Анхны болзоон дээр АСУУЖ БОЛОХГҮЙ асуултууд


Сэтгүүлч Э.Цовоо | YOLO.MN
2020-01-22

Анхны болзоо, анхны үнсэлт гээд анхны гэх тодотголтой бүхий л зүйлс бидний сэтгэлд тод үлдэж, дурсамжийн минь нэгээхэн хэсэгт хадгалагддаг билээ. Тиймдээ ч ихэнх хүмүүс анхны сэтгэгдлээр бусдыг дүгнэж, мөн бусдад ч анхны сэтгэгдлээ сайнаар үлдээхийн тулд хичээдэг байх. 

Хосын харилцааны хувьд ч мөн адил. Хэдий та хоёр тодорхой хэмжээнд бие биедээ татагдан болзож байлаа ч хэтэрхий хувийн амьдралд нь хошуу дүрсэн, хамтрагчаа тавгүйтүүлэх асуулт асууснаар дөнгөж эхэлж буй энэхүү харилцаандаа сэв суулгадаг. 

Мэдээж бид бүгд алддаг. Гэвч та бүхнийг өөрт таалагддаг охин/залуутайгаа арай гэж болзчихоод энэ алдааг бүү гаргаасай гэсэндээ энэхүү зөвлөгөөг бэлтгэлээ. 

Хэрэв та хоёрын харилцаа эхэн үедээ байгаа бол дараах асуултуудыг асуухаас зайлсхийгээрэй. 

1. ЭЦЭГ ЭХТЭЙГЭЭ ЯМАРХУУ ХАРИЛЦААТАЙ БАЙДАГ ВЭ? 

Анхны болзооны үеэр хэтэрхий хувийн амьдрал руу нь хошуу дүрсэн, өнгийсөн төрлийн асуултуудыг асуухаас зайлсхий. 

Энэ төрлийн асуулт нөгөө хүндээ маш эвгүй, тухгүй мэдрэмж төрүүлдэг. Ялангуяа эцэг эх нь салсан, эсвэл хэн нэг нь нас барсан бол та амжилттайгаар эхэлж байсан харилцаандаа шуудхан л сэв суулгачихлаа гэсэн үг.

Ерөнхийдөө харилцааны яг энэ үед тухайн хүний эцэг эхтэйгээ ямар харилцаатай байдаг нь танд хамаатай гэж үү?  Энэ талаар бодоод үзээрэй. 

2. ЯАГААД ХУУЧИН НАЙЗ ОХИН/ЗАЛУУГААСАА САЛСАН БЭ? 

Туршлагатай хүмүүсийн үзэж буйгаар таалагдсан хүнээсээ өнгөрсөн харилцааных нь талаар асууж эргэн сануулах нь харилцаагаа сүйтгэх гол хүчин зүйлсийн нэг аж. 

Өнгөрсөнд юу болсон, ямархуу байсан, яагаад салсан зэрэг нь танд мөн л хамаагүй бөгөөд асуусан ч үнэнээр нь хариулах нь юу л бол. Сэтгэл зүйчдийн үзэж буйгаар хүн өмнө нь хэнтэй үерхэж, тухайн харилцаа нь хэрхэн өнгөрсөн зэрэг нь одоогийн харилцаанд нөлөөлдөггүй. Мөн хүн ямар хүнтэй хамт байгаагаас л тухайн харилцаа хэрхэн үргэлжлэх нь хамаардаг байна. 

3. ДОРОМЖИЛСОН ӨНГӨ АЯСТАЙ АСУУЛТ

"Энэ бол мэдээж шүү дээ. Хэн таалагддаг хүнээсээ доромжилсон маягийн асуулт асуух юм бэ?" гэж бодож магадгүй. 

Гэвч наргиа хийх гэж байгаад, эсвэл танд доромжилсон мэт санагдахгүй байгаа асуулт нь нөгөө хүнд эвгүй сэтгэгдэл төрүүлэх магадлалтай тул сайн бод, бод. 

4. НҮҮРЭЭ ЯАГААД ИНГЭЖ ИХ БУДСАН ЮМ?

Зөвхөн харилцааны эхэн үед ч гэлтгүй ер нь л эмэгтэй хүнээс ийм асуулт асуух хэрэггүй. "Яагаад нүүрээ ийм тод будчихсан юм?", "Будаг чинь арай зузаан юм биш үү?", "Будмал харагдаж байна" зэрэг асуултууд таны амнаас гарах ёсгүй. 

Болзохоор тохирсон хүн чинь зурагнаасаа тэс өөр, эсвэл энгийн үед байдгаасаа хэтэрхий тод будчихсан байлаа ч та түүнийг хүндэтгэх хэрэгтэй шүү дээ. 

Хэдий эвгүй санагдсан ч танд сайхан харагдах гээд гоёод ирсэн сэтгэлийг нь бодоод магтдаггүй юм аа гэхэд иймэрхүү асуулт асуухгүй байх нь зөв юм. 

5. ХАРИЛЦААГАА ГҮНЗГИЙРҮҮЛЭХИЙГ ХҮСЧ БАЙНА УУ?

Харилцааны эхэн үед үерхэл, цаашлаад гэрлэлтийн талаар нэг их дурдаад хэрэггүй. Хэдийгээр та урт хугацааны, "жинхэнэ" харилцааг хүсч байсан ч анхны болзоон дээр ихэнх хүмүүс энэ төрлийн асуулт сонсохыг хүсдэггүй аж. 

Эх сурвалж: Business Insider

#Болзоо #Зөвлөгөө #Харилцаа