Кпопын эргэн тойронд: "Сөүл Арена" цэнгэлдэх хүрээлэн баригдана


Сэтгүүлч Г. Оюун | YOLO.MN
2019-10-09

Өнөөдрийн байдлаар Кпоп урсгал зөвхөн Солонгос улсад төдийгүй дэлхий дахинд алдаршжээ. "Big Bang" хамтлаг 2015 онд хийсэн аялан тоглолтоороо 1.5 сая гаруй шүтэн бишрэгчидтэйгээ уулзаж бэлэг барьсан бол "BTS" хамтлаг өнгөрсөн онд хийсэн аялан тоглолтоороо 1.1 сая гаруй шүтэн бишрэгчидтэйгээ уулзсан байна. Мөн "BLACKPINK" охидын хамтлагийн “Ddu Du Ddu Du” дуу Youtube сайт дээр тун удахгүй 1 тэрбум хандалт авах гэж байгаагаас үзэхэд Кпоп урсгал яалт ч үгүй дэлхий дахины хайртай урсгал болсон байна. 

Кпоп урсгал дэлхий дахинд түгэн дэлгэрэхэд Солонгос улсын дэмжлэг, энтертайнментүүдийн өрсөлдөөнт зах зээл багагүй нөлөө үзүүлсэн гэхэд хилсдэхгүй. Тус улсын зүгээс Кпоп урсгалын хөгжилд маш том бэлэг барих гэж буй нь "Сөүл Арена" цэнгэлдэх хүрээлэн юм.

Энэхүү цэнгэлдэх хүрээлэн Солонгос улсын нийслэл Сөүл хотод баригдах бөгөөд Кпоп уран бүтээлчдийн тоглолтыг зохион байгуулдаг, үзвэр үйлчилгээний газруудыг цогцлоосон томоохон бүтээн байгуулалт болох аж. 

Тухайлбал энэхүү цэнгэлдэх хүрээлэнд 19,300 хүний суудалтай төв тэнхим, жижиг хэмжээний тоглолтын тэнхим, кино үзвэрийн тэнхим зэрэг хүүхэд залуусын чөлөө цагаа зугаатайгаар өнгөрүүлж болох бүхий л үйлчилгээний газруудыг багтаахаар төлөвлөсөн байна.

"Сөүл Арена" цэнгэлдэх нь нэг талаасаа жуулчдыг татах байгууламж ч нөгөө талаасаа "MAMA" Азийн хөгжмийн шагнал гардуулах ёслолыг цаашид эх орондоо зохион байгуулах сонирхолтой байгааг нь илтгэж байна. Энэхүү цэнгэлдэх 2024 оны нэгдүгээр сард ашиглалтад орохоор төлөвлөгдөж байна. 

Эх сурвалж: www.allkpop.com

#Кпопын эргэн тойронд