Хонконгийн тэмцлийн манлайлагч 23 настай Жошуа Вонгийн тухай баримтууд


Сэтгүүлч Э.Онон | YOLO.MN
2019-11-18

Хонконгод гэмт хэрэгтний сэжигтнийг Хятадад шилжүүлэх хуулийн төслийг эсэргүүцсэний улмаас өрнөсөн жагсаал өдгөө ардчиллын төлөөх хөдөлгөөн болтлоо өргөжжээ.

Засгийн газар уг маргаантай хуулийн төслийг буцаан татсан боловч Хонконгчуудын тэмцэл намжих төлөвгүй байна. Тэд иргэдийн эсрэг хүч хэрэглэсэн цагдаа нарыг хараат бус шүүхээр шүүлгэх, Хонконгийн захирагч Керри Ламыг огцруулах, ардчилсан шинэчлэл хийх гэсэн шаардлагыг тавьж буй. Эдгээр залуучуудын зоригтой тэмцэл Бээжингийн эрх баригчдын толгойн өвчин болсон гэж хэлэхэд хилсдэхгүй.

Дэлхийн хамгийн хүчирхэг гүрний эсрэг ардчиллын төлөөх хөдөлгөөнийг 20 гаруй насны залуучууд манлайлж, жагсагчдын ихэнхийг миллениалууд бүрдүүлж байгаа юм. Энэ дунд 2014 онд “Шүхэрт хөдөлгөөн” гэх томоохон тэмцлийг тэргүүлж байсан 23 настай Жошуа Вонг бий. Эдүгээ түүнийг дэлхий нийт ардчиллын төлөө тууштай тэмцэгч, залуу удирдагч хэмээн харж байна.

Жошуа Вонг дэлхийн Нобелийн энх тайвны шагналд нэр дэвшиж байсан манлайлагч эсвэл 3 удаа шоронд орж байсан этгээд гээд ямар ч байдлаар тодорхойлж болно. Тэр тэмцсэнийхээ төлөө баривчлагдаж, дэлхийн олон ч хэвлэлийн нүүр хуудсанд гарч, БНХАУ-ын гадаад хэргийн сайдаар “урвагч” хэмээн цоллуулж явсан. Түүнтэй холбоотой баримтуудыг уншигч та бүхэнд хүргэж байна.

1. БАГА НАС

Жошуа Вонг христийн шашинтай гэр бүлд төрж, өсжээ. Багадаа хоёр жил тутамд гэр бүлийнхний хамт Хятадад шашны номлолоо дэлгэрүүлэх зорилготойгоор явдаг байж. Залбирал юунд ч туслахгүй гэдгийг ойлгосны дараа түүний активист болох замнал эхэлсэн гэдэг.

Амьдралынх нь түүхийг харуулсан баримтат кинонд Вонг "Би 13 настай байхдаа ядуу амьдралтай нэг айлд очиж байснаа санадаг юм. Бид шашны номлол, сургаал айлдаж, тэдний төлөө залбираад буцсан. Нэг жилийн дараа дахиад тэр айлдаа очлоо. Тэр үед би зөвхөн залбирах нь өөрчлөлт авч ирэхгүй юм байна гэдгийг ойлгосон. Өөрчлөлт хийхийн тулд үйлдэл хийх хэрэгтэйг ухаарсан" хэмээн өгүүлжээ.

Эцэг Рожер Вонг нь бас нийгмийн идэвхтэн бөгөөд хүүгээ багаас нь нийгмийн амьдралтай танилцуулж эхэлсэн гэдэг. Түүний аав бэлгийн цөөнхийн эсрэг кампанит ажил өрнүүлдэг олонд танигдсан нэгэн аж.  

Жошуа Вонг шашны тухай “Financial Times”-д ярихдаа “Бурхан бидэнд оюун санааны бие даасан байдал, шүүмжлэлт сэтгэлгээг бэлэг болгон заяасан. Ингэснээр бид зорилготой байж, хувийн үзэл бодлоо төлөвшүүлнэ. Гэхдээ миний шашны итгэл үнэмшил улс төрийн үзэл бодолтой минь ямар ч хамааралгүй” гэжээ.  

2. АЛДАР НЭР

“Time” сэтгүүл түүнийг хамгийн нөлөө бүхий өсвөр үеийнхний жагсаалтад багтааж, 2017 онд нүүр зурагтаа онцолж байв. Тухайн онд мөн Нобелийн энх тайвны шагналд нэр дэвшиж, алдар нэр нь улам түгжээ. Үүнээс гадна “Netflix” түүний амьдралын тухай өгүүлсэн “Joshua: Teenager vs Superpower” баримтат кино гаргасан байна.  

3. АМЖИЛТЫН АМТ

Жошуа Вонг арван жилдээ буюу 14-хөн насандаа олонд танигдаж эхэлсэн. Тэр үед Хонконгийн засгийн газар барууны ардчиллын хэв маягаас БНХАУ-ын коммунизм илүү давуу гэсэн санааг тусгасан үндэсний боловсролын хөтөлбөрийг танилцуулсан юм. Үүнд коммунизмын шинжтэй “тархи угаах” мэдээлэл байсныг Жошуа Вонг тэргүүтэй залуучууд эсэргүүцэн тэмцсэн байдаг. Түүний өрнүүлсэн “Сколаризм” хөдөлгөөнд олон мянган хүн нэгдэж, эцэст нь 100 мянгуулаа гудамжинд гарч жагссаны дараа засгийн газар уг хөтөлбөрийг цуцалж байжээ.

4. УЙГАГҮЙ ТЭМЦЭГЧ

2014 онд “Шүхэрт хувьсгал” хөдөлгөөний нүүр царай болсон тэрбээр дэлхий дахины анхааралд өртөж эхэлсэн. Тухайн үед олон мянган сурагч, оюутнууд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сонгуулийн тогтолцоог шаардан,  төв Хонконгийг 79 хоногийн турш эзэлж байв.

БНХАУ-ын хууль тогтоох байгууллага Хонконгод нээлттэй сонгууль явуулахыг журамласан ба Хятадад хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүс л улс төрийн томоохон албан тушаалд нэр дэвших боломжтой хэмээн тусгасан юм. Жошуагийн тэргүүлсэн "Сколаризм" хөдөлгөөн сонгуулийн системд шинэчлэл хийхийг эрмэлзсэн. Тэрбээр энэ тэмцлийнхээ талаар “Заримдаа би үүнийг үргэлжлүүлж чадахгүй юм байна гээд уйлдаг өдрүүд байсан. Би үнэхээр ядарсан, зогсохыг хүссэн. Гэхдээ уйлах цаг биш. Учир нь би тэмцлээ үргэлжлүүлэх үүрэг хүлээсэн” хэмээн ярьж байв.

Гэхдээ энэ бүхэн сайнаар төгсөөгүй. Жошуа Вонг 120 өдрийг хууль зөрчсөн хэргээр шоронд өнгөрүүлсэн юм. Энэ хугацаанд хоригдлууд хоорондоо ямар итгэл үнэмшлээр хэрхэн шүхэрт хөдөлгөөнд нэгдсэн талаараа хуваалцан ярьдаг байж. Уг үйл явдлын талаар Вонг дурсахдаа “Хоригдлууд хүний эрхийн ач холбогдлын талаар илүү ойлголттой байсан. Шоронгийн хамгаалагч хүртэл хэрхэн нууцаар жагсаалд оролцсон талаар бидэнтэй ярьдаг байсан” гэжээ.

Мөн залуухан тэмцэгч Вонг "Таван жилийн өмнө бид ардчиллын төлөө олон улсын тусламж, дэмжлэгийг эрэлхийлэхдээ хашир, хянамгай ханддаг байсан. Учир нь тухайн үед Бээжингийн засгийн газрын дургүйцлийг хүргэх вий гээд эмээдэг байсан" гэж "Financial Times"-д өгсөн ярилцлагынхаа үеэр хэлжээ. Харин одоо тэр хүчирхэг гүрнээс эмээхээ больсон мэт харагдана. Тэрбээр, сүүлийн хэдэн сард дэлхийн улс орнуудын засгийн газрын төлөөллүүдтэй Хонконгийн жагсагчдын өмнөөс уулзаж, санал солилцож байна. Тухайлбал, АНУ-д Хонконгийн жагсагчдыг дэмжих тухай акт батлуулах асуудлыг түргэвчлэхийг хууль сахиулагчдад уламжилж байсан. Үүний ачаар хоёр намын Төлөөлөгчийн танхим дуу нэгтэйгээр уг саналыг баталж, зөвшөөрсөн.

Германд гэхэд л Берлиний амьтны хүрээлэнгийн газарт “Ардчилал”, “Эрх чөлөө” нэртэй хоёр хулсний баавгайг бэлэг болгож өгсөн нь олон сонины гарчиг болжээ. Иймэрхүү байдлаар дэлхийн улс орнуудтай холбоо тогтоож буй. Түүнийг өмнө нь Бээжингийн засгийн газрын дарамтын улмаас Малайз, Тайланд улсад нэвтрэхийг хориглож байв.  

5. ШИНЭ ЭХЛЭЛ

Жошуа Вонг "Сколаризм" хөдөлгөөнийг татан буулгасны дараа буюу 2016 онд "Demosisto" улс төрийн намыг үүсгэн байгуулж, ерөнхий нарийн бичгийн даргаар нь ажиллаж эхэлжээ. Ойрын арван жилийн дотор Хонконгод бүх нийтийн санал хураалт явуулж, 2047 онд “нэг улс, хоёр систем” загвар дууссаны дараа ямар замыг сонгохоо шийдэх эрхийг иргэдэд олгох зорилгоор уг намыг үүсгэн байгуулсан.

150 жилийн турш Их Британийн колони байсан Хонконг 1997 онд “нэг улс, хоёр систем” зарчмын дор Хятадын эрхшээлд орсон. Ингэснээр тэд 2047 он хүртэл гадаад бодлого, батлан хамгаалахын салбараас бусад хэргийг өөрсдөө хариуцах автономит эрхтэй болсон юм. Үүнээс цааш тэдний онцгой статус хэрхэх нь тодорхойгүй.  

6. БУУЖ ӨГӨХГҮЙ

Өнөөдөр Хонконгийн залуучууд дэлхийн хамгийн хүчирхэг авторитар дэглэмтэй улсын эсрэг ардчиллыг шаардан тэмцлээ үргэлжлүүлсээр байна. Үр дүнд нь засгийн газар гэмт хэрэгтний сэжигтнийг Хятадад шилжүүлэн шүүлгэх хуулийн төслийг эрүүлэн татсан.

Энэ удаагийн тэмцэлд Жошуа Вонг урьдын адил тэргүүлэх үүрэг гүйцэтгэж буй. Түүний амьдрал тэр чигтээ активизмд зориулагдсан мэт. Тэрбээр Хонконгт өрнөж буй жагсаалын талаар “Би багадаа найзуудтайгаа кино үзэж, лазертай буугаар тоглодог байсан. Бидэнд одоо тоглох цаг байхгүй. Амралтын өдөр бүр жинхэнэ сумтай нүүр тулгарч байна. Миний ажил бол Хонконгод юу болж байгааг илчилж, илэрхийлэх явдал юм” гэж ярьжээ. Үргэлжлүүлэн “Энэ бол бидний үүрэг хариуцлага. Бид хийхгүй бол өөр хэн хийх гэж. Ядаж л бид Шинжаан, Төвдийнхөөс өөр нөхцөл байдалтай. Бид Хонконгод байна шүү дээ. Шинжаанд нэг сая орчим хүн боловсрол олгох нэртэй хоригдох байранд амьдарч байна. Хэдийгээр Хонконг Бээжингийн шууд удирдлагад байдаг ч олон улсын хот гэдгээрээ дэлхийд танигдсан учраас Бээжин ямар нэгэн үйлдэл хийхдээ болгоомжтой ханддаг” хэмээсэн юм.

Жошуа Вонг тэмцлийнхээ улмаас хэд хэдэн удаа хоригдож байсан. 2014 оны шүхэрт хөдөлгөөний үеэр хууль зөрчсөн хэргээр, 2017 онд мөн хууль бус жагсаал зохион байгуулсан, уриалсан гэх үндэслэлээр ял сонсож байсан. Гэсэн ч түүний тэмцэл дуусаагүй хэвээр.

Эх сурвалж: Financial times, South China Morning Post

#Тэмцэл #Залуус