VANDEBO: "НАМАЙГ ТОО" тоглолт боллоо


О.Дорж | YOLO.MN
2019-10-29

"Тэнгэрээс дурлал руу унана...". Өнөөдөр энэ мөрийг сонсоогүй залуучууд ховор биз. Энэ бол Vandebo хамтлаг цар хүрээгээ тэлж, алдаршиж буйн баталгаа. Залуу үеийнхний төлөөлөл болсон тус хамтлагийн "Намайг тоо" тоглолт аравдугаар сарын 25-ны өдөр Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн "White Rock Center"-д болж өнгөрлөө.

Тэд өнгөрсөн есдүгээр сарын 29-нд өөрсдийн хоёр дахь цомог болох "Намайг тоо" цомгийн нээлтээ хийсэн билээ. 

Жихүүн салхитай намрын сэрүүн орой байсан хэдий ч "White Rock Center"-д цугласан залуусын уур амьсгал халуухан байв. Энэ удаагийн тоглолтын нэгэн онцлох хэсэг нь гэрлэн үзүүлбэрүүд байсан. Тус үзүүлбэрийг хараад иймэрхүү үзэгдлийг зөвхөн дэлхийн алдартай дуучдын үзүүлбэрээс хардаг байсан цаг ард хоцоржээ гэж бодсноо нуух юун. 

Тэд тоглолтын бэлтгэлээ 1 сар хийсэн. Магадгүй энэ л хөдөлмөрч, өөрөөр сэтгэдэг зан чанар тэдний шүтэн бишрэгчдийн сэтгэл зүрхийг татдаг байх. 

Тоглолтод Энэрэл, Big Gee, Lil Thug E, Ginjin, Fla, Speedy, Tomm, Wondha Mountain зэрэг залуу үеийн төлөөлөл болсон уран бүтээлчид уригдан ирсэн нь уур амьсгалыг улам ч халуухан болгож байлаа.

Үзэгчдийн ихэнх хэсгийг бүрдүүлсэн өсвөр үеийнхэн тоглолтын үеэр биеэ маш соёлтойгоор авч явж байсан нь "Энэ хүүхдүүд нэг л юм дуулгана" гэсэн найдлагыг төрүүлээд амжсан юм.  

#Vandebo #Тоглолт