П. Байгалмаа: Дэлхийд өрсөлдөх боломж эрэгтэй эмэгтэй гэлтгүй бид бүгдэд бий


Н.Санаа | YOLO.MN
2019-11-18

Ямар ч улс орны хөгжлийн түүхэнд инженер, зохион бүтээгчдийн гүйцэтгэсэн үүрэг, байгуулсан гавьяа хамгийн өндөр байдаг. Тиймээс Yolo.mn сайтын хамт олон инженер болохоор зорьж, ирээдүйгээ өөдрөгөөр төсөөлж, өөрийн гэсэн зорилгоо өмнөө тавин шаргуу сурч хөдөлмөрлөж яваа нэгэн оюутныг онцлон урьж ярилцлаа. Тэрээр Монгол - Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн 2-р курсийн оюутан. Ингээд түүний мөрөөдөлдөө хүрэх зам хэрхэн өрнөж буйг хамтдаа сонирхъё.


YOLO: Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе. Та манай уншигчдад зориулаад өөрийгөө товчхон танилцуулаач.

- Сайн байцгаана уу? Танд болон Yolo.mn сайтын уншигчдад энэ өдрийн мэндийг хүргэе. Би Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын ахлах сургуулийг төгсөөд 2017 онд Монгол - Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн Инженерийн бэлтгэл ангид элсэн орсон. Одоо 2-р курсийн оюутан. Цаашид механик инженер болохоор Германы Эрдмийн Солилцооны Албаны (DAAD) тэтгэлэгтэйгээр сургуульдаа суралцаж байна.

YOLO: Ингэхэд яагаад механик инженер болохоор шийдсэн нь их сонирхолтой байна.

- Би хүүхэд байхаасаа л олон зүйлийн учир шалтгааныг олох гэж хичээж, сонирхдог байлаа. Эрэгтэй хүүхэд шиг л машин техник сонирхож, тэдгээрийг хэрхэн яаж эвлүүлж хийдэг бол гээд л тэрүүхэн тэндээ сэтгэн бодох зүйл ихтэй хүүхэд байв (инээв). Тэр үеэс математик, физикийн хичээлдээ шамдан суралцаж, сонирхлоо хөгжүүлж, үүнийгээ мөрөөдөлдөө хүрэх нэгэн шат болгоё гэж шийдсэн. Ингээд хүссэн мэргэжлээрээ хаана сурч болох талаар судалж үзэхэд "GMIT" сургууль миний анхаарлыг нэлээд татсан. Өөрийн гэсэн цогц орчинг бүрдүүлсэн хотхонтой, сургалт нь англи хэл дээр явагддаг гээд бүх зүйл нь шинэлэг санагдсан учир өөрийгөө сориод үзье гэж бодсон.

Зориг сангийн “Залуу технологичдын хурдасгуур хөтөлбөр”-т GMIT багаараа оролцсон нь

Зориг сангийн “Залуу технологичдын хурдасгуур хөтөлбөр”-т GMIT багаараа оролцсон нь


YOLO: Анх их сургуульд элсэн ороход таны амьдралд ямар өөрчлөлтүүд гарсан бэ? Ямар шинэ боломжууд нээгдсэн бэ?

- Хувь хүнийхээ хувьд их нээлттэй болсон. Сургуулийнхаа мэтгэлцээний клубд явснаар өөрийнхөө үзэл бодлыг цэгцтэй илэрхийлж, аливаа зүйлийг олон талаас нь харж дүгнэх чадвар минь сайжирч, нэлээд өөрчлөгдсөн гэж боддог. Мэдэхгүй чадахгүй зүйл их гардаг ч өөрөө оролдож байгаад л сурдаг болсон. Хэдий хичээл ихтэй ч сургуулийнхаа сайн дурын клубууд болон онлайн сургалтуудад хамрагдан суралцаж, цаг үргэлж өөрийгөө хөгжүүлэхэд тэмүүлдэг. Би “Чаддаг нь биш, хүссэн нь хийж, цагийг эрж хайлгүйгээр цаг хугацааг өөрөө бүтээж чадсан нь хүсэл мөрөөдөлдөө хүрч чадна" гэдэгт итгэдэг.

Манай сургууль ч олон талын боломжийг олгодог. Герман болон Хятадын уул уурхайн сургуулиудтай хамтарч, жил бүр оюутнуудаа зуны сургалтад хамруулж, тухайн орны соёл, зан заншилтай танилцан, бусад орны оюутан залуустай туршлага солилцож, сүүлийн үеийн техник технологийн дэвшилтэй хөл нийлүүлэн алхах боломжийг олгодог. Миний хувьд өнгөрсөн зун ангийнхантайгаа хамт зуны сургалтаар Герман яваад ирсэн. Германы томоохон гүний болон ил уурхайгаар зочилж, манай сургуультай хамтардаг Фрайбергийн Техникийн их сургуулийн лабораториудад туршилт хийж үзсэн нь онолын мэдлэгээ дадлагаар баталгаажуулж авах гайхалтай боломж байлаа.

Фрайберг хоттой танилцах аялал

YOLO: Сургуулийнхаа талаар товчхон танилцуулахгүй юу?

- Манай сургууль анх 2013 онд Монгол болон Герман улсын Засгийн газрын хамтын ажиллагаа, хэлэлцээрийн үр дүнд анх байгуулагдсан. Эдийн засагч инженер, Хүрээлэн буй орчны инженер, Механик инженер, Уул уурхайн боловсруулах инженер зэрэг бакалаврын түвшний 4 чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг. Бүх хичээл Германы сургалтын хөтөлбөрийн дагуу, олон улсын стандартад нийцсэн орчин нөхцөлд англи хэл дээр явагддаг. Дэлхийн нэр хүндтэй их, дээд сургуулиудад суралцсан Монгол, Герман, Америк, Канад, Солонгос профессор, багш нар хичээл заадаг учир сургалтын хувьд өндөр түвшинд чанартай явагдаж, тэр хэрээр багш нараасаа тухайн орны соёл болон инженерийн мэдлэг, туршлагаас өдөр бүр суралцах боломжтой. Тиймээс манай төгсөгчдийн ажил эрхлэлт бусад сургуультай харьцуулахад харьцангуй өндөр байдаг нь онол, дадлагыг ямагт хослуулдаг сургалтын онцлогтой холбоотой байх. Дөнгөж орсон шинэ элсэгчид ч томоохон байгууллага, компаниудад инженерийн суурь дадлагаа хийж байна. Цаашлаад Германы уул уурхайн байгууллагуудад ч үйлдвэрлэлийн дадлага хийх боломжтой учир асар их туршлага хуримтлуулдаг. Манай Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн нийт оюутны 30 орчим хувь нь тэтгэлэгтэйгээр суралцдаг. Энэ нь олон улсын түвшний боловсролыг эх орондоо, тэтгэлэгтэйгээр эзэмших маш том боломжийг бүрдүүлж өгсөн.

 

ХБНГУ-д хийсэн зуны сургалтын үеэр Давсны уурхайд

ХБНГУ-д хийсэн зуны сургалтын үеэр Давсны уурхайд


YOLO: Танай сургуулийн хотхон, орчин ямархуу вэ?

- Бүх оюутан нь дотуур байрандаа амьдардгаараа онцлогтой. Бидэнд яг л төрсөн гэртээ байгаа мэт тав тухтай орчныг бүрдүүлж өгсөн. Мөн гал тогоо, амралтын өрөөндөө цуглараад сонин хачин зүйл ярьж суухад үнэхээр халуун дотно уур амьсгал бүрддэг. Бүх сурах бичиг, номын сан, анги танхим маань багаар болон бие дааж хичээл хийхэд хангалттай хүрэлцээтэй байдаг. Нөгөө талаар дөнгөж ахлах сургуулиа төгсөөд манай сургуульд орсон шинэхэн оюутнуудад хичээл болон шалгалтаас айх айдас их төрдөг. Миний хувьд ч шинэхэн оюутан байсан үе саяхан. Гэсэн хэдий ч оюутнууд маань бүгд нэг нэгэндээ тусалдаг, чадахгүй, мэдэхгүй зүйлээ асуусан ч мэддэг хүнтэй нь холбож өгч чаддаг учраас бэрхшээл тулгарах нь бага юм шиг санагддаг. Дээд курсийн ах эгч нараасаа хичээл, мэргэжлийн дадлагын талаар зөвлөгөө авах боломж ч үргэлж нээлттэй байдаг.

YOLO: Хичээлийн цагийн хуваарийн хувьд?

- Ихэнхдээ өглөөний 9 цагаас 16 цаг хүртэл хичээллэдэг. Ачаалал ихтэй үед 19 цаг хүртэл хичээллэх тохиолдол ч бий.

GMIT “Coffee corner”-т оюутнуудын хамт

GMIT “Coffee corner”-т оюутнуудын хамт


YOLO: Нэлээн шахуу цагийн хуваариар хичээллэдэг юм байна. Чөлөөт цагаараа дугуйланд хамрагддаг уу?

- Дугуйлан клубууд маань хичээл тарсны дараа буюу оройн 18 цагаас хойш явагддаг. МГТИС-д сурч байгаагийн бас нэгэн том давуу тал шүү. Жишээлбэл бид бүжгийн клубдээ өөрсдөө Монгол бүжиг дэглээд төгсөлтийн баяр дээр бүжиглэсэн. Мөн мэтгэлцээний клубээр дамжуулан олон улсын болон үндэсний томоохон тэмцээнүүдэд оролцдог. Амьд хөгжмийн хамтлаг, шатар, кино гэх мэт чөлөөт цагаараа өөрсдийгөө хөгжүүлэх маш олон клуб бий.

YOLO: Энэ сургуульд сурснаараа, оюутны дотуур байранд амьдарснаараа олж авсан давуу тал гэвэл?

- Биеэ даах, багаар хамтран ажиллах, өөрийнхөө үзэл бодлыг зөвөөр ойлгуулах, хамтран суралцах, амьдарч буй оюутнуудаа хүндэтгэх, цаг төлөвлөлт сайтай болох гээд өнөө цагийн залууст хэрэгтэй төрөл бүрийн чадварт суралцаж байна. Ихэнх оюутнууд маань өөрсдөө дотуур байрандаа хоол хийдэг учраас хоолыг хурдан хугацаанд амттай хийж сурсан даа. Ер нь гэрээсээ хол байгаа оюутнууд маань амттай хоол хийж идээд, түүнээсээ эрч хүчээ сэлбэдэг /инээв/. Дөнгөж оюутан болж байхдаа ямар хоол хийхээ хүртэл ээжээсээ асуудаг байлаа. Одоо бол аливаа шийдвэрийг аль болох өөрөө, зөв гаргахыг хичээж, биеэ дааж сурч байна. 


YOLO: Манай уншигчид дунд инженер болохоор зорьж буй сурагчид цөөнгүй байгаа байх. Тэдэнд маань хандан зөвлөгөө өгөхгүй юу?

- Ирээдүйд инженерийн чиглэлээр суралцах гэж буй уншигч залуус маань математик, хими, физикийн хичээлдээ сайн шамдахын зэрэгцээ англи, герман, эсвэл испани гэх зэрэг мэргэжлийн чиглэлээсээ хамаараад чухал гэсэн хэлээ сайн сурах хэрэгтэй. Мөн цаг үргэлж хөгжин өөрчлөгдөж, шинэчлэгдэж буй технологиудыг сонирхон судалж байгаарай. Би дунд сургуульд байхдаа маргаашийн хичээл дээр хийх дасгал бодлогуудаа аль хэдийн бодчихсон, шинэ сэдвээ өмнөх өдөртөө өөрөө судлаад, ойлгоогүй зүйлээ багшаасаа асууж, зөвхөн гэрийн даалгавраар хязгаарлагдалгүй илүү зүйл сурч судлахыг хичээдэг хүүхэд байсан. Ингэж суралцсан маань аливаа зүйлийг ягштал ойлгож, сайн суралцахад нөлөөлсөн байх. Мөн эмэгтэй хүнд инженерийн мэргэжил хэцүү, ганц боолт ч чангалж чадахгүй гэх хандлага түгээмэл байдаг. Гэтэл зөвхөн Монголдоо ажиллах биш, дэлхийтэй өрсөлдөх боломж чадамж эрэгтэй, эмэгтэй гэлтгүй бид бүгдэд бий. Яагаад болохгүй гэж? Би ч гэсэн чадна гээд л өөрийнхөө чадварт итгэх хэрэгтэй. Бас хичээж хөдөлмөрлөж байж л хүссэн газраа хүрч санасан зорилгоо биелүүлнэ шүү дээ. Шантрах үе зөндөө байдаг ч тэр цагт өөрийгөө зоригжуулаад хэн юу ч гэж хэлж байсан хийгээд л байх хэрэгтэй.

ХБНГУ дахь хамтрагч Фрайбергийн Техникийн их сургуулийн гүний уурхайд

ХБНГУ дахь хамтрагч Фрайбергийн Техникийн их сургуулийн гүний уурхайд


YOLO: Та ирээдүйн зорилгоосоо хуваалцаач.

- Би хөдөө сумын төвд өссөн болоод ч тэр үү техник технологийн дэвшил болоод маш олон боломжийг байдаг гэдгийг ч мэдээгүй явсан. Их сургуульд ороод гадаадаас ирсэн доктор профессоруудаас суралцаад ирэхээр, “Намайг ахлах сургуульд байхад ингээд хэлээд, сургаад өгчихсөн бол...” гэж бодох тохиолдол зөндөө байдаг юм билээ. Алсдаа дунд сургуулийн сурагчдад зориулсан сансрын шинжлэх ухааны төв байгуулах санаатай байгаа. Нэр болоод үйл ажиллагааны загвараа хүртэл гаргачихсан /инээв/. Энэ зорилгодоо хүрэхийн тулд их зүйл сурах шаардлагатай бөгөөд ойрын хэд хэдэн зорилт байгаагийн нэг нь Америкийн "MIT" гэх их сургуулийн хаалгыг татаж үзэх бодолтой байна. Яагаад гэвэл 1-р курст байхдаа тэдний ионы хөдөлгүүрийн төслийг сонирхоод өөрийн биеэр сургуулийнхаа физикийн лабораторид туршилт хийсэн боловч төдийлөн амжилттай болоогүй болохоор энэ чиглэлээр гүнзгийрүүлэн судлах сонирхол төрөөд механик инженерийн мэргэжлийг сонгосон юм /инээв/.

YOLO: Баярлалаа. Таны цаашдын сурлага хөдөлмөрт нь өндрөөс өндөр амжилт хүсье.

Баярлалаа. Yolo.mn сайтын хамт олонд мөн амжилт хүсье.


#Амжилт