Шарсан тахиа идвэл эрт нас барах магадлал нэмэгдэнэ


Сэтгүүлч Г. Оюун | YOLO.MN
2019-12-10

"The British Medical Journal" сэтгүүлд хэвлэгдсэн шинэхэн судалгаагаар өдөр бүр шарж хуурсан хоол идэх нь эмэгтэйчүүдийн нас барах магадлалыг нэмэгдүүлдэг болохыг тогтоосон байна.

Судлаачид 18 жилийн турш 50-79 насны нийт 106'966 эмэгтэйчүүдийн дунд судалгаа явуулжээ. Эмэгтэйчүүд шарсан тахиа, загас, тако, чипс, тортилла зэрэг төрөл бүрийн шарсан хоолыг тогтмол хэрэглэдэг байсан аж. Ийнхүү судалгаа явагдаж байх хугацаанд 31'588 эмэгтэй нас барсан ба тэдний 8,358 нь зүрхний өвчлөлөөр нас баржээ. 

“Шарсан хоол бол зөвхөн АНУ төдийгүй дэлхий дахины түгээмэл хэрэглээ гэдгийг бид бүгдээрээ мэдэж байгаа. Харамсалтай нь шарсан хоол хүнс урт хугацаандаа хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг” – Вэй Бао (CNN)

Өмнө нь шарсан хоол хүнс зүрх судасны өвчний эрсдэлийг нэмэгдүүлдэг талаар хэд хэдэн судалгаа хийгдэж байсан ч энэ төрлийн судалгаа огт хийгдэж байгаагүй билээ.

Мөн судалгаанаас үзэхэд, өдөр бүр шарсан хоол хүнс хэрэглэдэг эмэгтэйчүүд нас залуу, орлого багатай, боловсролын түвшин доогуур, дасгал хөдөлгөөн хийдэггүй байжээ.

Ийнхүү судлаачдын зүгээс:

- “Энэ судалгаа нь зөвхөн эмэгтэйчүүдийн дунд явагдсан ч бодит байдал дээр нас, хүйсийн ялгаа гарахгүй байх. Эрчүүдийн хувьд ч яг ижил эрсдэл бий хэмээн таамаглаж байна” гэжээ.

Энэхүү үр дүнд хүмүүсийн өдөр тутамдаа хэрэглэдэг ургамлын тос ч нөлөө үзүүлсэн байх магадлалтай. Учир нь Испанид хийгдсэн бас нэгэн судалгаагаар "шарсан хоол хүнс" болон "эрт нас барах" хэмээх хоёр ойлголт нь хоорондоо ямар ч холбоогүй гэдгийг тогтоосон юм. Учир нь Испаничууд шарсан хуурсан хүнс их хэмжээгээр хэрэглэдэг ч оливийн тос ашигладаг. Тэдний дундаж наслалт 82.8 билээ.

Эцэст нь судлаачдын зүгээс:

“Бидний судалгаанд олон давуу тал байсан. Бид нийгмийн амьдралын хэв маягийг судалж, улмаар зүрх судасны өвчний эрсдэлт хүчин зүйлийг олж тогтоосон. Шарсан хоол хүнс ялангуяа шарсан тахиа, загасны хэрэглээг багасгах нь нийгмийн эрүүл мэндэд чухал нөлөө үзүүлэх болно” гэжээ.

Эх сурвалж: Insider

#Шарсан тахиа