AirPods Pro буюу Apple-ийн утасгүй чихэвч тун удахгүй...


Д.Түшигт-Эрдэнэ | YOLO.MN
2019-10-23

Хүлээлт өндөртэй байгаа AirPods Pro буюу Apple-ийн утасгүй чихэвч энэ сард танилцуулагдана хэмээн China Economic Daily сайтаас мэдээлжээ. Өнгөрсөн жил Блүүмберг уг утасгүй чихэвчийг 2019 онд худалдаанд гарна гэж таамаглаж байсан бол энэ жилийн эхээр тус таамгаа 2020 он болгож өөрчилсөн юм. 

Хамгийн сүүлийн үеийн таамгаар AirPods Pro металл хийц, гадна орчны дуу тусгаарлагч, усны хамгаалалт зэрэг нэмэлтүүдтэй байх аж. Харин үнэ нь 260 орчим ам.доллар байх магадлалтай байна.

Түүнчлэн, 9to5Mac сайт iOS 13.2 бетагаас дараагийн үеийн AirPods-ийг илэрхийлж байх өндөр магадлалтай тэмдгийг олж илрүүлжээ. Тэрхүү тэмдэг нь өнгөрсөн сард SlashLeaks-ийн ил болгосон зургуудтай таарч байгаа нь салбарынхны таамгийг баталж байгаа юм. 

Одоогоор AirPods Pro яг хэзээ, хэрхэн танилцуулагдах нь тодорхойгүй бөгөөд зарим эх сурвалжууд Apple-ийг ахин нэг арга хэмжээг энэ сард хийнэ гэж үзэж байна.

Энэ жил Амазон, Майкрософт, Гүүгл зэрэг технологийн тэргүүлэх компаниуд утасгүй чихэвч танилцуулсан юм. Тодруулбал, Амазоны Echo Buds 129 ам.доллар, Майкрософтын Surface Earbuds 249 ам.доллар, Гүүглийн Pixel Buds 179 ам.долларын үнэтэй худалдаанд гарахаар болсон билээ. 

Эх сурвалж: The Verg

#apple