BTS хамтлагийн шилдэг ахлагч RM


Э.Цовоо | YOLO.MN
2020-01-15

Зөвхөн Азид гэлтгүй дэлхийд нэрээ цуурайтуулаад байгаа хамтлаг бол BTS. Уг хамтлаг нь томоохон энтертайнментаас төрөн гараагүй ч өөрсдийн хүч хөдөлмөр, авьяас чадварынхаа хүчээр өдий зэрэгтээ хүрсэн гэдгээрээ алдартай. Ийнхүү Yolo.mn сайтын хамт олон уншигчдадаа зориулан BTS хамтлагийн ахлагч RM буюу Kim Namjoon-ийн талаар танилцуулах гэж байна. 

БАГА НАС

Тэрээр 1994 оны есдүгээр сарын 12-нд Өмнөд Солонгос улсын Дунгжа-Гу хотод төрсөн бөгөөд нэг охин дүүтэй. Хүүхэд байхдаа ээжтэйгээ хамт “Friends” цуврал үзэж англи хэл сурч байсан гэдэг. Тэрээр англи хэлийг шамдан суралцахын зэрэгцээ шүлэг бичих авьяастай байсан тул дунд сургуульд байхдаа олон олон шагналыг хүртэж байсан байна. 

Namjoon 11 настайдаа Epik High хамтлагийн "FLY" хэмээх дууг сонссон нь, мөн багшаараа дамжуулж реппер Eminem-ийн дууг сонссон нь түүнийг хип хоп урсгалыг сонирхож реппер болоход нөлөөлсөн. Улмаар маш их эрч хүчийг энэхүү урсгалаас мэдэрсэн тул өөрөө дууны үг зохиож эхэлсэн байна. 

Түүний оюуны чадамжийн коэффицент буюу IQ нь 148 тул их сургуулийн шалгалтдаа тэнцэж шилдэг сурагчдын нэг болж байсан. /Дундаж буюу энгийн хүний IQ 90-110-ын хооронд байдаг байна./

Гэр бүлийнхэн нь түүнийг реппер болно гэхэд маш ихээр эсэргүүцэж байсан ба Namjoon ээжээсээ "Та нэгдүгээр зэрэглэлийн рэппер хүүтэй байх уу? Аль эсвэл 5000-д жагсдаг оюутан хүүтэй байх уу?" хэмээн асууж байсан аж. Гэр бүлийнхэнд нь ийм өндөр IQ-тай хүүгээ урлагийн замаар алхуулна гэдэг хэтэрхий хайран санагдсан байх. 

K-POP-Д ХӨЛ ТАВЬСАН НЬ

Тэрээр анх 2009 онд Big Deal Records” дуу бичлэгийн студийн шалгаруулалтад оролцож эхний шатандаа тэнцсэн ч хоёрдугаар шатандаа дуулах гэж байсан дууныхаа үгийг мартаж харамсалтайгаар хасагдсан. Гэсэн хэдий ч түүнд нэгэн гайхалтай боломж олдсон нь одоогийн энтертайнментийн захирал болох Bang Sihyuk-тай уулзсан явдал юм.

2010 онд реппер Sleepy түүнтэй холбогдож "Big Hit" энтертайнментийн шалгаруулалтад оролцоод үз хэмээн ятгасан тул 16 настайдаа уг энтертайнментад элссэн аж. 

Ийнхүү гурван жилийн турш бэлтгэгдсэний эцэст хамтлагийн гишүүд болох Suga, J-Hope, V, Jungkook, Jin, Jimin нартай BTS хэмээх нэрийн дор “No More Dream” дуугаараа 2013 оны зургадугаар сарын 13-нд K-поп ертөнцөд хөл тавьсан билээ.

АНХНЫ СОЛО ХАМТРАЛ

Тэд шинэхэн уран бүтээлүүдээ цацахын хэрээр нэр хүнд нь ч өсөж байлаа. 

2015 оны тавдугаар сарын 5-нд BTS хамтлаг “I NEED U” хэмээх дуугаараа “The Show” хөгжмийн нэвтрүүлгээс анхны шагналаа хүртэж байсан. Дараа нь 2016 онд “Wings” цомгоороо “Оны шилдэг цомог” хэмээх хүндэт шагналыг хүртсэнээр нэр хүнд нь нисэх мэт хурдан өсөж байлаа.

Хамтлаг нь амжилттай явахын хэрээр Namjoon өөрийн соло карьераа ч тасралтгүй хөгжүүлж байлаа. Тэрээр 2015 онд “Problematic man” хэмээх хөгжөөнт нэвтрүүлэгт оролцсон бөгөөд уг нэвтрүүлэгт оролцсон нь өөрийгөө хувь хүн талаас нь олон нийтэд харуулсан гэж хэлж болно. Гэвч удалгүй аялан тоглолт хийх шалтгаанаар энэхүү нэвтрүүлгээ орхиж байсан. 

Түүний шүтэн бишрэгчдэдээ барьсан бас нэгэн бэлэг бол 2015 оны гуравдугаар сарын 17-нд өөрийн анхны соло микстэйпээ гаргасан явдал юм. Нийт 11 дуунаас бүрдэх уг микстэйпийн "Voice" хэмээх дуугаараа тэрээр багагүй амжилт олсон. 

АНУ-ын хөгжмийн "Spin" сэтгүүлээс жил бүр гаргадаг "Шилдэг 50 хип хоп цомог" жагсаалтад уг микстэйп багтаж байсан түүхтэй. 

2 ДАХЬ МИКСТЭЙП

Тэрээр АНУ-ын реппер Wale-тэй хамтран "Change" хэмээх дуу гаргасан нь тухайн үедээ багагүй шуугиан тарьсан. Ийнхүү тэрээр 2017 оны аравдугаар сарын 27-нд Billboard-ийн "Rock Digital Songs" жагсаалтад багтсан анхны Солонгос уран бүтээлч болж байжээ. 

Улмаар 2018 оны аравдугаар сарын 23-нд тэрээр өөрийн хоёр дахь микстэйп буюу "Mono"-г гаргасан. Уг микстэйпийн "Forever Rain" хэмээх дуунд клип хийн цацаж байсан билээ. 

Хамтлагийнхаа уран бүтээл, үйл ажиллагааны хажуугаар энэ их ажлыг хийж бүтээж байгаад нь шүтэн бишрэгчид нь маш ихээр баярлаж бахархдаг билээ.

Сонирхуулахад 2019 оны зургадугаар сарын 24-нд тэрээр Lil Nas X-ын “Old Town Road” дууны албан ёсны remix-д хамтарсан билээ. 

ОЛОН НИЙТИЙН ХАЙР ХҮНДЭТГЭЛ

Тэрээр 2018 онд "Hallyu Korea" вебсайтаас жил бүр явуулдаг "Олон нийтэд хамгийн их таалагдсан шүтээн" хэмээх санал асуулгын 12-р байранд орж байсан. 

Мөн BTS хамтлагийн Өмнөд Солонгос улсын урлаг соёлд оруулсан хувь нэмрийг нь үнэлж "Hwagan" буюу ерөнхийлөгчийн тавдугаар  одонгоор шагнасан билээ. 

ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Тайзны нэр: RM
Жинхэнэ нэр: Kim Namjoon
Төрсөн өдөр: 1994 оны есдүгээр сарын 12
Орд: Охин
Өндөр: 181см
Жин: 67кг
Цусны бүлэг: А

СОНИРХОЛТОЙ БАРИМТУУД

- Тэрээр Англи хэлээр чөлөөтэй ярьдаг. Бага байхдаа маш олон удаа “Friends” цувралыг үзэж байсан бөгөөд эхлээд Солонгос хадмалтайгаар, дараа нь Англи хадмалтайгаар, түүний дараагаар ямар ч хадмалгүй үзэж эхэлсэн аж. Энэ нь түүний Англи хэл сурсан нууц нь гэнэ шүү.

- Тэрээр хүний эрхийг маш ихээр дээдэлдэг ба бэлгийн цөөнх хүмүүсийг дэмждэг гэдгээ илэрхийлсэн.

- Түүний дуртай өнгө нь хар, ягаан мөн нил ягаан. Ялангуяа нил ягаан өнгөнд багаасаа дуртай байсан бөгөөд энэ өнгө нь түүнд бага насыг нь санагдуулдаг аж.

- Түүний шүтээн нь Kanye West болон A$AP Rocky нар.

- Тэрээр анхны дуу болох “No More Dreams”-ийнхээ үгийг ахлах сургуульд байхдаа бичиж байсан. Учир нь тухайн үед түүнд ямар ч мөрөөдөл байгаагүй аж.

- Тэрээр GOT7 хамтлагийн Jackson-той маш сайн найзууд.

- Түүний мөрөөдлийн болзоо бол энгийн ахлах сургуулийн болзоо. Хамтдаа кино үзэж, хоол идээд, гадуур зугаалах гэх мэт энгийн зүйлс хийх нь сайхан хэмээжээ.

- Тэрээр дотуур байрандаа хамтлагийн гишүүн V-тэй нэг өрөөнд хамт байдаг байсан. Саяхан шинэ гэртэй болоод өрөөндөө ганцаараа байдаг болсон.

/Зурган дээр дарахад тухайн гишүүний мэдээлэл рүү үсрэх болно.

          

          

Эх сурвалж: Wikipedia, K Profile

#BTS #RM #Kim Namjoon #Kpop