Uranus: Сэтгэлд чинь багтсан л бол бүтнэ


О.Дорж | YOLO.MN
2019-10-11

Yolo.mn сайт энэ удаа залуу уран бүтээлч Uranus буюу Уянгатай онлайнаар ярилцлага хийлээ. Сониноос тэрээр Өмнөд Солонгос улсын "Signhere" хэмээх шинэ уран бүтээлч шалгаруулах тэмцээнд оролцон 10 мянга гаруй залуусаас "Шилдэг 44"-т шалгарсан билээ. Шалгаруулалтын дараа хэд хэдэн нэр хүндтэй уран бүтээлчид, энтертайнментүүд түүнтэй холбогдон хамтран ажиллах санал тавьсан гэнэ. Ингээд бидний хийсэн бяцхан ярилцлагыг хүлээн авна уу. heart


YOLOСайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Та бидэнд өөрийнхөө талаар танилцуулаач. Мөн таны тайзны нэр болох "Uranus" гэж юу гэсэн утгатай үг вэ?

Сайн байцгаана уу? Намайг Уянга гэдэг. Англиар "Тэнгэрийн ван" гаригийг "Uranus" гэж нэрлэдэг бөгөөд эртний Грекийн үлгэр домогт гардаг "Тэнгэрийн бурхан" гэсэн утгатай үг. Надад Тэнгэрийн ван гариг их содон санагддаг. Ганцаардмал мөртлөө их үзэсгэлэнтэй. Мөн "Uranus" гэдэг үгийг уншвал Монголоор "уран, ус" гэсэн хоёр үгийг  багтаасан болохоор энэхүү нэрийг сонгосон.

YOLOТаны анхны уран бүтээлээр ярилцлагаа эхэлье гэж бодлоо. Тухайн үед ямар бэрхшээлүүд тулгарч, тэдгээрийг хэрхэн давж байсан бэ? 

Миний анхны уран бүтээл бол "Let Me Be". Бэрхшээл гэхээсээ илүүтэйгээр дуугаа хийчхээд олон нийтэд цацахаасаа бага зэрэг айж байсан. Анх удаа өөрийнхөө дууг олон нийтэд түгээж байгаа учир хүмүүс хэрхэн хүлээж авах бол гэдгээс л эмээж байсан даа. smiley


YOLO"Signhere" тэмцээний талаарх мэдээллийг анх хаанаас авч байсан бэ? Мөн хэдий хугацаанд бэлтгэлээ хангасан бэ?

Анх "Signhere" тэмцээн зарлагдаад 4 хонож байхад нь Өмнөд Солонгосын хип хоп лабел болох "AOMG"-н Инстаграм хуудсаас анх харж байсан. Юу ч байсан өөрийгөө сориод үзье гэж бодоод бичлэгээ явуултал 2 сарын дараа тэнцсэн гэсэн хариу ирсэн. Оролцогчдод 1 сарын хугацаа өгсөн учраас яг тэр хугацаанд шинээр дуу хийхийн тулд тасралтгүй бэлтгэл сургуулилт хийсэн.
 

 

YOLOТаны хүсэл сонирхлыг хамгийн ихээр дэмждэг хүн хэн байсан бэ?

Намайг хамгийн их дэмждэг хүн бол миний дууны клип болон имиж дээр анхаарч ажилладаг найруулагч SydKyd маань билээ. Бид хоёр бүх зүйл дээр санал бодлоо хуваалцаж, уран бүтээлээ гаргадаг.

YOLOӨсвөр насныхаа дурсамжаас хуваалцаач. Хэдэн хөвгүүнээс захиа авч байсан бэ?

Ер нь нэлээн авдаг байсан шүү! smiley Гэхдээ захиа гэхээсээ илүү мессеж бичдэг байсан. Миний санаж байгаагаар 5-6 хөвгүүд над руу мессеж бичиж байсан. Гэхдээ би нэгэнд нь ч зөвшөөрөөгүй байдаг юм. cheeky 


YOLOТаны хамгийн сайн найз хэн бэ?
Миний хамгийн сайн найзыг Золзаяа гэдэг. Монголд байгаа ч удахгүй ирнэ гэсэн.

YOLOТа хэнээс үлгэр жишээ, урам зориг авдаг вэ? 
Миний хамгийн их үлгэр жишээ авдаг хүн бол Өмнөд Солонгосын уран бүтээлч HEIZE. Түүний маш их хөдөлмөрч, шаргуу байдлаас нь үлгэр жишээ авч, өөр дээрээ хэрэгжүүлэхийг хичээдэг. Ер нь Солонгосын уран бүтээлчид хөдөлмөрч шаргуу гэдгээрээ дэлхийд алдартай шүү дээ. 

YOLOТа ирээдүйгээ хэрхэн төлөвлөж байна вэ? Өөрийнхөө суралцаж буй мэргэжлээр явах уу? Эсвэл урлагтаа үлдэж хүч хөдөлмөрөө зориулах уу?

Би урлагтаа үлдэнэ гэж шийдсэн. Эцсийг нь үзэхгүй юм бол эхлүүлээд яах вэ дээ! Аливаа зүйлийг эхлүүлсэн бол дуусгадаг хүн л амжилтад хүрдэг гэж боддог. Одоогоор ирэх жил хүртэл уран бүтээлээрээ Солонгос улсдаа сайн танигдсаныхаа дараа бүрэн хэмжээний цомгоо гаргах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

 


YOLOМонголын урлагийн зах зээлийн цаашдын ирээдүйг хэрхэн харж байна вэ?

Би хувьдаа Монголын урлагийн ертөнцөд шинэ уран бүтээлчид маш их дутагдаж байгаа гэж боддог. Сонсогчдод шинэ дуу, шинэ мэдрэмж дутагдаж байна шүү дээ. Мөн уран бүтээлчид минь зоригтой байснаар нөхөрсөг өрсөлдөөн дунд хамтдаа хөгжинө.

Аливаа улсын урлаг соёл нь нийгэмдээ шууд нөлөөлж байдаг тул тэднийг сонсож буй сонсогчид хүртэл дагаад өөрчлөгдөнө. Монголын зарим хамтлаг дуучид аль хэдийн дэлхийд танигдаад эхэлсэн учир цаашдаа манай Монголын урлагийн салбар өндөрт гарна гэдэгт итгэдэг. 


YOLOСолонгосын дуу хөгжмийн зах зээл бол маш том зах зээл шүү дээ. Анх энэ салбарт хүч сорино гэхэд айдас төрж байсан уу?

Тийм шүү. Эхэндээ бол өөртөө итгэх итгэлгүй байсан. Гэхдээ миний дуртай зүйл болохоор бууж өгөлгүйгээр өдий хүртэл хөдөлмөрлөсөөр ирсэн. Хэсэг хугацааны дараа Солонгостоо ч танигдаж эхэлсэн. Одооны Солонгосын урлагийн зах зээлд чадварлаг гадныхан ч бас адилхан хүч үзээд, амжилттай явж байгаа болохоор "Айхаа болиод зөвхөн урагшлах ёстой юм байна" гэж боддог болсон.

YOLO: "Gen Z" буюу шинэ үеийнхэндээ хандаж юу гэж хэлмээр байна вэ?

Ямар нэгэн зүйл сэтгэлд чинь багтсан л бол биелэх боломжтой гэсэн үг. Боломжгүй зүйл гэж үгүй. Зоригтойгоор өөрийнхөө хүсэл мөрөөдлийн төлөө урагш тэмүүлээрэй!

YOLOБидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье!

Та бүхэнд ч бас амжилт хүсье. Баярлалаа. 

Ингээд ярилцлагаа түүний шинэхэн уран бүтээл болох "Love Me Hate Me" дуугаар өндөрлөе.

#Mongolian #Uranus