ХАРРИ ПОТТЕР цуврал номын ҮНЭНЧ УНШИГЧИД шөнөжин дугаарлажээ


Сондор | YOLO.MN
2016-08-01

Хүүхдүүд төдийгүй насанд хүрэгчдийн дурлан үздэг шидтэн Харри Поттерын адал явдлын найм дахь ном болох "Harry Potter and the Cursed Child" (Харри Поттер ба хараагдсан хүүхэд) өчигдрөөс эхлэн худалдаанд гарлаа. Өөрөөр хэлбэл энэ нь "Харри Поттер ба хараагдсан хүүхэд" жүжгийн хэвлэмэл хувилбар бүхий ном юм.

Их Британийн 140 номын дэлгүүрт Харри Поттерын цувралын найм дахь номын худалдааны албан ёсны нээлт болсон. Тус номын хорхойтнууд дуртай номоо амжиж худалдан авахын тулд шөнөжин дараалалд зогсжээ. Худалдан авагчдын хөлд дарагдсан номын дэлгүүрүүд Харри Поттерын шилдэг хувцасны уралдаан зэрэг тусгай үдэшлэг зохион байгуулжээ. Тэдний ихэнх нь дуртай баатруудынхаа дүрд хувирсан байх ба тэдний дунд насанд хүрсэн үнэнч уншигчид ч мэр сэр байх аж.

Лондон, Эдинбург, Манчестер хотын номын дэлгүүрүүд Харри Поттерын шүтэн бишрэгчдийн хөлд хамгийн ихээр дарагджээ.

“Харри Поттер ба хараагдсан хүүхэд” ном худалдаанд гарсан даруйдаа хэдхэн цагийн дотор сая гаруй хувь борлогдсон байна. Шинэ бүтээл энэ оны хамгийн борлуулалттай ном болно гэж мэргэжилтнүүд таамаглаж байна.

Шинэ ном нь жүжгийн зохиолоос бүтэх бөгөөд үйл явдал нь өмнөх долоо дахь номын  хэрэг явдлаас хойш 19 жилийн дараа өрнөдөг гэнэ. Шинэ түүхийн гол баатар нь Харри  Поттерын бага хүү Альбус Северус. Түүнд гэр бүлээс нь өвлөгдсөн “хүнд ачааг” үүрэх хувь ногдсон байх аж.

2007 оноос хойш хэвлэгдэн гарсан тус номын зохиолч нь Ж.К. Роулинг бүсгүй гэдгийг мэдэхгүй хүн үгүй биз ээ. Долдугаар сарын 31-нд шинэ номынхоо нээлтийг хийсэн учир нь энэ өдөр түүний 51 насны төрсөн өдөр тохиосон аж.

Тус номыг Waterstones, Amazon зэрэг сайтуудаар захиалах боломжтой аж.

Харри Поттерийн нийт цувралууд:

1. Harry Potter and the Philosopher's Stone (1997)
2. Harry Potter and the Chamber of Secrets (1998)
3. Harry Potter and the Prisoner of Azkaban (1999)
4. Harry Potter and the Goblet of Fire (2000)
5. Harry Potter and the Order of the Phoenix (2003)
6. Harry Potter and the Half-Blood Prince (2005)
7. Harry Potter and the Deathly Hallows (2007)
8. Harry Potter and the Cursed Child (2016)

 

















Эх сурвалж:

#Ном #Book #Hobby #Freetime #HarryPotter