BTS хамтлагийн 21 цомог нэгэн зэрэг "iTunes" чартад жагслаа


Б.Булган-Эрдэнэ | YOLO.MN
2019-11-16

Энэ оны дөрөвдүгээр сард BTS хамтлаг "Map of the Soul: Persona" цомгоо олон нийтийн хүртээл болгосон бөгөөд тухайн цомог нь гарсан даруйдаа 87 улсын "iTunes", "Billboard 200" чартад тэргүүн байранд жагссан билээ. Тэгвэл одоо энэхүү цомог цацагдсанаа хойш бүтэн 7 сарын дараа дахин жагсаалтуудыг тэргүүлээд ч зогсохгүй тус хамтлагийн бүх 21 цомог нэгэн зэрэг "iTunes" чартад жагсаад байна. 

Цомог олон нийтэд цацагдсанаас хойш олон сарын дараа дахин томоохон чартуудыг тэргүүлж эхлэх нь энгийн үзэгдэл ч биш, огт учир шалтгаангүй зүйл ч биш юм. 

Өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 10-ны өдөр зохион байгуулагдсан "People Choice Awards"-д BTS хамтлаг “Шилдэг хамтлаг”, “Шилдэг Аялан Тоглолт”, “Шилдэг Дууны Клип” гэсэн гурван төрөлд нэр дэвшсэн юм. Тэд нэр дэвшсэн төрөл бүрдээ өрсөлдөгчдөө тус тус 22.5 сая, 19.6 сая, 11.8 сая саналын зөрүүтэйгээр тэргүүлж байсан хэдий ч уг шагнал гардуулах ёслолоос ямар ч шагнал хүртээгүй билээ. 

Улмаар шүтэн бишрэгчид нь тухайн шагнал гардуулах ёслолын хариуг шударга бус байсан хэмээн үзэж, нэлээдгүй бухимдалтай байгаа хэдий ч энэ нөхцөл байдлыг бүтэн "180 градус эргүүлэхээр" шийдсэний үр дүнд дуунуудыг нь дахин худалдан авч, стрийм хийж эхэлжээ. Мөн Твиттерт #BuyPERSONAoniTunes гэх хаштагийг хэрэглэж эхэлсэн бөгөөд хэдхэн цагийн дотор л энэхүү хаштаг нь сая гаруй хандалт авч Твиттерийн "Trending" хэсгийг тэргүүлсэн байна. 

Ингээд "Map of the Soul: Persona" цомог нь АНУ-ын "iTunes" чартад бүтэн өдөр хүрэхгүй хугацаанд 1090 байраар урагшилж, хоёрдугаар байранд оржээ. Харин тус хамтлагийн ахлагч Ким Намжүн буюу RM-н соло цомог болон “Mono” нь дөрөвдүгээр байранд жагсаж эхэлжээ. Тэдний араас Kanye West, Ariana Grande, Miranda Lambert, Post Malone, Taylor Swift зэрэг уран бүтээлчдийн цомгууд удаалж буй аж.

Харин тус хамтлагийн гишүүн J Hope буюу Жон Хусогийн соло цомог “Hope World” 14-т, Suga буюу Мин Юнгигийн соло цомог “Agust-D” 19-т жагсаж эхэлжээ. Одоогоор "Map of the Soul: Persona" цомог нь 47 улсын "iTunes"-д тэргүүлж байгаа бөгөөд мэргэжилтнүүд энэ үзүүлэлтийг ахиад ч өсөх магадлалтай хэмээн таамаглаж байна. Ингээд ч зогсолгүй 13 Солонгос цомог, 3 Япон цомог, RM, J-Hope, Suga нарын соло цомог нь бүгд нэгэн зэрэг "US iTunes" чартад ахин жагссанаар нийт 21 цомгоо энэхүү чартад нэгэн зэрэг жагсаан рекордыг эвджээ. 

Зарим фенүүдийн сэтгэгдлээс дурдвал:

- Бүтэн долоон сарын өмнө гарсан цомгыг нь эхний тавд жагсаатал нь сая сая хүмүүсийн дургүйг хүргэж байна гээд төсөөл дөө. Ухаан муутай юм, яасан ч ялалт бидэнд байдаг байхад...

- Хэрвээ BTS ямар нэг зүйлд ялах юм бол АРМИ нар жаргалтай байдаг болохоор жагсаалтууд нь ахиад л өсөөд эхэлдэг, харин BTS шударга бусаар ялагдчихаар АРМИ нарын уур нь хүрээд өнөөх жагсаалтууд нь бүр ч их өсчихдөг... Яаж BTS-г ялах вэ гээд хүмүүсийн толгой ч их өвддөг байх даа.

- Үгүй ээ, энэ бүхний учир нь тэр хамтлагийг ялчихсанд уурлаж байгаа юм огт биш. Хамгийн чухал нь тийм их саналын зөрүүтэй байхад хүртэл ичихгүй ийм хариу гаргасанд л байгаа юм. Бусад нь ч яах вэ гэхэд “Шилдэг Аялан Тоглолт” бол анхнаасаа л BTS-нх байсан шүү дээ. "Billboard"-с гаргасан 2019 оны дэлхийн шилдэг аялан тоглолтуудын жагсаалтад BTS бараг 52 сая орчим ам.долларын орлоготой нэгдүгээрт жагссан байсан. Харин тэр жагсаалтад хоёрт бичигдсэн METALLICA 28 сая орчим ам.долларын орлоготой, бараг л хоёр нугалуулчихсан. Гэтэл энэ шагнал гардуулах ёслолд түрүүлсэн хамтлагийнх нь 3.6 сая ам.доллар байсан... Санаа зовмоор юм...

- Map of the Soul; Persona бүр “Шинээр гарсан” гэх төрөлд нь орчихож. Бүхэл бүтэн алгоритмыг нь эвдээд хаячихлаа шүү дээ.

- Карма гэж сонссон уу? Энэ байна.

- Өөрсдөө л comeback хийхээс, BTS хийхгүй байгаагаас хойш...

Тэдний шүтэн бишрэгчид энэ мэтчилэн шуугиан дэгдээж байгаа тул тэдний жагсаалтад үзүүлсэн амжилтууд одоо ч зогсохгүй үргэлжилсээр байгаа билээ.

BTS хамтлагийн хувьд дараагийн цомгоо хэзээ гаргах талаар одоогоор тодорхой мэдэгдэл хийгээгүй байгаа хэдий ч өнөөдөр зураг авалтад орохоор Финланд улсыг зорьсон байна. 

Тэдний 7 сарын өмнө гарсан ч одоогоор чартуудыг тэргүүлсээр буй дууг сонсохыг хүсвэл:

#kpop #BTS