Кпопын эргэн тойронд: Bigbang хамтлаг 2020 онд уран бүтээл гаргах уу?


Юука | YOLO.MN
2019-12-16

BIGBANG ХАМТЛАГААС YG ЭНТЕРТАЙНМЕНТИЙН ЦААШДЫН ХУВЬ ЗАЯА ШАЛТГААЛНА

Дэлхий даяар хэдэн зуун сая шүтэн бишрэгчтэй Bigbang хамтлаг цаашид уран бүтээл гаргах эсэх нь маш их эргэлзээтэй байгаа билээ. Тодруулбал, Bigbang хамтлагийн залуу гишүүн Seungri хамтлагаасаа гарсан ба реппэр T.O.P мансууруулах бодис хэрэглэж байсан нь тогтоогдсон юм.

Эдгээр үйл явдлуудаас үүдэн Солонгосчуудын Bigbang хамтлагт хандах хандлага нь харилцан адилгүй болсон билээ. 

Ийнхүү тэдний харьяалагддаг энтертайнмент болох "YG"-ийн хувьцааны үнэ огцом унаж кпоп ертөнцийн “BIG 3” буюу хамгийн том агентлагийн нэг байхаа больсон. Гэсэн ч энэ бүхэн Bigbang хамтлаг шинэ уран бүтээл гаргах эсэхэд хүчтэй нөлөө үзүүлэхгүй бололтой. Өөрөөр хэлбэл эдийн засгийн шинжээчид болон алдартай судалгааны компаниудаас Bigbang хамтлаг шинэ дуу гаргавал "YG" энтертайнментийн цаашдын үйл ажиллагаанд маш том нөлөө үзүүлнэ гэх таамаглал дэвшүүлж байна.

- “Хэрвээ Bigbang хамтлаг уран бүтээлээ гаргаж эхэлбэл 30 тэрбум воны (ойролцоогоор 25 сая ам.доллар) ашигтай ажиллана” - Yuanta Securities Korea Co.Ltd

- “Bigbang хамтлаг гэрээгээ сунгах үгүйгээс YG энтертайнментийн цаашдын зам гэрэлтэх эсэх нь шалтгаална” - Hanhwa Ivestments

- “Bigbang хамтлаг цаашид гэрээгээ сунгах эсэх нь YG энтертайнментийн хувьд хамгийн том сорилт” - Mirae Asset Daewoo

- “YG энтертайнмент татварын болон цагдаагийн байгууллагаас янз бүрийн хяналт шалгалттай нүүр тулгарч хүндхэн байдалд байсан ч Bigbang хамтлагийн гишүүд цэргээс халагдсан. Гэхдээ тэд гэрээгээ сунгах эсэх нь одоо болтол тодорхойгүй байна. Мэдээж Bigbang хамтлаг гэрээгээ сунгавал YG энтертайнментад их ашигтай. 2020 онд Bigbang хамтлаг шинэ уран бүтээл гаргаж, Treasure13 хамтлагийг олон нийтэд таниулах хэрэгтэй. Ингэж чадвал YG энтертайнмент эргээд кпоп ертөнцийн хамгийн том энтертайнмент болох боломжтой” - Судлаач Lee Ki Hoon

G-DRAGON БОЛОН TAEYANG НАРЫН НЭР НЬ YG-ИЙН ӨМЧ

Хэрэв G-Dragon, Taeyang нар гэрээгээ сунгахгүй гэвэл тэд дахиж эдгээр тайзны нэрээ ашиглаж чадахгүй. Учир нь “G-Dragon” гэдэг нэрийн зохиогчийн эрхийг YG энтертайнмент эзэмшдэг бөгөөд 2015 онд “GD X Taeyang” болон “Taeyang” гэдэг нэрийн зохиогчийн эрхийг ч авсан байна.

- “Bigbang хамтлаг гэрээгээ шинэчлэхгүй гэвэл хамтлагаараа өөр агентлагт орох боломжгүй. GD, Taeyang хоёр соло дуучин болох байх. YG-ийн хувьд тэдний нэрийг өмчилж авсан нь өөрсдөд нь ашигтай байдлыг бий болгож байна” - Securities Firm Representative

Ийнхүү Bigbang хамтлаг гэрээгээ сунгах эсэх нь зөвхөн YG энтертайнментийн төдийгүй бусад энтертайнмент болон эдийн засгийн шинжээчдийн анхаарлыг татаж байна. Bigbang хамтлагийн хувьд 2015 онд YG энтертайнменттай гэрээгээ сунгасан. Тухайн үед Bigbang хамтлаг гэрээгээ сунгах эсэх нь мөн л олны анхаарлыг татаж байсан. Тухайлбал YG энтертайнментийн зүгээс Bigbang хамтлагийн хоол хүнс, тээврийн зардал гэх мэт нэмэлт зардлыг тооцохгүйгээр хамгийн доод тал нь 10 тэрбум вон санал болгох шаардлагатай гэсэн тооцоо байжээ. Учир нь 2011 онд YG энтертайнментаас Bigbang хамтлагийг гэрээгээ сунгахад нь 5 тэрбум вон олгож байсан аж. 

Эх сурвалж: Allkpop, Soompi

#Кпопын эргэн тойронд #Bigbang