Google-ийн танилцуулсан шинэ бүтээгдэхүүнүүд


Д.Түшигт-Эрдэнэ | YOLO.MN
2019-10-17

АНУ-ын Нью Йорк хотноо Google уламжлалт “Made By Google” арга хэмжээгээ зохион байгуулж шинээр гаргаж байгаа ухаалаг утас, зөөврийн компьютер, утасгүй чихэвч зэргийг танилцууллаа. Тэдгээрийн хураангуйг хүргэж байна.

PIXEL BUDS

Apple, Samsung, Amazon гээд томоохон технологийн компаниуд бүгд утасгүй чихэвчийг худалдаанд гаргаж эхлээд байгаа билээ. Үүнээс Google ч гэсэн хоцролгүй Pixel Buds нэртэй утасгүй чихэвчийг танилцуулсан юм. 2020 оны хавар худалдаалагдаж эхлэх уг чихэвчний үнэ нь 179 ам.доллар байх гэнэ. Нэг цэнэглээд 5 цаг цэнэгээ барих хүчин чадалтай бөгөөд чихэвчний хайрцаг нь мөн нэмэлтээр 24 цагийн цэнэгийг хуримтлуулах боломжтой аж.

PIXELBOOK GO


Pixelbook цувралын дараагийн загвар болох Pixelbook Go-ийг танилцууллаа. Нийт жин нь 1 кг орчим байх уг зөөврийн компьютер 13.3 инчийн дэлгэцтэй бөгөөд дээд тал нь 16GB шуурхай санах ой, 256GB багтаамжтай байх гэнэ. Одоогоор урьдчилсан захиалга эхэлсэн бөгөөд 10-р сарын 28-нд захиалагчдынхаа гарт хүрэх ажээ.

NEST WIFI

Дараагийн бүтээгдэхүүн бол Wi-Fi цацагч болон ухаалаг чанга яригчийн хослуулсан Nest Wifi төхөөрөмж юм. 11-р сарын 4-нд захиалагчдынхаа гарт хүрэх энэхүү төхөөрөмжийн 2 ширхэг нь 269 ам.доллар, гурван ширхэг нь 349 ам.долларын үнэтэй.

NEST MINI


Nest Mini нь нэр, дууны чанар, хүчин чадал зэргээрээ өмнөх загвар болох Google Home Mini ухаалаг чанга яригчаас давуу талтай. Тодруулбал Nest Mini-г ямар нэг нэмэлт тогтоогчгүйгээр ханандаа тогтоож болох бөгөөд дууны чанар нь өмнөх загвараасаа 2 дахин сайжирчээ. Мөн бие даан суралцдаг чип, сайжруулсан дуу хураагуур зэргийнхээ тусламжтайгаар хэрэглэгчийн хүсэлтэд илүү богино хугацаанд хариулдаг болсон байна. Үнийн хувьд 49 ам.доллар бөгөөд 10-р сарын 22-нд захиалагчдадаа хүрч эхлэх юм байна.

PIXEL 4

Уг арга хэмжээний хамгийн өндөр хүлээлттэй байсан бүтээгдэхүүн бол гарцаагүй Pixel 4 ухаалаг утас юм. Энгийн Pixel 4 нь 5.7 инчийн дэлгэц, 2,800mAh батарейтай байх бол Pixel 4 XL нь 6.3 инчийн дэлгэц 3,700mAh батарейтай байх аж. Уг хоёр загварт хоёуланд нь “Project Soli” нэртэй чип байх бөгөөд уг чипний тусламжтайгаар хэрэглэгч дуу солих, сэрүүлэг унтраах зэрэг үйлдлийг утсандаа хүрэлгүйгээр зөвхөн гараа хөдөлгөөд л хийх боломжтой.

Pixel 4-ийн камерыг дурдахгүй өнгөрч болохгүй. Хоёр загвар хоёулаа ардаа 12.2 мегафикселийн үндсэн, 16 мегафикселийн телефото камертай. Харин нүүрэн хэсэгтээ 8 мегациксел камертай аж. Эдгээр камерууд нь бүгд хиймэл оюун ухаан ашиглаж илүү чанартай зураг авдаг байна.

Энэхүү ухаалаг утасны үнэ 799 ам.доллароос эхэлж байгаа бөгөөд 10-р сарын 24-өөс эхлэн захиалагчдынхаа гарт хүрэх ажээ.

STADIA

Google-ийн хөгжүүлж буй тоглоомын үйлчилгээ болох Stadia 11-р сарын 19-нд нээлтээ хийхээр боллоо.

Эх сурвалж: TechCrunch

#google