"Минималист байх 7 өдрийн challenge" хэрэгжүүлсэн тэмдэглэл


Б.Мишээл | YOLO.MN
2019-11-11

Өнгөрсөн долоо хоногт миний бие “Минималист байх 7 өдрийн challenge”-г өөрийн цахим хаягуудаараа дамжуулан хэрэгжүүлсэн бөгөөд үүнд 500 гаруй хүн нэгдсэн билээ. Энэхүү давлагааны гол зорилго нь өөрийнхөө төлөө өөрийн амьдралын хэв маягтаа өөрчлөлт оруулж стрессгүй амьдралыг эрэлхийлэх байлаа.

Мэдээж эхний асуулт бол Минималист гэж юу вэ?

Минималист бол энгийн, хялбар, стрессгүй амьдралын хэв маяг билээ. Мөн минималист хэв маягаар одоогийн амьдралын хэв маягаа өөрчлөхийг хүсвэл танд өөрийгөө хайрлах сэтгэл, өөрчлөгдөж чадна гэсэн илтгэл хэрэгтэй.

Миний хувьд минималист хэв маягаар амьдрахыг хүсдэг хүмүүсийн нэг бөгөөд үүнийхээ эхлэл болгож “Минималист байх 7 өдрийн challenge”-ийг амжилттай хэрэгжүүллээ. Харин 7 өдрийн сорилт маань юу байсан бэ гэж үү?

Ингээд сhallenge-ийнхээ дагуу туршиж үзсэн 7 сорилтыг хэрхэн давсан болон тухайн өдрийнхөө сэтгэгдэл, болсон процессыг дэлгэрэнгүй өгүүлье.

1.    ХУВЦАСНЫ ШҮҮГЭЭГЭЭ ЦЭВЭРЛЭ

Хувцасны шүүгээгээ цэвэрлэх нь хамгийн эхний сорилт байсан бөгөөд энэ нь зүгээр л бүх хувцаснуудаа шүүгээнээсээ гаргаад сайхан эвхээд буцаан шүүгээндээ хийх гэсэн үг биш юм. Харин өөрт байгаа өмсдөггүй хувцас болон цаашдаа ч өмсөхгүй хувцсаа ялгах зорилготой билээ. Мөн энэхүү сорилтыг хэрэгжүүлэхээсээ өмнө өөрөөсөө нэг зүйлийг асуугаарай. Би гадуур гарахдаа өмсөх хувцсаа сонгохоор хэр их цаг зарцуулж, түүндээ стресстдэг вэ? Хариулт нь үнэхээр их цаг зарцуулдаг гэж гарвал та шүүгээгээ яаралтай цэгцлэх хэрэгтэй гэсэн үг.

За ингээд хамтдаа хэрэгжүүлцгээе. Би шүүгээгээ онгойлгоод хартал маш их хувцас өөдөөс харж байсан бөгөөд бараг тал нь өмсдөггүй мөртлөө хадгалсаар л байдаг хувцас болж таарсан. Тэдгээрийг хөдөө амьдардаг хамаатнуудруугаа явуулахаар ялгаж, үлдсэн хувцаснуудаа шүүгээндээ цэгцлээд хийтэл бараг багтахгүй байсан хувцаснууд минь их цэгцтэй мөн сонголт хийхэд ч хялбар болсон.

Мөн танд 3 сарын хугацаанд огт өмсөөгүй хувцас байвал тэр хувцсаа цаашдаа ч өмсөхгүй л гэсэн үг. Тиймээс шүүгээгээ цэгцэлж өмсөөгүй удсан хувцаснуудаасаа салах цаг болжээ. /Улирлын чанартай хувцас хамаарахгүй/.

2.    ХЭРЭГГҮЙ ЧАТ, МЕССЕЖЭЭ УСТГА

Таны утсанд яг одоо хэдэн уншаагүй мессеж, "хэрэгцээгүй" чат байна вэ? Миний утсанд 117 ширхэг уншаагүй мессеж, 72 ширхэг "хэрэгцээгүй" чат байсан бөгөөд хэтэрхий замбараагүй харагддаг. Замбараагүй зүйлс эргэн тойронд байгаад байвал сэтгэлд ч сэвтэй шүү дээ.

Хэрэггүй мессеж бол хэрэггүй л мессеж. Тиймээс хамтдаа хэрэггүй зүйлсээ устгаж, эмх цэгцтэй болгоцгооё. Яг үнэндээ эдгээр мессэжийг устгахад их цаг орсон боловч устгаж дууссаны дараа харахад их урамтай байсан шүү.

3.    ФЭЙСБҮҮКЭЭСЭЭ ҮЛ ТАНИХ ХҮМҮҮСИЙГ ХАС

2018 оны есдүгээр сард “Unfriend” хөдөлгөөн хэрэгжиж байсныг санаж байна уу? Энэ нь миний хувьд маш хэрэгтэй хөдөлгөөн юм шиг санагддаг. Өөрийн цахим ертөнцийг зөвхөн танилын хүрээндээ ашиглах нь хамаагүй эрсдэл багатай байдаг. Миний хувьд энэхүү challenge-д нэгдэхээсээ өмнө 4'000 гаруй найзтай байсан бөгөөд ойролцоогоор 90% нь огт танихгүй хүмүүс байсан.

Би тухайн өдөр 700 гаруй хүнийг найзынхаа тооноос хассан бөгөөд үлдсэн хэсгийг одоог хүртэл хассаар л байгаа. Нэг дор найзаасаа хасахад хэтэрхий их цаг орох гээд байвал өдөрт 50, 50 хүн хасахад л хэдхэн хоногийн дараа таны цахим ертөнц зөвхөн танилуудаар чинь хүрээлэгдсэн байх болно. Энэ нь илүү стресс багатай биш гэж үү?

4.    24 ЦАГИЙГ МӨНГӨ ҮРЭХГҮЙГЭЭР ӨНГӨРӨӨ

Энэ миний хувьд хамгийн хэцүү сорилтуудын нэг байсан. Би тухайн өдөр сургуулийнхаа жижүүр сурагчийн үүргийг гүйцэтгэж байсан бөгөөд бүтэн өдрийн турш сургууль дээр өнжих шаардлагатай байлаа. Гэвч өдрийн цайгаа бэлдээд аваад гарсан учир мөнгө үрэхгүй байж чадсан.

Энэ нь өөрийнхөө эрүүл мэндэд маш том хөрөнгө оруулж буйгаас гадна гадуур хооллосноос аюул багатай билээ. Ер нь өглөө гэрээсээ гарахдаа заавал цайгаа ууж, өдрийн цайгаа бэлдэж хэвших хэрэгтэй юм байна гэж бодсон.

5.    24 ЦАГИЙГ ИНТЕРНЕТ АШИГЛАХГҮЙ ӨНГӨРӨӨ 

Үнэнийг хэлэхэд би энэ сорилтыг давж чадаагүй. Өглөө босоод л өнөөдрийн сорилтыг амархан давчихна гэж бодож байсан чинь үгүй юм билээ. Надаас их л тэвчээр шаардсан шүү. Гэхдээ хүн бүр өөр байх. Зарим нь энэ сорилтыг их амархан биелүүлж байхад зарим хүмүүс над шиг бууж өгөх байх.

Сошиал хэрэглээ хүнд стресс нэмдэг гэдгийг та бүхэн мэдэж л байгаа байх. Миний хувьд энэхүү сорилтыг биелүүлж чадаагүй ч нэг арга хэрэгжүүлсэн нь өөртөө хэмжээ тогтоох байсан юм. Хэрвээ үнэхээр олон нийтийн сүлжээнд нэвтрэх шаардлага гарвал зорилгоо биелүүлчхээд л шууд гарахыг бодоорой. Энэ нь таны стрессийг илүү багасгана гэдэгт итгэлтэй байна.

6.    ГАДУУР АЛХ, БЯСАЛГАЛ ХИЙ

Ойрдоо гадаа дулаахан цаг агаар тогтвортой байгаа болохоор энэхүү сорилтыг биелүүлэхэд их амархан бөгөөд зугаатай байлаа. Цаг агаар сайхан байсан болохоор үеэл дүүтэйгээ хамт 5 км алхсан. Алхах нь хүний эрүүл мэндэд эерэг нөлөөтэйгөөс гадна калор шатаах ач тустай. Мөн бясалгал хийх нь хүнийг аливаа зүйлд стресстэхгүй байхад тусалж тайван амгалан болгодог билээ.

7.    НЭГ ӨДРИЙГ ОГТ АМТТАН ИДЭХГҮЙ ӨНГӨРӨӨ

Долдугаар сорилтыг хүн болгон өөрийн хүссэнээрээ хийж болно. Миний хувьд амттан идэх зуршилтай байсан учраас түүнийгээ хэмжээ хязгаартай болгохын тулд ийнхүү сорилт болгон оруулсан хэрэг. Хэрвээ та хөдөлгөөн бага хийдэг бол дасгал хийх өдөр болгож болно. Хэрвээ шингэн уух зүйл бага уудаг бол 8 аяга ус заавал уух өдөр гэж оруулж болно.

Эдгээр сорилт та бүхэнд сонирхолтой байсан гэж найдаж байна. Хэрвээ та энэхүү сорилтыг хэрэгжүүлмээр байвал маргаашаас эхэлж болно шүү. Танд амжилт хүсье!

Стрессгүй тайван амьдралын хэв маягтай болохын төлөө өөртөө энэхүү сорилтыг хэрэгжүүлээрэй. Мартсанаас миний бие 7 хоног бүр сорилт туршиж үзэх төлөвлөгөөтэй байна. Эхний удаагийн сорилтоороо минималист байж үзлээ. Дараа долоо хоногт ямар сорилт туршиж үзэх бол? 

#challenge