Kobe Bryant охин Gianna-гийнхаа хамт тэнгэрт халилаа


Б.Булган-Эрдэнэ | YOLO.MN
2020-01-27

Зөвхөн NBA-ийн ч гэлтгүй спортын түүхэн дэх хамгийн гайхалтай тамирчдын нэг Kobe Bryant нисдэг тэрэгний ослын улмаас нас баржээ. Түүний сууж явсан нисдэг тэрэг ням гарагийн өглөө Калифорни мужийн Калабасасын ойролцоо нисэж байхдаа осолдож Kobe Bryant, түүний охин Gianna хийгээд түүнтэй хамт явсан нийт 7 хүн газар дээрээ амь насаа алдсан байна.

Одоогоор цагдаагийн байгууллагаас үлдсэн 7 зорчигчдын хувийн мэдээллийг нууцалж буй бөгөөд энэхүү эмгэнэлтэй мэдээг эхлээд тэдний гэр бүл, найз нөхдөд нь мэдээлэх хэрэгтэй хэмээн үзсэн юм.

Энэхүү гэнэтийн мэдээ нь зөвхөн спорт сонирхогчдод төдийгүй түүний гайхамшгийг бүтээж буйг үзэж өссөн бүхий л хүнд хүндхэн цохилт болоод байна. Тэрээр өөрийн хорин жилийн карьерыг бүхэлд нь "Los Angeles Lakers" багт өнгөрөөж, энэхүү хугацаандаа 5 удаа аваргын цомыг хүртэж, 18 удаа дараалан "All-Star Games"-д оролцож байсан бөгөөд 2016 онд сагсан бөмбөгийн спортоос зодог тайлсан билээ. Тэрээр сайн тоглогч, домогт тамирчин байснаас гадна маш олон хүнд итгэл найдвар бэлэглэж, хүсэл мөрөөдлийг нь хөглөж өгсөн нэгэн. Хорвоо ертөнц хамгийн сайхан бүхнийг өгчихөөд эргүүлж авахдаа огт өршөөл үзүүлдэггүйг бид ахин нэг удаа гашуунаар ухаарлаа. 

Дэлхий дахиныг цочроогоод буй энэхүү мэдээ цацагдсан даруйд шүтэн бишрэгчид нь "Staples Center"-т цугласан ба Twitter хуудсанд дэлхийн өнцөг булан бүрээс хүмүүс өөрсдийн уй гашуудлаа илэрхийлж байна.

Зарим сэтгэгдлээс хуваалцвал:

АНУ-ын ерөнхийлөгч асан Barack Obama - "Kobe домог байсан. Би ч мөн хүүхдүүдтэй учир Gianna-гийн талаар мэдээг сонсоход сэтгэл урагдах шиг л болж байна. Эхнэр Michelle бид хоёр Bryant-ийн гэр бүлийнхний төлөө залбирч байна"

АНУ-ын ерөнхийлөгч Donald Trump - Kobe Bryant бол бүх цаг үеийн хамгийн шилдэг сагсан бөмбөгийн тоглогчоос гадна амьдрал нь эд үедээ явж байсан залуу шүү дээ. Гэр бүлдээ маш их хайртай, халамжтайгаас гадна ирээдүйн төлөө үнэхээр шаргуу хөдөлмөрлөдөг нэгэн байсан. Энэхүү үйл явдлыг улам гунигтай болгож буй зүйл бол түүний охин Gianna ч мөн нас барсан явдал билээ. Миний гэргий Melania бид хоёр түүний эхнэр Vanessa Bryant болон гэр бүлийнхэнд нь гүн эмгэнэл илэрхийлж байна. 

Сагсан бөмбөгийн тоглогч Dwyane Wade - "Тэр бол сайн тамирчин гэдгээр ч зогсохгүй гэр бүлтэй хүн шүү дээ. Түүний бяцхан үрсийг яг л өөрийн хүүхдүүд шигээ л тэврэхсэн. Тэр ч миний оронд байсан бол яг ингэх л байсан. Gigi /Gianna/ нь миний хамгийн бага охин Me'Arah-тай нэг өдөр төрсөн шүү дээ"

Реппер Kanye West - "Бид чамд хайртай шүү, Kobe. Чиний амьдарсан энэхүү амьдрал болон бидэнд өгсөн энэ их урам зоригийг чинь үргэлж үнэлж явдаг шүү"

Энэхүү үйл явдалд эмгэнэж буй хүмүүсийн хэлсэн үгсийг дурдвал өнөөдөр дуусахгүй байх. 

Түүнчлэн "Make Kobe Bryant the NBA logo" буюу "Kobe Bryant-ийг NBA-ийн лого болгоцгооё" гэсэн уриалга цахим орчинд эрчимтэй явагдаж байгаа аж. Одоогийн NBA-ийн логонд Jerry West хэмээх сагсан бөмбөгийн тамирчныг дүрсэлсэн байдаг билээ. 

Яг одоогоор АНУ-ын Лос Анжелес хотод 62 дахь удаагийн "Grammy" хөгжмийн шагнал гардуулах ёслол болж байгаа бөгөөд дуучин Alicia Keys болон Boys to Men хамтлагийнхан уг наадмыг эхлүүлэхдээ тамирчны гэгээн дурсгалд "It's so Hard to Say Goodbye" хэмээх дууг дуулсан юм. 

#Kobe Bryant #Rest in Peace