Танд атаархаж явдаг хүний НАЙМАН шинж


Сэтгүүлч О.Чинбаяр | YOLO.MN
2020-02-04

Алдарт зохиолч Уильям Пенн "Бусдад атаархах нь тэдэнд төвөг учруулахын зэрэгцээ өөрийн тань ч зовоодог" гэж хэлсэн байдаг. Таныг зорилгоо биелүүлж амжилтад хүрэх замд тань нэг л мэдэхэд дэмжигчид, шүтэн бишрэгчид, атаархагчид гээд бүхий л төрлийн хүмүүс цугласан байх болно. 

Тэгвэл энэ удаагийн нийтлэлээрээ бид танд атаархаж явдаг хүнийг хэрхэн таних болон тэд нараас ангижрах нь зөв үү, буруу юу гэдэг талаар зөвлөгөө өгөх болно. 

ТАНЫГ ХЭТРҮҮЛЖ МАГТДАГ

Атаархагчид таныг ямарваа нэгэн шагнал урамшуулал авах үед хамгийн түрүүнд нялуун халуун үгсээр магтаж сайшаадаг нь хачирхалтай. Мөн тэд энэ үед танд огт атаархаагүй мэт дүр эсгэх нь гарцаагүй. 

Клиникийн сэтгэл судлаач Доктор Леон Ф. Селтцер:

- “Өөрийнхөө амжилтыг хүн бүрд зарлахгүйгээр хэт их магтаал сайшаалаас холуур байх нь таныг атаархлаас ангид байхад тусална” хэмээн хэлсэн байдаг.

ТАНЫ АМЖИЛТЫГ ДООШ НЬ ХИЙДЭГ

Таныг хэчнээн их хэмжээний хүчин чармайлт гаргаж, ямар ч үр дүнд хүрсэн үүнийг тань алдаа мэт харагдуулж доош нь хийдэг төрлийн атаархагчид ч бий. 

Сэтгэл судлаач Магистр М.Фарук Радван "Атаархагчид бол танд хамгийн их хэрэгтэй хүмүүс юм" гэж хэлсэн байдаг. Магадгүй тэд байгаагүй бол та улам илүү хурцлагдаж, одоогийн энэ амжилтад хүрч чадахгүй ч байх байсан юм билүү? 

ТЭД ТАНД АМЖИЛТАА ГАЙХУУЛДАГ

Таныг амжилтад хүрсний дараа тэд ч бас өөрсдийн амжилтаа танд гайхуулна. Тэдний хамгийн их анхаардаг зүйл бол таны дээр гарч, танаас илүү амжилттай явах. 

Гэвч тэд хэзээ ч таны дээр гарч чадахгүй. Яагаад гээч? Яагаад гэвэл тэд зөвхөн таны гаргасан амжилт, танд байдаг зүйлсийг л хүсдэг. Өөрөөр хэлбэл танаас илүү сэтгэдэггүй гэсэн үг. 

ТЭД ТАНЫГ ДУУРАЙДАГ

Дээр дурдсанчлан атаархагчид тантай адилхан, эсвэл танаас илүү байхыг хүсдэг. Яг тан шиг болохын тулд таны үйл хөдлөл, үг хэллэг тэр ч бүү хэл өмссөн хувцсыг чинь ч дуурайж магадгүй юм.

ТЭД ТАНТАЙ ӨРСӨЛДДӨГ

Атаархагчдыг өрсөлдөөнгүйгээр төсөөлөх боломжгүй. Сэтгэл судлаач Мелиниа Гринбергийн хэлсэнчлэн атаархагчид нь атаархдаг хүнийхээ ямагт өрсөлдөгч нь байж чаддаг. Та тэдний хувьд өрсөлдөгч байж болох ч тэднийг дайснаа гэж бүү бодоорой. Харин ч тэднээс хамааралгүй амьдарч анзааралгүй өнгөрч сураарай.

ТАНЫ АЛДАА ТЭДНИЙ ХУВЬД БОЛОМЖ

Тэд таныг алдаа гаргах үед өөрсдөд нь ямар нэгэн сайхан зүйл тохиолдсон мэт баярлацгаадаг. Алдаа бол амьдралд суралцах нэгэн хичээл бөгөөд дахиж алдаа гаргалгүйгээр алдаанаасаа суралцаж, атаархагчдадаа боломж бүү олгоорой.

ТЭД ТАНЫ АРДУУР МУУЛЦГААДАГ

Араар муулах бол танд атаархаж буй хүмүүсийн хамгийн түгээмэл бөгөөд наад захын үйлдэл. Тэд үүнийгээ сайн ч хийдэг. 

Гэвч араар мууллаа гээд хов болгоны ардаас мөшгөж, залруулах гэж хичээх хэрэггүй. Танаас илүү гарч чадахгүйдээ л ийм үйлдэл хийж байгаа шүү дээ. 

ТЭД ТАНЫГ ҮЗЭН ЯДДАГ

Хэн таныг ямар ч шалтгаангүйгээр эсвэл бусдын үгээр таныг үзэн ядна. Та тэдэнд таалагддаггүйгээ олж мэдсэн бол энэ нөхцөлд хийх хамгийн зөв алхам бол тэднээс зайгаа барих. 

Атаархагчид бол үнэндээ тийм ч муу хүмүүс биш. Зүгээр л хувь хүний хувьд өөрийгөө хангалттай хөгжүүлж чадаагүй хүмүүс юм. Зарим тохиолдолд атаархагчидтай байснаар та илүү хурцлагдаж хүчирхэгждэг тул энэ нь сайн зүйл ч байж болох.

Тиймээс тэдэнтэй хэт ойртож нөхөрлөхгүй, хэт үзэн ядахгүй, ярьсан худал зүйлсийг нь тоохгүй өнгөрүүлж байх нь чухал билээ. Мөн өөрт байгаа зүйлсээ хайрлаж, өөрийнхөө төлөө хичээж хөдөлмөрлөж сураарай. 

#Атаархал #Хувь хүний хөгжил #Зөвлөгөө