"Blackpink" хамтлагийн алдарт хүрсэн НУУЦ


Э.Цовоо | YOLO.MN
2020-01-09

Өмнөд Солонгос улсын хөгжмийн зах зээлд жил болгон маш олон хамтлаг дуучид шинээр нэмэгдэж, халдашгүй нэр хүнд, шүтэн бишрэгчидтэй болохыг мөрөөддөг. Гэвч тэдгээр олон мянган залуусаас олонд танигдаж, алдар нэрийг олж авна гэдэг хялбар биш. Тэр дундаас онцгойрон өөрсдийн албан ёсны уран бүтээлээ гаргахаасаа ч өмнө шүтэн бишрэгчидтэй болж олон нийтийн хүлээлтийг үүсгэнэ гэдэг бүр ч амаргүй.

Харин энэхүү амжилтыг гаргаж чадсан цөөн хэдэн охидын хамтлагийн нэг бол “BLACKPINK”. Тэд анхнаасаа л алдар нэр болон бусдын хайр хүндэтгэлийг хүлээгээд байсан билээ. Тэгвэл тэдний амжилтад хүрсэн нууц нь юу бол? 

КПОПД ХӨЛ ТАВЬСАН НЬ

“Big 3” энтертайнментуудаас төрөн гарсан хамтлагууд үргэлж амжилтад хүрдэг гэдгээрээ алдартай. Тэдний нэг болох "YG" энтертайнмент 2NE1 хамтлагийг гаргаснаас хойш 7 жилийн дараа авьяас болон гоо үзэсгэлэнг цогцлоосон, өөрсдийн гэсэн онцлогтой дөрвөн охиныг нэгэн хамтлаг болгохоо зарласан. Энэ цагаас эхлэн тэдний нэр хүнд огцом өсөж, зарим гишүүд нь Кпоп ертөнцөд албан ёсоор хөл тавиагүй байхдаа л алдартай болсон гэж хэлж болно. Тэд Солонгос улсад аль хэдийнээ нэр хүндтэй болсон хамтлаг дуучидтай хамтарч, зар сурталчилгаанд тоглож, кинонд дүр бүтээж байсан учир зөвхөн Кпоп урсгал сонирхогчид ч бус, Солонгос орон тэр даяараа сонирхож байлаа. 

Ийнхүү 2016 оны наймдугаар сарын 8-нд “Square One” хэмээх цомгоо гаргаж Кпоп-д албан ёсоор хөл тавьсан. Тэдний анхны дуу болох “Boombayah” нь маш олон амжилтыг дагуулж “Billboard World Digital Songs” жагсаалтын нэгдүгээр байранд жагсаж байсан түүхтэй.

"YG" энтертайнментын хамт олон тэднийг бүгд ижил түвшний авьяас чадвар, хичээл зүтгэлтэй тул хэн нэгэн ахлах нь утгагүй зүйл хэмээн үзсэн учир хамгийн анхны ахлагчгүй хамтлаг гэдгээрээ олны анхаарлыг татаж байсан.

АНХНЫ ШАГНАЛ

“Square One” цомгийнхоо дараа 2016 оны арваннэгдүгээр сарын 1-нд “Square Two” хэмээх цомгоороо шүтэн бишрэгчдэдээ бэлэг барьсан. Дуу нь цацагдсан дариудаа Өмнөд Солонгос улсын хөгжмийн чартуудыг тэргүүлж шуугиан тарьж байлаа. Тэд тухайн жилдээ “Шилдэг шинэ охидын хамтлаг” хэмээх хүндэт шагналаар шагнуулсан бөгөөд “Billboard”-аас тэднийг “2016 оны шилдэг Кпоп хамтлаг” хэмээн өргөмжлөөд байсан билээ.

ШҮТЭН БИШРЭГЧИД ӨӨРСДИЙН ГЭСЭН НЭРТЭЙ БОЛСОН НЬ

Удаан хүлээлгэсний эцэст “Blackpink” хамтлагийн шүтэн бишрэгчид өөрсдийн гэсэн нэртэй болсон билээ. Тэд 2017 оны нэгдүгээр сарын 17-нд албан ёсоор “BLINK” хэмээн нэрлэгдсэн ба энэхүү нэр нь “Black” болон “Pink” гэсэн хоёр үгийн нийлбэр юм.

Удалгүй “As If It’s Your Last” хэмээх зуны уур амьсгалтай дуугаа цацсан бөгөөд энэхүү дуу нь “Youtube” хуудас дээрх хамгийн их Like-тай охидын хамтлагийн дуу болсон. 

ДЭЛХИЙ ДАЯАР ТАНИГДАЖ ЭХЭЛСЭН НЬ 

Тэд “Ddu-Du-Ddu-Du” хэмээх дуугаа 2018 оны зургадугаар сарын 15-нд цацсан билээ. Үүнээс хойш маш олон амжилтыг ар араасаа дагуулан АНУ-ын хөгжмийн чартуудад хүртэл дээгүүр байр эзэлж байв. “Billboard World Album”-ийн эхний байранд бичигдэж, тухайн үедээ “Youtube” хуудаснаа 24 цагийн дотор хамгийн их хандалт авсан дууны рекордыг эзэмшиж чадсан билээ.

Түүнчлэн дуучин Dua Lipa-тай хамтран “Kiss and Makeup” хэмээх дуугаараа шүтэн бишрэгчдэдээ гэнэтийн бэлэг барьсан бөгөөд ийнхүү дэлхий даяар тэднийг сонирхож эхэлсэн юм.

Тэд 2018 оны арван нэгдүгээр сард “Blackpink in Your Area” хэмээх өөрсдийн анхны аялан тоглолтоо эхлүүлсэн билээ. “Blackpink”  хамтлаг одоогоор 24 орноор аялан тоглолтоо хийсэн бөгөөд 2020 онд Япон улсын Осака болон Фукуока хотод тоглолтоо хийснээр тэдний аялан тоглолт өндөрлөх юм. Тэдний тоглолтын тасалбар маш хурдан дуусч байсан бөгөөд шүтэн бишрэгчид нь өөрсдийн эх орондоо элгэмсэг дотноор хүлээн авч байгаа гэнэ шүү.

"COACHELLA" ХӨГЖМИЙН ФЕСТИВАЛ

“Blackpink” хамтлаг “Coachella” хөгжмийн фестивал дээр 2019 оны дөрөвдүгээр сарын 5-нд гаргасан “Kill This Love” хэмээх дуугаараа үзүүлбэр үзүүлсэн билээ. Тэд “Coachella”-н тайзан дээр гарсан анхны эмэгтэй Кпоп уран бүтээлчид болсон бөгөөд өөр олон алдартай уран бүтээлчидтэй найзууд болоод амжсан аж. 

WILL SMITH, JADA PINKETT SMITH БОЛОН JADEN SMITH

DJ SNAKE

ARIANA GRANDE

BILLIE EILISH

DIPLO

ХӨГЖМӨӨС ГАДУУРХ ҮЙЛ АЖИЛЛАГАА

Тэдний нэр хүнд өсөхийн хэрээр дэлхийн алдартай брэндүүд тэднийг сонирхож эхэлж байлаа. Одоогоор тэд Puma, Reebok, Louis Vuitton, Adidas, Dior, Sprite гэх дэлхийн алдарт брэндүүдийн албан ёсны нүүр царайгаар ажиллаж байгаа аж.

BLACKPINK HOUSE

Тэдний шүтэн бишрэгчдэдээ зориулсан нэгэн том бэлэг бол мэдээж “Blackpink House” нэвтрүүлэг юм. Энэхүү нэвтрүүлэгт тэдний хувийн амьдралыг түлхүү харуулах бөгөөд анги бүрд хөгжилтэй зүйлс хийж, гадуур зугаалж, шинэ сонирхолтой зүйлсийг туршиж үздэг аж. Нийт 12 ангитай ба "YG" энтертайнментийн захирал тэдэнд зориулж “Pink Princess House” хэмээх байшин бэлдэж буйгаар нэвтрүүлэг эхэлдэг. Мөн тэдний талаар маш олон сонирхолтой мэдээллийг уг нэвтрүүлгээс үзэж болох аж.

СОНИРХОЛТОЙ БАРИМТУУД

- Хамтлагийн хамгийн ахмад гишүүн Jisoo бол хамгийн залуу гишүүн нь Lisa.

- Тэдний Ddu-Du-Ddu-Du дуу “Youtube” хуудаснаа нэг тэрбум давсан хандалттай.

- Солонгосын хамгийн шилдэг эмэгтэй дуучин гэгддэг IU нэгэн ярилцлагынхаа үеэр Rose-тай хамтарч дуу гаргахыг хүсдэг гэдгээ хэлж байсан.

- Jennie дуучин болоогүй байсан бол хуульч эсвэл өмгөөлөгч болох байсан. Ээж нь түүнийг бага байхад нь л хуулийн сургуульд явуулна гээд шийдчихсэн байсан ажээ.

- Тэд энтертайнментийнхаа захирал Yang Hyung Sik-д зориулсан онцгой дуутай гэнэ шүү. Тэд захирлыгаа харах тоолондоо “Захирлаа.. Захирлаа” хэмээн хошигнон дуулдаг аж.

- Lisa-гийн аав нь маш алдартай тогооч. Түүний аавыг Paul Markus Bruschweiler гэдэг бөгөөд Дэлхийн тогооч нарын холбооны "Мастер тогооч" цолтой нэгэн гэнэ шүү.

- Тэд “Red Velvet” болон “Twice” хамтлагийнхантай маш сайн найзууд.

Хэрвээ тэд эрэгтэй байсан бол:

- Lisa болзох хүнээрээ Jennie-г сонгоно. Учир нь Jennie хамгийн дур булаам нь.

- Харин Jennie ямар ч эргэлзээгүйгээр Jisoo-г сонгоно. Яагаад гэвэл тэр маш хөгжилтэй.

- Jisoo-гийн сонголт Rose бөгөөд түүнд орой бүр дуулж өгч мөн дуу зохиож өгч магадгүй учир сонгожээ.

- Rose хоол сайн хийдэг хүнд дуртай болохоор Jennie-г сонгосон ба Jennie-гийн хийсэн кимчитэй шарсан будаа хамгийн шилдэг нь гэжээ.

Та Jennie-гийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах бол ЭНДLisa-гийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах бол ЭНДRose-ийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах бол ЭНДJisoo-гийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах бол ЭНД дарна уу. 

#Blackpink #Jennie #Lisa #Jisoo #Rose #Kpop