О. Хаш-Эрдэнэ: Тэтгэлэг авчихвал бүх зүйл сайхан болно гээд л гүрийдэг байсан


Э.Цовоо | YOLO.MN
2019-12-11

Yolo.mn сайтын хамт олон гадаадад суралцах хүсэлтэй уншигчдадаа зориулаад орон оронд суралцаж буй оюутан залуусын туршлагаас хуваалцаж цуврал ярилцлага бэлтгэн хүргэж байгаа билээ. Тэгвэл энэ удаагийн дугаараар ердөө 19 настай ч БНСУ-ын Тэгү хотод тэтгэлгээр суралцаж буй О. Хаш-Эрдэнэтэй ярилцлаа. Ингээд түүний Солонгос улсад суралцаж буй сэтгэгдлээс хуваалцья. 


YOLOСайн байна уу? Бидний урилгыг хүлээн авч гадаадад тэтгэлгээр суралцаж буй туршлагаасаа хуваалцах гэж буйд баярлалаа. Yolo.mn сайтын уншигчдад маань зориулаад өөрийгөө танилцуулаач.

- Сайн байцгаана уу? Намайг Отгонхүүгийн Хаш-Эрдэнэ гэдэг. Чингэлтэй дүүргийн 5-р дунд сургуулийг 2018 онд төгссөн. Одоогоор БНСУ-ын Тэгү хотын Тэгү их сургуульд тэтгэлгээр суралцаж байна. Аялал жуулчлалын менежментийн ангийн нэгдүгээр түвшний оюутан. 

YOLOТэтгэлгийнхээ талаар дэлгэрэнгүй танилцуулаач. Анх уг тэтгэлгийн талаар хаанаас мэдээлэл авч байсан бэ? 

- Тэтгэлгийн хувьд Тэгү их сургуулиас олгодог тэтгэлэг хөтөлбөрт хамрагдсан. Анх ахлах анги байхдаа найзаасаа энэ тэтгэлгийн талаар сонсоод Тэгү их сургуулийн төлөөлөгчийн газарт очиж бүх заавар зөвлөгөөг авч байсан. Тэгээд л тэтгэлэгтээ тэнцээд 4 жилийн хугацаанд 100% тэтгэлэгтэй суралцах эрхээ авсан. 


YOLOТэтгэлэгт материалаа өгөхдөө стрессдэж байсан уу? Тийм бол тухайн нөхцөл байдлыг хэрхэн даван туулж байсан бэ? 

- TOPIK шалгалтын хариу шалгалт өгсөн өдрөөс хойш бараг хоёр сарын дараа гардаг. Тэр хоёр сарын хугацааг хариугаа хүлээж өнгөрүүлнэ гэдэг үнэхээр хэцүү. "Тэнцэж чадсан болов уу? Тэнцсэн эсэхээ мэдээгүй байж материалаа бүрдүүлэх хэрэг байгаа ч юм уу дөө" гэж их стрессдэж байсан. Яг үнэндээ Монголоос материал бүрдүүлж илгээнэ гэдэг үнэндээ их ажиллагаатай юм билээ. Гэхдээ "Тэнцээгүй байсан ч дараагийн удаа дахиад материалаа бүрдүүлээд заавал тэнцэх болно доо" гээд өөрийгөө зоригжуулаад л энэ бүгдийг давсан. 

YOLOТэтгэлэг авах хэр хүндрэлтэй байсан бэ? 
- Хамгийн том бэрхшээл нь Солонгос хэлний шалгалт байсан. Уг сургууль "TOPIK" шалгалтын хамгийн дээд оноо буюу 5 болон 6 -р түвшний мэдлэгийг шаардаж байсан. Анх 2018 онд Тэгү их сургуульд хэлний бэлтгэлд сурахдаа Солонгос хэлийг бага сага гадарлах түвшинд л мэддэг байсан. Харин TOPIK шалгалтын 5-р түвшинд заавал тэнцэх болно гэсэн зорилго тавьж 8 сарын дотор л зорилгодоо хүрсэн. Хичээлийнхээ хажуугаар цагийн ажлууд хийдэг учир амаргүй байсан ч "Тэтгэлгээ л авчихвал бүх зүйл сайхан болно" гээд л гүрийдэг байлаа. 


YOLOСолонгос улсад сурахын давуу талаас хуваалцаач? 

- Боловсролын чанар, техник технологийн хөгжлөөрөө Азидаа тэргүүлэх орнуудын нэг. Цаг агаар, аюулгүй байдал гээд л бүх зүйл нь суралцангаа ажиллах нөхцөл бүрдсэн байдаг гэж хэлж болно. Гэхдээ хамгийн том давуу тал нь бусад улсыг бодвол сурахынхаа хажуугаар цагийн ажил хийх боломжтой байдаг. Цагийн ажил хийснээр санхүүгийн хэрэгцээгээ өөрөө хангана, өөрөө хангаснаар бие даах чадвартай болно гэх мэт. Гэрээсээ хол, хүний нутагт ганцаараа байгаа учир бүх зүйлийг л өөрөө хийж сурах хэрэг гарна. Гэхдээ Солонгос улс яагаад ч юм эх оронтой минь ойр санагдаад байдаг юм.

YOLOСайны хажуугаар саар гэдэг шүү дээ. Солонгос улсад суралцахын сул талуудаас дурдвал?

-  Нээрээ л давуу тал их ч сул тал бас бий шүү. Хамгийн их хэцүү санагдсан зүйл нь хүний нутагт ганцаараа байх. "Дөнгөж 18 настай би хүний нутагт ирээд амьдралаа өөрөө болгоно гээд зав чөлөө ч байхгүй ажиллаж байхад найзууд маань Монголдоо цагийг хамтдаа өнгөрөөж, тоглож наадаж байхад би яагаад ингээд ажил хийх ёстой гэж?" гээд шантрах үе л хамгийн хэцүү. Өвдөж хавдах үед ч өөрөө эм тариагаа авч ууна, өөрөө өөрийгөө асарна. Өдөржин ажиллаж байгаад орой ядарч унах гээд гэртээ ирэхэд хэн ч байхгүй, харанхуй гэр л намайг угтах тэр мэдрэмжүүд л сул тал байх. 


YOLOХэцүү санагдах үедээ хэрхэн тайвширдаг вэ? Одоо гэрээ хэр санаж байна? 

- Хэцүү үедээ зүгээр л уйлчихдаг. /инээв/ Бас аав ээжтэйгээ утсаар ярьж урам зоригоо авдаг. Эхний хагас жилд гэрээ мөн ч их санасан даа. Дүү маань балчир болохоор дүүгээ л их санадаг юм билээ. Өвдөх үед ээжийгээ, шантарсан үед аавыгаа их санадаг байсан. Харин одоо дасчихсан болохоор ч тэр үү, нэг их санадаггүй. 

YOLOСуралцангаа цагийн ажил хийдэг гэсэн шүү дээ. Чөлөөт цаг гардаг уу? Гардаг бол чөлөөт цагаараа юу хийдэг вэ? 

- Чөлөөт цаг ер нь их хомс. Чөлөөт цаг гарвал найзуудтайгаа сагс, "Counter Strike: GO" тоглодог. /инээв/

YOLOДотуур байранд амьдардаг уу? Тусдаа амьдардаг уу? 

- Эхний 6 сар дотуур байранд амьдарсан. Одоо бол найзуудтайгаа байр хөлсөлдөг.


YOLOСолонгост байхад тохиолдож байсан хамгийн хөгжилтэй явдлаасаа хуваалцаач? 

Анх Солонгост ирээд удаагүй байхдаа автобусанд суугаад буухдаа "Stop" гэсэн товчин дээр дарж байж буудгийг мэдэхгүй болохоор гэрээсээ 3,4 буудал өнгөрч буусан. Тэр шөнө л өөрийгөө "Соёлын шок юм даа" гэж бодож байсан. /инээв/

YOLOТанай сургуулийн хамгийн гоё хэсэг юу вэ? 
Манай сургуулийн хотхон Солонгос улсдаа "Шилдэг 3 хотхон"-д ордог. Маш өргөн талбайтай, үзэсгэлэнтэй орчинтой. Намар сургуулийнхаа хотхоноор аялах л хамгийн гоё байдаг. 


YOLOСургуулийнх нь хичээллэх зарчим Монголынхоос хэр ялгаатай вэ? 

- Монголын их дээд сургуульд суралцаж үзээгүй болохоор мэдэхгүй юм. Гэхдээ хичээл нь маш шахуу ордог. Хичээл дээр орж байгаа зүйлсийг үзээд зогсохгүй нэмж судлах хэрэгтэй санагддаг. Багаар хамтран ажиллах чадвар сайжруулахын тулд ихэвчлэн багуудад хуваарилагдаад хичээлдээ оролцдог тул Солонгос оюутнуудтай дотносож найзлахын зэрэгцээ Солонгос хэлээ сайжруулах боломжтой.



YOLOСолонгос улсад суралцахад гол анхаарах зүйл нь юу вэ? 
- Мэдээж тухайн улсад суралцаж байгаа учир Солонгос хэл сайн мэддэг байх чухал. Амьдарч суралцахад маш таатай улс учир Солонгос хэлээ сайн сурвал бүх юм "OK" шүү. 
YOLOСургуулиа төгсчихөөд Монгол улсдаа эргэн ирж амьдрах уу? 
- Мэдээж тэгэлгүй яах вэ. Монголдоо эргэн очоод Аялал жуулчлалын салбарыг хөгжүүлнэ гэж боддог. Монголчууд Солонгост ажиллах гэж биш аялах гэж ирдэг болохын төлөө илүү их хичээнэ. 


Тэгү хот юугаараа алдартай вэ? 
- Тэгү бол Солонгос улсын 3 дах том хот. 3 сая орчим хүн амтай, их дулаахан. Солонгос улсдаа лав Тэгү хотын охид хамгийн хөөрхөн гэгддэг юм билээ. /инээв/

Солонгос хүмүүс ямархуу зан төлөвтэй хүмүүс байдаг юм бол? 
- Их яаруу хүмүүс шүү дээ. Хөдөлмөрч, удаан цагаар хичээнгүйлэн ажилладаг, цагийн юмыг цагт нь хийхийг эрмэлздэг хүмүүс. 

Ярилцлагын төгсгөлд Солонгост очоод танд ямар өөрчлөлт гарсан талаар хуваалцаач. 

- Биеэ даагаад өөрөө бүгдийг зохицуулаад явж байгаа болохоор "Том хүн болох гээд л байх шиг байна даа" гэж боддог. Солонгост ирээд л өмнө нь юу ч мэддэггүй хүүхэд байснаа ухаарсан. Одоо бол би өмнөх "Би"-гээсээ илүү их мөрөөдөлтэй, илүү ихийг сурч мэдье гэсэн эрмэлзэлтэй болсон. Энэ л хамгийн том бөгөөд чухал өөрчлөлт гэж үздэг. 


#Scholarship #Тэтгэлэг #Солонгос