатаар бууж гадагшаа гарсан. Аз болж шинэ барилга тулдаа бид гэмтэж бэртээгүй. Тийм бэрх зүйлээс амьд үлдсэндээ би бурханд талархдаг. Тийм болохоор эх орон, ард түмнийхээ төлөө бүхий л чадлаа дайчлахыг хичээдэг" гэв.

 

#Sport #Freetime #Rio2016 #World