Ginjin: Тухайн үед би "суга" байлаа


Б.Намуун | YOLO.MN
2019-11-25

Бид энэ удаагийн дугаараар 2007 оноос өнөөдрийг хүртэл тасралтгүй уран бүтээлүүдээ гаргаж, шаргуу хөдөлмөрлөсний үр дүнд өдгөө олон олон сонсогч, шүтэн бишрэгчидтэй болж, Монголын хип хоп ертөнцөд өөрийн байр суурийг олсон реппер Г. Гарьд буюу Ginjin-тэй ярилцлаа. Та бүхэн түүний талаар төдийлөн сонсож байгаагүй зүйлс болон хувь хүний үзэл бодлыг нь энэхүү ярилцлагаас унших боломжтой. 

Ингээд энэ сарын 29-нд буюу баасан гарагт “Toos to Zoos” цомгоо өлгийдөн авч, гайхалтай тоглолтоо хийх гэж буй реппер Ginjin-гийн ярилцлагыг хүргэж байна. Хүлээн авна уу. 


YOLOТа яагаад тайзны нэрээ Ginjin болгож өөрчилсөн бэ? Ямар утга учиртай вэ?

Анх 2007 оноос "EZ-Loc" нэрээр уран бүтээлээ хийж эхлээд 2013 онд Ginjin гэдэг нэрээр сольсон. Ginjin гэдэг нэр Монголчууд ч гадаадууд ч хэлэхэд амар. Утгын хувьд ч намайг илэрхийлж чадах юм шиг санагдсан. Учир нь би багаасаа л гинж, цаг гэх мэт гоёл чимэглэл, жижиг хэрэглэлд дуртай байсан. 

YOLOХэзээнээс хип хопын ертөнцөд хөл тавьсан бэ? Реппер болох нь таны багын мөрөөдөл байв уу?
Реппер болно гэсэн мөрөөдөл байгаагүй. Зүгээр л хөгжимд маш их хайртай байсан. Тэгээд л оролдож үзсэн. Болох юм шиг санагдсан болохоор уран бүтээл хийж эхэлсэн.


YOLOҮлгэр жишээ авдаг уран бүтээлч бий юу?

Яг бодоод үзсэн чинь тэр, энэ гээд оновчтой хэлэх хүн байхгүй юм байна. Бүх тууштай, авьяаслаг, хөдөлмөрч уран бүтээлчдээс үргэлж тодорхой хэмжээгээр урам зориг авдаг.

YOLOТөдийгөөс өдий хүртэл уран бүтээлээ гаргасаар олон сонсогч фэнүүдтэй болсон. Одоогийн байдлаар нийт хэдэн дуу гаргасан бэ?

- Яг таг тоог нь сайн мэдэхгүй байна. Нийт 200 гарсан байх. Гэхдээ ихэнх нь цаг хугацааны аясаар надад ч байхгүй болсон.

YOLO“Toos to Zoos” цомгийнхоо талаар яриач. Цомгоо яагаад ингэж нэрлэсэн бэ?

“Toos to Zoos” гэдэг нь мэдээж тоосноос зоос руу гэсэн үг. Тоос гэдэг өөрөө юу ч үгүй хоосон зүйл шүү дээ. Юу ч үгүй хоосноос зоос руу буюу эд баялаг руу зүтгэсэн нь гэдэг утгатай. Цомогт маань нийт 14 дуу орсны 50 хувь нь шинэ, 50 хувь нь олны хүртээл болсон дуунууд байгаа. Цомог маань арван нэгдүгээр сарын 29-нд анхны бие даасан тоглолттой маань зэрэгцэн худалдаалагдаж эхэлнэ. 

 


YOLOӨөрийн тань уран бүтээлийг сонсож буй хүмүүстэй таарахад сайхан сэтгэгдэл төрдөг байх. Анх ийм тохиолдолтой учрахад юу бодогдож, ямар сэтгэгдэл төрж байсан бэ?

Маш гоё мэдрэмж шүү дээ. Илүү сайн уран бүтээл хийх урмыг үүнээс л авдаг даа. Анх машинтайгаа улаан гэрэл дээр зогсож байхад “Өгзөг сайхан бол зүс сайхан” дууг маань Harrier загварын машинтай хоёр охин чанга тавьчихсан сонсоод явж байсан. Тэр үеийг тодхон санадаг.

 

YOLOЛойчихсон бүлэг анх хэрхэн үүсч байсан бэ? Нөхөрлөлийнхөө түүхийг хуваалцаач.
- Надад багаасаа одоог хүртэл нөхөрлөж буй сайн найзууд олон бий. Тэдний надтай адил хөгжимд сонирхолтой хэд нь нийлж хамтдаа “Лойчихсон” бүлгийг бий болгосон. 
YOLOЕр нь нөхөрлөлийн үнэ цэнэ юунд оршдог юм бол?
- Харилцан хүндлэл бол нөхөрлөлийн тулгуур багана гэж бодож байна. Бие биенээ хүндлэхгүй бол хэзээ ч чин үнэнчээр нөхөрлөж чадахгүй болов уу.

 

YOLOАнхны уран бүтээлээ эргэн дурсъя. Анхны гэсэн утгаар давуу ч, сул ч тал байсан байх. Анх хэрхэн эхлэлээ тавьж байсан бэ?

- Анх 220 гэдэг дууг 220-ийн байрны найз Бэгээтэй хамт 102.5 радиогийн дэргэд байрладаг байсан жижигхэн студид бичүүлж байлаа. Тухайн үед бол би хүмүүсийн ярьдгаар ёстой л “суга” байлаа /инээв/. Одоо тэр дуугаа сонсоод өөрийгөө шоолохоосоо илүү аливаа зүйлийг тууштай хийвэл үргэлж сайжирч дээшилж болдгийг ойлгодог. 

 

YOLOАнх уран бүтээл хийж эхэлсэн үеэ өнөөдөртэй харьцуулбал Ginjin гэдэг хүн хэрхэн өөрчлөгдсөн бэ? 
- Ginjin гэдэг хүн ерөөсөө өөрчлөгдөөгүй. Миний хувьд анх ямар байсан тэр чигээрээ л байна. Мэдээж чадварын хувьд илүү болж байна. Харин анх байсан миний үзэл бодол яг хэвээрээ.
YOLOДууныхаа санааг хэрхэн олдог вэ?
Дууны санаа янз янзын байдлаар орж ирдэг. Хааяа Монголд тулгарч буй асуудлуудыг хөндөх үе бий. Хааяа гадаад гоё дуунаас санаа авах нь бий. Заримдаа зүгээр л тухайн үеийн эмоциороо ч хийх үе бий дээ.


YOLO Таны үндсэн мэргэжил юу вэ? Яагаад энэ мэргэжлийг сонгосон бэ?

Би аялал жуулчлал, зочид буудлын менежментээр Тайвань улсад бакалаврын зэргээ хамгаалсан. Ээж аав маань жижигхэн аялал жуулчлалын бизнестэй болохоор л энэ мэргэжлийг сонгосон байх даа. “Байх даа” гэж хэлж байгаагийн учир нь миний бодолд тэр мэргэжил бус хөгжим маань үргэлж байсан.

YOLO Сурагч байхдаа ямар хүүхэд байсан бэ? Өсвөр насны Гинжинг тодорхойлооч.
- Ер нь их дуу цөөнтэй, даруухан хүүхэд байсан. Бас хөлбөмбөгт маш их дуртай хүүхэд байж билээ.
YOLO Гэр бүлийнхээ тухай ярихгүй юу?
Манай гэр бүл гэвэл аав, ээж, ах, дүү мөн би байна. Ах маань одоо Германд ажиллаж амьдардаг. Дүү маань ЕБС-д сурч байгаа энгийн л нэгэн гэр бүл байна даа.

 


YOLOСтилисттэй хамтарч ажилладаг уу? Gucci-г Монгол дээлтэй хослуулсан нь их гоё зохисон гэж сонсогчид нь ам сайтай байдаг юм билээ.

Стилист байхгүй. Өөрөө шүүгээнийхээ энд тэндээс хувцас гаргаж ирээд өмсчихдөг. Ер нь хүн хайрцагнаас гарч сэтгэх биш бүр хайрцаг гэж байхгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Би аливаа зүйлийг үргэлж жам ёсоор нь хийх дургүй. Шинэчилж өөрчилж шинэ зүйл турших дуртай. Түүний нэг нь тэр хувцаслалт байсан. Таалагдсан хүмүүс байхын зэрэгцээ таалагдаагүй хүмүүс ч бас бий. Гэхдээ хүмүүст таалагдах эсэхээсээ илүүтэй би өөрөө өөртөө таалагдаж байсан учраас иймэрхүү байдлаар зүүсээр л байх болно. 

YOLOНайз бүсгүйтэй юу?

Найз бүсгүй байна аа байна.


YOLOТаны ойрын болон хэтийн зорилго юу вэ?

- Миний ойрын зорилго бол анхны тоглолтоо "супер" хийх. Хэтийн зорилго бол энэ тоглолтынхоо дараа дан гадаад хэл дээрх дуутай цомог хийх төлөвлөгөөтэй байна. Үүн дээрээ орон орны мундаг продюсер болон репперүүдтэй хамтран ажиллана. Түүнчлэн уран зохиолын ном бичих төлөвлөгөө бий. 

YOLOХэрвээ бурхан нэг хүслийг тань биелүүлье гэвэл юу хүсэх вэ?
- Дэлхийн бүх ядуу тарчиг хүмүүсийг эн тэнцүү эд баялагтай болгож, бүгд адилхан юугаар ч дутахгүй амьдардаг болгооч гэж гуйна.

YOLO: Ярилцлагын төгсгөлд уншигчдад маань хандаж үг хэлэхгүй юу?
Уншигчдадаа зориулж хэлмээр байгаа зүйлс олон л байна. Гэхдээ энэ удаадаа арван нэгдүгээр сарын 29-нд болох миний тоглолтод ирвэл тэр үед тайзнаасаа би хэлэхийг хүссэн зүйлсээ ярьж өгмөөр байна.

Зургийг Ginjin-гийн Фэйсбүүк хуудаснаас

#Ginjin #Амжилт #Реппер