BIG BANG: ТЭД 10 НАС ХҮРЛЭЭ!


Сэтгүүлч Г. Оюун | YOLO.MN
2016-08-09

Big Bang буюу орчуулвал Том Тэсрэлт хэмээх хамтлаг Азид төдийгүй дэлхийн хэмжээний алдарт хүрчээ. Энэхүү хамтлагийг мэдэхгүй, дууг нь сонсоогүй хүн ховор биз ээ. Тэгвэл хөвгүүдийн энэхүү гайхалтай хамтлагийн намтар, уран бүтээл, сонирхолтой баримтуудын талаарх мэдээллийг YOLO хүргэж байна.

“MTV TRL Awards Italy”-аас “2016 оны Дэлхийн шилдэг уран бүтээлч” , Солонгос уран бүтээлчдээс ‘MTV Europe Music Awards’-аас шагнал хүртсэн анхны хамтлаг, ‘Times’ сэтгүүлийн “2016 оны нөлөө бүхий хүмүүс” жагсаалтын хоёрдугаарт, “Maroon 5” хамтлагаас их орлого олсон хэмээн шуугиулж  буй хамтлаг бол бидний сайн мэдэх Big Bang билээ. Тэд урлагт хөл тавиад аль хэдийн 10 жил болсон ба энэ хугацаанд Өмнөд Солонгосын соёл урлагт асар их хувь нэмэр оруулсан төдийгүй  ‘Washington Post”-оос дэлхийн хэмжээний хамтлаг хэмээх тодотголыг авчээ.

"BIG BANG" ХАМТЛАГ БАЙГУУЛАГДСАН НЬ...

2006 оны долдугаар сараас эхлэн бүтэн нэг сарын хугацаанд Mnet-ээр цацагдсан “Big Bang Documentary”  нэвтрүүлэг тухайн үедээ үзэгчдийг байлдан дагуулж байсан юм. Уг нэвтрүүлэг  нь жинхэнэ авьяастнуудыг бэлтгэж буй тухай өгүүлэх бөгөөд хамтлагт нийт 6 залуус (GDragon, T.O.P, Taeyang, Daesung, Co-1, Seungri) байсан ба Со-1 (Jang Hyunseung) хасагдаж үлдсэн гишүүд уран бүтээлдээ шамдан орсон аж.

Жиди (GD) болон Тэяан (Taeyang) нар 11 настайдаа YGE-д дадлагажигчаар орж байсан бөгөөд  T.O.P “Tempo” нэрээр үглэж аль хэдийн олонд танигдаж, Сынри (Seungri)  Shinhwa хамтлагийн дараагийн үеийг шалгаруулах “Let’s Cokeplay:Mnet battle Shinhwa” шоунд амжилттай оролцож, харин Тэсон (Daesung) болон Хёнсын (Hyunseung) нар л хараахан олонд танигдаж амжаагүй байжээ.

Хамтлагийн ахлагч Жиди анх 8 настайдаа Little Roora хамтлагт байсан бөгөөд шинэ жилийн цомог гаргаад хамтлаг нь тарах үед түүний ээж Жидиг дахин дуулахгүй байх хэмээн бодож байсан ч  тэрээр бууж өгөлгүй YG-д оржээ.

Тэяан Жиди-гээс арай түрүүлж энтэртайментэд орсон хэдий ч тэд нас чацуугаас гадна биеэр хамгийн жижиг нь байсан тул сайн найзууд болцгоож улмаар GDYB хамтлаг байгуулахаар төлөвлөж байсан ч Big Bang хэмээх хамтлагийг бүрдүүлэх гишүүдийн тоонд орсноор GDYB төлөвлөгөөгөө цуцалсан байна.

Жиди болон Топ нар багадаа найзууд байсан бөгөөд Жиди YG-д дадлагажигчаар орсноор харилцааа нь тасарсан бол удалгүй Топ YG-д ирснээр тэдний харилцаа сэргэжээ. Үүнээс өмнө хамтлагийн гишүүн Топ BigBang-д тэнцээгүй бөгөөд  хэтэрхий тарган гэсэн тодотголоор хасагдсан байдаг.

Гэвч тэрээр бууж өгөлгүй тасралтгүй хичээллэсний үр дүнд 40 хоногт 20 кг хасаж энтэртайментэд тэнцжээ. Энэ тухай дурсахдаа “Тэр үед надад үнэхээр хэцүү байсан. Хэрвээ би бүхнийг хаясан бол одоогийн энэ амьдралаа мөрөөдөөд ч олж чадахгүй байх байлаа” хэмээсэн юм. 

Хамтлагийн гишүүн Тэсон анх Big Bang-ийн шалгаруулалтанд орохдоо, түүний төрхийг хараад тэнцүүлэхгүй байхдаа гэж бодож байжээ. Гэвч түүний хоолойг сонсоод шууд л тэнцүүлсэн аж.

Харин хамтлагийн залуу гишүүн болох Сынри Big Bang-ийн шалгаруулалтын есдүгээр хэсгээс хасагдсан ч Ян Хён Сог захирал түүнд дахин нэг боломж олгосноор хамтлагийн гишүүн болжээ.

Ингээд 2006 оны наймдугаар сарын 19-ны өдөр Bigbang хамтлаг “YG энтэртайментийн 10 жилийн ойн тоглолт”-ын  тайзан дээр гарснаар тэдний урлагийн хүмүүс болох замнал эхэлсэн байдаг.

2007-2008 он: АЛДАР НЭР АВЧИРСАН "LIES" болон “HARU HARU”

2007 онд “Always” цомгоо гаргаж, үүнд багтсан К поп-ын үе үеийн хамгийн алдартай дуу болох “Lies” цацагдсанаар Big Bang маш хурдан хугацаанд бараг хүн бүрийн дуртай хамтлаг болж чадсан юм.

Тэдний Always цомог нь 87,000 хувь борлуулагдаж Mnet-ээс “Шилдэг эрэгтэй хамтлаг” болон “2007 оны шилдэг дуу”, “Seol Music Awards”-аас “ “Шилдэг уран бүтээлч” шагналыг хүртсэн бөгөөд тэд оны төгсгөлд 12 тэрбум воны ашигтай ажилласан байлаа. Мөн тус онд Big Bang хамтлаг Японд үйл ажиллагаагаа эхлүүлсэн юм.



Ингээд 2008 онд “Haru Haru” дуу цацагдсанаар бүх чартуудын нэгдүгээрт орж араас нь“Heaven”, “Oh My Friend” “A Good man”,  болон “Lady” гэх мэт дуунууд нь мөн л чартуудад орсноор оны төгсгөлд тэд 36 тэрбум воны ашигтай ажилласан байжээ. Мөн Mnet-ээс ‘Artist of the year’  шагналыг хүртжээ.
 

"К-ПОПЫН БУРХАД"

2009 онд “Эмэгтэй Big Bang” гэгддэг "2ne1"  хамтлагтай хамтран LG Cyon-ий сурталчилгааны дуу болох ‘Lollipop’-ийг дуулж, мөн Hite-ийн нүүр царай болжээ.

Харин Сынри насанд хүрээгүй гэдэг тодотголоор сурталчилгаанд оролцоогүй аж. Хамтлаг тус онд Япон дахь үйл ажиллагаандаа түлхүү анхаарсан бөгөөд Японд гаргасан ‘My Heaven’ цомгийн ‘Gara Gara Go’ дуу чартуудад тэргүүлж цомог нь Японы чартуудад шилдэг цомгийн тоонд зүй ёсоор багтах болсон аж.

Солонгостоо эргэж ирээд гишүүд ганцаарчилсан үйл ажиллагаандаа орсон бөгөөд хамтлагийн ахлагч Gdragon ‘Heartbreaker’ цомгоо гаргаж, Тэяан (Taeyang) ‘Where U at’ болон ‘Wedding Dress’ гэх дуунуудаа цацжээ. Харин T.O.P ‘Iris’ олон ангит кинонд дүр бүтээж, Тэсон болон Сынри нар хөтлөгч, жүжигчний үйл ажиллагаандаа шамдан оржээ.



2011 онд хамтлагийн гаргасан “Tonight” дуу нь гарсан даруйдаа 10,000 хувь борлогдож, домогт TVXQ хамтлагийн 6500 хувь борлогдсон рекордыг эвдэж чадсан ба үүгээр ч зогсохгүй 7 хоногийн дотор 100,000 хувь борлогдсоноор үүнээс 7 тэрбум воны ашиг олсон байдаг.  Тэднийг BBC-ээс “Өмнөд Солонгосын хамгийн ирээдүйтэй хамтлаг” хэмээн тодорхойлсон бол Korea Times “К поп урсгалын бурхад” хэмээн бичсэн ажээ.

Солонгосын аялал жуулчлалын байгууллагаас “Visit Korea from 2010—2012” компанит ажлын хүрээнд Big Bang-ийн ‘Big Show’ тоглолтыг сонгон авсан бөгөөд тэднийг “Өмнөд Солонгосын эдийн засагт хамгийн их нөлөөлж буй хамтлаг” хэмээжээ.

Тэд тус онд болсон MTV EMA-аас “Best Worldwide Act” шагналыг хүртсэн бөгөөд нийт 58 сая санал авсан ба хагас жилийн дотор 88 тэрбум воны ашигтай ажилласнаар Солонгосын шилдэг эрэгтэй хамтлаг гэдэг тодотголын эзэн болсон юм.
 

"БИ ХАМГИЙН ШИЛДЭГ НЬ гэж боддог байсан..."

Гэвч тэдний урлагийн зам тийм ч дардан байгаагүй юм. Тус онд хамтлагийн ахлагч Жиди хар тамхины хэрэгт холбогдож, хамтлагийн гишүүн Тэсон осол гаргаснаар хамтлаг түр завсарлага авсан аж. Энэ үйл явдлын дараа хамтлагтай гэрээ хийсэн байгууллагууд гэрээгээ цуцалж эхэлсэн бөгөөд зарим телевизийн сувгууд “Жиди (буюу Big Bang хамтлагийн)-ийн тоглосон зар сурталчилгааг гаргахыг хориглож байсан юм.

Том асуудалд орооцолдоогүй гишүүд нь зөвхөн Топ, Тэяан нар байсан бөгөөд урлаг шүүмжлэгчид “Хамтлагийн карьер энд хүрээд дуусна” хэмээн бичиж байжээ. Гэхдээ Жиди болон Тэсон нарын хэрэг нааштайгаар төгссөн юм.

Үүний дараа хамтлагийн ахлагч Жиди ‘Thank You’ нэвтрүүлэгт оролцохдоо “Хоёр жилийн өмнө болсон хэргээс болоод би нэвтрүүлгүүдэд оролцож чадахгүй байсан бас фэнүүд маань намайг гэхээ больсон. Үнэндээ би тэр явдлын дараа үнэхээр их уйлсан гэхдээ маш олон зүйлийн талаар бодож өөрийгөө зөв алхам руу чиглүүлж чадсан... Тухайн үед би өөрийгөө том амжилтанд хүрсэн мэтээр мэдэрч зүгээр л “Би хамгийн шилдэг нь” гэж боддог байсан. Харин одоо бол би бусдад талархаж сурсан, гэр бүлээ хүндэлж сурсан бас өөрийн байр сууриа олоод гэр бүлтэйгээ амьдарч байна” гэжээ.

2012-2014: “Alive”, Тэдний дэлхийг тойрсон АНХНЫ АЯЛАН ТОГЛОЛТ

2012 онд тэд “Alive” цомгоо гаргаж 14 хоногийн дотор 260,000 хувь борлогдсон бөгөөд цомгийн гол дуу болох “Blue” нь бүх чартуудад нэгт орж, Billboard 200-д цомог нь багтсан анхны Өмнөд Солонгос уран бүтээлч болсон байна.

Удалгүй дэлхийг тойрсон аялан тоглолтоо зохион байгуулсан бөгөөд 13 орны 21 хотоор тоглолтоо хийсэн байдаг.  ‘New York Times’-аас “2012 оны шилдэг тоглолт”-уудын жагсаалтыг гаргасан ба Big Bang хамлагийн New Jersey-д хийсэн тоглолт тэнд бичигдсэн бөгөөд тэрхүү тоглолтын тасалбар нь хэдхэн цагийн дотор зарагдаж, тоглолтын суудал дүүрсэн тухай дурьдсан байдаг. Times сэтгүүлийн Криста Мар К-поп тоглолт анх удаа үзэж түүнийхээ тухай сэтгэгдлээ бичсэн бөгөөд Big Bang-ийг мөн л “К-попын Бурхад” хэмээн тодорхойлжээ.

2012 оны гуравдугаар сарын 6-нд цацагдсан “Fantastic Baby” дуу нь тус хамтлагийн хамгийн алдартай дуугаар нэрлэгддэг бөгөөд одоогоор Youtube-д 240,000,000 гаруй удаа үзжээ.

Тус онд болсон Японы “Springroove festival”-д Big Bang болон 2ne1 хамтлаг уригдсан бөгөөд Өмнөд Солонгосоос уригдсан анхны хамтлагууд болсон юм. Учир нь тус наадамд зөвхөн АНУ болон Японы шилдэг уран бүтээлчид л оролцдог байжээ.

Mnet-ийн 14 дэх шагнал гардуулах ёслолоос тус хамтлаг 3 шагналыг хүртсэн бөгөөд хамтлагийн ахлагч Жиди “Шилдэг эрэгтэй дуучин” болсон байна.

Дараа жил нь Тэсон анхны цомог “D’scover”, Сынри “Let’s Talk About Love” дуугаа, хамтлагийн ахлагч Жиди хоёр дахь цомог болох “Coup D’Etat”-аа гаргаж, хамтлагийн гишүүн T.O.P ‘The Commitment” кинонд тоглож  дараа нь өөрийн “Doom Dada” дуугаа гаргаж харин Тэяан ‘Rise’ нэртэй бие даасан цомгоо гаргасан байна.

Тэдний дуунууд (Gdragon, Taeyang, T.O.P) ‘Dazed&Confused’ сэтгүүлээс нэрлэсэн “2013 оны шилдэг 10 уран бүтээл”-д багтсан бөгөөд  хамтлагийн гишүүн T.O.P ‘The Commitment’ киногоороо “Бусаны Олон Улсын Кино Наадам”-аас хоёр ч шагнал хүртсэн ажээ.
 

2015-2016 он: "MADE" ЦОМОГ БОЛОН 10 ЖИЛИЙН ОЙ

Гурван жилийн дараа буюу 2015 онд хамтлаг бүрэн бүрэлдэхүүнээрээ ‘MADE’  төслийг хэрэгжүүлэхээр эргэн ирсэн юм. Тус цомгийн (M series) эхний дуунууд болох “Loser” “Bae ae” нь гарсан даруйдаа Солонгосын чартуудын эхний хоёр байранд орсон бөгөөд   Billboard-ийн World Digital Songs chart-д  хоёрдугаар байранд орсон бол нэгдүгээрт энтэртайментийн “ах” болох PSY-ийн дуу орсон байжээ.

Тус оны 6 дугаар сард  (A)“Bang Bang Bang” “We Like 2 Party”   дуунууд нь цацагдаж QQ Music-т эхний хоёр байранд орсон бол өмнөх сард гаргасан “Loser” “Bae Bae” нь гурав болон зургаадугаар байранд байжээ.

Долдугаар сард (D) “If You” болон  “Sober”   наймдугаар сард (E) “Zutter”  болон“Let’s Not Fall in Love” дуунуудаа цацаж, Ази даяар тэдний дуунууд 13,3 сая хувь борлогдсон үзүүлэлттэй гарчээ.

Удалгүй хамтлаг ‘Made World Tour’-ээ эхлүүлсэн бөгөөд  1,5 сая хүн үзэж, жилийн эцэст 140 тэрбум воны ашигтай ажилласан гэсэн үзүүлэлт гарчээ. Мөн ‘Made Tour’ К Попын түүхэнд цахим ертөнцөд хамгийн их хандалт авсан тоглолтоор нэрлэгдсэн бөгөөд SBS телевизээс 'Made Tour'-ийн тухай баримтат кино гаргажээ.

2016 онд  “Big Bang MADE [V.I.P] Tour”-ээ хийсэн бөгөөд Хятад Тайваний фэнүүдтэйгээ уулзжээ. Хонг Конгд хийсэн уг тоглолтонд зориулан алдарт жүжигчин Жаки Чан (Jackie Chan) тэдэнд цэцгийн баглаа явуулсан бөгөөд Sino.Com –оос “Хонг Конгийн  хамгийн алдартай одууд тэдний тоглолтыг үзэхээр ирсэн ба алдартнуудыг цуглуулж чадсан гайхалтай тоглолт” хэмээн тодотгосон байдаг.

Энэ онд хамтлаг байгуулагдсаны 10 жилийн ой тохиож байгаа бөгөөд хамтлагийнхан Юнисеф-тэй хамтран ажиллана гэдгээ саяхан мэдэгдсэн ажээ. Мөн хамтлагийн гишүүн T.O.P  Sotheby’s-тэй хамтарч ирэх аравдугаар сард ХонгКонгд өөрийн бүх цуглуулгаа дуудлага худалдаанд оруулахаар болсон байна. Үүнээс ТОП ямар ч ашиг хүртэхгүй бөгөөд дуудлага худалдаанаас олсон орлогоо буяны үйлсэд хандивлахаар болжээ.

Хятадад хийх 10 жилийн ойн тоглолтынх нь тасалбар цахим хэлбэрээр зарагдсан бөгөөд 9 минутын дотор зарагдаж маш олон хүнийг гайхшруулаад байгаа аж. Албан ёсны эх сурвалжын мэдээлснээр “Дээд тад нь 1,58 сая хүн хандах боломжтой гэвч 1,98 сая орчим хүн сайтруу тасалбарыг худалдан авахаар хандсан байсан. Солонгос хамтлагийн тоглолтын тасалбарыг худалдаж авахаар хандсан Хятад хүмүүсийн тоо ийм их байсан нь үнэхээр гайхмаар хэрэг байлаа” гэжээ.

Hallyu Wave-ээс Big Bang TVXQ болон Girls Generation хамтлагийг Өмнөд Солонгосын хамгийн нөлөө бүхий уран бүтээлчид хэмээн нэрлэсэн байна.
Big Bang ‘Youtube-д  100 сая хандалт авсан анхны К поп эрэгтэй хамтлаг бөгөөд тэдний "Fantastic Baby," "Bang Bang Bang," "Good Boy," болон "Loser" зэрэг дуунууд нь аль хэдийн 100 сая давсан үзэгчтэй болжээ.


ДЭЛХИЙН ХЭМЖЭЭНИЙ ХАМТЛАГ БОЛЖЭЭ

Forbes-оос мэдээлж буйгаар өнгөрсөн жил Big Bang 44 сая долларын ашиг олсноор 33,5 сая долларын ашиг олсон Maroon 5 хамтлагаас илүү ашигтай ажиллаж чаджээ.

Forbes “Өнгөрсөн жил BIGBANG 44 сая долларыг гэртээ авчирч чадсанаараа 33 сая долларыг олсон өнөөгийн хамгийн өртөг өндөртэй Америкийн топ хамтлаг "Maroon 5"ий-н дээр гарлаа” хэмээн дурьдсан бөгөөд Алдартнуудын ашиг орлогыг харгалзан жагсаадаг "FORBES CELEBRITY 100" жагсаалтанд Big Bang 54 дүгээр байрт жагсжээ.

‘The Washington Post’: "Bigbang хамтлаг хамгийн сүүлд Япон орноор тойрч 18 аялан тоглолт хийхдээ 910,000 тасалбар борлуулжээ. Өнгөрсөн жил One Direction хамтлаг 85 аялан тоглолтоороо нийтдээ 2,4 сая тасалбар борлуулсан юм. Big Bang  бол дэлхийн хамгийн алдартай хамтлагуудын нэг яахын аргагүй мөн ... " хэмээн бичжээ. Уг хоёр хамтлагийн нэг аялан тоглолтыг дунджаар хэдэн хүн үзснийг хувааж үзвэл Big Bang -ийн нэг тоглолтыг 50,555 хүн үзсэн. One Direction-ий нэг тоглолтыг 28,235 хүн үзсэн байжээ.

Тэдний фэндом (BigBang-ийн фэнүүдийг  V.I.Ps гэж нэрлэдэг) 2016 оны “Best Fan Base”-ээр шалгарсан бөгөөд Селена Гомез, Деми Ловато болон Бритни Спирсийн фэнүүдийн тоог ардаа орхижээ.

Big Bang хамтлаг Куала Лампурт хоёр өдрийн турш тоглолтоо хийсэн  анхны Өмнөд  Солонгос уран бүтээлч, АНУ-д хамгийн том аялан тоглолт хийсэн К-поп уран бүтээлч,  Тайваний түүхэнд тоглолтын тасалбар нь хамгийн олон ширхэг борлогдсон уран бүтээлч, Малайзын түүхэн дэх хамгийн үнэтэй тоглолт хийсэн уран бүтээлч, Хятадад хамгийн том аялан тоглолт зохион байгуулсан Өмнөд Солонгос уран бүтээлч, Канадад хамгийн том тоглолт зохион байгуулсан анхны К поп уран бүтээлч гэсэн тодотголын эзэд юм.

Тэд өнгөрсөн 10 жилийн хугацаанд хөгжмийн шагнал гардуулах ёслолуудад 178 номинацид нэр дэвшиж 140-д нь ялалт байгуулсан ба хөгжмийн нэвтрүүлгүүдэд 144 удаа ялалт байгуулж, хамтлагийн гишүүдийн дангаараа авсан шагналын тоо нь нийтдээ 188 ажээ.  Ингээд нийтдээ 10 жилийн хугацаанд  472 шагналын эзэн болжээ. ГАЙХАЛТАЙ, тэд үнэхээр нэр шигээ ТОМ ТЭСРЭЛТ байж чаджээ.

Нийт фэнүүдийнх нь өмнөөс 10 жилийн ойн мэнд хүргэе BIG BANG!

 

#BigBang #Celebrity #Rapper #Kpop