LUMINO хамтлаг “GANJENJOO” нэртэй шинэ уран бүтээлээ цацлаа


О.Хандмаа | YOLO.MN
2019-11-23

Монголын хип хоп урлагт өөрсдийн байр суурийг эзэлж, уран бүтээл бүрээрээ сонсогчиддоо өөр өнгө аяс мэдрүүлэн “дайлж, цайлж” байдаг Lumino хамтлаг цоо шинэ клипээ өлгийдөн авчээ.

Тус уран бүтээлийн нэр нь "GanjenJoo". Гадаад үг мэт харагдах хэдий ч та бидний мэдэх танил үг гэдгийг онцлох нь зүйтэй. Сонсголонтой, шинэлэг болгох үүднээс ийн нэрийдсэн хэмээн уран бүтээлчид ярьж байлаа.

Lumino хамтлагийнхан тус уран бүтээлээр хий хоосон горьдож суухаар, өөрсдийгөө хөгжүүлж өөрчлөлтийг хий гэсэн утга, агуулгыг нийгэмд түгээхийг хүссэн аж.

Түүнчлэн шинэ клиптээ дэлхийн орчин цагийн хөгжмийн үүсэл, тэр дундаа хип хоп урсгалын эхлэлийг монголчлон харуулсан хэмээж байлаа.

1971 оны аравдугаар сарын 2-ноос эхлэн Америкт долоо хоногийн пүрэв гараг бүр “Soul Train” нэртэй телевизийн шоу нэвтрүүлэг гарч эхэлжээ.

Тус шоун дээр тухайн цаг үеийн одууд бүгд дуулдаг байсан аж. Америк даяар үзэгчдийг байлдан дагуулж, шуугиулж чаддаг байсан тус нэвтрүүлэгт The Jackson-5, James Brown зэрэг одууд ч уран бүтээлээ хүргэдэг байв.

Харин 1979 оны нэг дугаар дээр “Sugarhill Gang” нэртэй гурван хүний бүрэлдэхүүнтэй хамтлаг реп, хипхоп хэмээх шинэ урсгалыг танилцуулсан түүхтэй. Тэр цагаас хойш реп, хипхоп хэмээх арьс өнгөний үзэл, баян ядуугийн тухай дуулдаг хөгжим дээр хүмүүс цэнгэн, бүжиглэж болдог юм байна хэмээх сэдлийг анх төрүүлсэн гэдэг.

Дэлхийн хипхоп 1970-аад оны сүүлээр ийн үүслээ тавьсан байдаг. Lumino хамтлаг “Soul Train” шиг шоу нэвтрүүлгийг Монголд хийж буй маягаар 1950,60,70-аад оны шоуг харуулсан GanjenJoo дууны клипийг "On&Off" продакшнтай хамтран бүтээжээ.

“Эх түүхээ мэдэхгүй хүн ойд төөрсөн сармагчин лугаа адил гэдэг. Бидний урсгал хипхоп. Бид үүнийг хийхгүй бол хэнч хийхгүй байх. Иймдээ ч бид хийсэн” хэмээн хамтлагийн уран бүтээлчид тодотгож байв.

Гэрэл цацарч, нүд гялбасан Gаа клубээс бэлтгэн хүргэдэг Lumino шоу эхлэхэд бэлэн боллоо. Та бүхэн хүлээн авч таалан соёрхоно уу...

#Lumino #New song #GANJEENJOO