Амралтаа хэрхэн үр бүтээлтэй өнгөрүүлэх вэ?


Ерөнхий боловсролын сургуулиудын 1-р улирлын амралт эхэлчихлээ шүү дээ. Тийм ээ!! laugh Хэдийгээр ганцхан долоо хоног үргэлжлэх ч энэхүү хугацааг үр бүтээлтэй өнгөрүүлж чадвал олон олон боломжийн үүд хаалга нээгдэх билээ. Ингээд Yolo.mn сайтын хамт олон уншигч та бүхэндээ амралтаа үр бүтээлтэй бөгөөд хөгжилтэйгөөр өнгөрүүлэх аргуудыг санал болгож байна. 

1. АЯЛАЛД ГАРЧ ЦЭВЭР АГААР АМЬСГАЛАХ

Аялалд гарна гэхээр л олон цагийн турш онгоцоор нисэж, хэдэн мянган километр явах талаар боддог юм биш биз? Ойрхон ууланд гарах ч аяллын нэг хэлбэр шүү. Winter is coming... Тиймээс өвөл болж, хот утаатай болохоос өмнө уушгиа цэвэр агаараар дүүргээд аваарай. Өөрт тохирсон аяллын төлөвлөгөөгөө гаргаад анги хамт олон, найз нөхөдтэйгөө ууланд гарч, цагийг зугаатай өнгөрүүлж болох юм. Та ЭНД дарснаар хэрхэн хямд төсвөөр салхинд гарах талаар зөвлөгөө авах боломжтой. Ойрдоо ууланд ялимгүй цастай байгаа тул ууланд зураг авхуулвал гайхалтай "фон"-той зураг болно доо.

2. НОМЫН КЛУБД ЯВАХ

Номын клубд явах нь бусадтай санал бодлоо хуваалцах, мэдээ мэдээлэл солилцох, бусдад ном унших сэдлийг төрүүлэх зэргээс гадна танилын хүрээгээ тэлэх давуу талтай. Та номонд дуртай л үл ялиг дотогшоо талдаа нэгэн бол номын клуб яг л таны цагаа өнгөрөөх газар юм. Улаанбаатарт олон номын клубууд үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд ихэнх нь үнэ төлбөргүй, ашгийн төлөө бус байдаг. Номын клубуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл ЭНД дараарай. Ямар нэгэн номыг уншаагүй байсан ч гэсэн хэлэлцүүлэгт оролцсоноороо тухайн номыг унших эсэхээ шийдэх боломжтой байдаг шүү. 

3. ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОРОЛЦОХ

Фэйсбүүк дээр өдөр бүр л сонирхолтой эвент буюу үйл ажиллагаа зарлагдаж байдаг. Та хичээлийнхээ хажуугаар эдгээр үйл ажиллагаанд оролцож чаддаггүй бол энэхүү амралтыг ашиглаад оролцоод аваарай. Энэ сарын 31-нд Халловийний баяр болох тул та бид олон олон Халловийний үйл ажиллагаанаас сонголтоо хийх боломжтой байна. Жишээлбэл, аравдугаар сарын 26-31-нийг дуустал Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “JOKER HALLOWEEN PARK 2019” хэмээх үйл ажиллагаа болох болно. Та өөрийн дуртай дүрдээ хувираад нэгэн оройг хайртай дотныхонтойгоо хөгжилтэй өнгөрүүлээрэй. Мөн энэ долоо хоногт болох өөр олон үйл ажиллагааны талаарх дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл ЭНД дарна уу. 

4. СУРГАЛТАД СУУХ

Та магадгүй аль нэг хичээл дээрээ хоцрогдолтой байгаа бол давтлагад сууж болох юм. Хоцрогдлоо арилгаснаар хичээл ороход "Энэ юу билээ? surprise" гээд гайхаж суухын оронд "Наадах чинь ингэдэг юм" гээд ангийнхандаа заачихсан сууж ч болно шүү дээ. Төгсөх ангийн сурагчдын хувьд "Улирлын амралтын дараа", "Шинэ жил өнгөрөөд", "За, яг цагаан сар дуусахаар" гэж хойш суусаар байтал нэг л мэдэхэд ЭЕШ-ын өдөр болсон байдаг. Тиймээс өнөөдрөөс эхлэн хичээлүүдээ өдөр бүр тууштай давтаж чадвал өндөр оноо авах, дээгүүр жагсах зорилгодоо 1 алхмаар бус маш олон алхам ойртож байна гэж өөрийгөө урамшуулаарай. /Аа харин дараах зурган дээрх охин шиг хичээлээ хийхийн оронд шөнөжин кино үзээд суугаад байж болохгүй шүү! cheeky/

5. АНГЛИ ХЭЛНИЙ ЯРИАНЫ КЛУБД ЯВАХ

Зөвхөн англи хэл ч гэлтгүй өөрийн сурч байгаа хэлнийхээ ярианы клубд явахыг танд санал болгоё. Ярианы клубд явснаар хэлээ сайжруулахаас гадна өөрийн санал бодлыг бусдад хуваалцах, мэдээлэл авах, танилын хүрээгээ тэлэх зэрэг олон давуу талтай. Зарим хүүхдүүд ярихдаа алдаа гаргахаас эмээдэг учир ярианы клубд явахаас зайлсхийдэг. Хүн бүр л алдаанаасаа суралцдаг шүү дээ. Та тухайн үед алдсан ч яг юун дээр алдсанаа мэдэж чадваас тухайн алдаагаа дахин давтахгүй шүү дээ. Буруу ярьж алдаа гаргахаас айж, хойш суусаар байвал чиний ярих чадвар хэзээ ч сайжрахгүй. Ярьсан, ярих гэж хичээсэн хүн л эцсийн эцэст аливаа хэлийг хамгийн сайн сурсан байдаг. Бид тун удахгүй Монголд үйл ажиллагаагаа явуулж байгаа үнэ төлбөргүй англи хэлний ярианы клубуудын талаарх мэдээллийг оруулах болно. wink

6. КИНО ҮЗЭХ

Амралтын долоо хоногоо зогсоо зайгүй хичээл хийж өнгөрүүлнэ ч гэж юу байх вэ дээ, тийм ээ? Мэдээж эдгээр өдрүүдийг хувь хүний төлөвшилт, эрдэм мэдлэгээ зузаатгах зэрэгт зарцуулах ч хааяа нэг тархиа амрааж хөгжилдөх гоё шүү. Намрын турш сонирхлыг чинь татсан кинонууд нээлтээ хийсэн ч үзэх завгүй хичээлээ хийсэн бол 1 бүтэн өдрийг "Кино марафон"-ы өдөр болгон төлөвлөөрэй. Кино марафон гэдэг нь ерөнхийдөө өөрийн үзэхийг хүссэн бүх кинонуудаа жагсаан бичиж, нэг өдрийг бүхэлд нь тухайн кинонуудаа үзэж өнгөрөөхийг хэлж байгаа юм. Үнэхээр сонирхолтой шүү. Таны юмсыг харах өнцөг 180, бүр 360 градус ч эргэж магад. За тэгээд "Netflix and Chill"

7. ГЭРИЙН АЖИЛДАА ТУСЛАХ

Хичээлийнхээ 1-р улирлаар гэрийн ажилдаа туслах завгүй байсан уу? Тийм бол энэхүү амралтаараа ээж аав, ах дүү нартаа сайн туслаад аваарай. Ядаж л өөрийнхөө өрөөг ганц сайн цэвэрлээд авчихад өрөөнд чинь орж ирж буй гэр бүлийнхэнд чинь ч таатай, өрөөндөө сууж байгаа танд ч таатай байх болно. Удахгүй өвлийн улирал айлчлан ирэх учраас дулаан хувцсаа гаргахаа мартав аа. cheeky

8. САЙН ДУРЫН АЖИЛ ХИЙХ

Сайн дурын ажил гэдэг нь нийгэмдээ хариу нэхэлгүй туслах явдал юм. Тухайлбал, гудамж хорооллынхоо цасыг шүүрдэх, хүүхдүүдэд зам гарахад нь туслах, гадаа ажил хөдөлмөр эрхэлдэг хүмүүсийг халуун уух юмаар дайлах зэрэг нь нийгэмд эерэг хандлагыг бий болгох сайн дурын ажлууд юм. Харин ямар нэгэн үйл ажиллагаа, тоглолтод сайн дурын ажил хийх нь ажлын туршлагатай болж, юмсыг өөр өнцгөөр харах, танилын хүрээгээ тэлэх, амжилттай яваа хүмүүсээс суралцах, зорилгынхоо төлөө тууштай тэмцэх сэдэл олж авах гэх мэт олон олон давуу талтай.

Нэгэн сонирхолтой мэдээг дуулгахад арваннэгдүгээр сарын 2-нд буюу энэ бямба гарагт “Why volunteer?” эвент зохиогдох юм байна лээ. Та энэхүү үйл ажиллагаанд хүрэлцэн ирснээр "Сайн дурын ажилтан гэж хэн бэ?", "Сайн дурын ажил хийх нь ямар ашиг тустай вэ?", "Хэрхэн сайн дурын ажилтан болох вэ?" зэрэг олон асуултын хариултыг олох болно. Та ЭНД дарж энэхүү үйл ажиллагааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. 

#Амралт #Event