Кпопын эргэн тойронд: 2019 оны онцлох үйл явдлууд


Сэтгүүлч Юука | YOLO.MN
2019-12-30

YOLO.mn сайтын зүгээс уншигчдадаа зориулан 2019 онд кпоп ертөнцөд болсон томоохон үйл явдлуудыг тоймлон хүргэж байна. 

"YG" ЭНТЕРТАЙНМЕНТИЙН УНАЛТ

Дэлхий дахинд кпоп урлагийг таниулахад томоохон хувь нэмэр оруулсан YG энтертайнментийн хувьд 2019 тийм ч ээлтэй жил байсангүй. Тэдний хувьцаа түүхэнд байгаагүй доод хэмжээндээ хүрч, 20 жил "YG" энтертайнментийг удирдсан Yang Hyun Suk захирал ажлаа өгсөн. Учир нь 2019 оны эхээр Seungri-гийн хувьцаа эзэмшдэг байсан "Burning Sun" клубд хүчирхийлэл, хар тамхины хэрэг гарч удалгүй Seungri хамтлагаасаа гарсан юм. Гэсэн ч энэ бүх асуудал томорсоор "YG" энтертайнментийн удирдлагыг солиход хүргэж, удалгүй тус энтертайнментэд цагдаа болон аудитын шалгалт оруулсан юм. Үүнтэй зэрэгцэн IKON хамтлагийн ахлагч асан B.I мансууруулах бодистой нэр холбогдож хамтлагаасаа гарчээ. Энэ үйл явдлын дараа YG энтертайнмент “BIG-3" хэмээх статусаа алдсан байна. Мөн энэ онд CL, ONE, Go Joon Hee, Kim Sae-Ron болон Im Ye-Jin гэх мэт алдартай уран бүтээлчид "YG" энтертайнменттай хийсэн гэрээгээ цуцалсан.

BIGBANG ХАМТЛАГИЙН ГИШҮҮД ЦЭРГИЙН АЛБАА ХААВ

БНСУ-ын кпоп урлагийн томоохон төлөөлөгчид болох BIGBANG хамтлагийн гишүүд 2019 онд цэргийн албаа хааж дуусгасан нь энэ оны онцлох үйл явдал байлаа.

Учир нь тэд 2017 оноос хойш уран бүтээлийн хувьд завсарлага аваад байсан юм. 2016 онд Maroon 5 хамтлагаас ч их орлого олж, Washington Post-оос “Дэлхийн хэмжээний хамтлаг” хэмээх тодотгол авч байсан тус хамтлагийн залуус эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ биелүүлсэн нь олон нийтээс ихэд сайшаал хүртжээ. Хамтлагийн гишүүн T.O.P долдугаар сард, G-Dragon аравдугаар сард цэргээс халагдсан бол Taeyang болон Daesung нар арван нэгдүгээр сард цэргээс халагджээ.

CNN ТЕЛЕВИЗ BTS ХАМТЛАГИЙГ ОНЦЛОВ

2019 оныг BTS хамтлагийн жил байсан гэвэл маргах хүн үгүй биз ээ. Тэдний хувьд дэлхий дахинд шилдэг гэдгээ батлан харуулсан сайхан жил болж өнгөрсөн юм.

Тухайлбал энэ онд гаргасан “Map Of Soul: Persona” цомог нь нийт 7 дуутай бөгөөд “Boy with Luv” дуунд нь дуучин Halsey хамтарсан бол “Make It Right” дууг нь дуучин Ed Sheeran зохиож өгсөн байна. Ийнхүү тэднийг CNN телевиз онцолж “Хэрвээ та BTS хамтлагийн тухай сонсож амжаагүй бол одоо мэдэж авах хэрэгтэй бололтой. Учир нь энэхүү Солонгос хамтлаг дэлхийг шуугиулж байна” хэмээжээ.

“SEOUL ARENA” ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭН

Кпоп урсгал дэлхий дахинд түгэн дэлгэрэхэд Солонгос улсын дэмжлэг, агентлагуудын өрсөлдөөнт зах зээл багагүй нөлөө үзүүлсэн гэхэд хилсдэхгүй. 

Тус улсын зүгээс кпоп урсгалын хөгжилд маш том бэлэг барьж буй нь “Seoul Arena” цэнгэлдэх хүрээлэн юм. Энэхүү цэнгэлдэх нь Солонгос улсын нийслэл Сөүл хотод баригдах бөгөөд кпоп уран бүтээлчдийн тоглолтыг зохион байгуулдаг, үзвэр үйлчилгээний газруудыг цогцлоосон томоохон бүтээн байгуулалт болох аж.

ДУУЛИАНТ ХАЙР ДУРЛАЛ

Солонгос дуучид, жүжигчдийн хувьд үерхэл болзоо гэдэг хориотой зүйл. Учир нь энтертайнментууд гэрээндээ “болзохгүй байх” гэсэн заалт оруулсан байдаг. Гэсэн ч 2019 онд энэ дүрмийг зөрчсөн олон үйл явдал болж өнгөрлөө. Тодруулбал, EXO хамтлагийн гишүүн Kai болон BLACKPINK хамтлагийн гишүүн Jennie нарын болзож буй зураг цацагдаж, энтертайнметуудаас нь үерхэж буйг нь баталсан юм. 

Энэ нь он удаан жилийн турш “сайнгүй” холбоотой байсан "SM" болон "YG" энтертайнметийн уран бүтээлчид болзсон анхны тохиолдол болжээ. Харамсалтай нь тэд төд удалгүй салсан юм.

Мөн Pentagon хамтлагийн гишүүн Edawn болон дуучин Hyuna нар болзож байгаа гэдгээ мэдэгдэж "Cube" энтертайнменттай хийсэн гэрээгээ дуусгавар болгожээ. Ийнхүү PSY-ийн "P-Nation" агентлагтай гэрээ хийж өнөөдрийг хүртэл бусдын атаархлыг төрүүлсэн сайхан хосууд хэвээрээ байгаа юм.

КПОП СОНСОГЧДЫГ ЦОЧРОЛД ОРУУЛСАН “АМИА ХОРЛОЛТ”

Энэ оны аравдугаар сард F(x) хамтлагийн гишүүн асан Sulli амиа хорлосон нь олон нийтийг цочролд оруулсан үйл явдал болсон юм. Түүний амиа хорлолтод хамгийн их нөлөөлсөн зүйл нь олон нийтийн шүүмжлэл, үзэн ядалтын сэтгэгдлүүд байжээ. 

Үүнээс зургаан долоо хоногийн дараа Kara хамтлагийн гишүүн асан Hara амиа хорлосон нь БНСУ-ын урлагийн ертөнцийг цочроосон аймшигт мэдээ байв. “А зэрэглэлийн” гэж тооцогддог хоёр алдартай эмэгтэй уран бүтээлчийн амиа хорлолтыг нь мөн л “бусдын үзэн ядалтын сэтгэгдэл” хэмээн тайлбарлаж байлаа. Ийнхүү Солонгосчууд олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр бусдын нэр төрд халдсан сэтгэгдэл бичиж буй хүмүүст хуулийн арга хэмжээ авах талаар хүчтэй дуугарч эхэлсэн юм.

АРАВ ГАРУЙ ХАМТЛАГ ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ЗОГСООВ

Солонгосын урлагийн ертөнцөд хүчтэй өрсөлдөөн өрнөдөг, түүнийгээ дагаад чанартай уран бүтээлчид төрөн гардаг. Иймээс олон нийтэд танигдаж амжаагүй хамтлаг дуучдын хувьд кпоп бол амар даваа биш. Тухайлбал, ямар нэг олны анхаарлыг татсан үйл ажиллагаа явуулах аль эсвэл алдартай энтертайнментийн уран бүтээлч байх гэсэн хоёр л сонголт байдаг гэхэд хилсдэхгүй. Тийм ч учраас жил бүр олон хамтлаг үйл ажиллагаагаа зогсоодог билээ. Харин улиран одож буй 2019 оны хувьд арван долоон хамтлаг тарж буйгаа мэдэгджээ. 

Тодруулбал 14U, 15&, A-JAX, Big Star, Boyfriend, CocoSori, Hello Venus, Honeyst, MyTeen, Ninemuses, Pristin, Seenroot, Traxx, UNB, Untouchable, Wanna one болон Wassup хамтлаг тарсан байна.

BLACKPINK-ИЙН АМЖИЛТУУД

YG энтертайнментаас гарсан BLACKPINK хамтлаг нь өдгөө БНСУ-ын өмнөө барьдаг шилдэг хамтлагуудын нэг болсон билээ. Тус хамтлагийн “Ddu Du Ddu Du” хэмээх дуу нь одоогоор кпоп хамтлагуудын хамгийн их хандалттай дуугаар нэрлэгдэж байгаа аж. Мөн тэд 2019 оны есдүгээр сард Spotify дээр 9 сая дагагчтай болсноор дэлхийн хамгийн олон дагагчтай охидын хамтлаг болжээ. Дашрамд дурдахад BLACKPINK хамтлаг 2020 оны эхээр шинэ цомог гаргахаар ажиллаж байгаа шүү wink

Эх сурвалж: YOLOmn, Thestar

#Кпопын эргэн тойронд #2019