Сахиусан тэнгэрийн хоолойтой Rosé


Э.Цовоо | YOLO.MN
2019-12-13

Бид өмнөх дугааруудад Blackpink хамтлагийн гишүүд болох Jennie, Lisa нарын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэсэн бол өнөөдөр маш чадалтай хоолойтой, үзэсгэлэнт Rose-н талаар танилцуулах гэж байна. Та түүний талаар огт дуулаагүй зүйлсийг энэхүү мэдээллээс уншина гэж найдаж байна. 

БАГА НАС

Rose буюу Roseanna Park нь 1997 оны хоёрдугаар сарын 11-нд Шинэ Зеландын улсын Окленд хотод мэндэлжээ. Тэрээр дээрээ нэг эгчтэй ба 2004 онд гэр бүлээрээ Австралийн Мельбурн хот руу нүүсэн. Ийнхүү тэрээр “Canterbury” хэмээх охидын сургуульд элссэн бөгөөд багадаа гитар, төгөлдөр хуурыг маш сайн тоглож сурчээ.

Тэрээр 15 насандаа аавынхаа санал болгосноор “YG” энтертайментийн Австралид болсон шалгаруулалтад орсон бөгөөд 700 гаруй хүнээс шалгарч нэгдүгээр байранд орсон. Анхандаа тэрээр аавыгаа зүгээр тоглож байна гэж бодсон ч аав нь чин сэтгэлээсээ шалгаруулалтад ор гэж ятгасан аж. Ийнхүү тэрээр албан ёсоор бэлтгэгдэгч болж 2012 онд Солонгос улс руу явж байжээ.

K-POP-Д ХӨЛ ТАВЬСАН НЬ

Бэлтгэгдэгч болсон жилдээ буюу 2012 онд тэрээр “Bigbang” хамтлагийн G-Dragon-ын “Without you” хэмээх дуунд хамтарч байсан. Тухайн үедээ түүнийг нэрийг зарлаагүй ч уг дуу нь “Billboard”-ы “Шилдэг Солонгос 100 дуу” жагсаалтад багтаж чадсан билээ.

Нийт дөрвөн жилийн хугацаанд бэлтгэгдсэний эцэст тэрээр “Blackpink” хамтлагийн дөрөв дэх буюу сүүлийн гишүүнээр зарлагдсан билээ. Тэдний 2016 онд гаргасан “Boombayah” дуу ч олон нийтийн хүртээл болж алдар нэрийн оргилд хүрч байв.

СОЛО АМЖИЛТ

Rose-ын дуу хоолойг маш олон дуучид, алдартнууд магтан сайшааж байлаа. Тэрээр 2017 онд “King Of Masked Singer” хэмээх нэвтрүүлэгт оролцсон. Уг нэвтрүүлэг нь дуучид баг зүүж өөрийгөө хэн гэдгийг мэдэгдүүлэхгүйгээр хоорондоо өрсөлддөг ба Rose энэхүү нэвтрүүлэгт оролцсоноор өөрийгөө ямар сайн дуучин бэ гэдгээ батлан харуулж чадсан юм. Үзэгчдээс ирэх сэтгэгдэл болон үзэгчдийн хандалт маш өндөр байсан ба хэдийгээр баг зүүсэн ч түүний өвөрмөц хоолойг сонсоод шүтэн бишрэгчид нь Rose-ыг таньсан гэсэн шүү.

Үүний дараагаар тэр мөн л гайхалтай дуучдын оролцдог нэвтрүүлэг болох “Fantastic Duo” нэвтрүүлэгт орсон. Уг нэвтрүүлгийн ажилчид түүний дүр төрх, дуу хоолойг “Blackpink”-д байдгаас арай өөр байдлаар харуулахыг зорьсон бөгөөд зорьсондоо ч хүрсэн билээ. Мөн Америк дуучин Tori Kelly түүний дуулах хэв маягаас үлгэр дуурайл авдаг гэдгээ хэлж байжээ.

АЛДАРТ ХҮРЭВ

Rose 2018 оноос эхлэн хамтлагийн гишүүн Jisoo-тэй хамт Солонгосын алдартай нүүр будгийн “Kiss Me” брендийн моделиор ажиллах болсон билээ. Түүний сурталчилсан бүтээгдэхүүнүүд тэр дороо л зарагдаж дуусдаг аж.

Тэрээр энэ жилийн аравдугаар сараас эхлэн "Perfect World Mobile" хэмээх гар утасны тоглоомын нүүр царай болсон. Энэхүү ажил нь түүний анхны ганцаарчилсан сурталчилгаа болсон ба шүтэн бишрэгчид нь нэлээн баяртай байгаа гэнэ шүү.

Rose-н Инстаграм хуудас одоогоор 20.7 сая дагагчтай бөгөөд Солонгос улсын хамгийн их дагагчтай оддын дөрөвт жагсдаг билээ.

ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Тайзны нэр: Rose
Жинхэнэ нэр: Roseanne Park/ Chae Young Park
Төрсөн өдөр: 1997 оны хоёрдугаар сарын 11
Орд: Хумх
Өндөр: 168см
Төрсөн газар: Шинэ Зеланд
Жин: 45кг
Хамтлагт гүйцэтгэх үүрэг: Гол хоолой, бүжигчин
Инстаграм: @roses_are_rosie

СОНИРХОЛТОЙ БАРИМТУУД:

heart Тэрээр кимчитэй шөл, улаан чинжүү, манго жимсэнд маш дуртай. Хамгийн сонирхолтой нь Хавай пицца буюу ананастай пиццанд дуртай. Авокадо жимсэнд харин их дургүй гэнэ. 

heart Rose хамтлагийнхаа хамгийн өндөр нь. Бүсэлхийн тойрог нь 60 см, өмдний хэмжээ нь 24 гэхээр их туранхай байгаа биз?

heart Солонгос, Англи, Япон хэлтэй. 

heart Bigbang хамтлагийн дуучин Taeyang болон поп дуучин Gummy нар бол түүний шүтээн. Сайхан хоолойтой, сайхан сэтгэлтэй залууд дуртай бөгөөд оддоос өөрийн сонирхолд нь хамгийн ойр очсон залуу бол "Train to Busan"-н гол дүрийн жүжигчин Gong Yoo юм. 

heart Twice хамтлагийн Chaeyoung, Tzuyu хоёртой дотно. 

heart Jisoo Rose хоёр амттай хоол идвэл баярласандаа уйлдаг. /Гэхдээ Rose угаасаа их эмзэг учир амархан уйлчих гээд байдаг талтай./

heart Lisa-тай нийлж Солонгос олон ангит кино их үздэг. 

#Blackpink #Rose