Амьтан тэжээхээс өмнө АНХААРАХ зүйлс


О.Чинбаяр | YOLO.MN
2019-11-22

Амьдралын мартагдашгүй сайхан мөчүүдийн нэг нь яах аргагүй гэрийн тэжээвэр амьтантайгаа анх уулзсан мөч, гэртээ авчирсан анхны өдөр байдаг. Гэхдээ дараах арван зүйлийг гэртээ муур, нохой авчрахаасаа өмнө бодолцож үзээрэй.

1. НАСАН ТУРШИД НЬ ХАМТ БАЙЖ ЧАДАХ УУ?

Нохойгоо өдөрт гурван удаа салхилуулах боломж, зав байгаа юу? Муураа орой бүр тоглуулж чадах уу? Хэрэв энэ асуултад үгүй гэж хариулж байгаа бол, таны өмнөөс дээрх үүргийг гүйцэтгэх боломжтой хүн байхгүй бол ЗОГС!. Үүний оронд арчилгаа бага шаарддаг загас юм уу, тоть авсан нь дээр.

2. ТАНЫ АМЬДРАЛЫН ХЭВ МАЯГТ НОХОЙ, МУУР ЗОХИЦОХ УУ?

Нохой, муурыг эгдүүтэй царайгаар нь сонгох нь хүмүүс бидний хийдэг хамгийн том алдаа. Хэт хөдөлгөөнтэй, арчилгаа ихтэйг нь мэдмэгцээ хүмүүс нохой, муураа төөрүүлэх, олон хүний гар дамжуулах, хаях үйлдэл хийдэг.

Юун түрүүнд тухайн амьтныхаа үүлдэр, төрөл, зан араншингийн талаар хангалттай мэдээлэл олж авч, таны амьдралын хэв маягт тохиромжтой эсэхийг нь маш сайн судлах шаардлагатай. Амьтан үрчилж авч байсан туршлагатай хүнээс, онцгой үүлдрийн групп-ээс асууж лавлаарай. Жишээ болгож чихуахуа үүлдрийн нохойг авч үзье. Тэд ямар ч талбайтай сууцанд тохирдог, асаргаа бага шаарддаг хэдий ч тэвчээр муутайн дээр бага насны хүүхэдтэй тийм ч сайн тохирдоггүй. 

3. АМЬТАН ҮРЧИЛЖ АВАХААСАА ӨМНӨ МАЛ ЭМНЭЛЭГТ ХАНД 

Амьтан сонгож авахаасаа өмнө гэрийн тэжээвэр амьтантай найзаасаа эмчийнх нь өгдөг зөвлөгөөний талаар асуу. Гэхдээ мал эмнэлгийн эмч бол мэдээлэл авах хамгийн зөв эх сурвалж юм. Амьтан тэжээнэ гэдэг бол бүтэн амьдралын туршид хүлээх үүрэг хариуцлага тул мэргэжилтэн, тэжээвэр амьтантай хүмүүс, интернэт гэх мэт байж болох бүхий л эх сурвалжаас мэдээлэл цуглуулаарай.

4. ГЭРТЭЭ АМЬТАН ТЭЖЭЭХ ТААТАЙ ОРЧИНГ БҮРДҮҮЛЭХ

Бохь нохойд, ибобруфен эм мууранд үхлийн аюултай хор болдгийг мэдэх үү? Хэрэв тэжээвэр амьтантай болохоор шийдсэн бол гэрт тань амьтан бэртэж гэмтэх магадлалтай, эсвэл тэдэнд хортой зүйл байгаа эсэхийг шалгаарай.

Муурын хувьд үсэрч дүүлж явдаг амьтан тул шилтэй химийн бодис, шүүгээ саваа шалгаж, хөшигний ард тог цохих утас, залгиж болзошгүй жижиг тоглоом байгаа эсэхийг шалгах нь нэн чухал. Мөн нохой мууранд аюултай ургамал тарихгүй, xylitol бодис агуулсан бохь зажлахаа болих хэрэгтэй.

5. НАС, ҮҮЛДЭРТ НЬ ТОХИРСОН ХООЛ СОНГО

Тэжээвэр амьтдын хоол бүр ялгаатай орцтой байдаг. Бараг л амьтан бүр өөрсдийн гэсэн зориулалтын хоолтой байдаг гэхэд хилсдэхгүй. Ингээд ч зогсохгүй нас наснаасаа хамаараад төрөлжих нь бий.

Тиймээс нохой, муурынхаа эрүүл мэндийг дэмжих орц найрлагатай хоолыг сонгох нь зөв. Тохирсон хоолыг нь авахын тулд мэдээж мэргэжлийн эмчээс зөвлөгөө авах хэрэгтэй.

6. ХАРИЛЦАН ЗОХИЦОХ ХУГАЦААНД БЭЛЭН БАЙ

Хэрэв гөлөг үрчилж авч байгаа бол гөлөг ч бас уйлдаг гэдгийг санаарай. Тийм ээ, гөлөг хүүхэдтэй л адил дасаагүй газар ирэхдээ шөнийн цагаар уйлдаг. Гэхдээ тайвшруулах зорилгоор орондоо хамт орж болохгүй. Харин гөлөгөө гэртээ авчрахаас өмнө нам гүн орчин, зөөлөн дулаан ор, аюулгүй орчин бүрдүүлэх хэрэгтэй. Гөлөг байнга байрлах буланг гаргаж, өдрийн цагаар өрөөнүүдээр чөлөөтэй гүйж, сонирхож үнэртэх боломжийг бүрдүүлэх нь чухал.

Муурын хувьд унтах хэвтрийг бэлтгэх нь амархан. Шөнийн цагаар төөрүүлэхгүйн тулд шээсний элснээс холгүй зайд хэвтрийг нь байрлуулах, чөлөөтэй гүйж, үсэрч дүүлээд ядрахаараа очиж хэвтэх аюулгүй орчинг бүрдүүлэхэд л болно.

Харин гэртээ тэжээвэр амьтантай атлаа нэмж муур, нохой авчирч байгаа бол тэднийг айхгүй, тавгүйтүүлэхгүй байх байхад шаардлагатай алхмуудыг авах хэрэгтэй.

7. АМЬТНАА СУРГА

Аз жаргалтай гэр бүлдээ тэжээвэр амьтан ирсний дараа энэ байдлаа хэвээр нь хадгалж үлдэхэд нөлөөлөх чухал хүчин зүйлсийн нэг бол сургуулилт. 

Хэрэв муурын зулзага авч байгаа бол элсэнд бие засахыг, гөлөг авч байгаа бол уяанд дасгах, гадаа гаргаж орчин тойронтой танилцуулах хэрэгтэй. Ихэнх гөлөг танихгүй газар ирэхээрээ дарамтад орох хандлагатай байдаг учраас хамгийн эхний тойрон аялал түүнд маш их тус болно. Ингэж гарахдаа сургаж эхэлнэ. Гүйгээрэй гэх командыг аль болох олон давтан хэлэх хэрэгтэй ба ингэснээр ямар ч нөхцөлд гадаа гармагцаа тэд эрх чөлөөг мэдэрдэг болно. 

8. ЗӨВХӨН ТҮҮНД Л ТОХИРОХ АМТТАН ТОГЛООМЫГ АВЧ ӨГ

Яг өөрт нь тохирсон амттан авах нь гөлөгний хувьд маш чухал. Сэтгэл санаа тогтворгүй үед тохирсон амттан өгөх, түүгээр дамжуулан сургах нь ихээхэн ач холбогдолтой. Эхэндээ хэд хэдэн янзын амттан, эсвэл саваа ашиглаж, түүнээс алийг нь сонгож байгааг мэд. Тэр л зүйл гөлөгний хувьд таны үгэнд орох, таны төлөө юу ч хийхэд бэлэн тийм л үнэ цэнтэй зүйл болдог.

Амттанаа өгөхдөө хамаагүй ихээр өгч болохгүй. Энэ нь хүүхдэд их чихэр өгч байгаатай адил эрүүл мэнд, биеийн өсөлт хөгжилтөд нь муугаар нөлөөлж болзошгүй. 

9. ХАРШИЛ

Та болон таны гэр бүлийн гишүүд гэрийн тэжээмэл амьтдаас харшилдаг үгүйг зайлшгүй шалгаарай.

10. АМЬТАНДАА ҮНЭМЛЭХ {ID} ХИЙЖ ӨГӨӨРЭЙ

Эцэст нь хэлэхэд тэдэндээ чип зүүлгээрэй. Ингэснээр алдсан нохой муурыг тань хэн нэгэн олсон үед тан руу холбоо барих боломжтой болох юм. Мөн амьтныхаа зургийг тогтмол авч, ямар нэг асуудал тулгарсан үед яг тухайн үеийн зургаар хайгаарай. Байгаа газрыг нь олоход тусалдаг GPS төхөөрөмжийг хүзүүвчинд нь суулгаж өгвөл бүр сайн.

Эх сурвалж: "АЗТАЙ САВАР" Амьтанд хайртай залуус төрийн бус байгууллага

#Нохой #Муур #Pet