Сэтгүүлч Г. ЗОЛЖАРГАЛ: Гадаад хэлийг өөрийн сонирхдог дуртай зүйл дээрээ тонгоруул


Д.Нямханд | YOLO.MN
2019-10-28

“СУРАГЧИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ - 2019” сэдэвт арга хэмжээ зохион байгуулагдлаа. Тус арга хэмжээ нь 2 үе шаттай зохион байгуулагдсан бөгөөд эхний хэсэг өсвөр үеийн хүүхдүүдэд “Өөрийгөө танин мэдэх”, “Мэргэжлээ хэрхэн зөв сонгох” сэдвээр илтгэл тавьсан бол хоёрдугаар хэсэгт “Жолооч Та Бид - 2019” тэмцээн зохион байгуулагдлаа.

Энэхүү арга хэмжээнд хүрэлцэн ирсэн илтгэгчдийн ярианаас сонордуулахад:

1. МҮОНРТ-ИЙН ХӨТЛӨГЧ, СЭТГҮҮЛЧ Г. ЗОЛЖАРГАЛ:

"Залууст Iphone, Ipad хэрэггүй. Гадаад хэл хэрэгтэй. Гадаад хэлийг өөрийн сонирхдог дуртай зүйл дээрээ тонгоруул. Дүрэм үзсэнээс илүү сайн сурна. Сонирхлоороо мэргэжлээ сонгох, дураа тонгоруулж мэдлэгээ олж авах нь чухал."

2. Д.ЗОЛБОО:

"Та өөрийгөө мэдэх аялалд бэлэн үү? Аялалд тань хэрэгтэй 5 зөвлөгөө:

1. Нэг л өглөө амжилт хүрээд ирчихдэггүй. Таны нэг л өдрийн амжилт өнгөрсөн хугацаанд хийсэн бүхний чинь үр дүн юм.

2. Мөрөөдлөө өөрөө хариуц. Таны хайж буй зүйл өөр хэн нэгэнд бий гэж итгэх хэрэггүй.

3. Сайн гэдэг нь хэзээ ч хангалттай биш. Бүх зүйл гайхалтай сайн байсан ч гайхамшигтай сайн болгохын төлөө зогсолтгүй хичээ.

4. Мөрөөдлийнхөө эзэн нь бай. Таны мөрөөдөл хэн нэгнийх биш учраас хэн нэгэн таны мөрөөдөлд хариуцлага хүлээх ёсгүй.

5. Та ганцаараа мөрөөддөггүй. Кофе шиг байгаарай."

3. "WAGNER ASIA" КОМПАНИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ GARRET WILSON:

"Би энэ хорвоод зөвхөн оршин тогтнохыг хүсээгүй. Тиймээс амжилтад хүрсэн хүн биш үнэ цэнэтэй хүн болох гэж хичээ"

4. ЦОХИВОР ХӨГЖИМЧИН Б. ГАНХӨЛӨГ:

"Зорилго гэж юу вэ, түүндээ үнэнч байна гэж юуг хэлэх вэ? Зорилго нь хол ойрын төлөвлөлтийг хэлнэ. Зорилгыг бодит байдлаар эсвэл мөрөөдлөөр гэж ангилна. Зорилгодоо үнэнч байх гэдэг нь өөртөө үнэнч байхыг хэлнэ. Худлаа хэлэх бол өөрийгөө хуурч байгаагийн тод илрэл. Өөрийгөө хуурч болохгүй. Эцэст нь өөрийгөө ол. Нэг зүйлдээ үнэнч бай. Нэг зүйлээ төгс хий"

5. "UNIVERSAL" СУРГАЛТЫН ТӨВИЙН ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ Н. АМАРЖИН:

"Өдөрт өөртөө дадал болгох 5 зүйл:

1. Өдөрт 15 минут ном унш.

2. Гадаад хэлээ сайжруул. Хэлийг маш сайн сурч байж ирээдүйн маш сайн боловсон хүчин болж чадна.

3. Өдөрт 1 удаа ямар нэгэн шалтаг олж инээ.

4. Өдөрт нэг удаа уйлчих. Сэтгэл онгойдог юм.

5. Өдөрт нэг удаа бод. Гоц ухаантай нь бус тууштай хөдөлмөрлөсөн нь амжилтад хүрдэг"

6. ХӨГЖИМ СОНИРХОГЧ RAY:

"2019 оны аравдугаар сарын 30-нд Ховд аймагт 500 хөөмийчид Геннисийн номонд бичигдэнэ. Би "Авьяаслаг Монголчууд" шоунд үзүүлсэн үзүүлбэрээ буюу усан дотор хөөмийлөх үзүүлбэрээ үзүүлнэ. Ямар ч үед өөрийн хүслээр явахад зам тань дардан байх болно шүү" 

Мөн зам тээврийн осол, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр ахлах ангийн сурагчдын дунд “Жолооч Та Бид - 2019” тэмцээн зохион байгууллаа. Тус тэмцээнд оролцож буй баг тус бүр мэндчилгээ бэлдэж, асуулт хариултын тэмцээнд оролцож, багийн ахлагч нар замын хөдөлгөөний карт бөглөж, хөгжөөн дэмжигчид нь үзүүлбэр үзүүлж, шилдэг баг хамт олноо тодрууллаа.

Үүнд:

Тэргүүн байр : Нийслэлийн тэргүүний 13 дугаар сургууль,

Дэд байр        : Нийслэлийн тэргүүний 40 дугаар сургууль,

Гутгаар байр: Нийслэлийн тэргүүний 47 дугаар сургууль,

Тусгай байр   : Нийслэлийн тэргүүний 20 дугаар сургууль тус тус шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнууллаа.

#Inspiration #Youths