Болзоог улс орон бүрд хэрхэн хүлээн авдаг вэ?


Сэтгүүлч Т.Мөнхжин | YOLO.MN
2019-11-03

Бид эх орондоо хийдэг үйлдлүүдээ зарим улсад очоод хийвэл бусдад бүдүүлэг мэт сэтгэгдэл төрүүлэх, цаашлаад түр саатуулагдах ч боломжтойг мэдэх үү? Ингээд бидний болзоондоо хийдэг үйлдлүүдийг дэлхийн бусад орнууд хэрхэн хүлээн авдаг бол... ? 

1. ОЛОН НИЙТИЙН ГАЗАР "НЯЛУУРАХ"

10 жилд сургуулийн коридорт тэврэлдэж, нялуурч байгаа сурагчид багш ажилчдад баригдвал шийтгүүлдэг шүү дээ. Тэгвэл энэ үйлдлийг улс орон бүр өөр өөрөөр хүлээн авдаг байна. 

Япон, Солонгос зэрэг улсад энэхүү үйлдэл маш бүдүүлэгт тооцогддог. Харин Саудын Араб болон Арабын бусад орнуудад олон нийтийн газар үнсэлцвэл шууд л баривчлагдана. 

2. СЭТГЭЛ ХӨДЛӨЛГҮЙ

Зарим улсад дотно байснаараа баривчлагддаг бол зарим улсад дотно байгаагүйнхээ төлөө бусдад хүйтэн хөндий мэт сэтгэгдэл төрүүлнэ. Тухайлбал Төв болон Өмнөд Америкийн ихэнх орнуудад энгийн найзтайгаа хүртэл хацар дээр нь үнсэх маягаар мэндэлдэг. Ингэж мэндлэхгүй бол тэд таныг хүйтэн хөндий, сэтгэл хөдлөлгүй хүн хэмээн бодно. 

3. ТООЦООГОО ХУВААЖ ТӨЛӨХ

Барууны орнуудад тооцоогоо хуваан төлөх бол хамгийн төгс зөвшилцөл. Эрт цагт эрэгтэйчүүд л тооцоогоо хийх ёстой байсан бол "феминизм" ихээхэн яригдаж буй өнөө үед энэ нь эмэгтэйчүүдийг төлбөрийн чадваргүй мэт харагдуулдаг гэж үздэг болсон байна. 

Харин Өмнөд Солонгос улсад зөвхөн найзууд л тооцоогоо хуваан төлдөг. Хосууд, эхнэр нөхрүүдийн хувьд хэн их цалин авдаг нь л тооцоогоо хийдэг "ёс"-той. 

4. ХУРИМАНД ОЧИХ

АНУ-д хуриманд очих нь дайны талбарт очихтой л адил. Хуриманд хостойгоо очих нь бүр бичигдээгүй хууль ч гэж хэлж болно. 

Харин Англид бол хурим, үдэшлэг зэрэгт ганцаараа очих нь илүү тохиромжтой. Зарим хуримын урилгад гэрлээгүй, ганц бие зочдоо ганцаараа л ирэхийг шаарддаг байна. 

5. БОЛЗОХ ҮЕЭР ҮНСЭХ

Герман, Польш зэрэг улсад болзоот хүнээ тэврэх нь тохиромжтой байдаг. Харин үнсэлтийг илүү "зузаан" харилцаатай хүмүүс л хийдэг байна. 

6. РЕСТОРАН

Америкчууд болзоог их чухалчилдаг учир үнэтэй ресторанд орохыг илүүд үздэг. АНУ-д ахлах сургуулийн сурагчид, эсвэл олон жилийн турш хамт амьдарсан эхнэр нөхрүүд л McDonald's мэтийн түргэн хоолны газар хооллодог байна. 

Харин Шведүүд тансаг ресторанд болзохоосоо өмнө туршилтын журмаар бейкери, кофе шоп зэрэг газарт болздог байна. 

7. БОЛЗООНД ХОЦРОХ

Америкчууд болзохдоо нэг их яаралгүйгээр өөрийгөө тухтайхан шиг бэлдээд очдог. Болзоонд хоцрох нь ерөнхийдөө "cool" үйлдэл юм. Та болзоондоо яг цагтаа ирвэл хэтэрхий наалдамхай, нялуун хүн шиг, эсвэл нөгөө хүнийхээ араас хэтэрхий их гүйж байгаагийн шинж юм. 

Эсрэгээрээ Германчууд цагийг маш их чухалчилдаг. Та болзоондоо хоцрох л юм бол болзоот хүнд тань маш бүдүүлэг санагдана. 

8. БЭЛЭГ ЗАДЛАХ

Хайртай хүндээ бэлэг өгөх нь та тухайн хүний талаар анхаарч, халамжилдаг гэсэн утгыг илэрхийлнэ. Барууны оронд та хэн нэгнээс бэлэг аваад, тухайн хүний нүдэн дээр задлаагүй тохиолдолд бэлэг авсандаа нэг их баярлахгүй байна гэсэн сэтгэгдлийг төрүүлдэг байна. 

Харин Хятад болон Энэтхэгт та бэлэг бэлэглэсэн хүнийхээ дэргэд бэлгээ задлахгүй байх нь тухайн хүнийг маш ихээр хүндэлж буйн илрэл болдог. Ерөнхийдөө авсан бэлгээ газар дээр нь задалчихвал шуналтай хүн шиг сэтгэгдэл төрүүлнэ шүү.

9. ХООЛЛОХ ЗУРШИЛ

Хэрэв та болзоон дээрээ өөрийн хоолноос дурлалт залуу/ бүсгүйдээ хуваалцах гэж байгаа бол бас л анхаарах хэрэгтэй. 

Жишээлбэл барууны оронд амсуулах гэж буй хоолоо халбага, сэрээгээрээ авч, нөгөө хүнийхээ тавган дээр тавих нь тохиромжтой. Харин Япон улсад савхаараа хоол дамжуулах нь зүй зохисгүйд тооцогдоно. Мөн Хятадад гоймон идэж байхад гоймон нь тасарвал муугийн ёр гэж үздэг учир сорж идэх нь тохиромжтой байдаг. 

10. ЦЭЦЭГ ӨГӨХ

Болзоот бүсгүйдээ цэцэг бэлэглэх нь хамгийн түгээмэл бөгөөд энгийн үйлдэл. Гэвч цэцэг өгөхдөө анхаарах хэрэгтэй. Жишээлбэл Орос улсад та хайрт бүсгүйдээ цэцэг бэлэглэх гэж байгаа бол сондгой тоогоор баглаагаа боолгоорой. Учир нь тэгш тоогоор боосон цэцгийн баглааг зөвхөн оршуулга, уй гашуу тохиолдсон үед л  өгдөг байна. 

Эх сурвалж: www.brightside.me 

#Болзоо