Э. Дөлгөөн: "Бүх хичээлдээ сайн байх гэж хичээх хэрэггүй. Сонирхлоо дага"


“18 наснаас өмнө сурах 18 зүйл” хэмээх арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа. Уг арга хэмжээг Ерөнхий боловсролын сургуулийн хоёр сурагч хамтран зохион байгуулсан гэдгээрээ онцлог. Энэхүү арга хэмжээний гол зорилго нь өсвөр үеийн хүүхдүүдэд 18 нас хүрэхээсээ өмнө ямар чадваруудыг эзэмших, тэдгээр чадваруудыг яагаад эзэмших ёстой зэргийг таниулах байлаа. Харин тэдэнд эдгээр чадварыг эзэмших хүсэл, урам зориг өгөхөөр "Positive Mongolians" төслийн санаачлагч Э. Дөлгөөн болон “Балиар өөдрөг” компанийн хамтран үүсгэн байгуулагч Ц. Мөнхтулга нар хүрэлцэн ирсэн юм. 

Ингээд та бүхэндээ "Positive Mongolians" төслийн санаачлагч Э. Дөлгөөний зөвлөсөн зөвлөгөөг хүргэж байна. 

1. СОНИРХЛОО ДАГА

Манай эгч хэдийгээр эмч болох ямар ч хүсэлгүй байсан хэдий ч ээж минь хүчилсээр Хятад улс руу 7 жилийн хугацаатай анагаахын сургуульд явуулсан. 7 жил өнгөрсний дараа эгч сургуулиа төгсөөд буцаад ирлээ. Ирээд хэлсэн үг нь "Ээж ээ, би энэ мэргэжлээр ажиллахгүй" байв. Анагаахын салбар ердөө л түүний сонирхсон салбар байгаагүй хэрэг. Юу хэлэх гээд байна вэ гэхээр хүн өөрийнхөө хүссэн зүйлийг л аз жаргалтайгаар хийж чаддаг. Дээрх тохиолдол шиг өөрийнхөө хүсээгүй зүйлийг хэн нэгний шахалтаар хийж байгаа тохиолдолд жижигхэн асуудал гарч ирэхэд л буугаад өгдөг. Тиймээс өсвөр насандаа та бүгдийн хийх хамгийн чухал сонголт бол мэргэжил сонголт юм шүү. Өөрийнхөө юу чаддаг, юунд дуртай, юунаас аз жаргалыг мэдэрч байна гэдгээ сайтар эргэцүүлсний үндсэн дээр мэргэжлээ сонгох хэрэгтэй. 

2. ОЛОН ЗҮЙЛИЙГ ТУРШИЖ ҮЗ

Ийм залуухан байгаа дээрээ олон зүйлийг туршиж үз. Хэрвээ чи 30, 40 хүрчихвэл өөрийн хүссэн зүйлээ туршиж үзэхэд хүндрэлтэй байх болно. Янз бүрийн стилиэр хувцаслаж, өөр урсгалын хөгжим сонсож, шинэ содон зүйл туршиж, сургалт дугуйланд залхууралгүй хамрагд. Энэ олон зүйлийг туршиж үзсэний дараа чамд аль нь сонирхолтой, аль нь ойр байна вэ гэдгийг олж чадна. 

3. ӨӨРИЙНХӨӨРӨӨ БАЙ

Өсвөр насанд хүмүүсийн хамгийн их ач холбогдол өгдөг зүйл бол "Үерхэл". Таалагддаг охин/хөвгүүндээ таалагдахын тулд өөрийгөө өөрчлөх шаардлагагүй. Би түүнийг дууриавал гоё харагдана гэж бодоод ч хэрэггүй. Өөрийнхөөрөө байгаа чинь түүнд таалагдах ч юм билүү? Өөрийнхөөрөө байхдаа хамгийн үзэсгэлэнтэй гэдгээ хэзээд санаж яваарай. 

4. БИЕЭ ДААЖ СУР

Шведэд хүүхдүүдийг багаас нь хариуцлагатай байхад сургадаг. Цэцэрлэгт ороход нь ганцхан тоглоом л хариуцуулдаг. Анх үүнийг хараад "Ямар харамч юм бэ? Хүүхдэдээ олон тоглоом аваад өгчихгүй дээ" гэж боддог байсан ч сүүлдээ энэ арга хамгийн зөв болохыг ойлгосон. Тэд хүүхдэдээ тоглоомыг нь өгөх үед л "Энэ чиний тоглоом шүү. Энэ тоглоомоо хаясан тохиолдолд дахиж тоглоом авч өгч чадахгүй учраас хариуцлагатай тоглоорой" гэж анхааруулдаг. Хар багаасаа хариуцлага гэдэг зүйлийг ухаарсан хүүхэд хариуцлагатай, бие даасан хүн болж өснө. 

Монголд эхний тоглоомоо хаявал дараагийн тоглоом нь бэлэн байж байдаг. Үүнээс л бэлэнчлэх сэтгэлгээ үүсдэг. 

5. БҮХ ХИЧЭЭЛДЭЭ САЙН БАЙХ АЛБАГҮЙ

Бүх хичээл дээр сайн сурах гэж хичээх үед л хүүхэд өөрийнхөө төлөө бус, багшийнхаа төлөө хичээл хийдэг болдог юм шиг санагддаг. Миний бодлоор хүүхэд болгон бүх хичээл дээрээ сайн байх албагүй. Ямар нэгэн ном уншаад тэмдэглэл бич гэсэн даалгавар өгвөл хүүхэд үг үсэггүй цээжлээд дүнгээ авсныхаа дараа мартчихдаг. Хэрэв чи өөрийнхөө хүсэл сонирхлоо олсон бол сонирхсон хичээлдээ л анхаарлаа 100% төвлөрүүлээрэй. Гэвч энэ нь дуртай хичээлээ хийгээд л бусдыг нь хая гэсэн үг биш. Өөрийнхөө сонирхсон хичээлээ л бусдаас илүү анхаарч хийгээрэй. Ингэснээр өөрийн хүссэн мэргэжлээрээ суралцахад чинь тус болно.  

6. БИТГИЙ ЯАР

18 насанд хосын харилцаа, хайр дурлал гэхээсээ илүү хичээл номоо судлах нь чухал. Өөрийгөө хэн бэ, ямар хүн бэ гэдгийг тодорхойлсон үед хэрэгцээгүй зүйлд цаг гаргахаа больдог. 

7. МЭРГЭЖИЛ СОНГОХДОО

Цаг минут бүрд техник технологи ямар нэгэн байдлаар хөгжиж, шинэчлэгдэж байна. Тиймээс одоо чиний сонгох гэж буй мэргэжил одоогоос 10, 20 жилийн дараа байх уу? Чиний сонирхлыг татсан хэвээр байх уу? гэдгийг сайтар тунгаагаарай. Тухайн мэргэжил нь өндөр цалинтай байж болно. Гэвч мэргэжил гэдэг 7 хоногт дор хаяж 40 цагийг зориулдаг зүйл учир ажлаасаа аз жаргал мэдрэх нь чухал юм шүү. 

8. ӨӨРИЙН ТҮҮХИЙГ БҮТЭЭ

Хүн бүрийн гарт өөр өөрсдийн түүхийг бүтээх боломж бий. Тэр түүхээ сайнаар дурсах уу, муугаар үлдээх үү гэдэг нь бидний өдөр тутам хийх үйлдлээс шууд хамааралтай байдаг юм шүү. Ингээд та бүхэндээ амжилт хүсье!

Бид дараагийн дугаартаа “Балиар өөдрөг” компанийн хамтран үүсгэн байгуулагч Ц. Мөнхтулгын залуустаа зөвлөсөн зөвлөгөөг хүргэх болно. 

 

#Inspiration #Youths