Элон Маскийн хамгийн агуу 25 амжилт


Сэтгүүлч Г. Оюун | YOLO.MN
2019-11-14

Элон Маск бол олон төрлийн авьяас чадвартай нэгэн.  Зарим хүмүүс түүнийг "Тесла"-гийн нүүр царай гэдгээр нь хардаг бол зарим нь түүнийг сансар огторгуйн “эрэл хайгуулч” гэж боддог. Тэгвэл дэлхий нийтийн "боломжгүй" хэмээн үзэж байсан зүйлсийг боломжтой болгож харуулсан Элон Маскийн хамгийн агуу 25 амжилтыг толилуулъя.

1. 9 настай байхдаа "Британика" нэвтэрхий толийг уншиж дуусгасан.

Маск багаасаа л унших дуртай нэгэн байжээ. Тэрээр өдөрт дунджаар 10 цагийг  шинжлэх ухааны ном зохиол уншихад зарцуулдаг байсан аж. Тийм ч учраас 4-р ангид орохоосоо өмнө "Британика" нэвтэрхий толийг уншиж дуусгасан байна.

2. Гурван өдрийн дотор л программ бичиж сурсан.

Маскийн хувьд 10 настайгаасаа л техник технологийн ертөнцөд хөл тавьжээ. 6 сар суралцдаг програмчлалын тухай хичээлийг 3 өдрийн дотор бие даан сурсан гэдэг. Түүгээр ч зогсохгүй 12 настайдаа видео тоглоом бүтээж, түүнийгээ 500 доллараар зарсан аж.

3. Анхны дадлага. 

Маск коллежид байхдаа сэтгүүл дээрээс удирдлагуудынхаа тухай уншаад тэднийг өдрийн хоол идэхийг урьдаг байжээ. Ингэж явсаар "Scotia" банкинд дадлага хийх боломжтой гарч, жилийн дараа шинэ бизнесийн санаагаа олсон байна. 

4. Түрээсийн төлбөрөө "хялбархан" олов.

Сургалт, түрээсийн  төлбөрөө өөрөө олдог оюутны хувьд түүнд орлогын баттай эх үүсвэртэй болох хэрэгцээ шаардлага их байв. Ийнхүү өрөөний найзтайгаа хамтран 10 унтлагын өрөөтэй байшин түрээслээд, түүнийгээ клуб болгож, ганцхан шөнийн дотор л бүтэн 1 сарын түрээсээ олж байжээ.

5. Хоёр мэргэжилтэй.

Тэрээр эдийн засагч, физикч гэсэн давхар мэргэжилтэй ба Кингстоны Хатан Хааны Их Сургуульд 2 жил сурсны дараа 100% тэтгэлэгтэйгээр Пенсильванийн Их сургуульд үргэлжлүүлэн суралцжээ. 

6. Анхны компаниа 307 сая доллараар зарсан.

Тэрээр өөрийн төрсөн дүү Кимбалтайгаа (Kimbal) хамтарч "Zip2" компанийг байгуулсан ба хожим тухайн компаниа 307 сая доллараар зарсан байна. Ийнхүү 27 настай Маск 22 сая долларын ашиг хүртсэн нь багагүй амжилт байлаа.

7. "Paypal"-ийн гүйцэтгэх захирал Элон Маск.

"Paypal" гэдэг нь Маскийн старт ап болох "X.com" болон "Confinity" нарын хамтарсан компани юм юм. Тэрээр ийнхүү "Paypal"-ийн гүйцэтгэх захирлаар ажилласан ба 2 жилийн дараа компаниа "eBay"-д 1,5 тэрбум доллараар зарж,  180 сая долларын ашиг хүртжээ.

8. "SpaceX"-ийг байгуулав.

"PayPal"-ийн дараа түүний сонирхол сансар огторгуй руу чиглэжээ. Улмаар 2002 онд өөрийн сансрын хөлгийг бүтээхээр "SpaceX" компаниа байгуулсан ба 2006 онд "НАСА"-тай гэрээ хийж чадсан байдаг.

9. “Musk Foundation”-г үүсгэн байгуулав.

Тэрээр 2002 онд өөрийн нэрэмжит санг байгуулсан. Тус сан нь нийт дөрвөн чиглэлээр тусламж үзүүлдэг. Үүнд:

- Сэргээгдэх эрчим хүч

- Хүн төрөлхтний сансрын судалгаа

- Хүүхдийн эмнэл зүйн судалгаа

- Шинжлэх ухаан, инженерийн боловсрол.  

10. "Тесла"-гийн гүйцэтгэх захирал болов.

Маск 2004 онд "Тесла"-гийн удирдах зөвлөлд ажиллаж байсан ба 2007 онд гүйцэтгэх захирлын үүрэгт албыг албан ёсоор хүлээн авчээ. 

11. Цахилгаан машины салбарт хувьсгал хийв.

"Тесла"-гаас 2008 онд “Roadster” хэмээх цахилгаан машинаа танилцуулсан нь тухайн үедээ ихээхэн шуугиан тарьсан билээ. Байгаль орчны тэнцвэрт байдалд ихээхэн санаа зовниж буй хүн төрөлхтний хувьд энэ машин нь олон олон асуудлыг шийдэх боломжтой байв. 2016 онд дундаж давхаргынханд зориулсан “Модел 3” хэмээх загвараа танилцуулж 300,000 гаруй захиалга авч байжээ.

12. "НАСА"-тай тэрбум гаруй долларын гэрээ байгуулжээ.

"SpaceX" нийт 3 удаа бүтэлгүйтсэн ч 2008 онд 4 дэх пуужингаа амжилттай хөөргөж чадсан байна. Ийнхүү Маск "НАСА"-тай 1,6 тэрбум долларын гэрээ байгуулжээ.

13. “Model S”-ийг танилцуулав.

Маск 2009 онд "Тесла"-гийн “Model S” автомашиныг танилцуулж, 2013 онд  энэ нь аюулгүй байдлын зэрэглэлээрээ 100-с 99 оноо авч байжээ. Энэ бол автомашины хөгжлийн түүхэнд шинэ амжилт тогтоосон үйл явдал юм.

14. "Falcon 9" пуужинг хөөргөв.

2015 онд "Falcon 9" пуужинг хөөргөж, 11 хиймэл дагуулыг сансарт хөөргөжээ. Үүний дараа тус пуужин дэлхийд газардсан бөгөөд энэ нь пуужинг дэлхийд буцаан газардуулсан анхны амжилттай оролдлого байсан юм.

15. “Giving Pedge” санд  нэгдэв.

Тэрээр 2012 онд дэлхийн тэрбумтнуудын нэгддэг “Giving Pedge” санд элсжээ. Уг санд Билл Гейтс (Bill Gates), Марк Зюкерберг (Mark Zuckerberg) зэрэг дэлхий дахинаа танигдсан тэрбумтнууд хандив өгдөг бөгөөд Маск ч өөрийн хөрөнгийн тодорхой хувийг хандивлаж эхэлжээ.

16. Сансарт дахин ашиглах боломжтой пуужин илгээв.

2015 онд "Falcon 9" пуужинг амжилттай газардуулсан тэрээр 2017 онд өмнө нь ашиглаж байсан пуужингаа дахин ашиглахаар болжээ.

17. Тээврийн хэрэгсэлд дахин шинэчлэл хийсэн нь.

Маскийн бүтээсэн бас нэгэн гайхамшигтай үйл нь “Hyperloop”-ийг танилцуулсан явдал юм. Энэ нь сэргээгдэх эрчим хүчийг ашиглан томоохон хот хооронд явах тээврийн хугацааг багасгах зорилготой байв. 

18. "OpenAI"  компанийг байгуулав.

Хиймэл оюун ухааныг хөгжүүлэх зорилгоор 2015 онд "OpenAi" хэмээх компани байгуулахаа зарлажээ.

19. Нарны хавтан үйлдвэрлэгч “Solarcity”.

Элон Маск 2006 онд “Solarcity”-д  10 сая долларын хөрөнгө оруулалт хийжээ. Төд удалгүй тус компани томоохон нарны хавтан үйлдвэрлэгчдийн нэг болсон байв. Ийнхүү 2016 онд Маск “Solarcity”-г худалдаж авч, "Тесла"-гийн охин компани болгожээ.

20. “The Boring Company”

“Hyperloop” төслийг гүйцэтгэх “The Boring Company” нь Маскийн сүүлийн үеийн ажлуудын нэг юм. Энэ нь хотуудыг хооронд нь холбосон хонгил барих компани аж.

21. “Powerwall”-ийг хэрэглээнд нэвтрүүлэв.

"Powerwall" бол нарны зайн хураагуурын тусламжтайгаар эрчим хүч хуримтлуулдаг систем юм. Ийнхүү "Тесла" компаниас 2015 онд уг бүтээгдэхүүнийг олон нийтэд санал болгож, эрчим хүч зарцуулалтаа хэмнэх боломжийг олгожээ.

22. “Neuralink”-ийн төслийг танилцуулав.

Сансар огторгуйн судалгаа, цахилгаан машин Маскийн хувьд хангалттай байсангүй. Түүний шинийг эрэлхийлэгч зан дэлхий нийтийг өөр нэгэн зүйлтэй танилцуулжээ. Энэ бол “Neuralink” хэмээх хиймэл оюун ухаан хөгжүүлэх компани юм.

23. Гариг хоорондын хөлөг “Big Falcon Rocker”.

Маск 2017 онд “Big Falcon Rocker” (саяхнаас Starship гэж нэрлэх болсон) хөлгөө танилцуулжээ. Энэ нь 2022 он гэхэд Ангараг гарагийг зорихоор төлөвлөгдөөд байгаа юм.

24. Дэлхийн хамгийн нөлөө бүхий хүмүүсийн нэг.

"Forbes" сэтгүүлээс жил бүр дэлхийн хамгийн нөлөө бүхий хүмүүсийн жагсаалтыг гаргадаг ба 2018 онд Элон Маск тус жагсаалтад багтжээ. Энэхүү жагсаалт нь өөрийн ажилладаг салбартаа тэргүүлэгч,  нөлөө бүхий хүмүүсийг онцолдог аж. 

25. Шанхайд “Gigafactory 3”-ыг байгуулна.

Элоны сүүлийн үед хийсэн томоохон ажлуудын нэг нь Шанхай хотод "Тесла"-гийн “Gigadactory”-г байгуулах төсөл юм.  "Тесла"-гийн хоёр дахь том зах зээл нь БНХАУ бөгөөд АНУ-аас өөр оронд үйлдвэрээ барьж буй анхны тохиолдол нь энэ ажээ.

Элон Маскийн сониуч зан, хичээл зүтгэл, тууштай шийдвэр нь түүнийг дэлхийн хамгийн хүчирхэг бизнес эрхлэгчдийн нэг болгосон гэхэд хилсдэхгүй. Хүний хүсэл мөрөөдөлд хязгаар байдаггүй гэдгийг харуулсан энэ эрхэм ирээдүйд нэг гарагаас нөгөө гараг руу аялж байхыг ч үгүйсгэх аргагүй. 

Эх сурвалж: www.careeraddict.com

#Elon Musk #Tesla #Proud